| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лувсанравжаагийн Дэлгэрцэцэг |
| Хэргийн индекс | 152/2017/00147/И |
| Дугаар | 225 |
| Огноо | 2017-03-13 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 03 сарын 13 өдөр
Дугаар 225
Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Дэлгэрцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Увс аймгийн Улаангом сумын 3 дугаар баг, 18 дугаар байрны 1-13 тоотод оршин суух, 1968 онд төрсөн, 49 настай, эмэгтэй, регистрийн дугаар ОН68010161, Булгадар овогт Цэвээнравдангийн Болормаагийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хаан банкны Увс аймаг дахь салбарт холбогдох,
О.Даваасамбуугийн нэр дээрх 10.226.813 төгрөгийн цалингийн зээлийн хүүг зогсоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ц.Болормаа, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Лхагважав, хариуцагч Хаан банкны Увс аймаг дахь салбарын захирал Х.Батнасан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ё.Мөнхгэрэл нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ц.Болормаа шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний нөхөр Одгий овогтой Даваасамбуу нь Увс аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт хэлтсийн даргын албан тушаал эрхэлж байсан юм. Гэтэл нөхөр маань өвчний улмаас 2016 оны 7 дугаар сарын 14-нд нас барсан. Нөхөр маань ажиллаж байх хугацаандаа Хаан банкнаас цалингийн зээл гэж 5.000.000 төгрөг, орон сууцны зээл 49.000.000 төгрөг, группын зээл гэж 4.000.000 төгрөгийн зээл тус тус авсан юм. Миний бие өөрөө 14.000.000 төгрөгийн цалингийн зээлтэй. Нөхөр маань олон жил хүндээр өвдөж байнга хот явж эмчилгээ хийлгэх, шинжилгээнд орох, эмнэлэгт хэвтэж жил гаруй явснаас болж зээл авч байсан юм. Миний биe одоо Увс аймгийн Нэгдсэн эмнэлгийн Үйл онош зүйн тасгийн рентген техникчээр ажилладаг юм. Би өөрөө цалингийн зээлтэй, 2 хүүхэд маань оюутан, бага хүүхэд дунд сургуульд сурдаг юм. Энэ өр зээлийг цалингийн зээлтэй ганц миний цалингаар төлөх ямар ч боломжгүй юм. Би нөхөр нас барсны дараа нөхрийн халамжийн зээлийг төлж хаасан юм. Миний бие цалингаас өөр ямар нэгэн өрхийн орлого байхгүй юм. Нөхөр О.Даваасамбуу 2016 оны 7 дугаар сард нас барсан байхад түүний авсан зээл, түүний хүүг зогсоож хаахгүйгээр надаар сар болгон хүү бодож төлүүлж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй юм. Учир нь миний бие нөхөр Даваасамбуу нас барсан гэдгийг Хаан банкинд мэдэгдэж нас барсан гэрчилгээг өгсөн юм. Гэтэл иргэн нас барснаар иргэний эрх зүйн бүрэн чадамж дуусгавар болно гэж заасан байхад нөхрийн авсан зээлийг надаар төлүүлж байгаа нь хууль зөрчиж иргэн намайг хохироож байна. Хаан банк эзэн холбогдогч нь нас барсан хүний зээлийг үндэслэлгүйгээр төлүүлж, намайг сэтгэл санааны асар их дарамтанд оруулсан юм. Миний бие нь нэхэмжлэлдээ Хаан банк надаас эзэн холбогдогч нь нас барсан зээлийг төлүүлж байгаа тул нөхрийн нэр дээр байгаа зээлийг хаалгах тухай нэхэмжлэл гаргасан. Гэвч шүүх хуралдаан дээр нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөн нөхөр О.Даваасамбуугийн нэр дээрх 10.226.813 төгрөгийн цалингийн зээлийн хүүг зогсоож өгөхийг Хаан банкнаас хүсэж байна” гэв.
Хариуцагч Х.Батнасан шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Зээлдэгч О.Даваасамбуу нь манай банкнаас 2015 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн ЗГ201542271694 тоот орон сууцны ипотекийн зээлийн гэрээгээр орон сууц худалдан авч хамтран үүрэг гүйцэтгэгчээр түүний эхнэр Ц.Болормаа орж гарын үсэг зурсан. 2016 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн ЗГ201642674869 тоот барьцаат зээлийн гэрээгээр цалингийн зээл авч хамтран үүрэг гүйцэтгэгчээр мөн түүний эхнэр Ц.Болормаа орж гарын үсэг зурсан. Зээлдэгч нас барснаар банк зээлийг хаах, гэрээг хүчингүй болгох үндэслэлгүй, мөн хамтран зээлдэгчээр зээлийг төлүүлж байгаа нь ч хууль зөрчсөн үйлдэл биш юм. Тухайн зээл нь төлөгдөхгүй тохиолдолд тухайн барьцаа хөрөнгөөр үл маргах журмаар төлөгдөх барьцааны гэрээ болон барьцаалбартай хийгдсэн зээл байгаа. Цалингийн зээлийн хувьд бид нар хүү зогсоох боломжгүй гэдгээ хэлсэн. Яагаад гэвэл цалингийн зээл цаашдаа төлөгдөхгүй бол бид нар анхан шатны баримтуудаа бүрдүүлээд өөрсдөө шүүхэд нэхэмжлэл гаргаад эцсийн шийдвэр гаргуулах байдлаар явна. Өөрийн авсан зээлээ өөрөө төлж явах нь зохимжтой гэж үзэж байна энэ асуудалд бид нар ямар нэгэн байдлаар хүү зогсоох шийдвэр гаргах боломжгүй юм. Зээлийн гэрээний 4 дүгээр зүйлийн 4.3 дахь хэсэгт ”Хамтран үүрэг гүйцэтгэгч нь Зээлдэгчийн нэгэн адил эрх эдэлж, үүрэг хүлээнэ” гэж заасан байдаг. Иймд иргэн Ц.Болормаагийн нэхэмжлэлийн шаардлагыг банк хүлээн зөвшөөрөхгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ц.Болормаа нь хариуцагч Хаан банкны Увс аймаг дахь салбарт холбогдуулан 54.000.000 төгрөгийн зээлийг хаалгуулах тухай нэхэмжлэл гаргасан боловч шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа О.Даваасамбуугийн нэр дээрх 10.226.813 төгрөгийн цалингийн зээлийн хүүг зогсоолгох тухай хэмээн өөрчлөн гаргажээ.
Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч “Зээлдэгч О. Даваасамбуу нь 2016 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн ЗГ201642674869 тоот барьцаат зээлийн гэрээгээр цалингийн зээл авч хамтран үүрэг гүйцэтгэгчээр түүний эхнэр Ц.Болормаа гарын үсэг зурсан. Зээлдэгч нас барснаар банк зээлийг хаах, гэрээг хүчингүй болгох үндэслэлгүй. Зээлийн гэрээний 4 дүгээр зүйлийн 4.3 дахь хэсэгт ”Хамтран үүрэг гүйцэтгэгч нь Зээлдэгчийн нэгэн адил эрх эдэлж, үүрэг хүлээнэ” гэж заасан байдаг. Иймд иргэн Ц.Болормаагийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэж маргаж байна.
Зээлдэгч О.Даваасамбуу, түүний хамтран үүрэг гүйцэтгэгч Ц.Болормаа нар нь Хаан банкны Увс аймаг дахь салбараас 2016 оны 6 дугаар сарын 23-ны өдөр ЗГ201642674869 тоот барьцаат зээлийн гэрээ байгуулан 5.000.000 төгрөгийн зээлийг жилийн 20 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай авсан болох нь хэрэгт авагдсан барьцаат зээлийн гэрээгээр тогтоогдож байгаа ба талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-т заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс олгох зээлийн гэрээний харилцаа үүсчээ.
Хэдийгээр ЗГ201642674869 зээлийн гэрээний хугацаа 2019 оны 7 дугаар сарын 02-ны өдөр дуусахаар байгуулагдсан байх боловч зээлдэгч О.Даваасамбуу нь 2016 оны 7 дугаар сарын 14-ний өдөр нас барсан байна.
Тухайн зээлийн гэрээний 4.2.2, 4.3-т зааснаар зээлдэгч болон хамтран үүрэг гүйцэтгэгч нь зээлийн төлбөрийг сар бүр эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөх, хамтран үүрэг гүйцэтгэгч нь зээлдэгчийн нэгэн адил эрх эдэлж, үүрэг хүлээхээр тохиролцсон байна.
Түүнчлэн Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1, 242.3-т зааснаас үзэхэд хамтран үүрэг гүйцэтгэгч нь зөвхөн хууль буюу гэрээний үндсэн дээр үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн хүлээлгэн өгөх үүрэгтэй, мөн үүрэг гүйцэтгүүлэгч нь өөрийн үзэмжээр аль ч үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг хэсэгчлэн болон бүхэлд нь шаардаж болно гэж заажээ.
Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч Ц.Болормаа нь “Нөхрийн цалингийн зээлийн төлбөрийг төлөх боломжгүй” хэмээн зээлдэгч О.Даваасамбуугийн зээлийн хүүг зогсоолгох шаардлага гаргасан байх боловч дээрх гэрээ болон хуульд заасны дагуу хамтран үүрэг гүйцэтгэгч нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээс чөлөөлөгдөх үндэслэлгүй байна.
Мөн “Барьцаат зээлийн гэрээ”-ээс үзэхэд зээлдэгч буюу түүний хамтран үүрэг гүйцэтгэгч нас барсан тохиолдолд зээлийн хүүг зогсоох талаар талууд тохиролцоогүй байгааг дурдах нь зүйтэй.
Иймд Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1, 242.3, 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсгүүдэд зааснаар хариуцагч Хаан банкны Увс аймаг дахь салбарт холбогдох, “О.Даваасамбуугийн нэр дээрх 10.226.813 төгрөгийн цалингийн зээлийн хүүг зогсоолгох тухай” нэхэмжлэгч Ц.Болормаагийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3 дахь хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч Ц.Болормаа нь улсын тэмдэгтийн хураамж 427.950 төгрөг төлөхөөс тус шүүхийн шүүгчийн 2017 оны 2 дугаар сарын 03-ны өдрийн 391 дүгээр захирамжаар чөлөөлөгдсөн болохыг дурдах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1, 242.3, 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсгүүдэд зааснаар хариуцагч Хаан банкны Увс аймаг дахь салбарт холбогдох, “О.Даваасамбуугийн нэр дээрх 10.226.813 төгрөгийн цалингийн зээлийн хүүг зогсоолгох тухай” нэхэмжлэгч Ц.Болормаагийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3 дахь хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч Ц.Болормаа улсын тэмдэгтийн хураамж 427.950 /дөрвөн зуун хорин долоон мянга есөн зуун тавь/ төгрөг төлөхөөс тус шүүхийн шүүгчийн 2017 оны 2 дугаар сарын 03-ны өдрийн 391 дүгээр захирамжаар чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.ДЭЛГЭРЦЭЦЭГ