Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Дашхүүгийн Цолмон |
Хэргийн индекс | 182/2017/01920/И |
Дугаар | 001/ХТ2018/01853 |
Огноо | 2018-12-14 |
Маргааны төрөл | Хөдөлмөрийн гэрээ, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2018 оны 12 сарын 14 өдөр
Дугаар 001/ХТ2018/01853
Б ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Ц.Амарсайхан даргалж, шүүгч Б.Ундрах, Г.Цагаанцоож, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2018 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 182/ШШ2018/00769 дүгээр шийдвэр,
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2018 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 1523 дугаар магадлалтай
Сангийн яам, Нийслэлийн Засаг даргын Тамгын газарт тус тус холбогдох
Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2017 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн А130 тоот тушаалыг хүчингүй болгуулах, ажлаас үндэслэлгүй халагдсаныг тогтоолгож, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор 6,900,000 төгрөг гаргуулах, Гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр төсөл-1 нэгжийн худалдан авах ажилтны ажлын байр байнгын ажлын байр болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг
Хариуцагч Сангийн яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ганбаяр болон бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн
Шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б , нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Анхзаяа, хариуцагч Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч В.Баттулга, хариуцагч Сангийн яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ганбаяр, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Ганболд, нарийн бичгийн дарга Г.Наранхүү нар оролцов.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Би Азийн хөгжлийн банкны зээлийн хөрөнгөөр хэрэгжиж буй Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр төслийн худалдан авах ажиллагааны мэргэжилтнээр 2014 оны 11 сарын 10-ны өдрөөс Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Б/132 тоот тушаалаар томилогдон ажиллаж ирсэн. Уг төсөл нь Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банкны хооронд 2013 оны 12 сард байгуулан 2015 оны 05 сарын 23-ны өдөр УИХ-аар соёрхон баталсан Санхүүжилтийн ерөнхий хэлэлцээрийн дагуу 2014-2023 он хүртэл хэрэгжих Монгол Улсын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн төсөл хөтөлбөр билээ. Уг төслийн хэрэгжүүлэгч байгууллагаар Улаанбаатар хотын захиргаа ажилладаг. Энэхүү төслийн үйл ажиллагааг Монгол Улсын Сангийн сайдын 2015 оны 07 сарын 10-ны өдрийн 196 дугаар тушаалаар баталж, 2015 оны 08 сарын 21-ний өдөр улсын нэгдсэн бүртгэлийн 3548 дугаарт бүртгэгдсэн Засгийн газрын гадаад зээлийн хөрөнгийг ашиглах, эдгээр хөрөнгөөр санхүүжих төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэх, зохион байгуулах, санхүүжүүлэх, хяналт тавих, үнэлэх журмын дагуу явуулдаг. Энэхүү албан тушаал дээр ажиллах хугацаандаа ажлын байрны тодорхойлолтод заагдсан ажил үүргийг гүйцэтгэж ирсэн бөгөөд энэ хугацаанд аливаа алдаа дутагдал гаргаж байгаагүй болно. Гэтэл төсөл хэрэгжүүлэгч байгууллага болон Сангийн яамны зүгээс миний хөлсөөр ажиллах гэрээг цуцалж, ажлаас чөлөөлөх тушаалыг 2017 оны 05 сарын 04-ний өдөр гаргасан байна. Байнгын өдөр тутмын давтамжтай 9 жил үргэлжлэх төсөл дээр надтай хөлсөөр ажиллах гэрээ байгуулсан атлаа ажил олгогчийн зүгээс бидэнд цалин хөлсийг олгохдоо Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу тогтмол сард 2 удаа бодож олгодог, ажлын 8 цагаар өглөө 08.30-17.30 хүртэл ажиллуулдаг, бидний гүйцэтгэж буй ажил үүрэг нь байнгын хэрэгцээтэй, тогтмол давтагдан хийгддэг зэрэг нөхцөл байдлуудаас үзэхэд миний ажил байнгын ажлын байр болох нь тогтоогдож байна. Иймд Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2017 оны 05 сарын 04-ний өдрийн А130 тоот тушаалыг хүчингүй болгуулж, ажлаас үндэслэлгүй халагдсаныг тогтоолгож, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс нийт 41,660,160 төгрөг гаргуулах, Гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр төсөл нэгжийн худалдан авах ажилтны ажлын байр болохыг тогтоолгох шаардлагыг гаргаж байна гэжээ.
