Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 01 сарын 12 өдөр

Дугаар 221/МА2023/0049

 

“Ш” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч Ерөнхий шүүгч Б.Тунгалагсайхан

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Д.Оюумаа

Илтгэсэн шүүгч Д.Баатархүү

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Н

Нэхэмжлэгч: “Ш” ХХК

Хариуцагч: БАУБХ, БАУБХ-ийн дарга, БАУБХ-ийн улсын бүртгэгч А.Р

Гуравдагч этгээд: Л.Н, П.М

Нэхэмжлэлийн шаардлага: “БАУБХ, улсын бүртгэгч А.Р нарын захиргааны үйл ажиллагаа /акт/ хууль бус болохыг тогтоож, “Ш” ХХК-ийн энгийн хувьцааг өвлөх, бэлэглэх, хувьцааны эрх шилжүүлэх өөрчлөлтийг тусгасан тус компанийн 2021 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн дүрмийг улсын бүртгэлд бүртгэхийг даалгах”

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 33 дугаар шийдвэр

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид: Хариуцагч А.Р, хариуцагч, хариуцагчийн төлөөлөгч Ж.Г, гуравдагч этгээд Л.Нийн Б.Б, түүний өмгөөлөгч Р.П

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Улаанмуна

Хэргийн индекс: 158/2022/0028/З

                                                            ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “Ш” ХХК нь БАУБХ, БАУБХ-ийн дарга, БАУБХ-ийн улсын бүртгэгч А.Р нарт холбогдуулан “БАУБХ, улсын бүртгэгч А.Р нарын захиргааны үйл ажиллагаа /акт/ хууль бус болохыг тогтоож, “Ш” ХХК-ийн энгийн хувьцааг өвлөх, бэлэглэх, хувьцааны эрх шилжүүлэх өөрчлөлтийг тусгасан тус компанийн 2021 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн дүрмийг улсын бүртгэлд бүртгэхийг даалгах”-аар маргасан байна.

2. Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 33 дугаар шийдвэрээр: Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4.3, 22 дугаар зүйлийн 22.2, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2-т тус тус заасныг баримтлан “Ш” ХХК-иас БАУБХ, БАУБХ-ийн дарга, БАУБХ-ийн улсын бүртгэгч А.Р нарт холбогдуулан гаргасан “БАУБХ, улсын бүртгэгч А.Р нарын захиргааны үйл ажиллагаа /акт/ хууль бус болохыг тогтоож, “Ш” ХХК-ийн энгийн хувьцааг өвлөх, бэлэглэх, хувьцааны эрх шилжүүлэх өөрчлөлтийг тусгасан тус компанийн 2021 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн дүрмийг улсын бүртгэлд бүртгэхийг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

3. Давж заалдах гомдлын агуулга: “Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 33 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч энэ гомдлыг гаргаж байна.

Анхан шатны шүүх маргааныг шийдвэрлэхдээ нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагаас илт хальсан хуулийн этгээдийн 1996 онд анх үүсгэн байгуулагдсанаас хойших бичиг баримтуудад дүгнэлт өгөхөөр оролдож, маргааны агуулгад эрх зүйн буруу дүгнэлт өгөх замаар хэргийг шийдвэрлэж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй байна. Үүнд:

3.1. “Ш” ХХК-ийн хувьцаа эзэмшигчид, тэдний хувьцааны эрх, дүрмийн хүчинтэй байдлын талаар захиргааны болон иргэний хэргийн шүүхэд үүссэн маргаан байхгүй. “Ш” ХХК-ийн хуулийн этгээдийн лавлагаагаар, түүнчлэн 2020 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн компанийн хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэр, дүрмийн өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгүүлснээр “Ш” ХХК-ийн нийт 40,971 ширхэг энгийн хувьцааг П.Э 12,182.2 буюу 29.73 хувийг, Д.Ц 9,710.5 буюу 23.70 хувийг, П.Цэрэнбат 9,696.9 буюу 23.67 хувь, Л.Н 9,384 буюу 22.90 хувийг тус тус эзэмшдэг талаар маргаан байхгүй. Тус компанийн 2020 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн хувьцаа эзэмшигчдийн хурлаар баталсан дүрмийн өөрчлөлтийг бүртгүүлсэн асуудлаар гарсан маргааныг шийдвэрлэсэн захиргааны хэргийн анхан шатны шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр байгаа. Энэ нөхцөлд шүүх 1996 оноос хойших “Ш” ХХК-тай холбоотой тус хуулийн этгээдийн улсын бүртгэлийн хувийн хэрэгт байгаа бүх бичиг баримтад дүгнэлт өгөх шаардлага ч байхгүй, тийм шаардлага гаргасан шаардах эрх бүхий этгээд ч байхгүй, тэдгээрийг дахин авч үзэх хуулийн хөөн хэлэлцэх хугацаа ч байхгүй.

