Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 04 сарын 22 өдөр

Дугаар 2021/ШЦТ/58

 

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Оюун-Эрдэнэ даргалж,

Улсын яллагч Б.Болор-Эрдэнэ,

Шүүгдэгч Б.Э,

Нарийн бичгийн дарга А.Хүрэлтогоо нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Б овгийн Б-н Э-д холбогдох 2128000210044 дугаартай эрүүгийн нэг хавтас хэргийг 2021 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Монгол улсын иргэн, .................................. ,

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэн байдлаар/

  Шүүгдэгч Б овогтой Э нь Өмнөговь аймгийн Баяндалай сумаас баруун зүгт 50 кмт байх Хөнхөр хацавч гэх газарт 2021 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр 20-87 ӨМӨ улсын дугаартай Ланд круйзер-80 маркийн автомашин жолоодож яваад Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.1 дэх хэсэгт заасан заалтыг зөрчиж зам тээврийн осол гаргасны улмаас 60 настай, эмэгтэй О.Тгийн амь нас хохирч, авто тээврийн хөдөлгөөний аюулгүй байдлын гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Б.Э шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Ярих зүйл байхгүй. Мөрдөн байцаалтын шатанд мэдүүлгээ үнэн зөв өгсөн гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч Ц.О мэдүүлэгтээ: Манай ээж Өмнөговь аймгийн Ноён суманд амьдардаг байсан. 2021 оны 01 дүгээр сарын 09-ны өдөр Даланзадгад суманд замын унаагаар ирээд манайд байж байгаад 2021 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр Ноён сум руу буцахаар болж Ноён сум явах унаа хайсан юм би ажил дээрээ байж байгаад 13 цагийн үед гэртээ очиход манай ээж манай сумаас машин ирсэн байна би явахаар болчихлоо гэсэн. Тэгээд 14 цаг өнгөрч байхад би ээжийгээ унаанд нь хүргэж өгөхөөр гарсан бөгөөд сум явах машин нь Аз авто засварын газрын гадаа байна гэсний дагуу уг засварын газрын гадаа очиход сум явах машин ачаагаа ачаад зогсож байсан юм. Тухайн газарт би 30 гаруй минут хүлээгээд ачаагаа ачиж дуусахаар нь би ээжийгээ машинд нь суулгаж өгөөд тэр машин хөдлөөд явсан юм. Тэгээд 30 орчим минутын дараа би ээж рүү залгахад одоо аймгаас гарч байна гэж хэлсэн. Тэгээд 15 цаг өнгөрч байхад дахин залгахад Баяндалай сумаас гарч байна гэж хэлсэн. Түүнээс хойш яриагүй жи Мобайлын утас руу нь залгахад утас нь авахгүй байсан. Тэгээд 19 цаг өнгөрч байхад манай ах Ноён сумаас ээжийн сууж явсан машин онхолдсон гэж цагдаагаас хэллээ гэхээр нь би аймгаас 20 цагийн үед гараад Баяндалай суманд 21 цагийн үед очиход манай ээжийг Баяндалай сумын эмнэлэгт аваад ирчихсэн байсан би ээжийг үзэхэд нас барчихсан байсан юм гэжээ. /хх-48-49/,