Хариуцагч Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын хариу тайлбарт: Монгол Улсын Сангийн сайдын 2015 оны 07 сарын 10-ны өдрийн 196 дугаар тушаалаар батлагдсан Засгийн газрын гадаад зээлийн хөрөнгийг ашиглах, эдгээр хөрөнгөөр санхүүжих төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэх, зохион байгуулах, санхүүжүүлэх, хяналт тавих, үнэлэх журмын дагуу тус төслийн нэгжийн худалдан авах ажиллагааны мэргэжилтэн Б ийг 59 хувийн үнэлгээтэй буюу “Муу" үнэлгээ авсан нь тухайн ажлын байранд цаашид ажиллах үндэслэлгүй гэж үзсэн тул үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. Б ийг чөлөөлөх тухай хүсэлтийг Сангийн яаманд 2017 оны 02 сарын 01-ний өдөр 02-01/424 тоот албан бичгээр хүргүүлсэн. Тус яамнаас тухайн албан тушаалтныг үүрэгт ажлаас нь чөлөөлөхийг зөвшөөрсний дагуу Б ийг 2017 оны 05 сарын 02-ны өдрөөр тасалбар болгон чөлөөлсөн болно. Иймд иргэн Б ийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагч Сангийн яамны хариу тайлбарт: Улаанбаатар хотын Гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр төсөл нь Монгол Улс болон Азийн хөгжлийн банкны хооронд байгуулсан санхүүжилтийн ерөнхий хэлэлцээрийн үр дүнд зээлийн хөрөнгөөр санхүүжиж байгаа төслийн нэгж юм. Төсөл хэрэгжүүлэгч нэгж буюу Нийслэлийн Засаг даргаас 2017 оны 02 сарын 01-ний өдрийн 02-01/424 дугаартай албан бичгийг илгээсэн ба уг албан бичгээр Б ийг ажлаас чөлөөлж өгөх хүсэлтийг ирүүлсэн байдаг. Улаанбаатар хотын Гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр төслийн ажилтнуудтай байгуулсан хөлсөөр ажиллах гэрээг дүгнэх хурлын тэмдэглэл ирсэн байдаг. 2017 оны 01 сарын 13-ны өдрийн хурлын тэмдэглэлд тухайн хуралд холбогдох эрх бүхий хүмүүс оролцсон, 2016 онд хийж гүйцэтгэсэн ажлын тайланг хэлэлцсэн тухай тэмдэглэл хөтөлсөн хүний гарын үсэгтэй байсан. Улаанбаатар хотын Гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр төслийн нэгжийн худалдан авалт хариуцсан ажилтан Б ийг 2016 оны ажлыг дүгнэсэн үнэлгээгээр гэрээг сунгах боломжгүй гэж үзэн чөлөөлүүлэх хүсэлтийг ирүүлсэн зэргийг үндэслэн Сангийн яамны төрийн нарийн бичгийн даргын 2017 оны 05 сарын 04-ний өдөр А130 тоот тушаал гарч, үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. Сангийн сайдын 2015 оны 07 сарын 10-ны өдрийн 196 дугаар тушаалаар батлагдсан засгийн газрын гадаад зээлийн хөрөнгийг ашиглах, эдгээр хөрөнгөөр санхүүжих төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэх, зохион байгуулах, санхүүжүүлэх, хяналт тавих, үнэлэх журам болон 2017 оны 01 сарын 13-ны өдрийн хурлын тэмдэглэл зэргийг баримталсан. Дээрх журамд зааснаар Сангийн яамны төрийн нарийн бичгийн даргад төсөл хэрэгжүүлэх нэгжийн ажилтныг томилох чөлөөлөх бүрэн эрхийг олгосон байдаг. Мөн олон улсын байгууллагын тусламж болон зээлээр хэрэгжиж байгаа төсөл хөтөлбөрүүд богино хугацаанд манай улсад хэрэгждэг бөгөөд Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлээр хэрэгжиж байгаа манай төслийн эхний үе шат 2018 онд дуусахаар төлөвлөгдсөн. Хөлсөөр ажиллах гэрээний харилцаа үүссэн учраас байнгын ажлын байр гэж байх боломжгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Гуравдагч этгээд Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр төслийн нэгжийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Ганболдын шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Бид тус төслийн бүх ажилтнуудтай хөлсөөр ажиллах гэрээг гурвалсан хэлбэрээр байгуулж ажилладаг бөгөөд гэрээг 1 жилээс илүүгүй хугацаагаар байгуулдаг болно. Хөлсөөр ажиллах гэрээний 5.1.2-т гэрээнд заасан ажлын хэрэгжилтийг хангах зорилгоор жил