Шүүх | Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Лувсанравжаагийн Дэлгэрцэцэг |
Хэргийн индекс | 152/2017/00032/И |
Дугаар | 222 |
Огноо | 2017-03-13 |
Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2017 оны 03 сарын 13 өдөр
Дугаар 222
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн
зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Дэлгэрцэцэг би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, 16 дугаар хороо, Өнөр бүл хотхон, 41А байрны 54 тоотод оршин суух, 1957 онд төрсөн, эрэгтэй, регистрийн дугаар КЮ57031573, “Дарханбармат” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Цагааны Бат-Өлзийгийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Увс аймгийн Улаангом сумын 3 дугаар баг, Бадрахын 22-02 тоотод оршин суух, 1982 онд төрсөн, 34 настай, эрэгтэй, регистрийн дугаар ОЭ82102774, Зуутраг овогт Сэсээрийн Мөнхбатад холбогдох,
Худалдах-худалдан авах гэрээний гүйцэтгээгүй үүрэг 1.578.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Бат-Өлзий шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Увс аймаг дахь “Гранд Оргилуун” ХХК-ийн захирал С.Мөнхбат нь 2015 оны 6 дугаар сарын 26-ны өдөр “Дарханбармат” ХХК-ийн 100 айлд байрлах Модерн обой дэлгүүрээс 1.578.000 төгрөгийн 99 ширхэг обойг итгэлцлийн үндсэн дээр худалдан авах гэрээ байгуулан 2015 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн дотор төлж барагдуулна гэж авсан. Гэтэл жил гаран болж байгаа ч төлбөрөө хийгээгүйгээр барахгүй утсаа ч авахгүй бидний итгэлийг алдан хохироож байгаа тул падаанаар хүлээлцсэн уг обойны унэ 1.578.000 төгрөгийг “Гранд Оргилуун” ХХК-аас гаргуулж “Дарханбармат” ХХК-д олгуулахаар шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
Хариуцагч С.Мөнхбат шүүхэд гаргасан тайлбартаа: “С.Мөнхбат миний бие “Дарханбармат” ХХК-аас 1.578.000 төгрөгийн обойг зээлээр авсан нь үнэн. Уг мөнгийг төлж барагдуулах нь миний хувьд үүрэг юм. Гэвч байрны бичиг баримт гарах боломжгүй болохоор санхүүгийн хувьд боломжгүй байсаар чамгүй хугацаа өнгөрлөө. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа тул уг хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү“ гэжээ.
Шүүх зохигчдын тайлбар болон хавтаст хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
“Дарханбармат” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Бат-Өлзий нь хариуцагч С.Мөнхбатаас худалдах-худалдан авах гэрээний гүйцэтгээгүй үүрэг 1.578.000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад С.Мөнхбат нь “Дарханбармат” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Бат-Өлзийгийн нэхэмжлэлийн шаардлага худалдах-худалдан авах гэрээний гүйцэтгээгүй үүрэг 1.578.000 төгрөгийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрсөн болох нь түүний тайлбараар нотлогдож байна. Иймд хариуцагч С.Мөнхбат нь нэхэмжлэгч “Дарханбармат” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Бат-Өлзийгийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Хариуцагч С.Мөнхбат нь нэхэмжлэгч “Дарханбармат” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Бат-Өлзийгийн нэхэмжлэлийн шаардлага болох худалдах-худалдан авах гэрээний гүйцэтгээгүй үүрэг 1.578.000 төгрөгийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрсөн ба үүргээ биелүүлээгүй тохиолдолд уг шүүгчийн захирамжийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-т зааснаар шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдах нь зүйтэй.
Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч зөвшөөрснийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тооцох үндэслэлтэй бөгөөд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 40.198 төгрөгийн тал хувь болох 20.099 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, төрийн сангийн 150000941 тоот данснаас 20.099 төгрөг, хариуцагч С.Мөнхбатаас 20.099 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч “Дарханбармат” ХХК-д олгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. “Дарханбармат” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Бат-Өлзийгийн худалдах-худалдан авах гэрээний гүйцэтгээгүй үүрэг 1.578.000 /нэг сая таван зуун далан найман мянга/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч С.Мөнхбат хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар Төрийн сангийн 150000941 тоот данснаас 20.099 /хорин мянга ерэн ес/ төгрөг, хариуцагч С.Мөнхбатаас 20.099 /хорин мянга ерэн ес/ төгрөг тус тус гаргуулж нэхэмжлэгч “Дарханбармат” ХХК-д олгож, 20.099 /хорин мянга ерэн ес/ төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч С.Мөнхбат сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигчид шүүгчийн захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.
ШҮҮГЧ Л.ДЭЛГЭРЦЭЦЭГ