Гэрч Ү.А мэдүүлэгтээ: Манай ээж У.Чулуунцэцэг Өмнөговь аймгийн Ноён суманд амьдардаг бөгөөд би ээж дээрээ очиж хэд хонох санаатай ээж рүүгээ ярьсан чинь манай ээж надад дугаар өгөөд энэ машин өнөөдөр аймгаас Ноён сум руу гарна гэнэ, энэ жолоочтой нь яриад суучих гэж дугаар өгсөн. Би тэр дугаар руу ярихад удахгүй явна би явахдаа гэрээс чинь очоод авъя гээд манай гэрийн хаягийг авсан бөгөөд 2021 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 15 цагийн үед гэрийн чинь гадаа ирчихлээ гээд над руу ярьсан би гараад очиход нэг приус машин ирчихсэн байсан би нөгөө машинд суугаад явахад төвд 46-р байрны гадаа ирж энэ машин явна гээд Ланд круйзер машинд намайг суулгасан. Тэндээсээ хөдлөөд Аз засварын газарт очиж дэлгүүрийн бараа материал ачаад тэндээсээ шууд Баяндалай сумын засмал замаар гарсан юм. Тухайн машинд жолоочоос гадна нэг эгч, манай найз Бгийн хүүхэд бид 4 явсан юм. Аймгаас гараад Баяндалай сум явж байхад хүүхэд бие засъя гэсэн зогсож бие засуулаад цаашаагаа хөдөлсөн Баяндалай сумын төв дээр 16 цагийн үед очиж нэг дэлгүүрийн гадаа очиж жолооч нэг загас авч идсэн. Тэгээд Ноён сумын чиглэлд хөдөлсөн. Цаашаа явж байх замдаа хүүхэд бид хоёр хойд суудал дээр унтсан байдалтай явж байхад машин шарвах шиг болсон тэр үед би сэрсэн тэгтэл машин өнхрөөд явчихсан. Машин 2-3 удаа өнхөрсөн байх гэж бодож байна нэг мэдэхэд би машины арын багажид хэвтэж байсан. Тэр үед жолооч яасан бэ хүн байна уу зүгээр үү гэж хашхирсан миний хажуугаар их ачаа байсан учраас би гараа хөдөлгөсөн зүгээр хөдөлж байсан учраас хүүхдээ хайсан чинь хүүхэд машинд байхгүй олдохгүй байсан. Жолооч жолооныхоо тэндээс хойшоо гараад ирсэн. Бид хоёр жолоочийн арын хаалгаар гадагшаа гарсан. Гадаа гараад ирэхэд хүүхэд машины баруун талд хамар ам нь цус болчихсон уйлаад зогсож байсан. Би шууд хүүхэд дээрээ очоод миний дүү яаж байна хаана нь өвдөж байна гэж хэлсэн чинь 2 хөл өвдөөд байна нүд бас юм харахгүй байна гэж хэлсэн. Би харахад хүүхдийн нүд рүү шороон орсон байхаар нь тэрийг нь цэвэрлэж өгөөд машинаас куртикийг нь өмсгөж өгсөн. Тэр үед хамт явсан эгч машины баруун талд нэлээд зайтай газарт газар хэвтсэн байсан бөгөөд тэр эгч дээр жолооч очсон байсан. Би эгч дээр яваад очиход эгчийг жолооч ухаангүй байна гээд цээжин дээр нь дараад амаараа хиймэл амьсгаа хийгээд байсан тэгж байхад баруун талаас машин ирж байгаа юм шиг тоос гарч байсан тэгсэн удалгүй нөгөө машин хүрээд ирсэн тэр машинтай жолооч очиж уулзсан тэгсэн тэр хүмүүсийн утсанд нь сүлжээ байсан учир жолооч нөгөө утсаар нь эмнэлэг, цагдаад дуудлага өгсөн байх тэр үед нар шингэх дөхсөн хүйтэн байсан учраас жолооч бид хоёр тэр эгчийг машинд оруулаад байлгаж байя гэсэн чинь хөдөлгөж болохгүй гэж жолоочид хэн нэгэн нь хэлсэн учраас бид хоёр дулаан байлгахыг бодоод хөнжил болон машинд байсан хувцас хунараар хучаад байлгаж байсан. 2 цагийн дараагаар Ноёны эмнэлэг ирсэн удаагүй Баяндалайн цагдаа, эмнэлэг ирсэн тэгээд талийгаач эгчийг Ноён сумын эмнэлгийн машинд оруулж эмчилгээ хийгээд Баяндалай сум руу аваад явсан хүүхэд бид хоёр Баяндалай явах машинд суугаад Баяндалайн эмнэлэг дээр ирсэн юм. Баяндалайн эмнэлэг дээр ирээд 20-30 минутын дараа нөгөө эгчийг өнгөрчихлөө гэж хэлсэн юм гэжээ. /хх-52-53/,

Гэрч Х.Ү мэдүүлэгтээ: 20-87 ӨМӨ улсын дугаартай Ланд круйзер 80 маркийн авто машиныг хүргэндээ зарсан бөгөөд манай нутагт бороо ороогүй улмаас отор нүүдэл хийж яваад машины нэрийг шилжүүлж өгч чадаагүй байсан юм гэжээ. /хх-55/,

Гэрч Т.Б мэдүүлэгтээ: Манай аав, ээж хоёр Өмнөговь аймгийн Ноён суманд амьдардаг бөгөөд тухайн үед хүүхдийн амралт болсон байсан учраас 2021 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр хүү Э.Аг аав, ээж рүүгээ замын унаагаар буюу нутгийн таньдаг хүн гээд Б.Э-н машинд суулгаад явуулсан. Би хүүгээ 16 цагийн үед Аз засварын газрын гаднаас хүүгээ Б.Э-н машинд суулгаж явуулсан юм. 18 цаг өнгөрч байхад нэг танихгүй дугаараас дуудлага ирэхээр нь авсан чинь миний хүү байсан. Ээж би осолд орчихлоо гэж хэлээд утсаа тасалсан би эргүүлээд залгасан боловч утас ерөөсөө ярьж болохгүй байж байхад нөгөө дугаараас дахин, над руу залгаад Баяндалай сумаас баруун тийш 60 орчим км газарт машин онхолдсон байна би замын хүн байгаа юм гэж хэлсэн. Би хүүгээ асуухад хөл өвдөөд байна ээж дээрээ очмоор байна гээд уйлаад байна гэж хэлсэн. Би аймгаас гараад Баяндалай сумын төв дээр очиход манай хүүхэд ирээгүй байхаар нь осол болсон газар руу явсан бөгөөд тэгээд явж байхад Баяндалай сумын эмнэлгийн машинд манай хүү суугаад явж байсан. Эргэж Баяндалай сумын эмнэлэг дээр ирээд хүүтэйгээ уулзахад миний хүү их айсан байдалтай уйлаад байсан. Тэндээ анхны тусламж үзүүлж эм уулгаад тэндээ нэг хэсэг байж байгаад тэр шөнөдөө Даланзадгад сум руу ирж гэртээ ирж хоноод маргааш нь эмнэлэгт очиж үзүүлж тархины зураг авхуулсан ийм зүйл болсон юм гэжээ. /хх-57-58/,