3.2. Нэхэмжлэгч талын захиргааны байгууллага, албан тушаалтны үйл ажиллагааг хууль бус гэж үзэж байгаа шүүх дүгнэлт өгч шийдвэрлэх ёстой хууль бус эс үйлдэхүй нь дараах байдалтай юм.

а. “Ш” ХХК-ийн хувьцаа эзэмшигч Д.Ц 2020 оны 03 дугаар сарын 06-ны өдөр П.Эад “Нас өндөр болж цаашид компанийн үйл ажиллагаанд оролцох боломжгүй болсон тул 9,710.5 ширхэг 23.7 хувийн хувьцаагаа бусдад шилжүүлэх, худалдах, бэлэглэх, компанийн хувьцааны эрх шилжүүлэх гэрээ хийх, бичиг баримтад гарын үсэг зурах” эрхийг 3 жилийн хугацаатай олгож Орхон тойргийн нотариатч Д.Булга гэрчилсэн. Итгэмжлэлийн дагуу П.Э, Д.Цын зээ дүү П.Мт нагац ахынх нь хувьцааг бэлэглэх, түүнд ногдох хувьцааны эрх шилжүүлэх гэрээг 2021 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр хийж, нийслэлийн тойргийн нотариатч Минжирмаагаар гэрчлүүлсэн. Нас барсан нөхөр П.Цэрэнбатын “Ш” ХХК-ийн 9,384 ширхэг 22.9 хувийн хувьцааны эрхийг Л.Нт өвлүүлсэн 0013 тоот гэрчилгээг 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдөр нийслэлийн тойргийн нотариатч Ч.Отгонбаяр олгосон. Эдгээр итгэмжлэл гэрээнүүд одоо хүчинтэй байгаа.

б. Нэгэнт зарим хувьцаа эзэмшигч хувьцааны эрхээ бусдад шилжүүлсэн, зарим хувьцаа эзэмшигч нас барж хувьцааны эрх нь өвлөх эрхээр өв хүлээн авагч, өвлөгчид шилжсэн тул хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг зарлаж энэ өөрчлөлтийг хуулийн этгээдийн бичиг баримтад тусгах нь “Ш” ХХК-ийн гүйцэтгэх захирлын үүрэг юм. Чухам ийм учраас энэ өөрчлөлтийг баталж хувьцаа эзэмшигчдийн эрхийг баталгаажуулахаар гүйцэтгэх захирал П.Э 2021 орны 04 дүгээр сарын 10-ны өдөр 21/002 тоот тушаалаар хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурал суманд хийхээр зарласан. Тушаалд хэлэлцэх асуудлыг Л.Нт П.Цэрэнбатын, П.Мт Д.Цын хувьцаа шилжсэн асуудлыг саналын хуудсыг баталж хувьцаа эзэмшигчдэд хүргүүлэхээр шийдвэрлэсэн.

Хувьцаа эзэмшигч Д.Ц саналын хуудсаар санал өгсөн, П.Э биечлэн оролцсон, Л.Н хуралд оролцоогүй, саналын хуудсаар санал ирүүлээгүй. Хуралд нийт 3 хувьцаа эзэмшигчийн 2 нь оролцож, ирц 51 хувьд хүрсэн хэлэлцүүлсэн асуудлыг П.Э, Д.Ц нар дэмжсэн нь нийт саналын эрхтэй хувьцааны 53.43 хувь болсон тул компанийн дүрэмд эзэмших хувьцааг П.Э 29.73 хувь, П.М 23.79 хувь, Л.Н 46.57 хувь болгон өөрчлөлт оруулж, 100 хувийн саналаар баталсан нь Компанийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.1, 63 дугаар зүйлийн 63.2, 63.3, 63.5, 63.7 дахь заалтад бүрэн нийцсэн.

