Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 05 сарын 17 өдөр

Дугаар 1162

 

2017 оны 05 сарын 17 өдөр                   Дугаар 210/МА2017/01162

  

 

М.Солонгын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 181/ШШ2017/00912 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч М.Солонгын нэхэмжлэлтэй,

Хариуцагч С.Мөнхцэцэгт холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэг, хохиролд 4 451 270 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй,

Илүү төлсөн 1 236 000 төгрөгийг буцаан гаргуулах сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Зохигчдын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Д.Очирваань

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Гантулга

Хариуцагчийн өмгөөлөгч: Б.Ганбат

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Шинэцэцэг нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч 2014 оны 07 дугаар сарын 04-ний өдөр 800 000 төгрөгийг нэг сарын хугацаатай, 10 хувийн хүүтэй зээлсэн ба дээрх зээлийн гэрээний төлбөрийг бүрэн төлөөгүй байхдаа дахин З 000 000 төгрөгийг нэмж зээлсэн ба энэ зээлийн үлдэгдэл 1 230 000 төгрөг, зээлийн хүү 415 000 төгрөгийг төлөөгүй байна.

С.Мөнхцэцэгт итгэж 2015 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр “Капитал банк” ХХК-тай зээлийн гэрээ байгуулан цалингийн зээлд 3 500 000 төгрөгийг нэг сарын 1,7 хувийн хүүтэй 24 сарын хугацаатай зээлж, 2015 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр С.Мөнхцэцэгт дээрх мөнгөнөөс 3 000 000 төгрөгийг өгсөн ба Капитал банктай байгуулсан зээлийн гэрээний хүүд 1 428 000 төгрөгийг төлсөн. Иргэн С.Мөнхцэцэг надад итгэл төрүүлэн цалингийн зээл авахуулаагүй байсан бол Капитал банкинд зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг төлж хохирохгүй байсан.

Мөн миний бие нь ажлын хажуугаар Удирдлагын академид элсэн суралцахаар болж сургалтын төлбөр нэхэгдсэн тул С.Мөнхцэцэг эгчид учир байдлаа тайлбарлан удаа дараа хандаж зээлсэн мөнгөө төлөхийг гуйсан боловч өгөөгүй тул иргэн н.Уянгаагаас 2015 оны 06 дугаар сарын 04-ний өдөр 2 300 000 төгрөгийг сарын 10 хувийн хүүтэй зээлж, 2015 оны 06 дугаар сарын 05-ны өдөр Удирдлагын академийн 40601259 дугаар дансанд сургалтын төлбөрөө төлж барагдуулсан.

Миний бие нь н.Уянгаагаас зээлсэн зээлийн хүүд 460 000 төгрөг төлсөн.

Иймд гуравдагч этгээдэд хүү төлсний улмаас надад учирсан хохирол 1 885 000 төгрөг, 2014 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн зээлийн гэрээний дагуу үндсэн зээлд 800 000 төгрөг, хүү 80 000 төгрөг, 2015 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн зээлийн гэрээний үндсэн үүрэг 1 230 000 төгрөг, зээлийн хүү 415 000 төгрөг, нийт 4 451 270 төгрөгийг гаргуулж өгнө үү.

Хариуцагч С.Мөнхцэцэг нь дээрх зээлсэн мөнгөө зээлийн гэрээнд заагдсаны дагуу эргэн төлөөгүй бөгөөд мөнгөний бололцоо тааруу тул тухай бүр нь үндсэн мөнгөний хүүг төлж тус бүр 5 сар сунгасан бөгөөд өнөөдрийг хүртэл үндсэн мөнгөө төлж дуусгаагүй харин ч өртэй болно. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1 дэх хэсэгт заасны дагуу зээлдэгч нь хүүнд төлсөн мөнгөө зээлдүүлэгчээс шаардаж байгаа нь үндэслэлгүй юм. Надад зээл олгоогүй. Иймд хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэл нь хууль зүйн үндэслэлгүй юм гэжээ.

 

Хариуцагч итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбар, сөрөг нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир хариуцагч талаас зээлсэн мөнгөө бүгдийг нь төлсөн. 800 000 төгрөгийг зээлийн гэрээ байгуулаад мөнгөө аваагүй. Зээлдэгчид мөнгийг шилжүүлснээр зээлийн гэрээ байгуулагддаг тул 800 000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулагдаагүй. 3 000 000 төгрөгийг зээлж авсан, зээл, зээлийн хүүг бүрэн төлөөд харин ч илүү 1 236 000 төгрөг төлсөн байгаа юм. 