Гэрч Ж.Мягмарцэрэн мэдүүлэгтээ: Өмнөговь аймгийн Баяндалай сумын эрүүл мэндийн төвд 2021 оны 01 дүгээр сарын 16-ны орой 18 цагт Баяндалай сумаас баруун зүгт Хөнхөр хацавч гэх газар машин онхолдож 1 хүний биеийн байдал муу байна гэж дуудлага ирээд Би яваад очиход Ноён сумын эрүүл мэндийн төвийн түргэний машин их эмч Цэндсүрэн түрүүлж очоод Т гэж хүнийг түргэний машинд оруулаад эмчилгээ эхэлсэн байсан. Тэгээд Т гэж хүний биеийн байдал нь маш хүнд, ухаангүй амин үзүүлэлтүүд буурсан, их даарсан судас нарийссан байсан. Судсаар эмчилгээ хийх боломжгүй байсан тул булчинд тариа хийж Баяндалай сумын эмнэлэг рүү Ноён сумын эрүүл мэндийн түргэний машинаар хүчил төрөгч залган зөөвөрлөсөн. Баяндалай сумын эрүүл мэндийн төвд ирээд нас барсан... Т гэж эмэгтэй хүнийг Ноён сумын эрүүл мэндийн төвийн түргэний машинд оруулж эврүүлж их эмч Цэндсүрэн эмчилгээ эхэлсэн байсан. Т гэж хүний биеийн байдал нь ил харагдах гэмтэл байхгүй, ухаангүй байдалтай байсан. Хамт явсан хүмүүс нь машин онхолдох үед машинаас шидүүлсэн гэж ярьж байсан гэжээ. /хх-62/,

Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 12 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: Талийгаач О.Тгийн биед суурийн дунд хонхрын баруун хэсгээс арагш хөндлөн ховилоор дайрч дагзны доод хэсэг хүртэл үргэлжилсэн, цээжний баруун талын 5, 6, 7, 8-р хавирга, өвчүү яс, баруун дунд чөмөгний далд хугарал, цээжний хөндийн цусан хураа /1600 мл/, зүрхний орой, ховдол, тосгуурын ханын урагдал, элэгний эдийн няцрал, холбоос дагасан цус хуралт, зүүн хөмсөг, зүүн хацар, эрүү, хэвлий, нуруу, баруун, зуум өвдөгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтлүүд нь зам тээврийн ослын улмаас хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой. Талийгаач О.Тгийн биед үхэлд хүргэх архаг, хууч өвчин тогтоогдсонгүй. Талийгаач О.Т нь хавсарсан олон хүнд гэмтлийн улмаас нас баржээ гэжээ. /хх-64-67/,

Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 100 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: Ү.Аийн биед духанд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх хугацаанд , үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. Ү.Аийн биед учирсан гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй гэжээ. /хх-69-70/,

Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 99 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: Э.Агийн биед зулайд зулгаралт, зүүн хөлийн 1-р хуруунд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой. Э.Агийн биед учирсан гэмтэл нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй гэжээ. /хх-73-74/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 534 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: Шинжилгээнд ирүүлсэн хаймар дугуйн обуд хагарсан, дотуур хаймар хагарсан гэмтлүүдтэй байна. Хаймар дугуй гэмтэлгүй байна. Обудад үүссэн гэмтэл олон удаагийн үйлчлэлээр үүссэн гэмтэл байна. Шинжилгээнд ирүүлсэн хаймар дугуйнд үүссэн гэмтэл ослын үед үүссэн байх үндэслэлтэй тул дээрх гэмтэл нь осол гарахад нөлөөлөхгүй гэжээ. /хх-78-80/,

