Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 04 сарын 22 өдөр

Дугаар 2021/ШЦТ/57

 

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Оюун-Эрдэнэ даргалж,

Улсын яллагч Б.Болор-Эрдэнэ,

Шүүгдэгч Г.М,

Нарийн бичгийн дарга А.Хүрэлтогоо нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шилжүүлсэн С овгийн Г-н М-т холбогдох 2028003110037 дугаартай эрүүгийн нэг хавтас хэргийг 2021 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Монгол улсын иргэн,.......................,

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэн байдлаар/

Шүүгдэгч Г.М нь 2020 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 6 дугаар багийн Шинэ Даланзадгад хороолол GВ тауны байрны гаднах зогсоол дээр тавиатай байсан Т.О-н эзэмшлийн 52-72 ӨМҮ улсын дугаартай приус-20 маркийн автомашиныг завших зорилгогүйгээр эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан гэх гэмт хэрэгт  холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Г.М шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Цагдаагийн байгууллагад өгсөн мэдүүлэг үнэн зөв гэв.

Хохирогч Т.О мэдүүлэгтээ: Би 2020 оны 10 дугаар сарын 31-ний өдөр 08 цагийн үед 54-72 ӨМҮ улсын дугаартай приус 20 маркийн тээврийн хэрэгслээ шинэ Даланзадгад хороолол GB тауны гаднах зогсоол дээрээс алдсан. Манай нөхөр болох Аын найз М гэдэг залуу манай гэрт ирээд 2 хоносон байсан юм. Өглөө гэрт байхдаа хог асгаад ирье гэж хэлээд манай машины түлхүүрийг нууцаар аваад гарсан байсан. 2020 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 18 цагийн үед Өмнөговь аймгийн Ханхонгор сумын Өгөөмөр багийн нутагт явж байна гэж Нэргүй гэдэг хүн хэлсэн. Би араас нь авахаар очиход зугтаагаад байсан. Манай машинд байсан манай нөхрийн виза картаас 120.000 төгрөг уншуулж архи, пиво аваад ард талдаа ачаад явж байна гэсэн гэжээ. /хх-21-22/,

Хохирогч Т.О мэдүүлэгтээ: ...Манай нөхөр бид хоёрт огт хэлээгүй. Манай нөхөр М-тай хамт гэртээ байж байхад нь М би хог асгаад ирье гээд байхаар нь хэрэггүй гэж хэлсэн чинь чимээгүй, үүдэнд өлгүүрт байсан машины түлхүүрийг нууцаар аваад гараад явчихсан байсан гэж хэлсэн…Гэрчилгээ дээрээ эзэмшигч нь манай нөхөр Аын нэрээр байдаг. Би зээл хийж авсан машин байгаа...М-н зүгээс 240.000 төгрөгийг манай нөхрийн данс руу шилжүүлсэн. Миний машины гэрчилгээг М алга болгосон. Түүнийг нөхөн гаргуулж авмаар байна гэжээ. /хх-25/,

Хохирогч Т.О мэдүүлэгтээ: ...Манай нөхөр бид хоёрт жолоочийн үнэмлэхээ авсан. Мөн М нь манай машины гэрчилгээг  нөхөн гаргуулж авах 12.500 төгрөгийг өгсөн учир одоо миний зүгээс нэхэмжлэх зүйл байхгүй, гомдол саналгүй гэжээ. /хх-26/,

