| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лувсанравжаагийн Дэлгэрцэцэг |
| Хэргийн индекс | 152/2017/00215/И |
| Дугаар | 221 |
| Огноо | 2017-03-13 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 03 сарын 13 өдөр
Дугаар 221
Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Дэлгэрцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Увс аймгийн Улаангом сумын 7 дугаар баг, 6-14 тоотод оршин суух, 1966 онд төрсөн, 51 настай, эмэгтэй, регистрийн дугаар ОИ66030201, Тугтан овогт Цэвээний Цээлээгийн,
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2017 оны 2 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, 2017 оны 2 дугаар сарын 21-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ц.Цээлээ, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Дашдорж нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ц.Цээлээ шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие 1966 онд төрсөн, 51 настай. Би 1982 оноос эхлэн Увс аймгийн Өлгий сумын Энххөдөлмөр нэгдэлд хонь, ямаа маллаж нэгдэл тарах хүртэл ажилласан юм. Тухайн үеийн хөдөлмөрийн дэвтэр байгаа боловч тамга нь зөрчилтэй учраас шүүхэд хандаж байна. Иймд миний Энххөдөлмөр нэгдэлд 1982 оны 1 дүгээр сараас 1989 оныг дуустал малчнаар ажилласан байсан байдлыг сэргээн тогтоож өгнө үү. Надтай хамт ажиллаж байсан Ө.Цэвээн, Ё.Пүрэвжав нарыг гэрчээр асууж өгнө үү” гэв.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ц.Цээлээ нь 1982 оны 1 дүгээр сараас 1989 оныг дуустал Увс аймгийн Өлгий сумын Энххөдөлмөр нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэгт дараах нотлох баримтууд авагджээ.
Увс аймгийн Архивын тасгийн 2017 оны 1 дүгээр сарын 24-ний өдрийн цалингийн тодорхойлолтод нэхэмжлэгч Цэвээний Цээлээгийн 1987 оноос 1989 оныг дуустал Увс аймгийн Өлгий сумын Энххөдөлмөр нэгдэлд малчнаар ажиллаж, цалин авч байсныг түүвэрлэн ирүүлжээ.
Увс аймгийн Архивын тасгийн 2017 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 128 дугаар архивын лавлагаанд: “Увс аймгийн Өлгий сумын Хулст бригадын 1982-1987 оны цалингийн баримт манай архивт шилжиж ирээгүй тул Цэвээн овогтой Цээлээгийн цалинг шүүн үзэх боломжгүй байна” гэжээ.
Увс аймгийн Өлгий сумын Энххөдөлмөр нэгдлийн захиргаанаас Ц.Цээлээд 1982 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр олгосон хөдөлмөрийн дэвтэрт: “1982 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр Нэгдлийн даргын 2 дугаар тушаалаар малчнаар ажиллуулав, 1982 оноос 1990 оныг дуустал ажилласан хоног, авсан цалин хөлс бичигджээ”.
Мөн Алдар бригадын зөвлөлөөс 1987 оны 6 дугаар сарын 09-ний өдөр Ц.Цээлээг шагнаж байсан сайшаалын үнэмлэх хэрэгт авагдсан байна.
Түүнчлэн шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр гэрч Ө.Цэвээн, Ё.Пүрэвжав нараас мэдүүлэг авсан бөгөөд гэрч Ө.Цэвээн “Миний бие нь 1972 оноос 1992 оныг дуустал Увс аймгийн Өлгий сумын Энххөдөлмөр нэгдэлд малчнаар ажиллаж байсан. Намайг тус нэгдэлд ажиллаж байхад Ц.Цээлээ нь 1982 оноос эхлэн Өлгий сумын Энххөдөлмөр нэгдэлд малчнаар ажиллаж эхэлсэн. Ц.Цээлээ нь голдуу хонь малладаг байсан бөгөөд 1989 оныг дуустал тус нэгдэлд малчнаар ажиллаж байсан юм. Тухайн үед Өлгий сумын Энххөдөлмөр нэгдлийн даргаар Баянжаргал, Хөхөө гэх хүмүүс ажиллаж байсан” гэж, гэрч Ё.Пүрэвжав “Миний бие нь 1974 оноос 1984 он хүртэл Увс аймгийн Өлгий сумын Энххөдөлмөр нэгдэлд дизельчин гагнуурчнаар ажиллаж байсан. Намайг тус нэгдэлд ажиллаж байхад Ц.Цээлээ нь 1982 оноос эхлэн Өлгий сумын Энххөдөлмөр нэгдэлд малчнаар ажиллаж эхэлсэн. Миний бие 1984 онд өөр газар шилжин ажиллах болсон бөгөөд Ц.Цээлээ нь тус нэгдэлдээ малчнаар ажиллаад үлдсэн юм” гэж тус тус мэдүүлсэн ба тэдний ажилласан байдлыг нотлох хөдөлмөрийн дэвтрийн хуулбар болон Увс аймаг дахь Сум дундын шүүхийн 2007 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн 477 дугаар шийдвэрийн хуулбарууд хэрэгт авагджээ.
Увс аймгийн Өлгий сумын Энххөдөлмөр нэгдлийн захиргаанаас Ц.Цээлээд олгосон хөдөлмөрийн дэвтрийн 1985 оноос 1990 оныг дуусталх бичилттэй хэсэгт Энххөдөлмөр ХК-ийн тамга дарагдсан, мөн түүнийг шагнаж байсан сайшаалын үнэмлэхийг гараар бичсэн, шагнасан байгууллагын тамга тэмдэг дарагдаагүй байх тул эдгээр баримтуудыг шийдвэрийн үндэслэл болгох боломжгүй байна.
Харин нэхэмжлэгч Ц.Цээлээ нь 1982 оны 1 дүгээр сарын 15-наас 1989 оныг дуустал Увс аймгийн Өлгий сумын Энххөдөлмөр нэгдэлд малчнаар ажиллаж байсан болох нь Увс аймгийн Архивын тасгийн 2017 оны 1 дүгээр сарын 24-ний өдрийн цалингийн тодорхойлолт, Увс аймгийн Өлгий сумын Энххөдөлмөр нэгдлийн захиргаанаас түүнд 1982 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр олгосон хөдөлмөрийн дэвтрийн 1982 оноос 1984 оныг дуусталх бичилттэй хэсэг, гэрч Ө.Цэвээн, Ё.Пүрэвжав нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.
Иймд нэхэмжлэгч Ц.Цээлээн хүсэлтийг хангаж, түүний 1982 оны 1 дүгээр сарын 15-наас 1989 оныг дуустал Увс аймгийн Өлгий сумын Энххөдөлмөр нэгдэлд малчнаар 7 жил 11 сар 15 хоног ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэв.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч Тугтан овогт Цэвээний Цээлээгийн 1982 оны 1 дүгээр сарын 15-наас 1989 оныг дуустал Увс аймгийн Өлгий сумын Энххөдөлмөр нэгдэлд малчнаар 7 /долоо/ жил 11 /арван нэг/ сар 15 /арван тав/ хоног ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч Ц.Цээлээгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.ДЭЛГЭРЦЭЦЭГ