| Шүүх | Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бавуугийн Цэрэнханд |
| Хэргийн индекс | 122/2019/0010/з |
| Дугаар | 11 |
| Огноо | 2019-07-01 |
| Маргааны төрөл | Төрийн алба, |
Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 07 сарын 01 өдөр
Дугаар 11
Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Цэрэнханд даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийж,
Нэхэмжлэгч: Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын 4 дүгээр багийн иргэн Г.Гын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сүхбаатар аймгийн З.дд холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: “Сүхбаатар аймгийн З.дын 2019 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн “Г.Гыг албан тушаал буруулах тухай” Б/05 дугаар захирамжийг хүчингүй болгуулж, намайг урьд эрхэлж байсан Мөнххаан сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын албан тушаалд эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж, эрүүл мэнд болон нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг даалгах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Г.Г, хариуцагч аймгийн З.дын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.М, түүний өмгөөлөгч Ж.Цээсүрэн, нарийн бичгийн дарга Э.Энхсаруул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Г.Г шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Г.Г миний бие Төрийн албаны зөвлөлийн гаргасан шаардлага үзүүлэлтийг ханган 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдөр болсон Төрийн албаны шалгалтанд орж тэнцэн Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлаар 2018 оны 03 дугаар сарын 04-нийг хүртэл үүрэгт ажлаа хангалттай сайн биелүүлж ирсэн. Гэтэл Сүхбаатар аймгийн З.д Ж.Эрдэнэбаатар нь үр дүнгийн гэрээ үнэлэхдээ дутагдалтай үнэлэгдсэн гэх шалтгаанаар үүрэгт ажлаас чөлөөлж, албан тушаал бууруулах захирамж гаргасан. Энэ нь Төрийн албаны хууль, төсвийн ерөнхийлөн захирагч болон төсвийн шууд захирагчтай байгуулсан үр дүнгийн гэрээг зөрчиж хууль бус шийдвэр гаргасан гэж үзэж байгаа тул Сүхбаатар аймгийн З.дын 2019 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн Г.Гыг албан тушаал буруулах тухай Б/05 дугаар захирамжийг хүчингүй болгуулж, намайг урьд эрхэлж байсан Мөнххаан сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын албан тушаалд эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж, эрүүл мэнд болон нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг даалгах шийдвэр гаргаж өгнө үү.
Нэхэмжлэл гаргасан үндэслэлүүдээ дурдвал:
1. Ажилтныг ажлаас чөлөөлөхдөө сонсгол хийдэг юм байна. Жишээ нь: Г.Г гэдэг ажилтныг ажлаас чөлөөлөхдөө биечлэн уулзаж та дараах зөрчил дутагдалтай ажилласан тул таныг ажлаас чөлөөлөх захирамж гаргаж байна гэж танилцуулах ёстой. Гэвч аймгийн З.д надтай нэг ч удаа биечлэн уулзаж сонсгол хийгээгүй. Ямар нэгэн өөр ажилд багшаар болон сургалтын менежерээр ажиллах уу гэж ажлын санал огт тавьж байгаагүй.
2. Захирамж дээр Г.Гыг албан тушаал бууруулж, сургуулийн мэдэлд шилжүүлсүгэй гэж байна. Захирамж дээр байгаа “Сургууль” гэдэг энэ үг нь хууль эрх зүйн хувьд ямар субъект вэ? Сургууль ямар нэгэн байдлаар тушаал, захирамж гаргах уу? Тэгэхээр энэ захирамжид намайг өөр ямар нэг ажилд санал тавих болон томилох эрхтэй субъект заагдаагүй байна гэж үзэж байна.
