| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лувсанравжаагийн Дэлгэрцэцэг |
| Хэргийн индекс | 152/2017/00212/И |
| Дугаар | 219 |
| Огноо | 2017-03-13 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 03 сарын 13 өдөр
Дугаар 219
Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Дэлгэрцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Увс аймгийн Улаангом сумын 2 дугаар багт оршин суух, 1958 онд төрсөн, 59 настай, эрэгтэй, регистрийн дугаар ОЮ58112811, Таргад овогт Түвшингийн Гантөмөрийн,
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2017 оны 2 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, 2017 оны 2 дугаар сарын 20-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Т.Гантөмөр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Дашдорж нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Т.Гантөмөр шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие 1958 онд төрсөн, 59 настай. Би 1980 оноос эхлэн Увс аймгийн Барилга трестийн хүнд механизмд трактор, комбайны жолоочоор 1993 он хүртэл ажилласан юм. Тухайн үед хөдөлмөрийн дэвтрээ авч чадаагүй байтал авто гражийн үндсэн материал шатаж устсан. Одоо өндөр насны тэтгэвэрт орох болсон ба бичиг баримтаа бүрдүүлэхэд ажиллаж байсныг нотлох хөдөлмөрийн дэвтрийг нөхөн бичүүлэх боломжгүй болсон тул шүүхэд хандаж байна. Иймд миний Барилга угсралтын трестийн хүнд механизмд 1980 оны 6 дугаар сараас 1992 оны 3 дугаар сарын 14-ний өдөр хүртэл, Барилгын биржид 1992 оны 3 дугаар сарын 14-нөөс 1993 он хүртэл тракторчин, механизмчнаар ажиллаж байсан байдлыг сэргээн тогтоож өгнө үү. Надтай хамт ажиллаж байсан Ж.Ноосой, И.Батнасан нарыг гэрчээр асууж өгнө үү” гэв.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Т.Гантөмөр нь 1980 оны 6 дугаар сараас 1992 оныг дуустал Увс аймгийн Барилга угсралтын трест болон Барилгын биржид тракторчин, механизмчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэгт дараах нотлох баримтууд авагджээ.
Увс аймгийн Архивын тасгийн 2017 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн цалингийн тодорхойлолтод нэхэмжлэгч Түвшингийн Гантөмөрийн 1980 оны 6 дугаар сараас 1992 оныг дуустал Увс аймгийн Барилга угсралтын трестэд ажиллаж, цалин авч байсныг түүвэрлэн ирүүлжээ.
Улсын барилгын хорооны харьяа Увс аймаг дахь “Алтан гадас” одонт Барилга трестийн даргын 1989 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 509 дүгээр “Ажилчдыг илүү цагаар ажиллуулах тухай” тушаалд: “...Улаангом хотод баригдаж байгаа 90 ортой зочид буудлын барилгыг хугацаанд нь ашиглалтад оруулахад мэргэжлийн ажилчид шаардлагатай байгаа тул нэр бүхий 46 ажилчныг 1989 оны 9 дүгээр сарын 18-ны өдрөөс 10 дугаар сарын 18-ны өдөр хүртэл өдөр бүр 2 цагаар илүү ажиллуулахыг зөвшөөрч хавсралтаар баталсугай. Хавсралтын 20-д Гантөмөр...” гэжээ.
Увс аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2017 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн 18 дугаар лавлагаанд: “Барилга угсралтын трест УҮГ нь 1992 оны 3 дугаар сарын 14-нд Барилгын бирж УҮГ болж өөрчлөгдөж улсын бүртгэлд бүртгэгдсэн байна” гэжээ.
Түүнчлэн Т.Гантөмөрийн тракторч, машинчийн 17698 дугаартай үнэмлэхийн хуулбар хэрэгт авагдсан байна.