Автотээврийн үндэсний төвийн 2021 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 21/06 дугаартай дүгнэлтэд: Копуд болон урд нүүр, урд салхины шил, дээвэр, зүүн гар талын хойд хэсэг, багажны хаалга, багажны хаалганы шил хагарсан, зүүн гар талын хойд гэрлийн бүрхүүлт шил хагарч хуниралдан гажиж, уг тээврийн хэрэгслийн кузов бүрэн гажсан байна дотор талын тоноглолууд эвдэрсэн, зүүн гар талын урд болон хойд хаалганы шилнүүд хагарсан, автотээврийн хэрэгслийн дээвэр болон салхины шил тогтоогч багананууд дотогш хонхойж, кузов баруун гар тийш гажсан ба дотор салоны бүх аюулгүй байдлын тоноглолууд хуниралдаж ашиглах боломжгүй болсон зэрэг эвдрэл гэмтлүүдтэй байна. Дээрх тээврийн хэрэгслийн жолооны механизм, тоормосны систем, явах эд анги ямар эвдрэл гэмтэлтэй байгааг тодорхойлох боломжгүй. Учир нь уг автотээврийн хэрэгсэл нь асах боломжгүй, хөдлөх боломжгүй тул тоног төхөөрөмжөөр үзлэг хийх боломжгүй байгаа тул ямар эвдрэл гэмтэлтэй байгааг бид тодорхойлох боломжгүй. Уг автотээврийн хэрэгслийн дугуйнд эвдрэл гэмтэл учирсан эсэхийг бид тодорхойлох боломжгүй. Уг автотээврийн хэрэгсэл нь бүрэн бус болон дугуйнд хагарал эвдрэлтэй бол энэ нь ослоос үүдэлтэй хагарал, эвдрэл ослын өмнөх хагарал, эвдрэл аль нь болох, энэ нь зам тээврийн осол гарахад нөлөөлсөн эсэхийг бид тодорхойлох боломжгүй гэжээ. /хх-90-92/,

Хас үнэлгээ ХХК-ийн 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 335 дугаартай дүгнэлтэд: авто машины эвдрэл, хохирлын үнэлгээ 7.015.000 төгрөг гэжээ. /хх-35-36/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 02 дугаар сарын 951 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: Шинжилгээнд ирүүлсэн “60 н.эм О.Т Баяндалай” гэсэн хаягтай цуснаас спиртийн агууламж илрээгүй гэжээ. /хх-103-104/,

Өмнөговь аймаг дахь цагдаагийн газрын замын цагдаагийн тасгийн шинжээчийн дүгнэлтэд: Ланд круйзер 80 маркийн 20-87 өмө улсын дугаартай автомашины жолоодож явсан Б.Э нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.1 дэх хэсэгт заасан “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна” гэсэн заалтуудыг зөрчсөн. Осол болох үед цас орж шороон замын гадаргуу дээр халтиргаа үүссэн байсан нь хавтаст хэрэгт авагдсан хэргийн газрын үзлэг, фото зураг, гэрчийн мэдүүлгээр тогтоогдож байх тул зам тээврийн осол гарахад цаг агаар, замын нөхцөл байдал нөлөөлсөн. Осол гарах үед Ланд круйзер 80 маркийн 20-87 өмө улсын дугаартай автомашин хэдэн километр цагийн хурдтай явсаныг тодорхойлох боломжгүй байна гэжээ. /хх-108/,

Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 98 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: Б.Э-н биед гэмтэл тогтоогдсонгүй гэжээ. /хх-110-111/,

Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл /хх-7/,

Гэрэл зургийн үзүүлэлт /хх-8-17/,

Зам тээрийн ослын газрын схем зураг /хх-18/,

Жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /хх-19-20/,

Үзлэг хийсэн тэмдэглэл /хх-21-33/,

Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-34-35/,

Гэрэл зургийн үзүүлэлт /хх-37-41/,

Эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл /хх-44/,

Ноён сумын сайран багийн засаг даргын тодорхойлолт /хх-122/,

Иргэний үнэмлэх, жолоочийн үнэмлэх, тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хх-123/,

Дээд боловсролын гэрчилгээний хуулбар /хх-124-125/,

Төрсний гэрчилгээний хуулбар /хх-126-128/,

Эвлэрлийн гэрээ /хх-129/,

Хохирогч Ц.Оийн “...Б.Э нь бидний зүгээс нэхэмжилсэн хохирлын мөнгө болох 22.291.332 төгрөгийг төлж барагдуулж, биднийг хохиролгүй болгосон тул ямар нэгэн гомдол саналгүй болж эвлэрлийн гэрээ байгуулж байгааг үүгээр илэрхийлж байна” гэжээ /хх-130/,

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-132/,

Хаан банкны орлогын мэдүүлэг /хх-133/,

Банк түүний харилцагч нарын талаарх мэдээлэл /хх-135-140/,

Талийгаач О.Тгийн нас барсны гэрчилгээний болон иргэний үнэмлэхийн хуулбар /хх-143/,