Гэрч Б.Б мэдүүлэгтээ: 2020 оны 10 дугаар сарын 31-ний өглөө 09 цагийн үед би найз Отэй утсаар яриад хаана байна юу хийж байна гэсэн чинь О нэг хүнтэй тааралдчихаад хамт байна гэхээр нь би хүрээд ир гээд дуудсан чинь удалгүй О нэг Приүс 20 маркийн машинтай манай гадаа ирсэн. Би машинд нь суусан чинь тэр машиныг М жолоодоод явж байсан. О дэлгүүрээс 1 шил архи авсан. Тэгээд өөр газар очиж ууцгаая гээд аймгийн зүүн хойд тал руу гарч зогссон. Тэгж байгаад О Ханхонгор сумын тэндээс хөдөө айлаас мал хүнс авна гээд явах болоод явсан. Би ажилтай хүүхдүүд гэрт байгаа үлдэнэ гэсэн чинь М удахгүй ирнэ гэхээр нь би хамт явсан юм. Ханхонгор суман дээр очоод дэлгүүрт М ороод 3 шил архи, бас хүнсний зүйл аваад цаашаа Энхболдын гэх айлд очсон. Тэр айл нь Оийн хамаатных байсан. Тэнд бид нар авч очсон архиа задалж ууцгаасан. Нэг мэдсэн чинь М машинтайгаа гараад явсан байсан. Бид нар байж байгаад орой нь унтах гэж байтал М ирсэн.  Маргааш өглөө нь боссон чинь М машинтайгаа явсан. Хаашаа явсаныг нь мэдээгүй. Тэгээд О тэр айлаас хүнсний малаа аваад янзалчихаад байж байхад М ирэхгүй байхаар нь тэр айлын хүн О бид хоёрыг аймаг хүргэж өгсөн түүнээс хойш М-тай уулзаагүй гэжээ. /хх-37/,

Гэрч Х.О мэдүүлэгтээ: 2020 оны 10 дугаар сарын 31-ний өглөө би Их-Уулд Хайрхан дэлгүүрийн гадуур явж байтал М нэг цагаан өнгийн машин унаад хажууд ирж зогсоод уулзсан. М намайг шартчихсан юм уу шараа тайлах уу гэхээр нь тэгье гэсэн. Тэгээд Б над руу утсаар ярихаар нь би гэрийнх нь гадаа очиж Быг аваад гурвуулаа нэг шил архи аваад аймгийн зүүн хойно тал дээр очиж зогсоод задалж ууж байгаад М Энхболд ахынд очъё гэхээр нь бид нар явцгаасан. Ханхонгор суман дээр очиж дэлгүүрээс архи чихэр, боов авсан. Ханхонгор сумаас зүүн хойш Энхболдын гэрт очиж архи ууцгааж байсан чинь М гэнэт гараад машинтайгаа хөдлөөд явсан. Бид нар хаашаа явсаныг нь мэдээгүй. Нэлээн орой болсон хойно М ганцаараа ирсэн. Маргааш өглөө нь их эрт М бие засна гээд гарч байсан. Би сэрчихээд буцаад унтаж байгаад сэрсэн чинь М машинтайгаа явсан байсан. Тэгээд М-г эргэж ирэхийг нь хүлээгээд Б бид хоёр үдээс хойш болгоод тэр айлын хүнээр аймаг руу хүргүүлж ирсэн гэжээ. /хх-39/,

Гэрч Д.А мэдүүлэгтээ: Энэ машин хэдийгээр миний нэр дээр байдаг боловч эзэн нь манай эхнэр Т.О учраас би энэ хэрэгт хохирогчоор оролцохгүй. Эхнэрийгээ оролцуулах хүсэлтэй байна. Миний зүгээс татгалзах зүйл байхгүй гэжээ. /хх-42/,

Хас үнэлгээ ХХК-ийн 2020 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 4 дугаартай үнэлгээний дүгнэлтэд: “Д.Аын эзэмшлийн 2006 онд Япон улсад үйлдвэрлэгдсэн 2014 онд Монгол улсад орж ирсэн Toyota-Prius20 маркийн автомашин нь 2019 оны 12 дугаар сарын байдлаар зах зээлийн дундаж үнийг 7.500.000 төгрөгөөр тогтоов” гэжээ. /хх-45-46/,

Өмнөговь аймгийн Манлай сумын Далай багийн засаг даргын тодорхойлолт /хх-59/,

Өмнөговь аймгийн Ханхонгор сумын Ерөнхий боловсролын сургуулийн тодорхойлолт /хх-60/,

Байнга оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-61/,

Хаан банкны мөнгөн шилжүүлгийн баримт /хх-62/,

Банк түүний харилцагч нарын талаарх мэдээлэл /хх-64-68, 70-71/,

Улсын бүртгэлийн хэлтсийн үл хөдлөх хөрөнгийн лавлагаа /хх-74/,

Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-75/,

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-76/,

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 69 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-78-86/,

Тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-89/,

Өмнөговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорт гаргасан “ Г.М миний бие О-д учруулсан хохирлын 240.000 төгрөгийг барагдуулсан. Хүний машин унаж явсан хэргээ хүлээн зөвшөөрч байгаа тул энэ хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү” гэх хүсэлт /хх-98/,

Хохирогч Т.О-н “...миний бие нь Г.Маас 240.000 төгрөг авсан. Үүнд машины түлхүүр, картнаас авсан мөнгө байсан. Одоогоор зөвшилцсөн учир хохирол төлбөр  байхгүй. Хялбаршуулсан журмаар  шийдэж өгнө үү...” гэх хүсэлт /хх-99/,

Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай 2021 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 15 дугаартай прокурорын тогтоол /хх-100-101/,

Прокурорын санал /хх-102/ зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч Г.М-т холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэрэгт тооцно, мөн хуулийн 2.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт гэмт хэрэг үйлдэж хохирол учирсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно гэж заасан бөгөөд шүүгдэгч Г.М-н гэмт үйлдэл, түүний улмаас учирсан үр дагаврыг хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгож нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр нотлох баримтыг шүүх өөрийн дотоод итгэлээр үнэлж шийдвэрлэв.

Шүүгдэгч Г.М-т холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй.

Шүүгдэгч Г.М-н нийгэмд аюултай, гэмт хэргийн шинжийг агуулсан үйлдэл нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байх тул Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч Г.М нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр прокурорт хүсэлт гаргаж 2021 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 15 дугаартай прокурорын тогтоол /хх-100-101/-оор хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр тогтож яллах дүгнэлт үйлдэж шүүхэд хэргийг шилжүүлсэн.

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан үндсэн 5 нөхцөл байдлыг хянаж шүүгдэгч Г.М-т холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.

Шүүгдэгч Г.М нь 2020 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 6 дугаар багийн Шинэ Даланзадгад хороолол GВ тауны байрны гаднах зогсоол дээр тавиатай байсан Т.О-н эзэмшлийн 52-72 ӨМҮ улсын дугаартай приус-20 маркийн автомашиныг завших зорилгогүйгээр эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан болох нь хохирогч Т.О-н мэдүүлэг /хх-21-22, 25-26/, гэрч Б.Бын мэдүүлэг /хх-37/, гэрч Х.Оийн мэдүүлэг /хх-39/, гэрч Д.Аын мэдүүлэг /хх-42/, шүүгдэгч Г.М-н үйлдсэн гэмт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдож байна.

 Монгол Улсын Үндсэн хуулийн арван зургаа дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Монгол улсын иргэн хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй. Хувийн өмчийг хууль бусаар хураах, дайчлан авахыг хориглоно. Төр, түүний эрх бүхий байгууллага нь нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн хувийн өмчийн эд хөрөнгийг дайчлан авбал нөхөх олговор, үнийг төлнө” гэж,

Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-д “Өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр, хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй.” гэж тус тус хуульчилжээ.

Шүүгдэгч Г.М нь 2020 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 6 дугаар багийн Шинэ Даланзадгад хороолол GВ тауны байрны гаднах зогсоол дээр тавиатай байсан 52-72 ӨМҮ улсын дугаартай Приус-20 маркийн автомашиныг завших зорилгогүйгээр эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан үйлдлийг хохирогч Т.О, Д.А нарын эзэмших эрхийн эсрэг үйлдсэн байна гэж үзэхээр байна.

Автотээврийн хэрэгслийг авч явах гэдэг нь автотээврийн хэрэгслийн эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр нэг газраас нөгөө газарт хөдөлгүүрийг асаах болон өөр тээврийн хэрэгслээр тээвэрлэх, чирэх байдлаар авч явсаныг ойлгоно.

Шүүгдэгч Г.М нь 2020 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 6 дугаар багийн Шинэ Даланзадгад хороолол GВ тауны байрны гаднах зогсоол дээр тавиатай байсан Т.О-н эзэмшлийн 52-72 ӨМҮ улсын дугаартай Тоёота Приус-20 маркийн автомашиныг жолоодож аймгийн зүүн хойш болон Ханхонгор сум орсон байх тул автотээврийн хэрэгслийг авч явсан гэж үзэхээр байна.