Мөн шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр гэрч И.Батнасан, Ж.Ноосой нараас мэдүүлэг авсан бөгөөд гэрч И.Батнасан “Миний бие нь 1971 оноос 1992 он хүртэл Увс аймгийн Барилга угсралтын трестийн харьяа үйлдвэрийн барилга контор буюу Улсын барилгын хорооны харьяа Увс аймаг дахь Алтан гадас одонт барилга трестэд инженерээр ажиллаж байсан. Намайг тус газарт ажиллаж байхад Т.Гантөмөр нь 1980 оноос эхлэн Улсын барилгын хорооны харьяа Увс аймаг дахь Алтан гадас одонт барилга трестийн харьяа авто грашийн хүнд механизмд тракторчнаар ажиллаж байсан. 1992 онд тус газар хувьчлагдахад бид нар тус тусдаа салж өөр өөр компанид ажиллахаар болж байсан. Тухайн үед Улсын барилгын хорооны харьяа Увс аймаг дахь Алтан гадас одонт барилга трестийн даргаар Нямжав, Батзул гэх хүмүүс ажиллаж байсан” гэж, гэрч Ж.Ноосой “Миний бие нь 1974 оноос 1995 он хүртэл Увс аймгийн Барилга угсралтын трестийн харьяа үйлдвэрийн барилга контор буюу Улсын барилгын хорооны харьяа Увс аймаг дахь Алтан гадас одонт барилга трест, Өрнөл ББХК-д мужаанаар ажиллаж байсан. Намайг ажиллаж байхад Т.Гантөмөр нь 1980 оноос эхлэн барилга трестийн харьяа авто грашийн хүнд механизмд тракторчнаар ажиллаж эхэлсэн бөгөөд 1992 оноос Улсын барилгын хорооны харьяа Увс аймаг дахь Алтан гадас одонт барилга трест хувьчлагдахад би Өрнөл ББХК-д мужаанаар ажиллахаар, Т.Гантөмөр нь Барилгын биржид тракторчнаар ажиллахаар хуваарилагдаж байсан” гэж тус тус мэдүүлсэн ба тэдний ажилласан байдлыг нотлох хөдөлмөрийн дэвтрийн хуулбарууд хэрэгт авагджээ.
Улсын барилгын хорооны харьяа Увс аймаг дахь “Алтан гадас” одонт Барилга трестийн даргын 1989 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 509 дүгээр “Ажилчдыг илүү цагаар ажиллуулах тухай” тушаал болон гэрч И.Батнасангийн “Т.Гантөмөр нь 1980 оноос эхлэн Улсын барилгын хорооны харьяа Увс аймаг дахь Алтан гадас одонт барилга трестийн харьяа авто грашийн хүнд механизмд тракторчнаар ажиллаж байсан” гэх мэдүүлэг, гэрч Ж.Ноосойгийн “Намайг тус газарт ажиллаж байхад Т.Гантөмөр нь 1980 оноос эхлэн Улсын барилгын хорооны харьяа Увс аймаг дахь Алтан гадас одонт барилга трестийн харьяа авто грашийн хүнд механизмд тракторчнаар ажиллаж байсан юм” гэх мэдүүлгээр Т.Гантөмөр нь тус байгууллагад механизмчаар ажиллаж байсан нь тогтоогдохгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагын механизмчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй.
Харин нэхэмжлэгч Т.Гантөмөр нь 1980 оны 6 дугаар сараас 1992 оныг дуустал Увс аймгийн Барилга угсралтын трест болон Барилгын биржид тракторчнаар ажиллаж байсан болох нь Увс аймгийн Архивын тасгийн 2017 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн цалингийн тодорхойлолт, Улсын барилгын хорооны харьяа Увс аймаг дахь “Алтан гадас” одонт Барилга трестийн даргын 1989 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 509 дүгээр “Ажилчдыг илүү цагаар ажиллуулах тухай” тушаал, Увс аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2017 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн 18 дугаар лавлагаа, түүний тракторч, машинчийн 17698 дугаартай үнэмлэхийн хуулбар, гэрч И.Батнасан, Ж.Ноосой нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.
Иймд нэхэмжлэгч Т.Гантөмөрийн хүсэлтийн зарим хэсгийг хангаж, түүний 1980 оны 6 дугаар сараас 1992 оныг дуустал Увс аймгийн Барилга угсралтын трест болон Барилгын биржид тракторчнаар 12 жил 6 сар ажиллаж байсан байдлыг тогтоож, дээрх хугацаанд механизмчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсгүүдэд зааснаар Таргад овогт Түвшингийн Гантөмөрийн 1980 оны 6 дугаар сараас 1992 оныг дуустал Увс аймгийн Барилга угсралтын трест болон Барилгын биржид тракторчнаар 12 /арван хоёр/ жил 6 /зургаа/ сар ажиллаж байсан байдлыг тогтоож, дээрх хугацаанд механизмчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч Т.Гантөмөрийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.ДЭЛГЭРЦЭЦЭГ