Хохирол төлбөр нэхэмжилсэн хүсэлт, баримт /хх-144-164/,

Түргэн тусламжийн дуудлагын хуудас /хх-167/,

Өмнөговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорт гаргасан “Б.Э миний бие авто тээврийн осол гаргаж 1 хүний амь нас хохирсон өөрийн гэм буруугаа хүлээн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Од хохирлын мөнгөн төлбөр болох 22.311.500 төгрөг төлж барагдуулсан. Хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч  Ц.Отэй эвлэрлийн гэрээ байгуулсан тул хүсэлт гаргаж байна. Хялбаршуулсан журмаар хянан  шийдвэрлэж өгнө үү...” гэх хүсэлт /хх-173/,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч Ц.Оийн “...Б.Э-с хохирлын мөнгө, оршуулгын зардалд 22.311.500 төгрөгийг өөрийн дансанд авсан. Иймд бидний хүссэн хохирлыг бүрэн барагдуулсан тул бид цаашид гомдолгүй бөгөөд дээрх хэргийг хялбаршуулсан байдлаар хурдан шийдвэрлүүлэх хүсэлтэй байна.” гэх хүсэлт /хх-174/,

 Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай 2021 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 16 дугаартай прокурорын тогтоол /хх-175-176/,

Прокурорын санал /хх-182/ зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч Б.Э-д холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэрэгт тооцно, мөн хуулийн 2.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт гэмт хэрэг үйлдэж хохирол учирсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно гэж заасан бөгөөд шүүгдэгч Б.Э-н гэмт үйлдэл, түүний улмаас учирсан үр дагаврыг хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгож нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр нотлох баримтыг шүүх өөрийн дотоод итгэлээр үнэлж шийдвэрлэв.

Шүүгдэгч Б.Э-д холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй.

Шүүгдэгч Б.Э-н нийгэмд аюултай, гэмт хэргийн шинжийг агуулсан үйлдэл нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байх тул Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч Б.Э нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр прокурорт хүсэлт гаргаж 2021 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 16 дугаартай прокурорын тогтоол /хх-175/-оор хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр тогтож яллах дүгнэлт үйлдэж шүүхэд хэргийг шилжүүлсэн.

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан үндсэн 5 нөхцөл байдлыг хянаж шүүгдэгч Б.Э-д холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

Шүүгдэгч Б.Э нь Өмнөговь аймгийн Баяндалай сумаас баруун зүгт 50 км байх Хөнхөр хацавч гэх газарт 2021 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр 20-87 ӨМӨ улсын дугаартай Ланд круйзер-80 маркийн автомашин жолоодож яваад Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.1 дэх хэсэгт заасан “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна” гэх  заалтыг зөрчиж зам тээврийн осол гаргасны улмаас О.Тгийн амь нас хохирсон болох нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Оийн мэдүүлэг /хх-48-49/, гэрч Ү.А, Х.Ү, Т.Б, Ж.Мягмарцэрэн нарын мэдүүлэг /хх-52-53, 55, 57-58, 62/, Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 12 дугаартай шинжээчийн: “Талийгаач О.Тгийн биед суурийн дунд хонхрын баруун хэсгээс арагш хөндлөн ховилоор дайрч дагзны доод хэсэг хүртэл үргэлжилсэн, цээжний баруун талын 5, 6, 7, 8-р хавирга, өвчүү яс, баруун дунд чөмөгний далд хугарал, цээжний хөндийн цусан хураа /1600 мл/, зүрхний орой, ховдол, тосгуурын ханын урагдал, элэгний эдийн няцрал, холбоос дагасан цус хуралт, зүүн хөмсөг, зүүн хацар, эрүү, хэвлий, нуруу, баруун, зуум өвдөгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтлүүд нь зам тээврийн ослын улмаас хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой. Талийгаач О.Тгийн биед үхэлд хүргэх архаг, хууч өвчин тогтоогдсонгүй. Талийгаач О.Т нь хавсарсан олон хүнд гэмтлийн улмаас нас баржээ.” гэх дүгнэлт /хх-64-67/, Өмнөговь аймаг дахь цагдаагийн газрын замын цагдаагийн тасгийн шинжээчийн “ Ланд круйзер 80 маркийн 20-87 өмө улсын дугаартай автомашиныг жолоодож явсан Б.Э нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.1 дэх хэсэгт заасан “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна” гэсэн заалтуудыг зөрчсөн. Осол болох үед цас орж шороон замын гадаргуу дээр халтиргаа үүссэн байсан нь хавтаст хэрэгт авагдсан хэргийн газрын үзлэг, фото зураг, гэрчийн мэдүүлгээр тогтоогдож байх тул зам тээврийн осол гарахад цаг агаар, замын нөхцөл байдал нөлөөлсөн. Осол гарах үед Ланд круйзер 80 маркийн 20-87 өмө улсын дугаартай автомашин хэдэн километр цагийн хурдтай явсаныг тодорхойлох боломжгүй байна гэх дүгнэлт /хх-108/, Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл /хх-7/, Гэрэл зургийн үзүүлэлт /хх-8-17/, Зам тээрийн ослын газрын схем зураг /хх-18/, Жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /хх-19-20/, Үзлэг хийсэн тэмдэглэл /хх-21-33/, Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-34-35/, Гэрэл зургийн үзүүлэлт /хх-37-41/, Талийгаач О.Тгийн нас барсны гэрчилгээний болон иргэний үнэмлэхийн хуулбар /хх-143/, шүүгдэгч Б.Э-н үйлдсэн гэмт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдож байна.

