| Шүүх | Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бухарзадагийн Володя |
| Хэргийн индекс | 172/2021/0052/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/55 |
| Огноо | 2021-04-20 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Б.Болор-Эрдэнэ |
Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 04 сарын 20 өдөр
Дугаар 2021/ШЦТ/55
Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Б.Володя даргалж,
Улсын яллагч Б.Болор-Эрдэнэ,
Шүүгдэгч Ц.Б,
Нарийн бичгийн дарга А.Хүрэлтогоо нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С овгийн Ц-ын Б-д холбогдох 2128000670041 тоот эрүүгийн хэргийг 2021 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ..............................
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/:
Шүүгдэгч Ц.Б нь 2021 оны 03 дугаар сарын 11-ний өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 5 дугаар баг, Зүүнсайханы 7 дугаар гудамжны 18 тоотод орших гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч Б.Б-тэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, түүний биед халдан, дух, баруун хацар, хүзүү, баруун өвдөгт зулгаралт, баруун хацар, зүүн чамархайд зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч Ц.Б-ыг яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Ц.Б шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг үнэн зөв учир нэмж мэдүүлэг өгөхгүй гэв.
Хохирогч Б.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Би “Оюутолгой” ХХК-ийн туслан гүйцэтгэгч “SSM” ХХК-д туслах ажилтнаар ажилладаг бөгөөд миний ажил 28 хоног ажиллаад 14 хоног амардаг. Намайг ажилдаа явсан хойгуур манай нөхөр Ц.Б хүүхдээ хараад гэртээ үлддэг. Манай нөхөр намайг ажилдаа явахаар их харддаг. Миний хувьд хардуулаад байх асуудал гараагүй байхад хардаад байдаг бөгөөд 2021 оны 03 дугаар сарын 11-ний өдөр өглөө би 08 цагийн үед босоод 09 цаг өнгөрч байх үед банк, дэлгүүр орох ажлаар гэрээсээ гарсан. Гэрээс гарахад гэрт манай нөхөр Б, хүү Батсуурь нар гэртээ унтаад үлдсэн. Би банк ороод ажлаа амжуулж байхад манай нөхөр Б залгаад чи хаана байгаа юм бэ гэж хэлсэн. Тэгэхээр нь би банк нь дээр байна гэсэн чинь юу хийж яваа юм бэ гэж хэлсэн. Би энд ажлаа амжуулчихаад дэлгүүр орчихоод очлоо гэж хэлээд би ажлаа амжуулаад гэртээ очсон. Гэртээ ирсэн чинь манай нөхөр зөрөөд машин унаад гарсан. Удаагүй эргээд хүрээд ирэхээр нь нөхөртөө хандаад уурлаад чи ажилтай явж байхад юундаа тэгж олон залгаад байдаг юм бэ гэсэн чинь нөхөр өмнөөс уурлахаар нь би зөрж уурлаад бид хоёр бага зэрэг маргалдсан. Маргалдаж байсан чинь манай нөхөр чи муу яасан их давардаг юм бэ гээд намайг түлхэж унагаагаад миний баруун хацар руу гараараа цохиж аваад үргэлжлүүлээд биеийн энд тэндгүй гараараа цохиод байсан. Тэр үед нь би нүүрээ хамгаалаад шалан дээр хэвтсэн. Нөхөр намайг хэсэг зодож байгаад хутга байдаг шкаф руу яваад чамайг алаад хаячихъя гээд хутга авах гээд байхаар нь би өмнүүр нь орж болиулсан. Тэгээд намайг зодохоо болихоор нь би босоод гэрээс цүнхээ шүүрч гараад чамайг цагдаад өгнө гэсэн чинь араас дагаж гарч ирээд намайг барьж аваад газар унагаагаад үснээс зулгаагаад газар чирсэн. Тэгж байхдаа цээж хэсгээр бас цохиж аваад байсан. Ингээд зодуулж байхад манай хадам эцэг Цогтбадрах гэрээсээ гарч ирээд юу болж байна вэ гээд бид хоёрыг салгасан. Бид 3 гэр рүү цуварч орсон. Би гэр рүү орох үедээ нөхөртөө хандаад чи муу намайг яасан гэж зодож байгаа юм бэ гэсэн чинь эцгийнхээ хажууд шууд хүрч ирээд намайг барьж аваад дахиад цохиод байсан. Тэгсэн чинь эцэг нь салгасан. ... Гомдолтой байна, нэхэмжлэх зүйл байхгүй.” /хавтаст хэргийн 18-19 дүгээр хуудас/