3. Гэрээгээ дутагдалтай үнэлүүлсэн талаар ярьж байна. Гэрээний 5.2-т гэрээг хангалтгүй биелүүлсэн тохиолдолд хариуцлага хүлээлгэнэ гэж заасан байна. Гэтэл уг захирамжид Г.Гтой байгуулсан гэрээ нь дутагдалтай үнэлэгдсэн учраас гэж бичсэн байна. Тухайн гэрээний 5.2-т дутагдалтай үнэлэгдсэн тохиолдолд хариуцлага хүлээлгэх болон ажлаас чөлөөлж, тушаал бууруулна гэсэн нэг ч үсэг, өгүүлбэр байхгүй. Тэгэхээр дөрвөлсөн гэрээг аймгийн З.д шууд зөрчиж байна.
4. Аймгийн З.дын шүүхэд гаргасан хариу тайлбартай танилцсан. Хариу тайлбар дээр “хангалтгүй” үнэлэгдсэн гэж биччихээд захирамж дээрээ “дутагдалтай” үнэлэгдсэн учраас гэж бичсэн байна. “Хангалтгүй” гэдэг нь 50 хувиас доош үнэлэгдсэнийг хэлнэ.
5. Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирал Г.Г Сүхбаатар аймгийн З.дын Тамгын газарт гэрээний үүргийнхээ дагуу тайлангуудаа хүргүүлж байсан. Бүх сургууль, цэцэрлэгийн эрхлэгч, захирал нар улирал тутам тайлангаа хүргүүлдэг. Тайланг үндэслэн үр дүнгийн болон улирлын урамшуулал олгодог. Г.Гыг эхний 1, 2 дугаар улиралд (B) үнэлсэн. Харин 3, 4 дүгээр улиралд 76 хувьтай (C) үнэлсэн. Нийт 4 улиралд (B, C) үнэлчихээд жилийн эцэст (D) үнэлсэн. Тэгэхээр жилд 4 улиралтай 4 улирлын үнэлгээг нэгтгэж жилийн эцсийн үнэлгээ гаргавал би 80 хувьтай үнэлэгдэж байна. Гэтэл намайг (D) үнэлж гаргасан.
6. Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын Ерөнхий боловсролын сургуулийн 2018 оны Санхүү төсвийн санхүүжилтийн үйл ажиллагаанд хийсэн Аудитын дүгнэлтээр зөрчилгүй гарсан. Мөн 2017, 2018 оны ерөнхий үйл ажиллагаанд хийсэн Сүхбаатар аймгийн Мэргэжлийн Хяналтын Газрын дүгнэлтийн үндсэн үйл ажиллагаанд бага эрсдэлтэй гэж дүгнүүлсэн. Тухайн дүгнэлт нотлох баримтаар хэрэгт ирсэн байгаа. Үйл ажиллагаа нь жигд явж байгаа байгууллагыг яагаад дутагдалтай гэж үнэлгээ өгсөнд гайхаж байна.
7. Мөн тухайн гэрээний 5.2-т “Хангалтгүй” үнэлэгдсэн тохиолдолд туслалцаа, дэмжлэг үзүүлнэ гэж байна. Хэрвээ намайг дутагдалтай болон хангалтгүй гэж үзэж байгаа бол нэг ч удаа яагаад надад туслалцаа, дэмжлэг үзүүлээгүй юм бэ? Тус сургуулийн удирдлагад удирдлага арга зүйн хувьд туршлага дутсан тохиолдолд дэмжлэг үзүүлэх ёстой байхад нэг ч удаа уулзаж байгаагүй. Тэгэхээр тухайн гэрээний 5.2 дахь заалтыг дахиад зөрчиж байна.
8. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд дээр хурлын тэмдэглэл нэмэгдсэн байсан. Хурлын тэмдэглэлд Л.Нарангарав надад та энэ сургуульдаа үлдэж болохгүй юм уу гэж санал тавьсан гэсэн байна. Санал тавьсан асуудлыг Аймгийн З.д санал тавьж байна гэж ойлгохгүй байна. Яагаад гэвэл ажил хүлээлцэх комисс томилсон тухай албан тоот нэгдүгээрт байгаа юу? Байгаа бол тухайн албан тоотод ажлын хэсгийн гишүүн нь захирамжид заагдсан “сургууль” гэсэн үгийг бүрэн төлөөлж, тухайн сургуулийн ажилтныг томилох эрхтэй буюу ажил санал болгох эрхтэй юу гэв.
