Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 04 сарын 02 өдөр

Дугаар 2021/ШЦТ/457

 

 

 

 

  2021        04          02                                        2021/ШЦТ/457

 

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Дариймаа,

улсын яллагч К.Чимгээ,

хохирогч шүүгдэгч Ц.Х.,

хохирогч шүүгдэгч Б.С. нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар, Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Ш. овогт Ц.ын Х., Б. овогт Б.ийн С. нарт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2006 04475 0201 дугаартай хэргийг 2021 оны 03 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1995 оны 08 дугаар сарын 02-ны өдөр Дорнод аймгийн Дашбалбар суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, пулемётчин мэргэжилтэй, “Өнө монгол гэр” ХХК-д мужаан ажилтай, ам бүл 3, урьд

- Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн 215 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1 дэх хэсэгт зааснаар 4 жил 8 сарын хугацаагаар хорих ялаар,

- Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 736 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэгдэж байсан,

Ш. овогт Ц.ын Х..

Монгол Улсын иргэн, 2000 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр Булган аймгийн Гурванбулаг суманд төрсөн, 20 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, нярав мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, Б. овогт Б.ийн С..

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ц.Х., Б.С. нар нь 2020 оны 11 дүгээр сарын 07-08-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Дунд дарь эхийн орчимд харилцан зодолдож, улмаар бие биеийнхээ эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.                                                                                                                           /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

 

     Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч шүүгдэгч Ц.Х. мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй.” гэв.

     Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч шүүгдэгч Б.С. мэдүүлэхдээ: “Ц.Х.ын биед хөнгөн хохирол учруулсан гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Харин толгойн томографи зураг 120.000 төгрөгөөр авахуулсан, миний куртик урагдсан, үнийг нь нэхэмжилнэ. Мөн миний нүүрэнд сорви үлдсэн, үүнийг Ц.Х.аас гаргуулмаар байна.” гэв.

Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

- Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай мөрдөгчийн тэмдэглэл /хх-ийн 4/,

- Хохирогч Б.С.ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “2020 оны 11 дүгээр сарын 06-07-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт дунд буудлын автобусны буудлын хажууд дүү Отгонбаяртай явган алхаад явж байсан. Тэгтэл замын хажууд зогсож байсан үл таних 2 залуугаас би тамхи байна уу гэж асуухад үл таних залуу байхгүй гэхээр нь уучлаарай гээд цаашаа хараад явж байхад үл таних залуу газраас чулуу аваад миний зүүн талын чих рүү нэг удаа цохихоор нь би түүнтэй болиоч гээд ноцолдсон. Тэгээд ноцолдож байгаад хэн хэндээ гай болоод яахав, одоо зүгээр ингээд салъя, миний баруун гар оёдолтой байгаа болохоор зүүн гараараа гар бариад салъя гэсэн. Тэгтэл чи намайг Дарь эхэд мэдэх үү, чи намайг барахгүй юм байна, гэхдээ хутгалж ална гээд гартаа таарсан цемент чулуу авч шидээд байсан. Тэгэхээр нь би түүний 2 гарыг нь барьж аваад больё гэхэд түүнтэй хамт явсан нэг найз нь намайг хавсарч унагаасан. Тэгтэл үл таних залуу халааснаасаа чулуу гаргаж ирээд дахиад баруун талын шанаа, хөмсөг дайруулаад нэг удаа цохисон. Тэгтэл түүний найзууд нь ирсэн байсан ба танай найз чинь чамайг чулуугаар цохичихлоо гэхэд найз нар нь салгаад явуулсан. Тэгээд би үл таних залуугийн найз нартай дугаараа солилцоод салцгаасан. Тэгээд 2020 оны 11 дүгээр сарын 08-ны өглөө эрүүлжүүлэхээс гарч ирээд надтай уулзаад, уучлалт гуйгаад, “би тасарсан байна, би цагдаад торгуулж байгаа, ажил хийж байгаад 11 сарын 20-д чамтай уулзаад хохирлыг чинь барагдуулна” гэсэн, тэгээд салцгаасан. Би гэртээ очоод толгой өвдөөд байхаар нь түүний 86112479 дугаар луу залгахад утасны эзэн нь байхгүй байна гэхээр нь би цагдаад гомдол гаргахаар болсон.” гэх мэдүүлэг /хх-ийн 6-8/,

- Хохирогч Ц.Х.ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “Би 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр найз Аюуш, Бурмаа, Буякагийн хамтаар кино үзчихээд МУИС-ын хажууд байрлах Цэ нэртэй пабд шар айраг, виски уусан. Тэгээд 11 дүгээр сарын 06-07-нд шилжих шөнө цагийг санахгүй байна Баянзүрх дүүргийн Дарь-Эх орчимд найз Аюушийн хамтаар гэрт очих үедээ үл таних хүмүүстэй маргалдсан. Тэгээд 20 орчим насны 2 эрэгтэй таарсан, тэр 2 эрэгтэйн нэг нь тамхи асуусан. Би тамхи асуусан эрэгтэйд хандан тамхи байхгүй гээд хэлсэн. Тухайн үед би нэлээн согтолттой байсан. Аюуш согтолт нь гайгүй байсан. Нэг ухаан ороход Аюуш намайг чи чулуу аваад  хүн цохичихлоо шүү дээ гэж хэлсэн. Тэр эрэгтэй миний нүүр лүү 2-3 удаа цохиж, цээж гэдэс рүү өшиглөсөн. Би тэр эрэгтэйг цохисон талаараа санахгүй байна. Энэ талаар Аюуш надад хэлсэн.” гэх мэдүүлэг /хх-ийн 14/,

- Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 12985 тоот: “Ц.Х.ын биед тархи доргилт, дээд уруулд цус хуралт, язарсан шарх, баруун хацарт зулгаралт, цээж, баруун гарын 5-р хумсан дор цус хуралт, 5-р хурууны 1-р үений зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэх дүгнэлт /хх-ийн 24/,

- Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 12977 тоот: “Б.С.ийн биед тархи доргилт, баруун нүдний зовхи, хацарт няцарсан шарх, зулгаралт, баруун нүдний алимны салстад цус харвалт, зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний зовхинд цус хуралт, зүүн чихний дэлбэнд зулгаралт, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун өвдөгт зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтлүүд байна. Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” гэх дүгнэлт /хх-ийн 21/,

- “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 26/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.

Ц.Х., Б.С. нар нь 2020 оны 11 дүгээр сарын 07-08-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Дунд дарь эхийн орчимд харилцан зодолдож, улмаар бие биеийнхээ эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

- Хохирогч Б.С.ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “... Тэгтэл түүний найзууд нь ирсэн байсан ба танай найз чинь намайг чулуугаар цохичихлоо гэхэд найз нар нь салгаад явуулсан. Тэгээд би үл таних залуугийн найз нартай дугаараа солилцоод салцгаасан. Тэгээд 2020 оны 11 дүгээр сарын 08-ны өглөө эрүүлжүүлэхээс гарч ирээд надтай уулзаад, уучлалт гуйгаад, “би тасарсан байна, би цагдаад торгуулж байгаа, ажил хийж байгаад 11 сарын 20-д чамтай уулзаад хохирлыг чинь барагдуулна” гэсэн, тэгээд салцгаасан. Би гэртээ очоод толгой өвдөөд байхаар нь түүний 86112479 дугаар луу залгахад утасны эзэн нь байхгүй байна гэхээр нь би цагдаад гомдол гаргахаар болсон.” гэх мэдүүлэг /хх-ийн 6-8/,

- Хохирогч Ц.Х.ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Тухайн үед би нэлээн согтолттой байсан. Аюуш согтолт нь гайгүй байсан. Нэг ухаан ороход Аюуш намайг чи чулуу аваад  хүн цохичихлоо шүү дээ гэж хэлсэн. Тэр эрэгтэй миний нүүр лүү 2-3 удаа цохиж, цээж гэдэс рүү өшиглөсөн. Би тэр эрэгтэйг цохисон талаараа санахгүй байна. Энэ талаар Аюуш надад хэлсэн.” гэх мэдүүлэг /хх-ийн 14/,

- Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 12985 дугаартай дүгнэлт /хх-ийн 24/

- Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 11 дүгээр  сарын 09-ний өдрийн 12977 тоот дүгнэлт /хх-ийн 21/ зэрэг бичмэл нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Ц.Х., Б.С. нарыг харилцан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох үндэслэлтэй байна гэж шүүх үзэв.

Шүүгдэгч Ц.Х., Б.С. нарт прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Хохирогч шүүгдэгч Б.С. нь толгойн томографи зураг авахуулсан 120.000 төгрөгийн баримтыг мөрдөгчид өгсөн боловч хэрэгт хавсаргаагүй байсан гэж мэдүүлж, 120.000 төгрөг, куртканы үнэ 72.000 төгрөгийг тус тус нэхэмжилсэнийг Ц.Х.аас гаргуулж олгохоор шийдвэрлэлээ. Б.С. нь нүүрэнд учирсан сорвийг эмчлүүлсний дараа нотлох баримтаа бүрдүүлэн нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээх нь зүйтэй байна.

Хохирогч шүүгдэгч Ц.Х. нь Б.С.оос нэхэмжилсэн зүйлгүй болно.    

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх шүүгдэгч Ц.Х.т ял оногдуулахад Эрүүгийн хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр, түүнээс дээш удаа үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, Б.С. нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөлд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байгааг харгалзан үзсэн болно.

Шүүх шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгч нарын хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг тус тус харгалзан үзэж, шүүгдэгч Ц.Х.т 900.000 төгрөгөөр торгох ял, шүүгдэгч Б.С.ид 450.000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгэж шийдвэрлэв.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

        ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ш. овогт Ц.ын Х., Б. овогт Б.ийн С. нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Х.т 900 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900.000 төгрөгөөр, Б.С.ид 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000  төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар  Ц.Х.т оногдуулсан 900.000 төгрөг, Б.С.ид оногдуулсан 450.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Ц.Х., Б.С. нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.  

            5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар Ц.Х.аас 192.000 төгрөгийн гаргуулан хохирогч шүүгдэгч Б.С.ид олгосугай.

            6. Хохирогч Б.С. нь нүүрэнд учирсан сорвийг арилгасан зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

            7. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурдсугай.

           8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

           9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Д.МӨНХТУЯА