Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 05 сарын 17 өдөр

Дугаар 468

 

105

 

 

 

 

 

 

 

Х.Гд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Бат-Эрдэнэ даргалж, шүүгч Д.Оюунчулуун, Ц.Оч нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор А.Нямсүрэн,

шүүгдэгч Х.Г /цахим сүлжээгээр/, түүний өмгөөлөгч Э.Болорчулуун,

нарийн бичгийн дарга Ч.Хатанбаатар нарыг оролцуулан,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ё.Цогтзандан даргалж хийсэн шүүх хуралдааны 2018 оны 3 дугаар сарын 1-ний өдрийн 160 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Х.Г, түүний өмгөөлөгч Э.Болорчулуун нарын гаргасан давж заалдах гомдлуудад үндэслэн Х.Гд холбогдох 201425000483 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Оч илтгэснээр хянан хэлэлцэв.

Боржигин овгийн Х-ны Г, 1971 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр Ховд аймагт төрсөн, 47 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, вагон үзэгч засварчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эхнэр, дөрвөн хүүхдийн хамт Чингэлтэй дүүргийн ....................... тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, /регистрийн дугаар: ............../,

Х.Г нь 2014 оны 8 дугаар сарын 24-ний өдөр Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороо, Сурагчийн 33 дугаар гудамжинд “Хүүхдүүдийг нь аавтай чинь ална гэж хэлсэн” гэх шалтгаанаар иргэн Б.Бийг зодож, эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Чингэлтэй дүүргийн Прокурорын газраас: Х.Ггийн үйлдлийг 2015 оны Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс: Шүүгдэгч Боржигин овогт Х-ны Гг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Гг 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Х.Гд оногдуулсан 2 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Ггийн цагдан хоригдсон нийт 115 хоногийг эдлэх ялд оруулан тооцож,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Х.Ггээс 1.311.587 төгрөгийг гаргуулан хохирогч Б.Бт олгож,

хэрэгт битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдаж,

хохирогч Б.Б нь цаашид гарах эмчилгээний зардлаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж,