Шүүгдэгч Г.М нь 52-72 ӨМҮ улсын дугаартай Тоёота приус-20 маркийн автомашиныг авч явах талаараа хохирогч Т.О, гэрч Д.А нарт мэдэгдээгүй байх тул эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан гэж үзлээ.

Завших гэж бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг итгэмжлэлийн үндсэн дээр эзэмшиж, ашиглаж буй байдлаа урвуулан ашиглаж, бусдын эд хөрөнгийн эрхийг өөрийн өмчлөлд хариу төлбөргүйгээр хууль бусаар авах, захиран зарцуулах үйлдлийг ойлгоно.

Шүүгдэгч Г.М нь Д.Аын гэрт нь  ирж 2 хоноод өглөө хог  хаяад ирье гэж хэлэн  52-72 ӨМҮ улсын дугаартай Тоёота приус-20 маркийн автомашины түлхүүрийг эзэмшигчид нь мэдэгдэлгүй гэрээс авч уг тээврийн хэрэгслийг жолоодож явсан үйлдэл нь хохирогчийн зүгээс шүүгдэгчид тус тээврийн хэрэгслийг итгэмжлэн хариуцуулсан болон эзэмших, ашиглах эрхийг олгосон үйлдэл хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдоогүй  байх тул завших зорилгогүйгээр автотээврийн хэрэгслийг авч явсан гэж үзэв.

Шүүгдэгч Г.М-н завших зорилгогүйгээр эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан 52-72 ӨМҮ улсын дугаартай Тоёота приус-20 маркийн автотээврийн хэрэгслийн эзэмшигч нь Д.А болох нь  тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-89/-аар тогтоогдож байна.

Түүнчлэн гэрч Д.Аын “...Энэ машин хэдийгээр миний нэр дээр бүртгэлтэй  байдаг боловч эзэмшиж, ашигладаг эзэн нь манай эхнэр Т.О учраас би энэ хэрэгт хохирогчоор оролцохгүй. Эхнэрийгээ хохирогчоор тогтоолгон оролцуулах хүсэлтэй байна. Миний зүгээс татгалзах зүйл байхгүй...” гэж /хх-42/ мэдүүлсэн байх тул түүний эхнэр Т.О-г тус хэрэгт хохирогчоор тогтоосон нь Д.Аын эрх зөрчигдсөн болон эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэл биш гэж үзсэнийг дурдах нь зүйтэй.

Шүүгдэгч Г.М-н үйлдсэн гэмт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, Өмнөговь аймгийн Прокурорын газарт гаргасан “ Г.М миний бие О-д учруулсан хохирлын 240.000 төгрөгийг барагдуулсан. Хүний машин унаж явсан хэргээ хүлээн зөвшөөрч байгаа тул энэ хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү” гэх хүсэлт /хх-98/ зэрэг нотлох баримтаар шүүгдэгч Г.М гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн байна гэж үзэв. 

Шүүгдэгч Г.М нь Прокуророос санал болгосон 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялын саналтай танилцан гарын үсэг зурж санал хүсэлт гаргаагүй байх тул  сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн гэж үзэх үндэслэлтэй байна.

Эрүүгийн хуульд заасан автотээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явах гэмт хэрэг нь уг гэмт хэргийн улмаас эзэмшигчид хохирол учруулсан эсэхээс үл хамаарч автотээврийн хэрэгслийг авч явснаар төгсдөг гэмт хэрэг.

Хохирогч Т.О-н 52-72 ӨМҮ улсын дугаартай Тоёота Приус-20 маркийн тээврийн хэрэгсэл нь 7.500.000 төгрөгөөр үнэлэгдсэн болох нь Хас үнэлгээ ХХК-ийн 2020 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 4 дугаартай үнэлгээний “Д.Аын эзэмшлийн 2006 онд Япон улсад үйлдвэрлэгдсэн 2014 онд Монгол улсад орж ирсэн Toyota-Prius20 маркийн автомашин нь 2019 оны 12 дугаар сарын байдлаар зах зээлийн дундаж үнийг 7.500.000 төгрөгөөр тогтоов” гэх дүгнэлт /хх-45-46/-ээр тогтоогдож байх бөгөөд хохирогч Т.О нь уг тээврийн хэрэгслийн засварын төлбөр, тээврийн хэрэгслийн гэрчилгээ гаргуулж авах төлбөр зэргийг шүүгдэгчээс нэхэмжилсэн.