Гэрч Б.Ц мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2021 оны 03 дугаар сарын 11-ний өглөө би гэртээ ганцаараа байж байхад манай хүү Ц.Б, Б.Б нар нь манайд хэрүүл хийгээд ороод ирсэн. Тэгэхээр нь би та хоёр чинь юу болоод байгаа юм бэ гээд гэрт нь орсон. Тэгсэн Б хэлэхдээ утсаа авахгүй алга болж байгаад одоо орж ирж байгаа юм гэж хэлсэн. Тэгж байгаад Б, Б-г түлхээд ор руу унагаж байгаа харагдсан. Тэгэхээр нь та хоёр ингэж амьдрахаар больсон нь дээр гэж хэлсэн. Тэгсэн Б гараад яваад өгсөн. Би гэртээ орсон. Хэсэг хугацааны дараа 2 цагдаа ирээд Б-г аваад явж байгаа харагдсан. Ийм л зүйл болсон. Б гайгүй л зан ааштай, миний үгнээс гардаггүй хүүхэд байгаа юм. Хааяа архи уусан байдаг. Энэ хоёр ингэж хэрэлдэх үедээ архи согтууруулах ундаа хэрэглээгүй байсан. Б ажилд орсон цагаасаа хойш зан ааш нь хувирсан гэж би бодож байгаа. Утас руу нь янз бүрийн хүн залгаад энд хүрээд ир, тэр буудалд хүрээд ир гэх зэргээр хүн яриад байдаг юм. Ийм асуудлаас болж залуу хүмүүс маргалддаг байх. Ажилдаа явсан хойгуур нь Б бид хоёр хүүхдийг нь хардаг.” /хавтаст хэргийн 20 дугаар хуудас/
Шүүгдэгч Ц.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...2014 онд Б.Б-тэй танилцаж 2015 онд гэр бүл болж амьдраад 2016 онд том хүү Б.Батсуурь төрсөн ба одоо Даланзадгад сумын 5 дугаар баг Зүүнсайханы 7-18 тоотод эхнэр хүүхдийн хамтаар амьдардаг. Бид хоёр 2015 онд гэр бүл болсон боловч гэр бүлээ батлуулаагүй байгаа юм. Манай эхнэр “Оюутолгой” ХХК-ийн туслан гүйцэтгэгч нэг компанид ажилладаг бөгөөд ажилдаа 28 хоног яваад 14 хоног амардаг. Эхнэрээ ажилдаа явсан хойгуур 4 настай хүүгээ хараад гэрээрээ байдаг юм. Би эхнэрээ 2021 оны 03 дугаар сарын 11-ний өглөө нэг удаа зодсон, түүнээс өөрөөр зодож байгаагүй. Тухайн өдрийн өглөө буюу 2021 оны 03 дугаар сарын 11-ний өглөө унтаж байгаад сэрсэн чинь эхнэр гараад явчихсан хүү бид хоёр унтаж байсан бөгөөд эхнэр рүү залгаад хаана байгаа юм бэ гэсэн чинь гадуур ажилтай явж байна гэхээр нь хаана ямар ажилтай явж байгаа юм бэ гэхэд ажилтай явж байна дэлгүүр орчихоод очно гэж хэлээд утсаа салгасан. Дахиад залгахад ажилтай явж байна, удахгүй очлоо ямар ядаргаатай юм бэ гэж хэлсэн. Тэгэхээр нь дахиад залгасан чинь утсаа авахгүй байхаар нь хэд хэдэн удаа залгасан чинь утсаа таслаад байсан. Тэгж байгаад сүүлдээ намайг блок хийсэн. Хэсэг хугацааны дараа эхнэр хүрээд ирсэн. Эхнэр орж ирээд чи ямар ядаргаатай юм бэ гээд юмаа шидээд уурлаад байсан. Тэгэхээр нь би зөрж гараад эцэгт шатахуун түгээх станцаас тос авахаар явсан. Тосоо авчихаад эргэж ирсэн чинь эцэг хөдөө явна гэхээр нь эхнэрт ороод миний хань түлшний хэдэн уут бэлдээд өгөөч гэхэд чи ямар ядаргаатай юм бэ, миний хаагуур юу хийж явах чамд хамаа байхгүй гээд уурлаад байхаар нь би зөрж уурлаад бид хоёр хэрэлдсэн. Хэсэг хэрэлдэж байгаад гэрт нэг удаа түлхэж