шүүгдэгч Х.Гд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорьж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Х.Г давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Б.Б нь 2014 оны 8 дугаар сарын 24-ний өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ миний насанд хүрээгүй хоёр хүүхдээс авч явсан усыг нь булаан авч, “Эцэгтэй чинь хамт ална шүү” гэж заналхийлсэн. Согтуу байхаар нь “Чи зүгээр манай хүүхдэд хэлээд усаа авахгүй яасан юм бэ, эцэгтэй чинь ална гэж юу ярьж байгаа юм бэ” гэж хэлтэл намайг заамдаж аваад миний өмссөн цамцаар хоолой боосон. Энэ үед нүд харанхуйлаад амьсгал боогдоод ирэх үед хоёр чихнээс нь бариад татаж, хавсарч Батхишиг надтай зууралдаад доош тонгойж салсан. Батхишиг дахин намайг бариад авахад Батцэнгэл гэдэг хүн бид хоёрыг ирж салгасан. Ингээд надаас холдоод Батцэнгэлтэй ноцолдоод байхаар нь цагдаагийн газарт дуудлага өгсөн. Үүнээс хойш 4 хоногийн дараа Батхишиг гэртээ цус харвасан байдаг. Батхишиг байнгын архи уудаг, орилж хашгираад байж байдаг. Анхан шатны шүүхээс надад оногдуулсан хорих ялыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа шалтгаан нь Батхишиг мөрдөн байцаалтын шатанд өөр газарт гэмтэл авсан тухай мэдүүлгүүд өгсөн. Түүний эрх зүйн байдлыг судлаагүй. Бид хоёр барьцалдах үед ямар ч гэмтэл аваагүй, цус харваагүй. Тухайн үед гэрч Батцэнгэл, миний насанд хүрээгүй 2 хүүхэд байсан. Тухайн үед цус харвах ямар ч боломж байгаагүй. Мөрдөн байцаалтын ажиллагаа дутуу хийгдсэн, хэт нэг талыг барьж шалгасан, гэрчүүдийн мэдүүлгийг хүлээж аваагүй, шинжээчийн дүгнэлт зөрүүтэй гарсан. Дээрхи хэрэг 2015 оны “Өршөөл үзүүлэх тухай” хуульд хамрагдах эсэхийг тогтоож, шүүхийн шийдвэрийг үнэн зөвөөр гаргаж өгнө үү.” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Болорчулуун давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс миний үйлчлүүлэгчийг гэм буруутайд тооцохдоо үндэслэсэн баримт нь хохирогч Б.Б, гэрч гэх түүний эхнэр Ц.Отгонтөгс, хүү Б.Алзахгүй нарын мэдүүлэг байгаа нь үгүйсгэхэд хүрч байна. Эдгээр этгээдүүдийн харилцан хамаарал, бие биенийхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрх, эргэлзээтэй, шууд бус нотлох баримт байсаар байтал гэм буруутайд тооцох үндэслэл болгосонд харамсаж байна. Хохирогчийн өгсөн мэдүүлгүүд тогтвортой, итгэл төрүүлэхээр байж чадаагүйгээс гадна түүний хүүхэд аавынхаа эсрэг мэдүүлэг өгөхгүй нь тодорхой. Харин гэрч Г.Өнөрмандах болон хөндлөнгийн этгээд болох Б.Батцэнгэл нарын мэдүүлгээр ийнхүү толгой руу нь өшиглөж цохиогүй болохыг гэрчилснийг шүүх дүгнээгүй. Шүүх бүхий л баримт нөхцөл байдалд үнэлэлт өгөх ёстой. Шинжээчдийн дүгнэлтийг аргагүй эрхэнд хүчээр нотолсон болгосон нь харамсалтай. Тодруулбал, шинжээч Ж.Ганцэнгэлийн “...Уг гэмтлүүд нь хэрэг гарах үед үүссэн байх боломжтой...” гэсэн мэдүүлэг нь дээрх байдлыг харуулахын зэрэгцээ манай зүгээс аль ч дүгнэлтийг нь үгүйсгэж, няцааснаас болоод дахин шинжээч томилох хүсэлт гаргаагүй байхад дахин шинжээчийн дүгнэлт гаргуулсан нь миний үйлчлүүлэгч Х.Гг л зөвхөн буруутгахыг зорьсон нь илт байсан. Энэ байдлыг шүүх шийдвэрийнхээ үндэслэл болгосныг зөвшөөрөхгүй. Мөн анхан шатны шүүх нь “Өршөөл үзүүлэх тухай” хуулийг хэрэглэх нь бүү хэл огт дурдаагүй. Миний ойлгож байгаагаар дээрх хуулийг хэрэглээгүй үндэслэл шалтгаанаа заавал дурдах ёстой гэж үзэж байна. Энэ хууль 2015 оны 7 дугаар сарын 2-ны өдрөөс өмнө үйлдэгдсэн гэх хэргүүдэд үйлчлэх цаг хугацаатай. Иймд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 1-ний өдрийн 160 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, миний үйлчлүүлэгч Х.Гг цагаатгаж өгнө үү.” гэв.