Хариуцагч Сүхбаатар аймгийн З.д шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын 4 дүгээр багийн иргэн Г.Гын тус шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцаад дараахи тайлбарыг гаргаж байна.
Г.Г нь 2017 оны 12 сард төрийн албаны шалгалтанд орж Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлаар томилогдон ажилласан байна.
1. 2018 оны ажлын үр дүнгийн гэрээг дүгнэхэд хангалтгүй дүнтэй үнэлэгдсэн бөгөөд Г.Год Мөнххаан сумын З.дыны тамгын газраас сахилгын хариуцлага тооцуулахаар 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 02/297 тоот албан бичгээр хүргүүлсэн байна.
2. Г.Гыг аймгийн З.дын Тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтэс, аймгийн Боловсрол, соёл урлагийн газрын дүгнэлтүүдийг үндэслэн холбогдох хуулийн дагуу албан тушаал бууруулан ажиллуулах захирамж гаргасан.
Иймд Г.Гын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэнэ үү гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2018 онд Аймгийн З.дтай байгуулсан үр дүнгийн гэрээ болон жилийн эцсийн ажлыг дүгнэх асуудлыг аймгийн З.дын захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг дүгнэж ажилласан. Энэ ажлын хэсэгт аймгийн З.дын Тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга миний бие оролцож, аймгийн Боловсрол, соёл, урлагийн газар болон бусад хэлтэс агентлагууд оролцдог. 2018 оны эхэнд аймгийн З.дтай дөрвөлсөн гэрээ байгуулдаг. Дөрвөлсөн гэрээг байгуулахдаа аймгийн З.д, Боловсрол, соёл, урлагийн газрын дарга, сумын З.д, тухайн удирдах албан тушаалтан нар үр дүнгийн гэрээг байгуулдаг. Энэ гэрээг манай ажлын хэсэг дүгнэж ажилласан. Энэ дүгнэлтийг зөвхөн аймгийн З.дын Тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтэс дүгнээгүй. Боловсрол, соёл, урлагийн газар болон сумын З.д нар дүгнэдэг. Манлайллын бодлогын хүрээнд Нийгмийн бодлогын хэлтэс, байгууллагын төлөвлөгөөний хувьд Боловсрол, соёл, урлагийн газар, тусгай захиалгат бүтээгдэхүүнийг сумын З.д нар тус тус дүгнэдэг. Энэ гурван газрын үнэлгээний үндсэн дээр дундаж үнэлгээ гардаг. Энэ үнэлгээ нь зөвхөн Мөнххаан сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирал Г.Гын ажлыг дүгнэсэн асуудал яригдаагүй. Тухайлбал Сүхбаатар аймагт 24 цэцэрлэг, 16 сургууль үйл ажиллагаа явуулдаг. Эндээс харахад Онгон сумын сургуулийн захирал С.Наранбаатар, Эрдэнэцагаан сумын нэгдүгээр цэцэрлэгийн эрхлэгч Ц.Болорчимэг нар гэрээний үүргээ хангалтгүй биелүүлсэн учир ажлаас чөлөөлөгдөж халагдсан. Г.Гын тухайд гэрээний үүргээ дутагдалтай биелүүлсэн учраас Төрийн албаны Зөвлөлийн 134 дүгээр тогтоолын дагуу албан тушаал бууруулах тухай захирамж гарсан. Захирамж гарахын өмнө манай Нийгмийн бодлогын хэлтсийн боловсролын асуудал хариуцсан мэргэжилтэн Л.Нарангарав Г.Гтой ажлын цагаар уулзаж захирамжийн талаар танилцуулж сонсох ажиллагаа хийсэн. Сонсох ажиллагаа хийсэн тухай хуудас буюу баланк үйлдэж гарын үсэг зуруулсан. Г.