Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2017 оны 03 сарын 17 өдөр

Дугаар 240

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн

    зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

            Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Дэлгэрцэцэг би,

           Нэхэмжлэгч: Увс аймгийн Өндөрхангай сумын Сум хөгжүүлэх сангийн нэхэмжлэлтэй,

         Хариуцагч: Увс аймгийн Өндөрхангай сумын 5 дугаар баг, 9-29 тоотод оршин суух, 1974 онд төрсөн, 43 настай, эмэгтэй, регистрийн дугаар ОК74020803, Бухынхан овогт Жалцанноровын Дарьсүрэнд холбогдох,

       Зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг 6.495.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 2 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

        Нэхэмжлэгч Увс аймгийн Өндөрхангай сумын Сум хөгжүүлэх санг төлөөлж тус сумын Засаг дарга Ц.Сундуй шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Ж.Дарьсүрэн нь 2015 оны 2 дугаар сарын 26-ны өдөр Өндөрхангай сумын Сум хөгжүүлэх сангаас ноос боловсруулах чиглэлээр 6.000.000 төгрөгийг сарын 0,25 хувийн хүүтэйгээр 1,5 жилийн хугацаатай, хөнгөлөлттэй нөхцлөөр гэрээ байгуулан зээл авсан. Гэрээнд заасан эргэн төлөлтийн графикийн дагуу төлөлтөө хийхээр гэрээнд тусгасан болно. Зээлийн гэрээний дагуу 2016 оны 8 дугаар сарын 26-нд төлж барагдуулах ёстой. Уг зээлийн гэрээ бичгээр хийгдэж наториатаар баталгаажсан ба үндсэн зээлийн төлөгдөөгүй үлдэгдэлд хугацаа хэтэрсэн сараар тооцон торгууль ногдуулахаар заасан болно. Ж.Дарьсүрэнд зээлийн гэрээний хуваарийн дагуу зээлийн эргэн төлөлтөө хийхийг удаа дараа шаардаж мэдэгдэл хүргүүлсэн. Аудитын газрын 2016 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн актын зөрчлийг арилгуулахаар хугацаатай мэдэгдэл өгч гарын үсэг зуруулсан боловч өнөөг хүртэл зээлийн эргэн төлөлтөө хийгээгүй. Зээлийн эргэн төлөлтийн хугацаа 11 сараар хэтэрсэн. Ж.Дарьсүрэн нь гэрээний дагуу төлөлтөө хийхгүй, гэрээний эргэн төлөлтийн хуваарийг зөрчиж 6.000.000 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа тул гэрээнд заасны дагуу, зээлийн үлдэгдэл 6.000.000 төгрөг, зээлийн хүү 217.500 төгрөг, алданги 255.000 төгрөг, аудитын торгууль 22.500 төгрөг, нийт 6.495.000 төгрөг, гаргуулж Сум хөгжүүлэх санг хохиролгүй болгож өгнө үү”  гэжээ. 

      Хариуцагч Ж.Дарьсүрэн шүүхэд гаргасан тайлбартаа: “Миний бие Өндөрхангай сумын Сум хөгжүүлэх сангийн нэхэмжлэлтэй танилцлаа. Би 6.000.000 төгрөг авсан нь үнэн. Одоо нэхэмжилж байгаа хүү, алданги, торгууль нийт 6.495.000 төгрөгийг хүлэн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү“ гэжээ.

         Шүүх зохигчдын тайлбар болон хавтаст хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

        Нэхэмжлэгч Увс аймгийн Өндөрхангай сумын Сум хөгжүүлэх сан нь хариуцагч Ж.Дарьсүрэнгээс зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг 6.495.000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.       

   Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Ж.Дарьсүрэн нь нэхэмжлэгч Увс аймгийн Өндөрхангай сумын Сум хөгжүүлэх сангийн нэхэмжлэлийн шаардлага болох зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг 6.495.000 төгрөгийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрсөн болох нь хариуцагчийн тайлбараар нотлогдож байна. Иймд хариуцагч Ж.Дарьсүрэн нь нэхэмжлэгч Увс аймгийн Өндөрхангай сумын Сум хөгжүүлэх сангийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

         Хариуцагч Ж.Дарьсүрэн нь нэхэмжлэгч Увс аймгийн Өндөрхангай сумын Сум хөгжүүлэх сангийн  нэхэмжлэлийн шаардлага болох зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг 6.495.000 төгрөгийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрсөн ба үүргээ биелүүлээгүй тохиолдолд уг шүүгчийн захирамжийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-т зааснаар шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдах нь зүйтэй. 

       Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар нэхэмжлэгч Увс аймгийн Өндөрхангай сумын Сум хөгжүүлэх сангийн нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн ба хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж байгаа тул нэхэмжлэлийн шаардлага 6.495.000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 118.870 төгрөгийг тал хувиар бууруулан тооцож, хариуцагч Ж.Дарьсүрэнгээс 59.435 төгрөг гаргуулан төрийн санд оруулах нь зүйтэй байна. 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

      1. Нэхэмжлэгч Увс аймгийн Өндөрхангай сумын Сум хөгжүүлэх сангийн зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг 6.495.000 /зургаан сая дөрвөн зуун ерэн таван мянга/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Ж.Дарьсүрэн хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

            2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар нэхэмжлэгч Увс аймгийн Өндөрхангай сумын Сум хөгжүүлэх сангийн нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар хариуцагч Ж.Дарьсүрэнгээс улсын тэмдэгтийн хураамж 59.435 /тавин есөн мянга дөрвөн зуун гучин тав/ төгрөг гаргуулан төрийн сангийн 150000941 тоот дансанд оруулсугай.

           3. Иргэний  хэрэг  шүүхэд  хянан  шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн  75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Ж.Дарьсүрэн сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигчид шүүгчийн захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.

 

 

ШҮҮГЧ                                 Л.ДЭЛГЭРЦЭЦЭГ