| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лувсанравжаагийн Дэлгэрцэцэг |
| Хэргийн индекс | 152/2017/00209/И |
| Дугаар | 220 |
| Огноо | 2017-03-13 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 03 сарын 13 өдөр
Дугаар 220
Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Дэлгэрцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Увс аймгийн Улаангом сумын 1 дүгээр баг, 2-10 тоотод оршин суух, 1964 онд төрсөн, 53 настай, эмэгтэй, регистрийн дугаар ОЮ64080126, Дураал овогт Заанын Цэцэнпилийн,
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2017 оны 2 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, 2017 оны 2 дугаар сарын 20-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч З.Цэцэнпил, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Дашдорж нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч З.Цэцэнпил шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие 1964 онд төрсөн, 53 настай. Би 1980 онд 8 дугаар ангиа төгсөөд 1980 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс Увс аймгийн Нэгдэл дундын үйлдвэрийн барилгын бригадад туслах ажилтнаар анх ажилд орж 1989 оны 12 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл ажиллаад өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдсөн юм. Миний хөдөлмөрийн дэвтрийг Нэгдэл дундын үйлдвэрийн захиргаа надад өгөөгүй ба Хөдөлмөр нийгэм хангамжийн хэлтэст шилжсэн гэсэн хариу өгсөн, хөдөлмөрийн дэвтэр олж авах талаар хөөцөлдсөн боловч авч чадаагүй. Иймд Увс аймгийн Нэгдэл дундын үйлдвэрт ажиллаж байсан жилийг сэргээн тогтоож өгнө үү. Надтай хамт ажиллаж байсан С.Отгон, Ж.Оюунчимэг нарыг гэрчээр асууж өгнө үү” гэв.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч З.Цэцэнпил нь 1980 оны 9 дүгээр сарын 01-нээс 1989 оны 12 дугаар сарын 30-ны өдрийг Увс аймгийн Нэгдэл дундын үйлдвэрт туслах ажилтнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэгт дараах нотлох баримтууд авагджээ.
Увс аймгийн Архивын тасгийн 2017 оны 2 дугаар сарын 07-ны өдрийн 91 дүгээр архивын лавлагаанд: “Увс аймгийн Нэгдэл дундын үйлдвэрийн цалингийн баримт манай архивт шилжиж ирээгүй нь үнэн болно” гэжээ.
Түүнчлэн Нэгдэл дундын үйлдвэрийн даргын 1980 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн 79 дүгээр “Ажилд томилох тухай” тушаалд: “...Ерөнхий боловсролын 8 дугаар анги төгсөөд үйлдвэрлэлд хуваарилагдсан Заана овогтой Цэцэнпилийг барилгын бригадад туслах ажилчнаар авч ажиллуулсугай” гэжээ.
Увс аймгийн Нэгдэл дундын үйлдвэрийн даргын тушаалын хуулбарт: “Нэгдэл дундын үйлдвэрт туслах ажилтай Заана овогтой Цэцэнпилийг 1989 оны 12 дугаар сарын 30-ны өдрөөс эхлэн барилгын бригадын туслах ажилчнаас ажлаас чөлөөлсүгэй” гэжээ.
Шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр гэрч С.Отгон, Ж.Оюунчимэг нараас мэдүүлэг авсан бөгөөд гэрч С.Отгон “Миний бие нь 1976 оноос 1992 он хүртэл Нэгдэл дундын үйлдвэрт засалчнаар ажиллаж байсан. Намайг тус газарт ажиллаж байхад З.Цэцэнпил нь 1980 оны 9 дүгээр сараас эхлэн Нэгдэл дундын үйлдвэрт барилгын бригадад туслах ажилчнаар ажиллаж эхэлсэн бөгөөд 1989 оныг дуустал тус газарт ажилласан болно. З.Цэцэнпил нь тоосго зөөх, шавар зуурах, зөөх зэрэг барилгын бүхий л ажилд тусалдаг байсан. Тухайн үед Нэгдэл дундын үйлдвэрийн даргаар Дашхүү гэх хүн ажиллаж байсан” гэж, гэрч Ж.Оюунчимэг “Миний бие нь 1978 оноос 1992 он хүртэл Нэгдэл дундын үйлдвэрт барилгачнаар ажиллаж байсан. Намайг тус газарт ажиллаж байхад З.Цэцэнпил нь Нэгдэл дундын үйлдвэрт барилгын бригадад 1980 оны 9 дүгээр сараас эхлэн туслах ажилчнаар ажиллаж эхэлсэн бөгөөд 1989 оныг дуустал тус газарт ажилласан болно. З.Цэцэнпил нь тоосго зөөх, шавар зуурах, зөөх зэрэг барилгын бүхий л ажилд тусладаг байсан” гэж тус тус мэдүүлсэн ба тэдний ажилласан байдлыг нотлох хөдөлмөрийн дэвтэрийн хуулбар болон Увс аймаг дахь Сум дундын шүүхийн 2008 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 163 дугаар шийдвэрийн хуулбарууд хэрэгт авагджээ.
Хэдийгээр З.Цэцэнпилийн 1980 оноос 1989 оныг дуустал ажиллаж байхдаа авч байсан цалингийн баримт Увс аймгийн Архивын тасагт хадгалагдаагүй байгаа боловч нэхэмжлэгч нь дээрх онуудад Увс аймгийн Нэгдэл дундын үйлдвэрт туслах ажилтнаар ажиллаж байсан болох нь Нэгдэл дундын үйлдвэрийн даргын 1980 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн 79 дүгээр “Ажилд томилох тухай” тушаал, Увс аймгийн Нэгдэл дундын үйлдвэрийн даргын тушаалын хуулбар, гэрч С.Отгон, Ж.Оюунчимэг нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.
Иймд нэхэмжлэгч З.Цэцэнпилийн хүсэлтийг хангаж, түүний 1980 оны 9 дүгээр сарын 01-нээс 1989 оны 12 дугаар сарын 30-ны өдрийг Увс аймгийн Нэгдэл дундын үйлдвэрт туслах ажилтнаар 9 жил 3 сар 29 хоног ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэв.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч Дураал овогт Заанын Цэцэнпилийн 1980 оны 9 дүгээр сарын 01-нээс 1989 оны 12 дугаар сарын 30-ны өдрийг Увс аймгийн Нэгдэл дундын үйлдвэрт туслах ажилтнаар 9 /ес/ жил 3 /гурав/ сар 29 /хорин ес/ хоног ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч З.Цэцэнпилийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.ДЭЛГЭРЦЭЦЭГ