Г гарын үсэг зурахдаа тухайн захирамжийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэж бичээд гарын үсэг зурсан баримт хавтаст хэрэгт байгаа. Мөн Г.Г ярихдаа аймгийн З.д надтай уулзаж санал тавиагүй гэж хэлж байна. Аймгийн З.дын Тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтэс аймгийн З.дыг төлөөлж ажилладаг. Г.Г улирал болгон тайлан мэдээгээ явуулж, ажлаа сайн хийж гүйцэтгэж байсан гэж ярьж байна. Тэгэхээр сургуулийн захиргаа болон удирдлагуудыг тухайн улиралдаа нэг удаа үнэлж ур чадварын мөнгө олгодог. Энэ нь тухайн байгууллагын ажлыг үнэлж ур чадварын нэмэгдэл олгож байгаа хэрэг. З.дтай байгуулсан үр дүнгийн гэрээ бол тухайн байгууллагын удирдах албан тушаалтан хүлээсэн үүргийнхээ дагуу З.дтай байгуулдаг гэрээ юм. Энэ хоёр гэрээ нь хоорондоо ялгаатай гэж үзэж байна. Ер нь бол Г.Гтой холбоотой хэд хэдэн гомдол ирж байсан. Би 2018 оны 11 дүгээр сарын 18-нд ажилд орсон. 2018 оны 11 дүгээр сарын 20-д гаргаад Мөнххаан сумын З.дын орлогчоос аймгийн З.дын Тамгын газрын дарга П.Мөнхжаргалд хаягласан Г.Гтой холбоотой санал гомдлыг ирүүлсэн. Дээрх саналтай холбогдуулан тухайн албан тушаалтныг ажлаас чөлөөлөх тухай саналыг Боловсрол, соёл, урлагийн газрын даргаас авсан. Зөвхөн Г.Гтой холбогдуулж санал аваагүй. Тухайлбал Онгон сумын сургуулийн захирал С.Наранбаатар, Эрдэнэцагаан сумын нэгдүгээр цэцэрлэгийн эрхлэгч Ц.Болорчимэг нартай холбогдуулж Боловсрол, соёл урлагийн газраас санал авсан. Дутагдалтай үнэлэгдсэн тал дээр албан тушаал бууруулах болон сахилгын шийтгэл оногдуулах зэрэг арга хэмжээ авдаг. Г.Гыг шууд ажлаас чөлөөлөөгүй. Албан тушаалыг нь бууруулж, тухайн сургуулийн захиргаанд нь шилжүүлсэн. 2019 оны 03 дугаар сарын 04-ний өдөр ажил хүлээлцүүлэхээр Боловсрол, соёл, урлагийн газрын мэргэжилтэн н.Баатарсүх, З.дын Тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтсийн боловсролын асуудал хариуцсан мэргэжилтэн Л.Нарангарав нар Мөнххаан суманд очсон. Тухайн хоёр мэргэжилтэн Г.Год тухайн сургуульдаа физикийн багш болон сургалтын менежерээр үлдэж ажиллах санал тавихад Г.Г нь санал болгож байгаа ажлыг хийхгүй шүүхээр явж асуудлыг шийдвэрлүүлнэ гэсэн хариу тайлбарыг өгсөн. Хавтаст хэрэгт үнэлгээний тухай баримт байгаа ч гэсэн үнэлгээний талаар ярих нь зүйтэй гэж үзэж байна. З.дтай байгуулсан үр дүнгийн гэрээг гурван зорилтын хүрээнд дүгнэдэг. Байгууллагын үйл ажиллагааны төлөвлөгөө буюу тухайн байгууллагын жилийн эцсийн ажлыг төлөвлөгөөг Боловсрол, соёл, урлагийн газрын дарга дүгнэсэн. Энэ дүгнэлтээр Мөнххаан сумын Ерөнхий боловсролын сургууль нь нийт 30 оноо авахаас 18.5 оноо авсан. Тусгай захиалгат бүтээгдэхүүн дээр 40 оноо авахаас сумын З.дас 25 оноо авсан. Манлайллын зорилт бодлогын хүрээнд З.дын Тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтсээс 22.8 оноо авсан. Нийт 66.3 оноотой буюу D үнэлгээ авсан. Г.Г нь гэрээгээр хүлээсэн үүргээ хангалтгүй биелүүлсэн тул Төрийн албаны зөвлөлийн 134 дүгээр тогтоолын дагуу дээрх арга хэмжээ авагдсан байгаа гэв.