унагасан чинь босч ирээд над руу дайраад байхаар нь 2 удаа алгадаж авсан. Тэгсэн чинь уйлаад гэрээс гараад гүйхээр нь араас нь гүйж гараад татсан чинь газар унаад өгсөн. Бид хоёр гэрийн гадаа хашаанд дахиад хэрэлдсэн. Тэгж байгаад эргээд гэр рүү орсон чинь эхнэр би ингэж байж чадахгүй, би хүүхдээ аваад явлаа гэхээр нь би хүүхдээ чамд өгч явуулахгүй гэж хэрэлдэж байгаад эхнэрээ ор руу түлхэж унагаагаад бас нэг удаа алгадсан. Тэр үед манай эцэг орж ирээд салгасан. Манай эхнэр 2 жилийн өмнө “Оюутолгой” ХХК-ийн туслан гүйцэтгэгч компанид ажилд орж 28, 14 ээлжээр ажилладаг болсон. Энэ үеэс эхлэн гэр бүлийн маргаан гардаг болсон. Би хааяа эхнэрээ харддаг асуудал гаргадаг. Эхнэр ч хардах асуудал гаргадаг. Ийм асуудлаас болж муудалцдаг болсон. Мөн манай эхнэр 14 хоног амрахдаа гар утасныхаа дууг хаачихдаг. Утсыг нь үзье гэхээр чамд миний хэнтэй чатлах ямар хамаатай юм бэ, би найз нөхөдтэй байж болдоггүй юм уу гээд уурлаад байдаг.” /хавтаст хэргийн 32-33 дугаар хуудас/
Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 196 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “...Б.Б-гийн биед дух, баруун хацар, хүзүү, баруун өвдөгт зулгаралт, баруун хацар, зүүн чамархайд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүссэн байж болно. Б.Б-гийн биед учирсан гэмтлүүд нь биеийн ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй. Б.Б-гийн биед учирсан гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” /хавтаст хэргийн 23-24 дүгээр хуудас/
Зөрчлийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 04 дүгээр хуудас/
Аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл /хавтаст хэргийн 10 дугаар хуудас/
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 39 дүгээр хуудас/
Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд /хавтаст хэргийн 36-38, 41-42/
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр дотоод итгэлээр үнэлж шүүгдэгч Ц.Бод холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хянан шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх үзлээ.
Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт.
Гэм буруугийн талаар:
Улсын яллагч дүгнэлтдээ: Шүүгдэгч Ц.Б нь 2021 оны 03 дугаар сарын 11-ний өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 5 дугаар баг Зүүнсайханы 7 дугаар гудамжны 18 тоотод орших гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч Б.Б-тэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, түүний биед халдан, дух, баруун хацар, хүзүү, баруун өвдөгт зулгаралт, баруун хацар, зүүн чамархайд зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдсон. Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт цугларсан хохирогч Б.Б-гийн мэдүүлэг, гэрч Ц-ын мэдүүлэг, Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 196 дугаартай шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна. Иймд шүүгдэгч Ц.Б-ын үйлдсэн гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох саналтай байна. Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Б.Б-гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч хохирол төлбөр нэхэмжлээгүй байна гэх дүгнэлтийг гаргав
Шүүгдэгч Ц.Б нь үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа талаар тайлбар гаргав.
Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд, шүүгдэгч Ц.Бод холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:
Шүүгдэгч Ц.Б нь 2021 оны 03 дугаар сарын 11-ний өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 5 дугаар баг Зүүнсайханы 7 дугаар гудамжны 18 тоотод орших гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч Б.Б-г хувийн таарамжгүй харьцааны улмаас зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэхдээ түүний эрүүл мэндэд нь биед дух, баруун хацар, хүзүү, баруун өвдөгт зулгаралт, баруун хацар, зүүн чамархайд зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:
мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн хохирогч Б.Б-гийн “...Маргалдаж байсан чинь манай нөхөр чи муу яасан их давардаг юм бэ гээд намайг түлхэж унагаагаад миний баруун хацар руу гараараа цохиж аваад үргэлжлүүлээд биеийн энд тэндгүй гараараа цохиод байсан. Тэр үед нь би нүүрээ хамгаалаад шалан дээр хэвтсэн. Нөхөр намайг хэсэг зодож байгаад хутга байдаг шкаф руу яваад чамайг алаад хаячихъя гээд хутга авах гээд байхаар нь би өмнүүр нь орж болиулсан. Тэгээд намайг зодохоо болихоор нь би босоод гэрээс цүнхээ шүүрч гараад чамайг цагдаад өгнө гэсэн чинь араас дагаж гарч ирээд намайг барьж аваад газар унагаагаад үснээс зулгаагаад газар чирсэн. Тэгж байхдаа цээж хэсгээр бас цохиж аваад байсан. Ингээд зодуулж байхад манай хадам эцэг Ц гэрээсээ гарч ирээд юу болж байна вэ гээд бид хоёрыг салгасан. Бид 3 гэр рүү цуварч орсон. Би гэр рүү орох үедээ нөхөртөө хандаад чи муу намайг яасан гэж зодож байгаа юм бэ гэсэн чинь эцгийнхээ хажууд шууд хүрч ирээд намайг барьж аваад дахиад цохиод байсан. Тэгсэн чинь эцэг нь салгасан.” /хавтаст хэргийн 18-19 дүгээр хуудас/,
гэрч Б.Ц-ын “...2021 оны 03 дугаар сарын 11-ний өглөө би гэртээ ганцаараа байж байхад манай хүү Ц.Б, Б.Б нар нь манайд хэрүүл хийгээд ороод ирсэн. Тэгэхээр нь би та хоёр чинь юу болоод байгаа юм бэ гээд гэрт нь орсон. Тэгсэн Б хэлэхдээ утсаа авахгүй алга болж байгаад одоо орж ирж байгаа юм гэж хэлсэн. Тэгж байгаад Б, Б-г түлхээд ор руу унагаж байгаа харагдсан. Тэгэхээр нь та хоёр ингэж амьдрахаар больсон нь дээр гэж хэлсэн.” /хавтаст хэргийн 20 дугаар хуудас/ гэх мэдүүлгүүд болон шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар хэргээ хүлээсэн мэдүүлэг, Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 196 дугаартай Б.Б-гийн биед дух, баруун хацар, хүзүү, баруун өвдөгт зулгаралт, баруун хацар, зүүн чамархайд зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн гэмтэл учирсан болохыг тогтоосон шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.
Хууль зүйн хувьд шүүгдэгч Ц.Б нь хохирогч Б.Б-гийн биед халдсан, хөнгөн гэмтэл учруулсан нь хэргийн үйл баримтуудаар тогтоогдсон, хөнгөн хохирол, шүүгдэгчийн үйлдэл хоёр хоорондоо шалтгаант холбоотой, мөн хохирогчийн эрүүл мэндэд учирсан гэмтлийг эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулсан, хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар хөнгөн зэргийн гэмтэл гэж дүгнэсэн нь уг гэмт хэргийн объектив талын шинжийг хангасан байна.
Мөн шүүгдэгч Ц.Б нь хохирогчийн эрүүл мэндэд хүч хэрэглэн халдсан өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарласан, түүний улмаас хүний эрүүл мэндэд хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж хүсч үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй тул уг гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн гэж үзнэ.
Шүүгдэгч Ц.Б-ын үйлдсэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүний шинж нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн байх тусгай шалгуурыг тогтоосон.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэсэн хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжийн нэр томьёо, ухагдахууныг Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд заасан тодорхойлолт, хэм хэмжээг баримталж тайлбарлах нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлд заасан хууль ёсны зарчимд нийцнэ.
