| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дагвадоржийн Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 105/2021/0410/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/458 |
| Огноо | 2021-04-02 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | К.Чимгээ |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 04 сарын 02 өдөр
Дугаар 2021/ШЦТ/458
2021 04 02 2021/ШЦТ/458
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Дариймаа,
улсын яллагч К.Чимгээ,
шүүгдэгч О.Э. нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар, Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Ү. овогт О.ын Э.т яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн 2106 00765 0511 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 03 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1999 оны 08 дугаар сарын 13-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 7, аав, ээж, 4 дүүгийн хамт оршин суух, Ү. овогт О.ын Э..
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч О.Э. нь 2021 оны 03 дугаар сарын 03-ны 23:00 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо, Сэлбийн 8 дугаар гудамжинд насанд хүрээгүй хохирогч Г.Т.тэй таарамжгүй харилцаа үүсгэж, маргалдсаны улмаас түүнийг зодож, толгой руу нь цохиж, Г.Т.ий биед зүүн нүдний доод зовхинд цус хуралт, хацарт зулгаралт, баруун чамархайн хуйханд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, дагзны хуйханд шарх гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
/яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч О.Э. мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй.” гэв.
Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
- Насанд хүрээгүй хохирогч Г.Т.ий мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “2021 оны 03 дугаар сарын 08-ны шөнө 23 цагийн үед Баянзүрх дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт Сэлбийн 8-191 тоот гэртээ гэрээ цэвэрлэж дуусгачихаад дэлгүүр орох гээд найз Отгонбаяр, дүү Тэмүүлэн нарын хамт гарсан. Тэгээд бид 3 өөдөөс нь явж байхад өөрөө ойртож ирээд манай гудамжинд ямар том алхдаг юм бэ гэж хэлэнгүүтээ намайг заамдаад авсан. Тэгэнгүүт нь би зөрүүлж заамдаж аваад тэр бандийг хашаа руу шахсан. Тэр үед манай найз Отгобаяр намайг салгах гээд татсан. Ихэвчлэн миний толгой руу цохисон. Эхлээд нөгөө хоёр нь намайг зодож байсан юм. Тэгэхэд үл таних 2 охин ирчихсэн байсан ба тэдний дундуур орж намайг зодохыг болиулсан. Нэг жижигхэн, намхан банди нь анх эхэлж намайг өдөж хоргоосон. Тэрний дараа 2 найз нь ирсэн юм.” гэх мэдүүлэг /хх-ийн 8/,
- Гэрч Г.Шинэбаярын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “Э. гэнэт гудамжинд алхаж явсан хоёр хүүхдийн нэгийг Сүхээ гэж дуудаж байсан. Тэгээд би явж байгаад эргээд харсан чинь Э. тэр хоёр хүүхдийн нэгтэй нь муудалцаад, тэр танихгүй хүүхэд Э.ийн хоолойноос зууралдаад хашаанд тулгачихсан байсан. Тэгээд очоод салгах гэсэн чинь тэр хоёр зодолдоод эхэлсэн.” гэх мэдүүлэг /хх-ийн 14/,
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 1920 тоот: “Г.Т.ий биед зүүн нүдний доод зовхинд цус хуралт, хацарт зулгаралт, баруун чамархайн хуйханд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, дагзны хуйханд шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.” гэх дүгнэлт /хх-ийн 21-22/,
- О.Э.ийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 46-47/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас О.Э. нь 2021 оны 03 дугаар сарын 03-ны 23:00 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо, Сэлбийн 8 дугаар гудамжинд насанд хүрээгүй хохирогч Г.Т.тэй таарамжгүй харилцаа үүсгэж, маргалдсаны улмаас түүнийг зодож, толгой руу нь цохиж, Г.Т.ий биед зүүн нүдний доод зовхинд цус хуралт, хацарт зулгаралт, баруун чамархайн хуйханд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, дагзны хуйханд шарх гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлжээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдоогүй тул О.Э.т холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
О.Э. нь 2021 оны 03 дугаар сарын 03-ны 23:00 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо, Сэлбийн 8 дугаар гудамжинд насанд хүрээгүй хохирогч Г.Т.тэй таарамжгүй харилцаа үүсгэж, маргалдсаны улмаас түүнийг зодож, толгой руу нь цохиж, Г.Т.ий биед зүүн нүдний доод зовхинд цус хуралт, хацарт зулгаралт, баруун чамархайн хуйханд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, дагзны хуйханд шарх гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:
- Насанд хүрээгүй хохирогч Г.Т.ий мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “2021 оны 03 дугаар сарын 08-ны шөнө 23 цагийн үед Баянзүрх дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт Сэлбийн 8-191 тоот гэртээ гэрээ цэвэрлэж дуусгачихаад дэлгүүр орох гээд найз Отгонбаяр, дүү Тэмүүлэн нарын хамт гарсан. Тэгээд бид 3 өөдөөс нь явж байхад өөрөө ойртож ирээд манай гудамжинд ямар том алхдаг юм бэ гэж хэлэнгүүтээ намайг заамдаад авсан. Тэгэнгүүт нь би зөрүүлж заамдаж аваад тэр бандийг хашаа руу шахсан. Тэр үед манай найз Отгобаяр намайг салгах гээд татсан. Ихэвчлэн миний толгой руу цохисон. Эхлээд нөгөө хоёр нь намайг зодож байсан юм. Тэгэхэд үл таних 2 охин ирчихсэн байсан ба тэдний дундуур орж намайг зодохыг болиулсан. Нэг жижигхэн, намхан банди нь анх эхэлж намайг өдөж хоргоосон. Тэрний дараа 2 найз нь ирсэн юм.” гэх мэдүүлэг /хх-ийн 8/,
- Гэрч Г.Шинэбаярын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “Э. гэнэт гудамжинд алхаж явсан хоёр хүүхдийн нэгийг Сүхээ гэж дуудаж байсан. Тэгээд би явж байгаад эргээд харсан чинь Э. тэр хоёр хүүхдийн нэгтэй нь муудалцаад, тэр танихгүй хүүхэд Э.ийн хоолойноос зууралдаад хашаанд тулгачихсан байсан. Тэгээд очоод салгах гэсэн чинь тэр хоёр зодолдоод эхэлсэн.” гэх мэдүүлэг /хх-ийн 14/,
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 1920 тоот: “Г.Т.ий биед зүүн нүдний доод зовхинд цус хуралт, хацарт зулгаралт, баруун чамархайн хуйханд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, дагзны хуйханд шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.” гэх дүгнэлт /хх-ийн 21-22/,
- О.Э.ийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 46-47/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул О.Э.ийг гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж үзэв.
Хохирогч гомдол саналгүй, хохирол төлөгдсөн байх тул шүүгдэгч О.Э. нь бусдад төлөх төлбөргүй болно.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч О.Э.т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 6.7 дугаар зүйлд заасан нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүгдэгчид прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ү. овогт О.ын Э.ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Э.т 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар О.Э.т оногдуулсан 500.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор төлүүлэхээр тогтоож, О.Э. нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, О.Э.т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.МӨНХТУЯА