Хариуцагчийн өмгөөлөгч Ж.Цээсүрэн өмгөөллийн саналдаа: Сүхбаатар аймгийн З.дын 2019 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн Г.Гыг албан тушаал буруулах тухай Б/05 дугаар захирамж бол хууль зүйн үндэслэлтэй гарсан захирамж гэж өмгөөлөгчийн хувьд үзэж байна. Нэхэмжлэгч Г.Г сонсох ажиллагаа явуулаагүй гэж ярьж байсан. Сонсох ажиллагаа явуулсан талаар бичгийн нотлох баримт судлах үед уншиж сонсгосон. Мөн Г.Гын ажлыг үнэлсэн үнэлгээний талаарх баримт хавтаст хэрэгт авагдсан байгаа. Ийм учраас Г.Гын нэхэмжлэлтэй, Сүхбаатар аймгийн З.дд холбогдох “Сүхбаатар аймгийн З.дын 2019 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн Г.Гыг албан тушаал буруулах тухай Б/05 дугаар захирамжийг хүчингүй болгуулж, намайг урьд эрхэлж байсан Мөнххаан сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын албан тушаалд эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж, эрүүл мэнд болон нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг даалгах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Г.Г шүүхэд хандан “Сүхбаатар аймгийн З.дын 2019 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн “Г.Гыг албан тушаал бууруулах тухай” Б/05 дугаар захирамжийг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан Мөнххаан сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын албан тушаалд эгүүлэн томилох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх нөхөн олговрыг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргажээ.
Шүүх хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарууд, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн хавтаст хэргийн бусад нотлох баримтыг үнэлэн дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “ ... Төрийн албаны тухай хууль, төсвийн ерөнхийлөн захирагч болон төсвийн шууд захирагчтай байгуулсан үр дүнгийн гэрээг зөрчиж хууль бус шийдвэр гаргасан ...” гэж маргаж байгаа бол харин хариуцагчийн зүгээс “ ... Г.Г нь 2018 оны ажлын үр дүнгийн гэрээгээ хангалтгүй дүнтэйгээр үнэлүүлсэн бөгөөд аймгийн З.дын Тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтэс, аймгийн Боловсрол, соёл, урлагийн газрын дүгнэлтүүдийг тус тус үндэслэн холбогдох хуулийн дагуу албан тушаал бууруулах захирамж гаргасан ...” гэж нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргаж байна.
Нэг. “Сүхбаатар аймгийн З.дын 2019 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн “Г.Гыг албан тушаал бууруулах тухай” Б/05 дугаартай захирамжийг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын албан тушаалд эгүүлэн тогтоолгох”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
Нэхэмжлэгч Г.Г нь Сүхбаатар аймгийн З.дын 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн Б/04 дүгээр захирамжаар Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын ерөнхий боловсролын сургуулийн захирлын албан тушаалд томилогдон ажиллаж байхад аймгийн З.дын 2019 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн “Г.Гыг албан тушаал бууруулах тухай” Б/05 дугаар захирамж гарчээ.
Сүхбаатар аймгийн З.д нь уг захирамжаараа Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2, 40.1.2, 43.2, Боловсролын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.15, Төрийн албаны зөвлөлийн 2012 оны 134 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтын 6 дугаар зүйлийг тус тус үндэслэн Мөнххаан сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирал Г.Гыг 2018 оны ажлын үнэлгээгээр “Дутагдалтай” үнэлэгдсэн тул 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс албан тушаал бууруулж сургуулийн мэдэлд шилжүүлжээ.