в. Хуульд болон хуулийн этгээдийн дүрэмд нийцсэн өөрчлөлтийг улсын бүртгэлийн байгууллага, бүртгэгч бүртгэх үүрэгтэй тул “Ш” ХХК нь 2021 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн хурлын холбогдох бүх бичиг баримтыг 2021 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр Монгол шуудангаар хуульд заасан хугацаанд нь БАУБХт хүргүүлсэн. БАУБХ 2021 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 320 тоот бичгээр “Хуулийн этгээдийн улсын бүртгэлд шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар 2018 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 1/314 тоот албан бичгээр хориг тавьсан тул бүртгэлд өөрчлөлт оруулах боломжгүй” гэж татгалзжээ. Энэ нь дараах байдлаар хууль бус байжээ.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2.11, 44.2.14-т заасан ажиллагааг явуулж болох ба “Ш” ХХК-ийн улсын бүртгэлийн эрхийг түдгэлзүүлсэн шийдвэр гүйцэтгэгчийн тогтоол улсын бүртгэлийн байгууллагад ирээгүй байна.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын хориг гэсэн ойлголт зохицуулалт хуульд байхгүй ба бүртгэхээс татгалзсан тэр хориг гэж байхгүй гэдгээ хариуцагч хүлээн зөвшөөрч байна.

Захиргааны үйл ажиллагаа хэдий хууль бус байсан ч гэсэн “Ш” ХХК шүүхийн шийдвэртэй өр төлбөрөө барагдуулах арга хэмжээ авч улмаар Булган аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас “Ш” ХХК-ийн хувьцаа Л.Нт өвлөгдсөн, П.Мт бэлэглэсэн итгэмжлэл, гэрээ гарсан байх тул дүрмийн өөрчлөлтийг бүртгэхэд татгалзах зүйлгүй” гэсэн агуулгатай 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр 1/461, 2022 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр 1/497 тоот бичиг авч, хууль бус шаардлагыг биелүүлсэн байна.

г. Ингээд нэг жилийн дараа “Ш” ХХК-ийн зардал тэдний өмнөх шаардлагыг биелүүлсэн гэж үзэж 2022 оны 05 дугаар сарын 02-ны өдөр БАУБХ дээр 2021 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр хурлын бүх материалаа авч очин бүртгэлийн тэмдэгтийн хураамж төлж, бүртгэгчээс өгсөн УБ-03 тоот мэдүүлгийг бөглөн материалаа улсын бүртгэгч А.Рт өгсөн боловч тэр хүлээж аваагүй байна.

“Ш” ХХК нь улсын бүртгэгчийн удирдах албан тушаалтанд хандаж 2022 оны 05 Дугаар сарын 02-ны өдөр 05/01 тоот бичгээр бүртгэлийн өөрчлөлт хийхэд шаардлагатай материалаа хавсарган гомдол, хүсэлт хүргүүлжээ. Хэлтсийн дарга Ж.Г 2022 оны 05 дугаар сарын 06-ны өдөр 381 тоотоор хувьцаа эзэмшигч Л.Н мэдэгдэл ирүүлсэн тул Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2.3 заалтыг үндэслэн хувьцаа эзэмшигч Л.Н тогтоолд гарын үсэг зураагүй, зурахаас татгалзсан тул хүсэлтийг хүлээн авахаас татгалзаж ирүүлсэн баримт бичгийг буцаав гэсэн хариу ирүүлсэн нь хууль бус гэж үзэж “Ш” ХХК шүүхэд хандсанаар энэ захиргааны хэрэг үүссэн.

3.3. Хариуцагч БАУБХ, бүртгэгчийн захиргааны үйл ажиллагаа дараах  байдлаар хууль бус юм.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн хориг гэж хуульд байхгүй үндэслэл заасан, хуулийн этгээдийн бүртгэлийн өөрчлөлтийг түдгэлзүүлсэн шийдвэр гүйцэтгэгчийн тогтоол байхгүй, шүүхийн шийдвэртэй өр төлбөртэй, түүнийг төлүүлэх ажиллагаа явагдаж байгаа нь хувьцаа эзэмшигчдийн эзэмших хувьцааны хувь хэмжээ, хуулийн этгээдийн бүртгэлд хувьцаа эзэмшигч хасагдаагүй өөрчлөлтийг бүртгэхэд ямар ч хамааралгүй, бүртгэхээс татгалзах Улсын бүртгэлийн ерөнхий хууль, Хуулийн этгээдийн бүртгэлийн тухай хуульд заасан үндэслэл болохгүй нь тодорхой байна.