бүр ажилтны гүйцэтгэсэн ажлыг үнэлж дүгнэж байхаар заасан. Уг журмын дагуу төслийн ажилтнуудын 2016 оны ажлыг дүгнэхэд худалдан авалтын мэргэжилтнээр ажиллаж байсан Б нь 59 оноо буюу муу үнэлгээ авсан байдаг. Богино хугацаанд хэрэгжих төслийн хувьд байнгын ажлын байр гэдэг ойлголт байхгүй бөгөөд ажилтнуудын хувьд 1 сараас 1 жил хүртэл харилцан адилгүй хугацаатай хөлсөөр ажиллах гэрээгээр ажиллах боломжтой юм. Б нь Сангийн яам болон төслийн зохицуулагчтай өөрийн хүсэл зоригийн үндсэн дээр харилцан тохиролцож, гэрээний нөхцөлийг хүлээн зөвшөөрч, эрх зүйн үр дагаврыг бүрэн ухамсарлаж уг хөлсөөр ажиллах гэрээнд гарын үсэг зурж баталгаажуулсан. Б тэй байгуулсан хөлсөөр ажиллах гэрээний хугацаа 2016 оны 12 сарын 31-ний өдрөөр дуусгавар болсон байдаг. Б тэй хөлсөөр ажиллах гэрээг 3 удаа байгуулсан. Төслийн захирлын зүгээс төслийн ажилтнуудын хөлсөөр ажиллах гэрээг дүгнээд 2017 оны 01 сарын 13-ны өдрийн хурлаар хэлэлцүүлсэн. Харин Нийслэлийн Засаг даргын тамгын газар төсөл хэрэгжүүлэгч байгууллагаас гэрээг сунгах боломжгүй гэдэг танилцуулгаа захиралд танилцуулсан байдаг. Гэрээг сунгаж ажиллуулах санал гаргасан. Иймд нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 182/ШШ2018/00769 дүгээр шийдвэрээр: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагч Сангийн яам, Нийслэлийн Засаг даргын Тамгын газарт тус тус холбогдох Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2017 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн А130 тоот тушаалыг хүчингүй болгуулах, ажлаас үндэслэлгүй халагдсаныг тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлс 6,900,000 төгрөг гаргуулах, “Гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр төсөл 1” нэгжийн худалдан авалт хариуцсан ажилтны ажлын байрыг байнгын ажлын байр болохыг тогтоолгох тухай нэхэмжлэгч Б ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар нэхэмжлэгч Б ээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 195,550 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 1523 дугаар магадлалаар: Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 182/ШШ2018/00769 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтаас “...6,900,000 төгрөг...” гэснийг хасч,”...хэрэгсэхгүй болгосугай.” гэснийг “...хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 221.1, 221.6, 227.1, 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Нийслэлийн Засаг даргын тамгын газраас 26,972,727 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б т олгож, Сангийн яаманд холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.” гэж, 2 дах заалтын “...хэвээр үлдээсүгэй.” гэснийг “...хэвээр үлдээж, нэхэмжлэгч Б ээс улсын тэмдэгтийн хураамжид 97,263 төгрөгийг нөхөн гаргуулж улсын орлого болгож, хариуцагч Нийслэлийн Засаг даргын тамгын газраас 292,813 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б т олгосугай” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
Хариуцагч Сангийн яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ганбаярын хяналтын журмаар гаргасан гомдолд: Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 1523 дугаар магадлалыг эс зөвшөөрч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.2-т заасан үндэслэлээр энэхүү гомдлыг гаргаж байна. Магадлалын Хянавал хэсэгт “...