Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 03 сарын 29 өдөр

Дугаар 12

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Хэргийн индекс: 114/2019/0012/З

          Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Нарантуяа би нэхэмжлэгч Ж.Н  Дархан-Уул аймгийн Засаг даргад холбогдуулан “Дархан-Уул аймгийн Дархан сумын 15 дугаар сургуулийн захирлын албан тушаалд Ж.Н-г томилох шийдвэр гаргахгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, уг албан тушаалд томилохыг даалгуулах” тухай шаардлага бүхий захиргааны хэрэгт хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 Нэхэмжлэгч Ж.Н шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:  Миний бие Дархан-Уул аймгийн Дархан сумын 15 дугаар сургуулийн захирлаар ажиллаж эхэлсэн бөгөөд 2018 онд жирэмсэн болж, хүүхэд төрүүлэх болсон тул Дархан-Уул аймгийн Засаг даргын 2018 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 01-Б/11 дугаартай “Ж.Н-д жирэмсний болон амаржсаны амралт олгох тухай” захирамжаар жирэмсний болон амаржсаны амралтаа авч, 2018 оны 05 сарын 16-ны өдөр хүүхдээ төрүүлсэн. Ийнхүү хүүхдээ төрүүлээд 11 сар болсны дараа Хөдөлмөрийн тухай хуулийн 104 дүгээр зүйлийн 104.1-т заасан хугацаа дууссан тул ажилдаа буцаж орох тухай хүсэлтээ гаргасан боловч миний ажиллаж байсан албан тушаалд өөр хүнийг томилсон тул буцаан томилох боломжгүй гэх хариуг өгч, ажилд маань томилохгүй байсаар өдийг хүрсэн. Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1-т “Ажил үүргээ гүйцэтгээгүй үед ажил, албан тушаалыг дараах тохиолдолд хэвээр хадгална”, 35.1.4-т “жирэмсний болон амаржсаны амралттай болон хүүхэд асрах чөлөөтэй байгаа” гэж тус тус зааснаас үзэхэд намайг жирэмсний болон амаржсаны амралттай байх хугацаанд миний урьд эрхэлж байсан ажлын байр, албан тушаал маань хэвээр хадгалагдаж байхын зэрэгцээ намайг уг албан тушаалд буцаан томилох үүрэгтэй болохыг энэ хуулиар зохицуулсан.

 

Гэтэл Дархан-Уул аймгийн Засаг даргын зүгээс хуульд заасан эрх хэмжээгээ хэтрүүлэн,

 хууль зөрчиж, миний урьд нь ажиллаж байсан, хэвээр хадгалагдаж байгаа албан тушаалд маань өөр хүнийг томилж, мөн намайг буцаан ажилд маань томилохгүй байгаа нь миний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ноцтойгоор зөрчиж байна.

Иймд Дархан-уул аймгийн Дархан сумын 15 дугаар сургуулийн захирлын албан тушаалд Ж.Н-г томилох шийдвэр гаргахгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, уг албан тушаалд томилохыг даалгаж өгнө үү гэжээ.

                                                                                              

Хариуцагч Дархан-Уул аймгийн Засаг даргаас шүүхэд ирүүлсэн тайлбартаа:- Ж.Н нь Дархан сумын Ерөнхий боловсролын 15 дугаар сургуулийн захирлаар ажиллаж байгаад 2018 оны 03 дугаар сарын 26-ны өдрөөс жирэмсний болон амаржсаны амралтаа авсан. Ж.Н-н ажилдаа орох хүсэлтийг нь харгалзан аймгийн Засаг даргын 2019 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 01-Б/24 дүгээр захирамжаар 2019 оны 05 дугаар сарын 27-ны өдрөөс эхлэн Дархан сумын Ерөнхий боловсролын 15 дугаар сургуулийн захирлын үүрэгт ажилд томилсон болно. Иймд Ж.Н-н нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.  Захирамжийг нотлох баримтаар хавсаргав гэжээ.

                                                            ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ж.Н-с Дархан-Уул аймгийн Засаг даргад холбогдуулан “Дархан-Уул аймгийн Дархан сумын 15 дугаар сургуулийн захирлын албан тушаалд Ж.Н-г томилох шийдвэр гаргахгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, уг албан тушаалд томилохыг даалгах” шаардлагатай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Дархан-Уул аймгийн Засаг даргаас Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.1-д “нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх...” гэж заасан эрхийнхээ дагуу нэхэмжлэгч Ж.Н-с шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тухай тайлбарыг 2019 оны 5 дугаар сарын 21-ний өдөр шүүхэд бичгээр ирүүлсэн байх бөгөөд хариуцагч Дархан-Уул аймгийн Засаг дарга 2019 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 01-Б/24 дүгээр захирамжаар Ж.Н-г Дархан сумын 15 дугаар сургуулийн захирлаар 2019 оны 05 дугаар сарын 27-ны өдрөөс эгүүлэн томилон, нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн  болох нь Дархан-Уул аймгийн Засаг дарга 2019 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 01-Б/24 дүгээр захирамжаар нотлогдож байна.

Иймд хариуцагч нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.

          Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1, 111.2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ  нь:

 

1.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт заасныг баримтлан Ж.Н-н нэхэмжлэлтэй Дархан-Уул аймгийн Засаг даргад холбогдох “Дархан-Уул аймгийн Дархан сумын 15 дугаар сургуулийн захирлын албан тушаалд Ж.Н-г томилох шийдвэр гаргахгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, уг албан тушаалд томилохыг даалгуулах” шаардлагыг хариуцагч Дархан-Уул аймгийн Засаг дарга бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51, 47 дугаар зүйлийн 47.6 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 35100 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид  олгосугай.

 

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар энэхүү шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэх болохыг дурьдсугай.

 

 

 

                                    ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                            Д.НАРАНТУЯА