Энэ гомдлын 2 дахь хэсгийн а, б хэсэгт дурдсанаар “Ш” ХХК-ийн 2021 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурал хүчин төгөлдөр болсон, уг хурлын шийдвэрийг хүчингүй болгуулахаар шаардсан этгээд байхгүй, Компанийн тухай хууль болон тус компанийн дүрэмд хувьцаа эзэмшигч нар хуралд бүгд оролцож, тогтоолд бүгд гарын үсэг зурах тухай хатуу тогтоолт байхгүй байхад Л.Н гарын үсэг зураагүй гэж хууль бус үндэслэл заасан байна.

Компанийн 2021 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн хурал хувьцаа эзэмшигч болгон дүрэмд тусгасан байна. Хувьцаа эзэмшигч Л.Нт Д.Цын хувьцаагаа бусдад шилжүүлэх, бэлэглэх, зээ дүү П.Мийн түүний хувьцааг бэлэглэлээр авах эрхийг хязгаарлан шаардах эрх огт байхгүй байхад түүний ийм агуулгатай өргөдлийг үндэслэн бүртгэл хийхээс татгалзсан нь хэтэрхий хууль бус мэргэжлийн биш хандлага болжээ.

Хариуцагч тал нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй тухай хариу тайлбарыг 2022 оны 07 дугаар сарын 05-ны өдөр 547 тоотоор гаргахдаа Л.Н бүртгэхгүй байх мэдэгдэл ирүүлсэн, Булган Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар 2020 оны 03 дугаар сарын 30-ны өдөр 1/263 тоот бичгээр хориг тавьсан, үүний улмаас Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 19.463 дахь заалт, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 12, 18 дугаар зүйл, Компанийн тухай хуулийн 5.8 дахь заалтыг үндэслэн бүртгэхээс татгалзсан гэжээ. Энэ нь дараах байдлаар үндэслэлгүй байна.

Дурдсан хуулийн 19.4.3 заалт нь “Бүртгэл хийлгэх хүсэлт, нотлох баримт нь зөрчилтэй, бүрэн ус, холбогдох хуулийн заалтыг зөрсөн бол бүртгэхээс татгалзана. Дурдсан хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1-19.1.3 нь бүртгүүлэхээр ирүүлсэн баримт бичгийн бүрдэл дутуу, хууль тогтоомжид заасан шаардлага хангаагүй, баримт бичгийг хуурамчаар үйлдсэн бол бүртгэхээс татгалзаан гэжээ. Компанийн тухай хуулийн 5.8 дахь заалт нь энгийн хувьцааг тэргүүн ээлжид худалдан авах давуу эрхийн зохицуулалт байна.

Захиргааны байгууллага, албан тушаалтан “Ш” ХХК-д хуулийн дээрх заалтад холбогдох танай бичиг баримт ийм ийм зөрчилтэй, ийм байдлаараа бүрэн бус, ингэж хууль зөрчсөн, ийм бүрдэл дутуу, хуурамч гэсэн хуульд заасан шаардлагыг хангуулах ямар ч үндэслэл хэлж, шаардлага тавиагүй байх ба өнөөх л Л.Н хүсэлт ирүүлсэн, Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн хориг тавьсан гэсэн хууль бус үндэслэлээ давтсан байна.

Хариуцагч тал шүүх хуралдаан дээр талуудын маргаан мэтгэлцээний байдлаас угаасаа хувьцаа эзэмшигч нар хоорондоо зөрчилтэй байгаа нь бүртгэхгүй байх үндэслэл болно гэж тайлбарлав.