хөлсөөр ажиллах гэрээнд гэрээний биелэлтийн үнэлгээгээр “Р” үнэлгээ авсан нь гэрээ дуусгавар болох үндэслэл болох талаар гэрээний 8 дугаар зүйлд тухайлан тохиролцоогүй тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын тайлбар үндэслэлгүй байна." гэжээ. Б тэй байгуулсан хөлсөөр ажиллах гэрээний 8.1.2 “3ахиалагч гэрээг цуцлах шийдвэр гаргасан, 8.2.1. ажилтан гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй нь хүндэтгэн үзэх бодит шалтгаангүй буюу шалтгааныг захиалагч хүндэтгэн үзэх боломжгүй гэж үзвэл” гэж заасны дагуу гэрээгээр тохиролцсон байна. Засгийн газрын гадаад зээлийн хөрөнгийг ашиглах, эдгээр хөрөнгөөр санхүүжих төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэх, зохион байгуулах, санхүүжүүлэх, хяналт тавих, үнэлэх журмын 16.11 “Хөлсөөр ажиллах гэрээний биелэлтийн үнэлгээгээр хоёр дараалан “О” үнэлгээ авсан, эсхүл “Р” үнэлгээ авсан нь хөлсөөр ажиллах гэрээг цуцлах, сунгахгүй байх үндэслэл болно.” гэж заасныг шүүхээс буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна. Учир нь тухайн журмын дагуу төслийн ажилтан “Р” үнэлгээ авсан нь тогтоогдож захиалагчийн шийдвэрээр ажлаас чөлөөлөх хүсэлтийг тус яаманд 2017 оны 02 сарын 01-ний өдрийн 02-01/424 дугаар албан бичгээр ирүүлсний дагуу шийдвэрлэсэн байдаг. “...2016 оны ажлын гүйцэтгэлийн үнэлгээгээр муу буюу “Р” үнэлгээ авсан тул ажлаас чөлөөлсөн” гэж тайлбарлаж байгаа боловч нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн тушаалд энэ талаар заагаагүй...” гэжээ. 2017 оны 05 сарын 27-ны өдрийн А130 дугаар Ажлаас чөлөөлөх тушаалын үндэслэх хэсэгт Сангийн яамны төрийн нарийн бичгийн дарга тухайн ажилтныг томилж, чөлөөлөх эрх хэмжээний заалтыг үндэслэл болгодог. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд шийдвэрлээгүй гэж үзэж байна. Учир нь нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагад дурдсан 6,900,000 төгрөгөө ажилгүй байсан хугацааны цалин хөлс гэж тодорхойлж, 6,900,000 төгрөг нэхэмжилж, улсын тэмдэгтийн хураамж төлсөн байдаг. 6,900,000 төгрөг гэснийг шүүхийн шийдвэрийн Тогтоох хэсгээс хассанаар Нийслэлийн 3асаг даргын тамгын газраас 26,972,727 төгрөг гаргуулах хууль зүйн үндэслэл бүрдэхгүй бөгөөд нэхэмжлэлийн шаардлагад дурдаагүй асуудлаар шийдвэр гаргасан нь хууль зүйн үндэслэлгүй байна. Иймд давж заалдах шатны шүүхийн 2018 оны 1523 дугаар магадлалыг хүчингүй болгож, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 182/ШШ2018/00769 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн төлөөлөгч Д.Авирмэдийн хяналтын журмаар гаргасан гомдолд: Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 1523 дугаар магадлалыг эс зөвшөөрч, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172.2.1, 172.2.2-т заасан үндэслэлээр энэхүү гомдлыг гаргаж байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.1, 12.1, 62.1.4, 115.2 дахь хэсэгт зааснаар шүүх зөвхөн нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагын хүрээнд тухайн иргэний хэргийг хянан шийдвэрлэх ёстой. Нэхэмжлэгч Б нь шүүхэд хандаж гаргасан нэхэмжлэлээ Хөдөлмөрийн тухай хуульд үндэслэж, дараах шаардлагуудыг гаргасныг шүүх хүлээн авсан байдаг. Үүнд:
- Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2017 оны 05 сарын 04-ний өдрийн А130 дугаартай тушаалыг хүчингүй болгуулах, ажлаас үндэслэлгүй халагдсаныг тогтоолгож, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох,
- ажилгүй байсан хугацааны цалин хөлс 6,900,000 төгрөг гаргуулах,