Хохирогч Т.О-д гэмт хэргийн улмаас учирсан хохирол болох тээврийн хэрэгслийн засварын төлбөр, тээврийн хэрэгслийн гэрчилгээ авах төлбөр зэрэгт шүүгдэгч Г.М нь 262.500 төгрөг төлсөн болох нь хохирогч Т.О, гэрч Д.А нарын мэдүүлэг, Хаан банкны мөнгөн шилжүүлгийн баримт /хх-62/, Өмнөговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорт гаргасан шүүгдэгч Г.М-н хүсэлт /хх-98/, хохирогч Т.О-н хүсэлт /хх-99/ зэргээр тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Г.М-г бусдад төлөх хохирол төлбөргүй гэж үзлээ.

Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай 2021 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 15 дугаартай прокурорын тогтоол /хх-100-101/, прокурорын саналтай шүүгдэгч Г.М нь танилцаж гарын үсэг зурж баталгаажуулсан байх тул гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэснээс үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон гэж үзэхээр байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт: өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно.

Шүүгдэгч Г.М нь хохирогч Т.О-н тээврийн хэрэгслийг эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан үйлдлээ хууль бус гэдгийг ухамсарлах боломжтой байсан хэдий ч түүнийг хүсч үйлдсэнийг санаатай үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй.

Шүүгдэгч Г.М-н хувийн байдлын тухайд ................................  зэргээр тогтоогдож байна.

Шүүгдэгч Г.М нь гэмт хэргийн улмаас хохирогч Т.О-д учирсан хохирлыг төлж барагдуулсан байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

Харин шүүгдэгч Г.М-н үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж үзлээ.

Иймд шүүгдэгч Г.М-г  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар автотээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж үзлээ.

 Улсын яллагч шүүгдэгч Г.М-т 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялын санал, дүгнэлт гаргасан бөгөөд шүүх шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, ялын саналын хүрээнд эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр шүүгдэгч Г.М-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2, 1.3 дугаар зүйлд заасан хууль ёсны болон шударга ёсны зарчим, мөн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгод  тус тус нийцнэ гэж дүгнэж шийдвэрлэв.

Шүүгдэгч Г.М нь 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд төлж барагдуулахаар тогтоож, тогтоосон хугацаанд шүүгдэгч Г.М торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид мэдэгдэх нь зүйтэй.

Шүүгдэгч Г.М цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.

Шүүгдэгч Г.М-т торгох ял оногдуулж шийдвэрлэсэн тул шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол  хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэв. 

Шүүгдэгч Г.М өөрөө өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй шүүх хуралдаанд оролцох хүсэлтээ бичгээр гаргасан тул Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэгт заасан “өөрийгөө өмгөөлөх эрх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан шүүх шүүгдэгч өөрийгөө өмгөөлөх, эсхүл өмгөөлүүлэх, хууль зүйн туслалцаа авах эрхээ эдлэх боломжоор хангана.” гэсэн эрхийг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хангаж ажилласан ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлд заасан өмгөөлөгчийг оролцуулах үндэслэл тогтоогдохгүй байна гэж үзэж хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн.

Яллах дүгнэлтийн тэмдэглэх болон тогтоох хэсэгт хохирогч “Т.О”-ийн  нэрийг  “Т.О-д” гэж буруу бичсэн болохыг дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 2, 3, 4, 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2 , 3, 4 дэх хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч С овгийн Г-н М-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар автотээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.М-т 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Шүүгдэгч Г.М нь 450.000 төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд төлж барагдуулахаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.М оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон дээрх хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч Г.М нь хохирогч Т.О-д 262.500 /хоёр зуун жаран хоёр мянга таван зуу/ төгрөгийн хохирол төлбөр төлсөн болохыг дурдсугай.

6. Шүүгдэгч Г.М цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.М-т хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд  зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш шүүгдэгч, хохирогч түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар 14  хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг, шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шийтгэх тогтоолын биелэлт түдгэлзэж, шүүгдэгч Г.М-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэвээр үргэлжлэхийг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Э.ОЮУН-ЭРДЭНЭ