Замын хөдөлгөөний дүрмийн 1.2-т “Жолооч” гэж тээврийн хэрэгсэл жолоодож яваа хүн. Жолоодлогын дадлага хийлгэж яваа багш, замаар ердийн хөсөг унаж, хөтөлж яваа хүнийг жолоочид хамааруулна гэж заасан шүүгдэгч Б.Э нь тус хэрэг гарах үед 20-87 ӨМӨ улсын дугаартай Тоёота Ланд круйзер 80 маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явсан В, С, М ангиллын жолооч мөн болох нь эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн  1100170 дугаартай жолоочийн үнэмлэх, гэрч, шүүгдэгч нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтаар тогтоогдсон.

Мөн дүрмийн 1.2-т “Зам тээврийн осол” гэж тээврийн хэрэгслийн хөдөлгөөнөөс үүдэн хүний амь нас, эрүүл мэнд хохирох, тээврийн хэрэгсэл болон зам, замын байгууламж эвдэрч гэмтэх, ачаа болон бусад эд хөрөнгийн хохирол учрах явдал гэж тодорхойлсон байх бөгөөд шүүгдэгч Б.Э нь 2021 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр Өмнөговь аймгийн Баяндалай сумаас баруун зүгт 50 кмт байх Хөнхөр хацавч гэх газарт 20-87 ӨМӨ улсын дугаартай Ланд круйзер-80 маркийн автомашин жолоодож явахдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.1 дэх хэсэгт заасан заалтыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж  тээврийн хэрэгсэлд зорчиж явсан О.Тгийн амь насыг хохирсон болох нь дээрх байдлаар тогтоогдсон.  

Зам тээврийн ослын үед шүүгдэгч Б.Э-н жолоодож явсан 20-87 ӨМӨ улсын дугаартай Тоёота Ланд круйзер  80 маркийн тээврийн хэрэгслийн эзэмшигч нь Х.Ү гэх хүний  бүртгэлтэй байх боловч шүүгдэгч тус  тээврийн хэрэгслийг эзэмших, ашиглах эрхтэй болох нь гэрч Х.Үын “...20-87 ӨМӨ улсын дугаартай Ланд круйзер 80 маркийн авто машиныг хүргэндээ зарсан бөгөөд манай нутагт бороо ороогүй улмаас отор нүүдэл хийж яваад машины нэрийг шилжүүлж өгч чадаагүй байсан юм...” гэх мэдүүлэг /хх-55/, шүүгдэгч Б.Э-н “...Би уг тээврийн хэрэгслийг өөрийн нэр дээр шилжүүлж авч амжаагүй байгаа...миний эзэмшлийнх” гэх мэдүүлэг зэргээр тогтоогдож байна. 

Зам тээврийн ослын улмаас шүүгдэгч Б.Э-н тээврийн хэрэгсэлд 7.015.000 төгрөгийн техникийн эвдрэл, хохирол учирсан болох нь Хас үнэлгээ ХХК-ийн 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 335 дугаартай “...авто машины эвдрэл, хохирлын үнэлгээ 7.015.000 төгрөг...” /хх-35-36/ гэх шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байх боловч бусдын эд хөрөнгөнд учирсан хохирол гэж үзэх үндэслэлгүй юм.

Хавтаст хэргийн 19 дүгээр талд авагдсан жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгахад “...шүүгдэгч Б.Э-н согтуурлыг шалгахад 0.00 байна...” гэх тэмдэглэл /хх-19/, гэрэл зургийн 0.00  гэх үзүүлэлт /хх-20/,

Мөн шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 951 дугаартай шинжээчийн “Шинжилгээнд ирүүлсэн “60 н.эм О.Т Баяндалай” гэсэн хаягтай цуснаас спиртийн агууламж илрээгүй...” гэх дүгнэлт /хх-103-104/-ээр зам тээврийн осол гарах үед талийгаач, шүүгдэгч нар нь согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан болох нь тогтоогдож байна.

Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 100 дугаартай шинжээчийн “Ү.Аийн биед духанд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх хугацаанд , үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. Ү.Аийн биед учирсан гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй...” гэх дүгнэлт /хх-69-70/, шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 99 дугаартай шинжээчийн “ Э.Агийн биед зулайд зулгаралт, зүүн хөлийн 1-р хуруунд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой. Э.Агийн биед учирсан гэмтэл нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй ...” гэх дүгнэлт  /хх-73-74/, шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 98 дугаартай шинжээчийн “...Б.Э-н биед гэмтэл тогтоогдсонгүй...” гэх дүгнэлт /хх-110-111/-ээр тус зам тээврийн ослын улмаас тээврийн хэрэгсэлд зорчиж явсан Ү.А, Э.А, жолооч, шүүгдэгч Б.Э нарын биед  эрүүл мэндийг сарниулах  гэмтлийн зэрэг тогтоогдоогүй байна.

Шүүгдэгч Б.Э-н үйлдсэн гэмт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, Өмнөговь аймгийн Прокурорын газарт гаргасан “Б.Э миний бие авто тээврийн осол гаргаж 1 хүний амь нас хохироосон, өөрийн гэм буруугаа хүлээн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч  Ц.Од хохирлын мөнгөн төлбөр болох 22.311.500 төгрөг төлж барагдуулсан. Хууль ёсны төлөөлөгч Ц.Отэй эвлэрлийн гэрээ байгуулсан. Хялбаршуулсан журмаар хянан  шийдвэрлэж өгнө үү” гэх хүсэлт /хх-173/ зэрэг нотлох баримтаар шүүгдэгч Б.Э-г гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн гэж үзэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Б.Э нь  Прокуророос санал болгосон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж,  1 жил 6 сарын хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т зааснаар тэнссэн хугацаанд оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах тухай саналтай танилцан гарын үсэг зурж санал хүсэлт гаргаагүй тул  сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн гэж үзэх үндэслэлтэй.

Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тогтоол, прокурорын саналтай шүүгдэгч Б.Э нь танилцан гарын үсэг зурж баталгаажуулсан байх тул гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэснээс үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон гэж үзэхээр байна.

Шүүгдэгч Б.Э нь хувийн байдлын тухайд ................................. зэргээр тогтоогдож байна.

Шүүгдэгч Б.Э-н үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 заасны дагуу тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас  учирсан хохирол төлбөр төлж барагдуулсныг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус  тооцлоо.

Харин шүүгдэгчийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж үзлээ.

Иймд шүүгдэгч Б.Э-г  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 Улсын яллагч шүүгдэгч Б.Э-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж,  1 жил 6 сарын хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т зааснаар тэнссэн хугацаанд оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах санал, дүгнэлт гаргасан бөгөөд шүүх шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн шинж чанар, хэр хэмжээ,хувийн байдал, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн гомдол саналгүй гэх санал хүсэлтийг тус тус харгалзан прокурорын саналын хүрээнд эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр дээрх эрүүгийн хариуцлагыг оногдуулж шийдвэрлэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2, 1.3 дугаар зүйлд заасан хууль ёсны болон шударга ёсны зарчим, мөн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгод  тус тус нийцнэ гэж дүгнэв.

Шүүгдэгч Б.Э-н тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар эрх хасах ялыг албадлагын арга хэмжээ авагдсан үеэс хугацааг тоолохоор тогтов.

Шүүгдэгч Б.Э нь үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх уг албадлагын арга хэмжээ авагдсан шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.1 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн бол тухайн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлсэн байдлыг харгалзан уг албадлагын арга хэмжээг хүчингүй болгох эсэхийг шүүх шийдвэрлэхийг тус тус мэдэгдэх нь зүйтэй байна.  

Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Э-д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэв. 

Шүүгдэгч Б.Э цагдан хоригдсон хоноггүй, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан шүүгдэгч Б.Э-н жолоочийн  1100170 дугаартай, B.С.М ангилалын үнэмлэхийг тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасаж шийдвэрлэсэн тул  шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц Өмнөговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхийг шүүгчийн туслах М.Хүрэлбаатарт даалгаж, хэрэгт нотлох баримтаар хавсаргаж ирүүлсэн 1 ширхэг СД-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж шийдвэрлэв.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөр хор уршгийн тухайд:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх гэмт хэргийн хохирол хор уршгийг тодорхойлж бодит хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгахад гарах зардлын мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх хэмжээг тогтоохоор хуульд заасан.

Тус гэмт  хэргийн улмаас О.Тгийн амь нас хохирч арилгах боломжгүй хор уршиг бий болсон ба хохирогчийн хууль ёсны төлөөлөгч тус гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг хуульд зааснаар нэхэмжлэх эрхтэй.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-т “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй”.