- “Гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр төсөл 1” нэгжийн худалдан авах ажилтны ажлын байр байнгын ажлын байр болохыг тогтоолгох. Нэхэмжлэгч үүнээс өөр шаардлага гаргаж байгаагүй бөгөөд нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагаа өөрчилж байгаагүй. Анхан болон давж заалдах шатны шүүхээс Хөдөлмөрийн хуульд заасан харилцаа үүсээгүй, хөлсөөр ажиллах гэрээ байгуулж, Иргэний хуулийн 359 дүгээр зүйлд заасан хөлсөөр ажиллах гэрээ байгуулагдаж, гэрээний хугацаа дууссан гэж дүгнэсэн. Гэтэл давж заалдах шатны шүүх хариуцагч Нийслэлийн Засаг даргын тамгын газраас 26,972,727 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд үл нийцэж байна. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчээс гаргаагүй нэхэмжлэл болон шүүх хуралдаан дээр дурдаагүй үндэслэл агуулгаар давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэж, хариуцагч Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас төлбөр гаргуулахаар шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй юм. Давж заалдах шатны шүүхээс “Сангийн яамны төрийн нарийн бичгийн даргын 2017 оны 05 сарын 04-ний өдрийн А130 дугаар тушаал хууль зүйн үндэслэлгүй болжээ” гэж дүгнэсэн нь өөрөө үндэслэлгүй юм. Учир нь Монгол Улсын Сангийн сайдын 2015 оны 07 сарын 10-ны өдрийн 196 дугаар тушаалаар батлагдсан “Засгийн газрын гадаад зээлийн хөрөнгийг ашиглах, эдгээр хөрөнгөөр санхүүжих төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэх, зохион байгуулах, санхүүжүүлэх, хяналт тавих, үнэлэх” журмын 9.1.7 дахь хэсэгт “...санхүүгийн болон худалдан авалт хариуцсан ажилтнуудыг томилох, чөлөөлөх” эрх нь Сангийн яамны чиг үүрэгт байдаг бөгөөд энэ журмын дагуу тушаал гаргаж, хөлсөөр ажиллах гэрээний хугацаа дууссан худалдан авалтын мэргэжилтэнг журмын дагуу чөлөөлсөн. Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтад өөрчлөлт оруулахдаа “...6,900,000 төгрөг” гэснийг хасч, нэхэмжлэгчээс гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон байдаг. Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагууд нь өөр хоорондоо уялдаа холбоотой. Тухайлбал, нэг дэх шаардлага болох Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргын А130 дугаартай тушаалыг хүчингүй болгуулж, ажлаас үндэслэлгүй халагдсан гэдгээ тогтоолгож улмаар урьд эрхэлж байсан ажилдаа орох, ийнхүү ажлаас үндэслэлгүй халагдсан болох нь тогтоогдсон тохиолдолд хуульд заасны дагуу ажилгүй байсан хугацааны цалин болох 6,900,000 төгрөгийг гаргуулах гэж тодорхойлогдох ба нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч мөн ингэж тайлбарлан мэтгэлцсэн байдаг. Гэтэл давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж байгаа мөртлөө Нийслэлийн Засаг даргын тамгын газраас 26,972,727 төгрөг гаргуулахаар нэмэлт өөрчлөлт оруулсан нь ойлгомжгүй бөгөөд үндэслэлгүй болсон. Мөн нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагад дурдсан 6,900,000 төгрөгөө ажилгүй байсан хугацааны цалин хөлс гэж тодорхойлж, 6,900,000 төгрөг нэхэмжилж, улсын тэмдэгтийн хураамж төлсөн байдаг. 6,900,000 төгрөг гэснийг шүүхийн шийдвэрийн Тогтоох хэсгээс хассанаар Нийслэлийн Засаг даргын тамгын газраас 26,972,727 төгрөг гаргуулах хууль зүйн үндэслэл бүрдэхгүй бөгөөд нэхэмжлэлийн шаардлагад дурдаагүй асуудлаар шийдвэр гаргасан нь үндэслэлгүй байна. Иймд давж заалдах шатны шүүх 2018 оны 1523 дугаар магадлалыг хүчингүй болгож, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 182/ШШ2018/00769 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Нэхэмжлэгч Б нь хариуцагч Сангийн яам болон Нийслэлийн Засаг даргын Тамгын газарт холбогдуулан Сангийн яамны төрийн нарийн бичгийн даргын 2017 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн А130 тоот тушаалыг хүчингүй болгуулах, ажлаас үндэслэлгүй халагдсаныг тогтоолгож, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс 6,900,000.00 төгрөг гаргуулах, Гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр төсөл 1 нэгжийн худалдан авалт хариуцсан ажилтны ажлын байрыг байнгын ажлын байр болохыг тогтоолгох тухай шаардлага гаргасан.