Гуравдагч этгээдийн төлөөлөгч өмгөөлөгч нар “Ш” ХХК-ийн хувийн хэрэгт байгаа бичиг баримт, санхүү, аж ахуйн үйл ажиллагаа, өр төлбөр гэхчлэн асуудлыг голлон тайлбарласан ба компанийн 2021 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлаар хэлэлцсэн асуудал, дүрэмд оруулсан өөрчлөлт нь Л.Нийн эрхийг зөрчсөн үндэслэл гаргаж тавиагүй. Харин үзлэгээр гарч ирсэн хэргийн 209-212 дахь талд байгаа 2008 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн “Ш” ХХК-ийн дүрэм гэх бичиг баримтыг ярьдаг. Энэ хуурамч дүрэм нь а. 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн улсын бүртгэл хүлээн авсан тэмдэгтэй, б. төлөөлөн удирдах зөвлөлийн хурлаар батлав гэсэн бичилттэй, в. 2008 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн дүрмийг 2008 оны 03 дугаар сарын 18-ны өдөр улсын бүртгэлийн мэдээллийн санд бүртгэсэнтэй зөрүүтэй, г. одоо 12 жил өнгөрсөн, угаасаа хуйвалдаж жинхэнэ баримтыг хувийн хэргээс аваад хуурамчаар үйлдэж хийсэн гэдгээ хожим Л.Н нар ойлголцоод 2020 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн хурлыг хийсэн байдаг юм.

3.4. Маргааны үйл байдал, нотлох баримт, хуулийн зохицуулалт ийм байхад шүүх дараах дүгнэлт хийж нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь төрөлжсөн шүүхийн хувьд мэргэжлийн бус, үндэслэлгүй байна.

а. Анхан шатны шүүх хэргийн хэлэлцэх суудлын хүрээнээс хальсан. “Ш” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийг маргаантай гэж үзэж, үүнийгээ захиргааны байгууллага улсын бүртгэлээс татгалзах зөрчил гэж тодорхойлон уг маргаанаа шийдүүлсний дараа бүртгэл хийлгэх нь зүйтэй гэсэн гол дүгнэлтийг хийж хэргийг шийдвэрлэжээ. Энэ нь дараах байдлаар үндэслэлгүй.

Хэргийн 52 дахь талд авагдсан Л.Нийн 2022 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн хүсэлтэд компанийн 2021 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн дүрмийн өөрчлөлтийн талаар болон уг хурлын шийдвэр буруу талаар агуулга байхгүй,

Энэ хэргийн гуравдагч этгээдийн хувьд 2022 оны 08 дугаар сарын 03-ны өдөр Л.Нийн шүүхэд ирүүлсэн тайлбарт ийм агуулга байхгүй,

Булган аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 520 дугаар бичгээр ирүүлсэн хариуд иргэний хэргийн харьяалах шүүхэд ийм маргаан байхгүй байна.

б. Улсын бүртгэлийн байгууллага, бүртгэгч нь бүртгүүлэхээр ирүүлж байгаа бичиг баримт буюу хувьцаа эзэмшигчдийн хурал нь Компанийн тухай хууль, уг хуулийн этгээдийн дүрмийн шаардлага хангаж хуралдан, өөрчлөлтийг баталсан үндэслэлтэй шийдвэр гаргасан эсэхийг хянаж үзэх эрх хэмжээ бий. Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 19.4.3-д “... холбогдох хуулийн заалтыг зөрчсөн” эсэх болон Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 18.2.1 “... хууль тогтоомжид заасан шаардлагыг хангаагүй” бол татгалзахаар заасан нь зөрчсөн эсэх, хангасан эсэхийг хянан үзэх эрх бөгөөд хариуцагчид хуулиар олгогдсон эрх хэмжээ байсаар байхад шүүх түүнийг үгүйсгэж хэргийг шийдвэрлэсэн нь буруу байна.

Захиргааны байгууллага албан тушаалтан хуульд маш тодорхой зохицуулсан бүртгэхээс татгалзах үндэслэлээ тайлбарлаж, зааж чадахгүй байхад шүүх хуулийн этгээдийн хувьцаа эзэмшигчдийг “та нар ер нь хоорондоо маргаантай юм шиг байна. Түүнийгээ зохих газраараа шийдүүлээд улсын бүртгэлд хандсан нь дээр юм шиг байна” гэсэн агуулгатай шийдвэр гаргасан нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т заасан шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэсэн шаардлагыг хангаагүй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт нэхэмжлэлийн шаардлагыг хангасан өөрчлөлт оруулж өгнө үү” гэжээ.