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1 дэх хэсэгт: эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд амьдарч байгаа этгээдийг тус тус гэр бүлийн хамаарал бүхий гэж үзэхээр заасан бөгөөд мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1-т “гэр бүлийн хүчирхийлэл” гэдгийг дээрх этгээдүүдийн хувьд үйлдэгдсэн сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг ойлгохоор хуульчилсан. Мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсан, эсхүл учруулж болзошгүй аливаа үйлдэл, эс үйлдэхүйг бие махбодын хүчирхийлэл гэж заасан байна.
Шүүгдэгч Ц.Б, хохирогч Б.Б нар нь гэрлэлтийн баталгаагүй боловч тэд 2015 оноос хойш хамт амьдарч дундаасаа 1 хүүхэдтэй болох нь тэдний мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлгүүдээр тогтоогдож байх ба, дээрх хуулийн тайлбарын үйлчлэлд хамаарах этгээд гэж үзэх тул шүүгдэгчийн үйлдлийг “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэх уг гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжийг хангасан гэж дүгнэлээ.
Иймд шүүгдэгч Ц.Б-ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангасан, прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, түүнийг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх үзэв.
Шинжээчийн дүгнэлт нь хуульд заасан журмын дагуу авагдсан, шинжилгээ хийх эрх бүхий этгээд уг шинжилгээг хийж дүгнэлт гаргасан байх тул шүүх шинжээчийн дүгнэлтийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нотлох баримтаар үнэлж шийдвэрлэлээ.
Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар.
Шүүгдэгч Ц.Б-ын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Б.Б-гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхэд хандаж “...Гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэдгээ илэрхийлж байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.
Эрүүгийн хариуцлагын талаар.
Улсын яллагч дүгнэлтдээ: Шүүгдэгч Ц.Бод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай. Б.Б-тэй хохирлын талаар маргаангүй. Ц.Б нь 2021 оны 03 дугаар сарын 24-ний өдөр хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан, цагдан хоригдсон хоноггүй. Энэ хэрэгт эд мөрийн баримт болон битүүмжилсэн зүйл байхгүй. Шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээх саналтай байна гэх дүгнэлтийг гаргав.
Шүүгдэгч Ц.Б нь хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна, хөнгөн ял шийтгэл оногдуулж өгөхийг хүссэн тайлбар гаргав.
Шүүгдэгч Ц.Б-ын үйлдсэн гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Шүүхээс Ц.Б-ыг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх
үндэслэлтэй ба, шүүгдэгчийн гэр бүлийн хүчирхийллийг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүхийн хэлэлцүүлгийн шатанд “...05 дугаар сарын 01-ний өдрөөс ажилд орохоор ярилцсан байгаа” гэх тайлбар, мөн эхнэрээ ажилд нь явсан хойгуур хүүхдээ асарч ханддаг нөхцөл байдал зэргийг харгалзан, хүүхдийн эрүүл өсөж бойжих, аюулгүй орчинд амьдрах, аливаа хүчирхийллээс ангид байх, эцэг эхтэйгээ амьдрах, тэдний анхаарал халамжид байх эрхүүдийг нь зөрчихгүй байх үүднээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан ялаас торгох ялыг сонгож хэрэглэх нь зүйтэй гэж үзэв.
Шүүх дээрх нөхцөл байдал болон шүүгдэгчийн “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн байдлыг харгалзан прокуророос шүүгдэгч Ц.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар санал болгосон 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялыг 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 төгрөгөөр торгох ял болгон шийтгэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан шударга ёсны зарчимд нийцнэ гэж дүгнэв.
Шүүгдэгч Ц.Б нь шүүхээс оногдуулсан 800,000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын дотор төлж барагдуулахыг даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй байна.
Бусад асуудлаар.
Шүүгдэгч Ц.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хохирогч Б.Б хохирол төлбөр нэхэмжлээгүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч С овгийн Ц-ын Б-ыг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б-ыг 800 /найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Шүүгдэгч Ц.Б нь шүүхээс оногдуулсан 800,000 төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын дотор төлж барагдуулахыг даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч Ц.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хохирогч Б.Б хохирол төлбөр нэхэмжлээгүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Бо-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Ц.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ВОЛОДЯ