Хариуцагч нар шаардлагыг эс зөвшөөрч, хөлсөөр ажиллах гэрээний хугацаа дуусгавар болсон, цаашид сунгах боломжгүй гэж маргажээ.
Нэхэмжлэгч Б нь Сангийн яамны төрийн нарийн бичгийн даргатай байгуулсан хөлсөөр ажиллах гэрээний үндсэн дээр 2014 оны 11 дүгээр сарын 10-ны өдрөөс Улаанбаатар хотын Гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр-1 төсөл хэрэгжүүлэх нэгжийн худалдан авалтын менежерээр ажиллаж байсан, 2017 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн А130 тоот тушаалаар түүнийг худалдан авалт хариуцсан ажилтны үүрэгт ажлаас чөлөөлсөн үйл баримт хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогджээ.
Анхан болон давж заалдах шатны шүүх зохигчдын хооронд Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт заасан хөлсөөр ажиллах гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасныг зөрчөөгүй байна.
Анхан шатны шүүх талуудын хооронд хөдөлмөрийн эрх зүйн харилцаа үүсээгүй гэх үндэслэлээр Улаанбаатар хотын Гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалт дэмжих хөтөлбөр төсөл-1 нэгжийн худалдан авалт хариуцсан ажилтны ажлын байр байнгын ажлын байр болохыг тогтоолгох тухай нэхэмжлэгчийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь зөв байна. Талуудын хооронд Иргэний хуулийн 359 дүгээр зүйлд заасан хөлсөөр ажиллах гэрээ мөн хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт зааснаар гэрээг чөлөөтэй байгуулах агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхийн үндсэн дээр байгуулагдсан, нэхэмжлэгч энэ талаар гомдол гаргаж байгаагүй бөгөөд хөдөлмөрийн гэрээний харилцаа зөвхөн байнгын ажлын байранд үүсдэг гэж үзэх үндэслэлгүй болно.
Зохигчдын хооронд үүссэн маргаан нь хөдөлмөрийн эрх зүйн бус харин хөлсөөр ажиллах гэрээний харилцаа, хөлсөөр ажиллах гэрээ тодорхой бус хугацаагаар сунгагдсан талаар анхан шатны шүүхийн дүгнэлт зөв байна.
Дээрх гэрээг нэг талын санаачилгаар цуцалсан үйл баримтын талаар анхан шатны шүүх хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй байх тул давж заалдах шатны шүүхээс энэ талаар дүгнэлт хийж, шийдвэрт өөрчлөлт оруулсныг буруутгах үндэслэлгүй хэдий ч нэхэмжлэлийн шаардлагаас хальж шийдвэрлэсэн нь учир дутагдалтай болжээ.
Сангийн яамны төрийн нарийн бичгийн даргын 2017 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн А130 дугаар тушаалаар Б ийг ажлаас чөлөөлөхдөө Төсвийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1, Сангийн сайдын 2015 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн 196 дугаар тушаалаар батлагдсан Засгийн газрын гадаад зээлийн хөрөнгийг ашиглах, эдгээр хөрөнгөөр санхүүжих төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэх, зохион байгуулах, санхүүжүүлэх, хяналт тавих, үнэлэх журам-ын 9.1.17 дахь заалт 2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн хурлын тэмдэглэл зэргийг үндэслэсэн байна.