3 000 000 төгрөгийн зээлийн гэрээнд хугацаа хэтэрсэн тохиолдолд алданги авахаар заагдаагүй болно. С.Мөнхцэцэг нь нийт 4 536 000 төгрөгийг төлсөн байна.

Иймд зээлийн эргэн төлөлтөд илүү төлсөн 1 236 000 төгрөгийг Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжилж байна гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1 дэх  хэсэгт зааснаар М.Солонгийн С.Мөнхцэцэгт холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүрэг, хохирол 4 451 270 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар С.Мөнхцэцэгийн М.Солонгоос зээлийн төлбөрт илүү төлсөн 1 236 000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч М.Солонгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 102 000 төгрөгийг, М.Мөнхцэцэгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 34 230 төгрөгийг тус тус Улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг эс зөвшөөрч дараах гомдлыг давж заалдах журмаар гаргаж байна.

Иргэн С.Мөнхцэцэг нь зээл аваад өгөөч гэж удаа дараа гуйсан тул нэхэмжлэгч нь 2016 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр Капитал банкнаас цалингийн зээл авч, 3 000 000 төгрөгийг 2016 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр түүнд зээлдүүлсэн байдаг.

Улмаар зээлийн төлбөрийг хариуцагч өгөөгүй тул Удирдлагын академийн сургалтын төлбөр төлөхийг тулд иргэн н.Уянгаагаас 2015 оны 06 дугаар сарын 04-ний өдөр 2 300 000 төгрөгийг сарын 10 хувийн хүүтэй зээлж, 2015 оны 06 дугаар сарын 05-ны өдөр сургалтын төлбөрөө төлж барагдуулсан.

Зээлдэгч гэрээний хугацаанд үүргээ биелүүлээгүйгээс болж нэхэмжлэгчийн хувьд банкны зээлийн хүүд 780 000 төгрөг, иргэн н.Уянгаас зээлсэн мөнгөний хүүнд 460 000 төгрөг төлж эд хөрөнгийн хохирол хүлээхгүй байсан гэж үзэж байна.

Иргэний хуулийн 227 дугаар зүйлд зааснаар гэрээний үүргээ үл биелүүлсэнээс учирсан хохирлыг гэм буруутай иргэнээс гаргуулах нь Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.4 дэх хэсэгт заасан иргэний эрх зүйн хамгаалалт болно гэж үзэж байна. Нөгөө талаар иргэний эрх зүйн хамгаалалт нь зөрчигдсөн эрхийг сэргээх зорилготой ба учирсан хохирлыг арилгуулах нь иргэний эрхийг хамгаалах арга тул нэхэмжлэгчийн хувьд иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас хохирол шаардах үндэслэлтэй гэж үзэж байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчаас 1 240 000 төгрөгийг гаргуулж өгнө үү.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх хууль буруу хэрэглэсэн, шийдвэр хууль бус, нотлох баримтыг буруу үнэлсэн гэж үзэж давж заалдах гомдол гаргаж байна.

Хариуцагч С.Мөнхцэцэг нь 2014 оны 07 дугаар сарын 04-ний өдөр М.Солонгоос 800 000 төгрөгийг зээлэхээр гэрээ байгуулсан боловч өөрийн төрсөн эгч н.Мөнхзулаас 800 000 төгрөгийг авахаар болж нэхэмжлэгч М.Солонгоос 800 000 төгрөгийг аваагүй болно. М.Солонго мөнгө өгсөн ямар ч баримт байхгүй байхад шүүгч зээлийн гэрээг хүчин төгөлдөр гэж үзэж байгаа нь үндэслэлгүй.

Мөн 2015 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр байгуулагдсан зээлийн гэрээнд гэрээний хугацааг заагаагүй байхад 1 сарын хүү төлөх ёстой байтал 2 сарын хүү төлөх буюу гэрээг 2 сарын хугацаатай байгуулагдсан гэж үзэж байгаа нь үндэслэлгүй.

Уг зээлийн гэрээ нь үндсэн зээл болон нэг сарын хүү нийт 3 300 000 төгрөг бөгөөд С.Мөнхцэцэг нь нэхэмжлэгч М.Солонгод 4 536 000 төгрөгийг төлсөн буюу 1 236 000 төгрөгийг илүү төлсөн бөгөөд шүүгч нэг сарын хүү тооцож 300 000 төгрөг, мөн хүчин төгөлдөр бус 800 000 төгрөгийн зээл байгуулагдсан гэж үзэж манай сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хариуцагчийн илүү төлсөн 1 236 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байна.