Мөн тус хуулийн 508 дугаар зүйлийн 508.1-т “Хохирогч нас барсан бол түүнийг оршуулахтай холбогдсон зайлшгүй зардал болон гэм хор учруулсны төлбөрийг түүний өв залгамжлагч шаардах эрхтэй” гэж заасны дагуу хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч Ц.О нь гэм буруутай этгээд болох шүүгдэгч Б.Э-с гэмт хэргийн улмаас учирсан мөнгөн дүнгээр илэрхийлсэн хор уршгийг нэхэмжлэх эрхтэй байна.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч Ц.О нь хавтаст хэргийн 144-164 дүгээр талд авагдсан нотлох баримтаар оршуулгын зардалд 22.291.332 төгрөгийг нэхэмжилсэн байх ба шүүгдэгч Б.Э нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч Ц.Отэй эвлэрлийн гэрээ байгуулж оршуулгын зардалд 22.311.500 төгрөг төлсөн болох нь Эвлэрлийн гэрээ /хх-129/, Хохирогч Ц.Оийн “...Б.Э нь бидний зүгээс нэхэмжилсэн хохирлын мөнгө болох 22.291.332 төгрөгийг төлж барагдуулж, биднийг хохиролгүй болгосон тул ямар нэгэн гомдол саналгүй болж эвлэрлийн гэрээ байгуулж байгааг үүгээр илэрхийлж байна” гэх хүсэлт /хх-130/, шүүгдэгч Б.Э-н “Б.Э миний бие авто тээврийн осол гаргаж 1 хүний амь нас хохирсон өөрийн гэм буруугаа хүлээн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Од хохирлын мөнгөн төлбөр болох 22.311.500 төгрөг төлж барагдуулсан. Хууль ёсны төлөөлөгч Ц.Отэй эвлэрлийн гэрээ байгуулсан тул хүсэлт гаргаж байна. Хялбаршуулсан журмаар хянан  шийдвэрлэж өгнө үү” гэх хүсэлт, Хаан банкны орлогын мэдүүлэг /хх-133/ зэргээр  22.311.500 төгрөгийг төлж барагдуулсан болох  нь тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Б.Э-г бусдад төлөх хохирол төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгч Б.Э-н хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч Ц.Од илүү төлсөн 20.168 төгрөгийн талаар хэргийн оролцогч талууд маргаагүй болохыг дурдах нь зүйтэй.

Шүүгдэгч Б.Э нь өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй шүүх хуралдаанд оролцох хүсэлтээ бичгээр шүүхэд гаргасан тул Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэгт заасан “өөрийгөө өмгөөлөх эрх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан шүүх шүүгдэгч өөрийгөө өмгөөлөх, эсхүл өмгөөлүүлэх, хууль зүйн туслалцаа авах эрхээ эдлэх боломжоор хангана.” гэсэн эрхийг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хангаж ажилласан ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлд заасан өмгөөлөгчийг оролцуулах үндэслэл тогтоогдохгүй байна гэж үзэж хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 2, 3, 4, 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2 , 3, 4 дэх хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овгийн Б-н Э-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э-н тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3  /гурав/ жилийн хугацаагаар хасаж,  1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т зааснаар шүүгдэгч Б.Э-д тэнссэн хугацаанд оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.  

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э-н 3 /гурав/ жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялыг албадлагын арга хэмжээ авсан үеэс хугацааг тоолсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э нь үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх уг албадлагын арга хэмжээ авагдсан шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.1 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн бол тухайн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлсэн байдлыг харгалзан уг албадлагын арга хэмжээг хүчингүй болгох эсэхийг шүүх шийдвэрлэхийг дурдсугай. 

7. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Э-д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг авсугай.

8. Шүүгдэгч Б.Э цагдан хоригдсон хоноггүй, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

  9. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан шүүгдэгч Б.Э-н 1100170 дугаартай, B, С, М ангиллын жолоочийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц Өмнөговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхийг шүүгчийн туслах М.Хүрэлбаатарт даалгаж, хэрэгт нотлох баримтаар хавсаргаж ирүүлсэн 1 ширхэг СД-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргасугай.

10. Шүүгдэгч Б.Э хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч Ц.Од оршуулгын зардалд 22.311.500 /хорин хоёр сая гурван зуун арван нэгэн мянга таван зуу/  төгрөг төлсөн болохыг дурдсугай.

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд  зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш шүүгдэгч, хохирогч түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар 14  хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай..

12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг, шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шийтгэх тогтоолын биелэлт түдгэлзэж, шүүгдэгч Б.Э-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэвээр үргэлжлэхийг тус тус мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Э.ОЮУН-ЭРДЭНЭ