Нэхэмжлэгчийг 2016 оны ажлын гүйцэтгэлийн үнэлгээгээр F үнэлгээ авсан тул ажлаас чөлөөлсөн гэх хариуцагчийн тайлбар байгаа боловч нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн тушаалд энэ талаар заагаагүй байхаас гадна хөлсөөр ажиллах гэрээнд гэрээний биелэлтийн үнэлгээгээр F үнэлгээ авсан нь гэрээ дуусгавар болох үндэслэл болох талаар гэрээнд тухайлан заагаагүй байна.
Түүнчлэн төсөл хэрэгжүүлэх нэгжийн ажилчдын хөлсөөр ажиллах гэрээний дүгнэлтийн хуудаст тавигдсан гүйцэтгэлийн шалгуурууд нь журмын 2 дугаар хавсралтад нийцээгүй, төсвийн шууд захирагчаар уг үнэлгээг баталгаажуулаагүй, төслийн ажилтанд танилцуулаагүй, журмын 16.9-д заасныг хэрэгжүүлээгүй зэргээс үзэхэд Б ийн хөлсөөр ажиллах гэрээг нэг талын санаачилгаар цуцалж буй Сангийн яамны төрийн нарийн бичгийн даргын 2017 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн А130 дугаар тушаалыг хууль зүйн үндэслэлгүй гэж дүгнэсэн давж заалдах шатны шүүхийн магадлалын үндэслэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т нийцсэн байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдоогүйгээс ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх нөхөх олговор гаргуулах тухай нэхэмжлэгч Б ийн шаардлагыг хангах үндэслэлгүй боловч нэхэмжлэгч нь түүнийг ажлаас чөлөөлсөн Сангийн яамны төрийн нарийн бичгийн даргын 2017 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн А130 дугаар тушаал хуульд нийцсэн эсэх талаар гомдол гаргасан, хөлсөөр ажиллах гэрээг нэг талын санаачилгаар цуцалсан ажиллуулагчийн тушаал хууль зүйн үндэслэлгүй болох нь дээрх байдлаар тогтоогдсон тул нэхэмжлэгч өөрт учирсан хохирлоо шаардах эрхтэй гэсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ.
Ажиллуулагч нь хөлсөөр ажиллах гэрээг хугацаанаас нь өмнө цуцалсныг буруу гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэж, Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.6 дах хэсэгт гэрээг цуцалснаас үүсэх хохирлыг мөн хуулийн 227 дугаар зүйлд заасан гэрээний нэг тал үүргээ зөрчсөн тохиолдолтой адил арилгуулахаар шаардах боломжтой гэж нэхэмжлэгчийн шаардах эрхийн эрх зүйн үндэслэлийг тодорхойлсон нь зөв байна. Шүүх зохигчдын хооронд үүссэн маргааныг шийдвэрлэхдээ нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд шийдвэрлэх нь иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны диспозив зарчимд нийцнэ.
Нэхэмжлэгч нь хөдөлмөрлөх эрх зөрчигдсөнөөс өөрт учирсан хохирлын хэмжээг 6,900,000.00 төгрөг гэж тодорхойлсон байхад давж заалдах шатны шүүх 26,972,727.00 төгрөгөөр шаардлагыг хангаж шийдвэрлэснийг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны диспозитив зарчимд нийцсэн гэж үзэхгүй. Иймээс дээрх үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн магадлалд өөрчлөлт оруулж, хариуцагч нарын гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн тогтоов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 1523 дугаар магадлалын тогтоох хэсгийн нэг дэх заалтын “...26,972,727.00” гэснийг “...6,900,000.00” гэж, “292,813” гэснийг “125,350” гэж тус тус өөрчлөн, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Гуравдагч этгээд Улаанбаатар хотын Гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалт дэмжих хөтөлбөр төслийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2018 оны 07 дугаар сарын 27-ны өдөр төлсөн 293,000.00 /хоёр зуун ерэн гурван мянга/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.АМАРСАЙХАН
ШҮҮГЧ Д.ЦОЛМОН