 

   Нэхэмжлэгч М.Солонго нь хариуцагч С.Мөнхцэцэгт холбогдуулан зээлийн гэрээний үүрэг, хохиролд нийт 4 451 270 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, зээлийн төлбөрт илүү төлсөн 1 236 000 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргажээ.

 

   Хэргийн 95 дахь талд авагдсан баримтаас үзвэл 2014 оны 07 дугаар сарын 04-ний өдөр С.Мөнхцэцэг нь 800 000 төгрөгийг 30 хоногийн хугацаатай, 10 хувийн хүүтэй зээлж авснаа илэрхийлж гарын үсэг зурсан, нэхэмжлэгч нь зээл олгосон гэсэн тэмдэглэл үйлдэж мөн гарын үсэг зурсан тул тэдний хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээг байгуулагдсан, нэхэмжлэгч тохирсон зээлийн хүүг мөн хуулийн 282 дугаар зүйлийн 282.1 дэх хэсэгт зааснаар шаардах эрхтэй гэж дүгнэсэн нь хуульд нийцжээ.

 

Анхан шатны шүүх үндсэн зээл 800 000 төгрөг, зээлийн хүү 80 000 төгрөг, нийт 880 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн нь зөв байна.

 

Хэргийн 5 дахь талд М.Солонго, С.Мөнхцэцэг нар нь 2015 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр 3 000 000 төгрөгийг 10 хувийн хүүтэй зээлдүүлэх хэлцэл хийгдсэн, мөнгөн хөрөнгийг зээлдүүлэгч зээлдэгчид шилжүүлж өгсөн байх тул тэдний хооронд Иргэний хуулийн 281 дугаар зүйлийн 281.1 дэх хэсэгт зээлийн гэрээ байгуулагдсан, гэрээ хүчин төгөлдөр гэж анхан шатны шүүх дүгнэсэн нь хуульд нийцжээ.

 

Талууд зээлийн гэрээний хугацаа тохиролцоогүй тул Иргэний хуулийн 283 дугаар зүйлийн 283.1 дэх хэсэгт заасны дагуу зээлдүүлэгчийн шаардсанаар зээлдэгч 30 хоногийн дотор зээлийн үүргийг гүйцэтгэх бөгөөд нэхэмжлэгч 2015 оны 05 дугаар сарын 18-ны өдөр зээлээ шаардсан уг шаардлага гаргасан өдрөөс хойш 1 сарын хугацааг анхан шатны шүүх дүгнэж хариуцагчийг хүү төлөх хугацааг 2 сараар тогтоосон нь зөв байна.

 

Иймд хариуцагч С.Мөнхцэцэг нь дээрх зээлийн гэрээний үүрэгт 3 000 000 төгрөг, 2 сарын хүү 600 000 төгрөг, нийт 3 600 000 төгрөг, 2 зээлийн гэрээний үүрэгт нийт 4 480 000 төгрөгийг нэхэмжлэгчид төлөх үүрэгтэй ба энэ үүргийн хүрээнд нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь хуульд нийцжээ.

 

Хариуцагч нь зээлийн гэрээний үүргийг хүлээн зөвшөөрөөд 4 536 000 төгрөг төлсөн, зөрүү 56 000 төгрөг байгаа боловч өөрөө зээл, зээлийн хүүг хүлээн зөвшөөрч төлбөрийг төлсөн учир буцаан гаргах үндэслэл болохгүй гэж үзэв.

 

Харин анхан шатны шүүх хохирлыг дүгнэхдээ Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.6 дахь хэсэгт зааснаар нэг гэрээний үүргийн гүйцэтгэлд төлсөн төлбөрийг нөгөө гэрээний үүргийн зөрчлийн улмаас учирсан хохирол гэж үзэхгүй гэж дүгнэсэн нь учир дутагдалтай болжээ.

 

   Хариуцагч зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүйн улмаас нэхэмжлэгч нь иргэн М.Уянгаас 2 300 000 төгрөгийг 10 хувийн хүүтэй зээлэх болсон гэх үйл баримт  тогтоогдоогүй тул Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэгт зааснаар хохиролд тооцох үндэслэл тогтоогдсонгүй.

 

   Дээр дурдсан үндэслэлээр зохигчдын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

   1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 181/ШШ2017/00912 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, зохигчдын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 35 000 төгрөг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 34 500 төгрөг төлснийг тус тус улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй хэргийн оролцогч магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Н.БАТЗОРИГ

 

ШҮҮГЧИД                                                   Д.ЦОГТСАЙХАН

 

                                                                    Э.ЗОЛЗАЯА