Прокурор А.Нямсүрэн тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Батхишиг Гд зодуулсны дараа ирсэн, тухайн үйлдлийг харсан гэрч байхгүй, зодоон болсны дараа ирсэн гэрч байдаг. Шинжээчийн дүгнэлтэд аль нэг талаас хүсэлт гаргахыг хязгаарлахгүй Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль болон урьд Эрүүгийн байцаан шийтгэх хууль хэрэгжиж байх үед болсон хэрэг. Энэ хуульд эргэлзээтэй байдал эсхүл үндэслэлгүй байдлыг мөрдөгч өөрийн санаачлагаар, оролцогч нараас хүсэлт гаргасан тохиолдолд нэмэлт болон дахин шинжээчийн дүгнэлт гаргуулах бүрэн эрхтэй. Энэ хууль үндэслэл журмын дагуу заасан шинжээчийн дүгнэлтүүд гарсан. Сүүлд өмнөх шинжээч эмч нараас өөр 5 шинжээч эмчийн дүгнэлт гарсан. Шүүгдэгч Х.Ггийн үйлдэл “Өршөөл үзүүлэх тухай” хуульд хамрагдаж байгаа боловч түүний үйлдэлд эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг хэрэглэж, 2015 оны Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэргийг зүйлчилж шийдвэрлэсэн. Тийм учраас “Өршөөл үзүүлэх тухай” хуулийг хэрэглэх боломжгүй гэж үзэж байна. Мөн анхан шатны шүүх хуралдаан дууссаны дараа шүүгч “Өршөөл үзүүлэх тухай” хуулийг хэрэглэх боломжгүй талаар тайлбарласныг өмгөөлөгч санаж байгаа байх. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.

ХЯНАВАЛ:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж хэргийг бүхэлд нь хянаж үзлээ.

Шүүгдэгч Х.Г нь 2014 оны 8 дугаар сарын 24-ний өдөр Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороо, Сурагчийн 33 дугаар гудамжинд “Хүүхдүүдийг нь аавтай чинь ална гэж хэлсэн” гэх шалтгаанаар хохирогч Б.Бтэй маргалдан улмаар түүнийг зодож, биед нь хуйхны зөөлөн эдийн няцрал, баруун зулай чамархай хэсгийн тархины эдийн няцрал, тенториумд цус харвалт, сээрний 5, 6 дугаар нугаламуудын их бие дарагдаж шахагдсан хугарал бүхий амь насанд аюултай хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч Б.Бийн мэдүүсэн “...Шүүгдэгчийн хүүхдүүд ус авах үед хашааны цаанаас дандаа харааж байдаг. Тухайн үед би согтуу байсан. Согтуу байхдаа ална шүү гэж хэлээд цааш усандаа явсан. Гэтэл Х.Г ирээд “Хүүхдүүдээр ус авахууллаа” гэж ирээд намайг газарт унагааж толгой руу цохисон гэсэн. Би тухайн үед согтуу байсан” /хэргийн 1 хавтасны 19-20, 2 хавтасны 105-111 дэх тал/,

гэрч Ц.Отгонтөгсийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...2014 оны 8 дугаар сарын 28-ны шөнө 03 цагийн орчимд манай нөхөр Батхишиг гэнэт орилохоор нь босоод гэрлээ асаатал хэлээ хазаад таталт өгч байсан. ...Манай хүү хэлэхдээ “2, 3 хоногийн өмнө цаад талын хашааны ах аавыг газар унагаад цохиод байсан” гэж хэлсэн. Тэгээд манай хүн надад хэлэлгүй нуугаад толгой өвдөөд байгаа гэж яваад тэр шөнө ийм зүйл болсон. ...Манай нөхөр эмнэлэг дээр очоод 2 удаа татаж унаад сэхээн амьдруулах тасагт орсон.” /1 дүгээр хавтаст хэргийн 21, 165-166 дугаар хуудас/,

насанд хүрээгүй гэрч Б.Алзахгүйн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Гомбо ах ирээд манай аавын чихнээс бариад хавсарч унагаад хаа сайгүй өшиглөсөн. Тэр үед Гомбо ах аавыг хөлөөрөө өшиглөж цохисон. Гараараа чихнээс нь татсан.” /1 дүгээр хавтаст хэргийн 70 дугаар хуудас/,