Төрийн албаны тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.1.2-т заасан төрийн үйлчилгээний албан тушаалд хамаарах улсын төсвөөс санхүүждэг ерөнхий боловсролын сургуулийн захирлын хөдөлмөрийн харилцаа нь Хөдөлмөрийн тухай хуульд заасан журмын дагуу байгуулагдах хөдөлмөрийн гэрээгээр зохицуулагдах боловч Боловсролын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.15-д “аймаг, нийслэлийн боловсролын газрын сонгон шалгаруулалтын дүнг үндэслэн ерөнхий боловсролын сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгчийг томилох, тэдгээрийг үр дүнгийн гэрээний хэрэгжилт болон аймаг, нийслэлийн боловсролын газрын саналыг үндэслэн чөлөөлөх”-өөр тусгайлан заажээ.
Эндээс үзвэл, ерөнхий боловсролын сургуулийн захирал /төрийн үйлчилгээний удирдах албан тушаал/ нь хөдөлмөрийн гэрээний зэрэгцээ сургуулийн төсвийн шууд захирагчийн хувьд үр дүнгийн гэрээ байгуулах ба түүний үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг хөдөлмөрийн гэрээний дагуу үнэлэхгүй боловч хөдөлмөрийн гэрээнд заасан хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор “ноцтой” зөрчил гаргасан бол уг гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлах боломжтой, ерөнхий боловсролын сургуулийн захирлын хөдөлмөрийн харилцааг Хөдөлмөрийн тухай хуулиас гадна Төрийн албаны тухай, мөн хамаарал бүхий салбарын бусад хууль тогтоомжоор зохицуулсан байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2-т “ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцлах”, 40 дүгээр зүйлийн 40.1.2-т “ажилтан мэргэжил, ур чадвар, эрүүл мэндийн хувьд гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалдаа тэнцэхгүй болсон нь тогтоогдсон бол хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцалж болно”, 43 дугаар зүйлийн 43.2-т “Ажилтан ажил хүлээлгэн өгсөн сүүлчийн өдрийг ажлаас халагдсан өдөр гэж үзнэ.” гэж тус тус заажээ.
Монгол Улсын дээд шүүхийн 2006 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 33 дугаар тогтоолд “Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2.-т заасан "ажилтан мэргэжил, ур чадвар, эрүүл мэндийн хувьд гүйцэтгэж байгаа ажил албан тушаалдаа тэнцэхгүй болсон нь тогтоогдсон" гэдгийг ажилтны энэ байдлын талаар салбарын буюу тухайн байгууллагын мэргэжил, ур чадварын түвшин тогтоох комисс, аттестатчиллын комисс болон эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын албан ёсны дүгнэлт, шийдвэр гарсан байхыг ойлгоно.” гэж тайлбарлажээ.
Дээрх хуулийн зохицуулалтаас үзвэл Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т заасан үндэслэл тогтоогдсон бол хөдөлмөрийн гэрээг цуцлах эрхийг ажил олгогчид олгосон хэдий ч энэ нь хууль, санхүүгийн болон хяналтын эрх бүхий байгууллагын шалгалт, ажил олгогчийн дотоодын хяналт шалгалтаар тогтоогдсон нотлох баримтад үндэслэсэн байх шаардлагатай.
Тодруулбал Боловсролын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.15-д зааснаар ерөнхий боловсролын сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгчийг чөлөөлөхдөө аймгийн Боловсролын газрын саналыг үндэслэх ёстой байжээ.
Хэрэгт авагдсан Сүхбаатар аймгийн Боловсрол, соёл, урлагийн газрын 2019 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 70 дугаар албан бичиг, шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өгсөн “ ... аймгийн Боловсрол, соёл, урлагийн газраас Г.Гыг албан тушаал бууруулах талаар ямар нэгэн албан ёсны санал ирээгүй ...” гэх тайлбараар хуулийн дээрх зохицуулалт зөрчигдсөний дээр нэхэмжлэгчийг албан тушаал бууруулах талаар Боловсрол, соёл, урлагийн газрын албан ёсны саналыг авсан гэж үзэх боломжгүй байна.