4. Хариуцагч, гуравдагч этгээд нараас анхан шатны шүүхийн шийдвэрийг хамгаалж байна.                                                                                                                                                                                                                                                                                                              

ХЯНАВАЛ:

1. Анхан шатны шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын хүрээнд хянаад гомдлыг дараах үндэслэлээр хангахгүй орхиж шийдвэрлэв.

2. Анхан шатны шүүх маргааны үйл баримтад хамаарах хэрэглэвэл зохих хуулийн холбогдох заалтуудыг зөв тайлбарлан хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байх тул шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

2.1. Нэхэмжлэгч “Ш” ХХК-иас 2021 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн №2021/001 тоот “Ш” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлын шийдвэрийг Улсын бүртгэлийн өөрчлөлт хийлгэх тухай хүсэлтийн хамт БАУБХт 2021 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр хүргүүлжээ.

2.2. Тус хэлтсийн улсын бүртгэгч А.Р уг хүсэлтийн дагуу бүртгэл хийхээс татгалзсан хариу өгсөн тул “Ш” ХХК-иас 2022 оны 05 дугаар сарын 02-ны өдөр хэлтсийн дарга Ж.Год гомдол гаргасан байх ба 2022 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 381 тоот албан бичгээр “Танай компанийн хувьцаа эзэмшигч Л.Н нь “Ш” ХХК-ийн хувьцаа эзэмшигчийн бүртгэлд өөрчлөлт оруулахгүй байх талаар мэдэгдэл ирүүлсэн тул Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2.3-д заасныг үндэслэн таны хүсэлтийг хүлээн авахаас татгалзаж, ирүүлсэн баримт бичгийг буцаав” гэсэн хариу өгчээ.

2.3. Улмаар нэхэмжлэгч “Ш” ХХК нь “БАУБХ, улсын бүртгэгч А.Р нарын захиргааны үйл ажиллагаа /акт/ хууль бус болохыг тогтоож, “Ш” ХХК-ийн энгийн хувьцааг өвлөх, бэлэглэх, хувьцааны эрх шилжүүлэх өөрчлөлтийг тусгасан тус компанийн 2021 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн дүрмийг улсын бүртгэлд бүртгэхийг даалгах” нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

3. Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 19 дүгээр зүйлд “Улсын бүртгэгч, түүний эрх, үүрэг”-ийг зохицуулсан байх ба 19 дүгээр зүйлийн 19.4.2-т “энэ хуулийн 6, 7, 8 дугаар зүйлд заасан улсын бүртгэлийн төрлийн хүрээнд иргэн, хуулийн этгээдээс улсын бүртгэл хийлгэх тухай хүсэлт, нотлох баримтыг хүлээн авч хянан улсын бүртгэлд бүртгэх эсэх тухай шийдвэр гаргах”, 19.4.3-д “энэ хуулийн 19.4.2-т заасан нотлох баримт нь зөрчилтэй, бүрэн бус, холбогдох хуулийн заалтыг зөрчсөн бол улсын бүртгэлд бүртгэхээс татгалзах”, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 18 дугаар зүйлд “Бүртгэхээс татгалзах” гээд 18.1.2-т “үүсгэн байгуулах баримт бичиг энэ хууль болон бусад хууль тогтоомжид заасан шаардлагыг хангаагүй” гэж тус тус заажээ.

3.1. “Ш” ХХК-иас компанийн мэдээлэлд өөрчлөлт оруулах хүсэлт гаргасан 2022 оны 05 дугаар сарын 02-ны өдөр тус компанийн хувьцаа эзэмшигч Л.Наас “... П.Эын бүрдүүлсэн баримтын хүрээнд Д.Цын хувьцааг П.Мт бэлэглэсэн, эрх шилжүүлсэн гэрээг бүртгэхгүй байх урьдчилсан тэмдэглэгээ хийлгэх ...” хүсэлтийг БАУБХт мөн гаргасан болох нь тогтоогдож байна.

3.2. Хувьцаа эзэмшигч Л.Н хувьцаа эзэмшигчдийн хурлын тогтоолд гарын үсэг зураагүй, зурахаас татгалзсан болох нь хариуцагч болон гуравдагч этгээд нараас тайлбарлаж байна.