шинжээч эмч Ж.Ганцэнгэлийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Толгой өвдөнө, дотор муухайрна, бөөлжис цутгах шинж тэмдэг илэрнэ. Тархины баруун тал бөмбөлгийн зулай, чамархайн хэсгийн тархины эдийн няцрал, тенториум болон зөөлөн эдийн бүрхүүл доорх цус харвалт гэмтлүүд нь дангаараа гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Иймд дээрх гэмтлүүдийг авсан хүнд тэр дороо шинж тэмдэг нь илэрнэ. Уг гэмтлүүд нь хэрэг болох үед үүссэн байх боломжтой ...”, “...Хохирогч Батхишиг өөрөө бусдыг мөргөх үед дээрх гэмтэл учрах боломжгүй. Хохирогч Батхишиг тархины баруун тал бөмбөлөгийн зулай, чамархайн хэсгийн тархины эдийн няцрал, тенториум болон зөөлөн эдийн бүрхүүл доорх цус харвалт гэмтлийг авчихаад 10 орчим хоног юу ч мэдэхгүй зүгээр явна гэж байхгүй, хохирогч Батхишиг хэвийн үйл ажиллагаатай явах боломжгүй...” /1 дүгээр хавтаст хэргийн 185, 235-236 дугаар хуудас/ гэх мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн “Батхишигийн биед хуйхны зөөлөн эдийн няцрал, баруун зулай чамархай хэсгийн тархины эдийн няцрал, тенториумд цус харвалт, сээрний 5, 6 дугаар нугаламуудын их бие дарагдаж шахагдсан хугарал тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлэгт гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.3-д зааснаар амь насанд аюултай тул хүнд зэргийн гэмтэл болно. Цаашид эрүүл мэнд хөдөлмөрийн чадварт хэрхэн нөлөөлөх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна.” гэх 12911 дугаартай шинжээчийн дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 13 дугаар хуудас/,

“Батхишигийн биед тархины баруун тал бөмбөлгийн зулай, чамархай хэсгийн тархины эдийн няцрал, тенториум болон зөөлөн бүрхүүл доорхи цус харвалт, сээрний 5, 6 дугаар нугалмын их биеийн шахагдсан, бяцарсан хугарал, зүүн далны хугарал, толгойн хуйхны зөөлөн эдийн няцрал, шинж тэмдгийн уналт бүхий гэмтлүүд учирчээ. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.3-т зааснаар учрах үедээ амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна. 2014 оны 9 дүгээр сарын 8-ны өдрийн Шүүх эмнэлгийн үзлэгийн 12911 тоот дүгнэлт үндэслэлтэй байна.” гэх 1218 дугаартай шинжээчийн дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 71-73 дугаар хуудас/ зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан нотлох баримтууд болон хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогджээ.

Шүүгдэгч Х.Г, түүний өмгөөлөгч Э.Болорчулуун нарын гаргасан “Гэм буруугийн талаар маргасан, хоолойгоо боолгуулаад ухаан балартахдаа түүний хоёр чихнээс татаж хавсарч унагаасан. Батхишиг маргаан болсны дараа гэртээ цус харвасан... Өөр газар байхдаа гэмтэл авсан” гэх давж заалдах гомдлуудыг хангах үндэслэл тогтоогдохгүй, хэрэгт авагдсан баримтуудаар үгүйсгэгдэж байх тул хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэв.

Учир нь, мөрдөн байцаалтын шатанд энэ хэрэгт нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, шүүх нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитой харьцуулан судалсны үндсэн дээр Х.Ггийн үйлдсэн гэмт хэргийн талаар үндэслэлтэй дүгнэлт хийж, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн бөгөөд хэргийг хянан шийдвэрлэхдээ оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн гэх үндэслэл тогтоогдоогүй байна.

Мөн 2002 оны Эрүүгийн хууль хүчин төгөлдөр мөрдөгдөж байх үед үйлдэгдсэн шүүгдэгч Х.Ггийн үйлдлийн оногдуулах ялын хэмжээг хөнгөрүүлсэн хуулийг буцаан хэрэглэж түүний үйлдлийг Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь зөв боловч шүүгдэгчид оногдуулах ялыг хөнгөрүүлсэн хуулийг буцаан хэрэглэхдээ шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлаагүй байгаа нь хууль хэрэглээний хувьд зөрчилтэй болсныг давж заалдах шатны шүүхээс залруулах боломжтой гэж дүгнэв.