Нэхэмжлэгч Г.Г болон аймгийн З.дын хоорондын хөдөлмөрлөх эрхийн харилцаа нь Төрийн албаны тухай хууль, Хөдөлмөрийн тухай хууль, Боловсролын тухай хуулиудаар зохицуулагдахаар байхад Сүхбаатар аймгийн З.д нь 2019 оны Б/05 дугаар захирамждаа Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2 дахь хэсэг буюу хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачлагаар цуцлах заалтыг дангаар хэрэглэж нэхэмжлэгчийг албан тушаал бууруулсан захирамж гаргасан нь нэхэмжлэгчийн хөдөлмөрлөх эрхийг зөрчсөн, түүнийг албан тушаал бууруулж ямар албан тушааалд томилж байгаа нь тодорхойгүй эрх зүйн зөрчилтэй акт гаргасан байна гэж үзлээ.
Түүнчлэн Сүхбаатар аймгийн З.д нь 2019 оны Б/05 дугаар захирамжийг гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-д заасан “хуульд үндэслэх”, 4.2.5-д заасан “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх” гэсэн зарчмуудыг баримтлаагүй, мөн
Төрийн албаны тухай хууль, Хөдөлмөрийн тухай хууль, Боловсролын тухай хуулийн зохих заалтуудыг хэрэглээгүй зэрэг нь Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д заасан “Төрийн албанд Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх зарчмыг баримтлана”, 7.1.2-т заасан “мэргэшсэн, тогтвортой байх” зарчимтай нийцээгүй байна.
Иймд Сүхбаатар аймгийн З.дын 2019 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн Б/05 дугаар захирамж нь нэхэмжлэгчийн хөдөлмөрлөх эрхийг дээрх нөхцөл байдлуудаар зөрчсөн байх тул уг захирамжийг хүчингүй болгож, Г.Гыг урьд эрхэлж байсан Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын сургуулийн захирлын албан тушаалд эгүүлэн тогтоож шийдвэрлэх нь хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэлээ.
Хоёр. “Ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалыг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэх”-ийг хүссэн нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
Нэхэмжлэгчийн гаргасан “Сүхбаатар аймгийн З.дын 2019 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн “Г.Гыг албан тушаал бууруулах тухай” Б/05 дугаартай захирамжийг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын сургуулийн захирлын ажилд эгүүлэн тогтоолгох”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч Г.Гын ажилгүй байсан хугацаа болох 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 2019 оны 05 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх нийт 65 хоногийн дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг Монгол Улсын Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаалаар батлагдсан “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-д заасны дагуу тооцоолж 4.232.215 (дөрвөн сая хоёр зуун гучин хоёр мянга хоёр зуун арван тав) төгрөгийг Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын ерөнхий боловсролын сургуулийн төсвөөс гаргуулж нэхэмжлэгч Г.Год олгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийхийг даалгаж шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.4, 106.3.12 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.1.2, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2, Боловсролын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.15 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Г.Гын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Сүхбаатар аймгийн З.дын 2019 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн Б/05 дугаар захирамжийг хүчингүй болгож, Г.Гыг Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын албан тушаалд эгүүлэн тогтоосугай.
2. Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 2019 оны 05 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 4.232.215 (дөрвөн сая хоёр зуун гучин хоёр мянга хоёр зуун арван тав) төгрөгийг Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын Ерөнхий боловсролын сургуулийн төсвөөс гаргуулж нэхэмжлэгч Г.Год олгон, уг олговроос нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж дэвтэрт бичилт хийхийг Мөнххаан сумын Ерөнхий боловсролын сургуулийн нягтлан бодогчид даалгасугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 48 дугаар зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч аймгийн З.дас 70.200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэ хуулийн 108 дугаар зүйлийн 108.3 дахь хэсэгт заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ЦЭРЭНХАНД