3.3. Компанийн хувьцаа эзэмшигчдийн хооронд маргаантай байгаа болох нь гуравдагч этгээд Л.Нийн БАУБХт 2022 оны 05 дугаар сарын 02-ны өдөр гаргасан хүсэлт, 2022 оны 08 дугаар сарын 03-ны өдөр шүүхэд гаргасан тайлбар, гуравдагч этгээд Л.Мөнхцэцэгийн 2022 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр шүүхэд гаргасан тайлбар, хэргийн оролцогчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээр тогтоогдож байх тул мөн үндэслэлээр хуулийн этгээдийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг бүртгэхээс татгалзсан БАУБХ-ийн улсын бүртгэгч А.Р, хэлтсийн дарга Ж.Г нарын үйлдэл хуулийн дээрх зохицуулалтад нийцэж байна.

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо “... Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 19.4.3-д “... холбогдох хуулийн заалтыг зөрчсөн эсэх” болон Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 18.2.1-д “... хууль тогтоомжид заасан шаардлагыг хангаагүй” бол татгалзахаар заасан нь хуульд заасан шаардлагыг зөрчсөн, эсхүл хангасан эсэхийг хянан үзэх эрх бөгөөд хариуцагчид хуулиар олгогдсон эрх хэмжээ байхад шүүх түүнийг үгүйсгэж хэргийг шийдвэрлэсэн нь буруу байна” гэжээ.

4.1. Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 19 дүгээр зүйлд “Улсын бүртгэгч, түүний эрх, үүрэг” гээд 19.4.2-т “энэ хуулийн 6, 7, 8 дугаар зүйлд заасан улсын бүртгэлийн төрлийн хүрээнд иргэн, хуулийн этгээдээс улсын бүртгэл хийлгэх тухай хүсэлт, нотлох баримтыг хүлээн авч хянан улсын бүртгэлд бүртгэх эсэх тухай шийдвэр гаргах”, 19.4.3-д “энэ хуулийн 19.4.2-т заасан нотлох баримт нь зөрчилтэй, бүрэн бус, холбогдох хуулийн заалтыг зөрчсөн бол улсын бүртгэлд бүртгэхээс татгалзах” гэж тус тус заажээ.

4.2. Хуулийн дээрх зохицуулалт нь улсын бүртгэгч хүсэлт гаргагчаас ирүүлсэн баримтуудыг хүлээн авч хянаад баримт нь зөрчилтэй бол бүртгэхээс татгалзах эрхийг зохицуулсан.

5. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4-т “захиргааны актыг гаргахаас татгалзсан шийдвэр, эсхүл гаргахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн бол шаардагдах захиргааны акт гаргахыг тухайн захиргааны байгууллагад даалгах, эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоох” гэж заасан.

5.1. Нэхэмжлэлийн шаардлага нь “Ш” ХХК-ийн энгийн хувьцааг өвлөх, бэлэглэх, хувьцааны эрх шилжүүлэх өөрчлөлтийг тусгасан тус компанийн 2021 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн дүрмийг улсын бүртгэлд бүртгэхийг хариуцагчид даалгах боловч зөрчилтэй мэдээллийг бүртгэхээс татгалзсан хариуцагчийн шийдвэр хууль зөрчөөгүйгээс гадна хариуцагчийн татгалзал нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй байх тул шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж хариуцагчид даалгаж шийдвэрлэх боломжгүй.

Харин  Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2-т “Өргөдөл гаргагч нь энэ хуулийн 18.1.1, 18.1.2-т заасан улсын бүртгэлд бүртгэхээс татгалзсан зөрчлийг арилгасны дараа улсын бүртгэлд бүртгүүлэхээр дахин хүсэлт гаргаж болно” гэж заасны дагуу зөрчлөө арилгасны дараа дахин хандах эрх нь нээлттэй.

Иймд гомдолд дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх үндэслэл тогтоогдохгүй байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх заалтыг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 33 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасны дагуу нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Б.ТУНГАЛАГСАЙХАН      

ШҮҮГЧ                                                           Д.ОЮУМАА

ШҮҮГЧ                                                           Д.БААТАРХҮҮ