Анхан шатны шүүх шүүгдэгч Х.Ггийн үйлдлийг Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж уг зүйлд заасан ялын доод хэмжээгээр буюу 2 жил хорих ял оногдуулсныг буруутгах үндэслэлгүй байна.

Харин шүүгдэгч Х.Гд холбогдох эрүүгийн хэргийг урьд давж заалдах шатны шүүх хянан үзэж “Түүний үйлдсэн гэмт хэрэг Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдах эсэхэд хууль зүйн дүгнэлт хийх...” талаар тодорхой үндэслэл зааж хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан байхад анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой гарсан давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг анхан шатны шүүх, прокурор, мөрдөгч биелүүлнэ” гэж заасныг анхаарахгүйгээр хэргийг 2018 оны 3 дугаар сарын 1-ний өдөр дахин хянан хэлэлцэж шийтгэх тогтоол гаргахдаа шүүгдэгч Х.Ггийн үйлдлийг Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан “Өршөөл үзүүлэх тухай” хуульд хамрагдах эсэх талаар огт дүгнэлт хийлгүй орхигдуулсан нь буруу гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан “Өршөөл үзүүлэх тухай” хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт “Энэ хууль 2015 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 24 цаг 00 минутаас өмнө гэмт хэрэг үйлдсэн хүнд хамаарна” гэж, мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт “Бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулах ... гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн ялтны эдлээгүй үлдсэн хорих ялаас хоёр жилийг хасна” гэж тус тус тодорхой заасан байна.

Шүүгдэгч Х.Г нь 2014 оны 8 дугаар сарын 24-ний өдөр иргэн Б.Бийг зодож, эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдэгдсэн хугацаа, бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн этгээдэд оногдуулсан ялаас өршөөн хасах асуудлууд нь “Өршөөл үзүүлэх тухай” хуульд хамаарч байх тул түүнд анхан шатны шүүхээс оногдуулсан ял шийтгэлээс хоёр жилийг өршөөн хасч шийдвэрлэв.

Мөн Х.Г нь анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол гарах хүртэл 115 хоног, шийтгэх тогтоол гарсанаас хойш 77 хоног тус тус цагдан хоригдсон болохыг дурдах нь зүйтэй.

Дээрх үндэслэлүүдээр шүүгдэгч Х.Г, түүний өмгөөлөгч Э.Болорчулуун нарын “Гэм буруугийн талаар маргасан” давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож, харин “Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулахыг хүссэн” давж заалдах гомдлыг хангаж, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 1-ний өдрийн 160 дугаар шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтийг оруулав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтуудыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 1-ний өдрийн 160 дугаар шийтгэх тогтоолын:

тогтоох хэсгийн 2 дахь заалтын “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Гг 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.” гэснийг “Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х-ны Гг хоёр жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.” гэж өөрчилж,

тогтоох хэсэгт “Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Ггийн эдлээгүй үлдсэн хорих ялаас хоёр жилийг өршөөн хассугай.” гэж нэмэлт заалт оруулсугай.

. 2. Шүүгдэгч Х.Г нь шийтгэх тогтоол гарснаас хойш нийт 77 хоног цагдан хоригдсон болохыг дурдаж, түүнийг нэн даруй сулласугай.

3. Шүүгдэгч Х.Г, түүний өмгөөлөгч Э.Болорчулуун нарын “Гэм буруугийн талаар маргасан” давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгож, харин шүүгдэгч Х.Ггийн гаргасан “Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулж өгнө үү” гэх давж заалдах гомдлыг хангаж, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 1-ний өдрийн 160 дугаар шийтгэх тогтоолын бусад заалт, хэсгийг хэвээр үлдээсүгэй.

4. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийн буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Ш.БАТ-ЭРДЭНЭ

 

ШҮҮГЧИД                                                       Д.ОЮУНЧУЛУУН

 

                                                                                      Ц.ОЧ