Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 05 сарын 17 өдөр

Дугаар 1163

 

2017 оны 05 сарын 17 өдөр

Дугаар 210/МА2017/01163

 

 

Л.Бэхбатын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 181/ШШ2017/00830 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Л.Бэхбатын нэхэмжлэлтэй,

Хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдох,

 

Үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг

 

Нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 7825 дугаар шийдвэрээр Л.Бэхбатаас 68 636 138 төгрөгийг гаргуулж Н.Батчулуунд олгохоор шийдвэрлэсэн.

Шийдвэр гүйцэтгэх албанаас миний өмчлөлийн Улаанбаатар хотын А бүсэд байрлалтай Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо, Их тойруу 49/1 дүгээр байрны 10 тоот, 65 м.кв талбай бүхий орон сууцыг хэт багаар үнэлсэнд гомдолтой байна.

Шийдвэр гүйцэтгэгч нь орон сууцаа үнэлэх үнийн саналыг өгөөч гэж олон удаа хэлж байсан нь үнэн. Миний өмгөөлөгч н.Сүрэнжав битгий үнийн саналаа өг гээд байсан болохоор нь би үнийн саналаа өгөөгүй юм.

Гэтэл шийдвэр гүйцэтгэх алба нь миний орон сууцыг “Мөнх-Оргил трейд” ХХК-иар үнэлүүлэн 120 900 000 төгрөгөөр үнэлсэн байна. Би энэ үнэлгээг 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдөр шуудангаас хүлээн авч мэдээд арай багаар үнэлсэн болохоор нь өөрөө “Хос-Од сервис” ХХК-иар үнэлүүлэхэд миний байрыг 140 592 000 төгрөөр үнэлсэн. Үнийн зөрүү 20 000 000 байгаа тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанаас үнэлсэн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 7825 дугаар шийдвэрээр Л.Бэхбатаас 68 636 138 төгрөгийг гаргуулж Н.Батчулуунд олгохоор шийдвэрлэсэн.

Дээрх шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулж төлбөр төлөгч Л.Бэхбатын өмчлөлийн, Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо, Их тойруу 49/1 дүгээр байрны 10 тоот 65 м.кв талбай бүхий 1 өрөө орон сууцыг 2016 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 122/18 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжилж, 2016 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 122/03 дугаартай эд хөрөнгө хураах тогтоолоор хураасан бөгөөд дээрх үл хөдлөх хөрөнгө нь төлбөрийн үнийн дүнд хүрэлцэхүйц байх тул тус албаны 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 1/38844 дугаартай албан бичгээр эрхийн улсын бүртгэлийн Ү-2202010992 дугаартай автомашины дулаан гараашийн захиран зарцуулах эрхийг нь сэргээсэн.

Төлбөр төлөгч Л.Бэхбатад тус албаны 2016 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 3/32181 дугаартай албан бичгээр Иргэний хуулийн 177 дугаар зүйлд заасны дагуу үнийн санал өгөхийг мэдэгдсэн боловч тэрээр үнийн санал өгөөгүй тул Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 217 дугаартай шинжээч томилох тогтоолоор хөрөнгийн үнэлгээний “Мөнх-Оргил трейд” ХХК-ийг томилж тухайн орон сууцны зах зээлийн үнэлгээг 120 900 000 төгрөгөөр үнэлсэн.

Үнэлгээг тус албаны 2016 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 3/37811 дугаартай мэдэгдлээр Л.Бэхбатад баталгаат шуудангаар түүний оршин суугаа хаягт нь хүргүүлсэн.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.3 дах хэсэгт зааснаар Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдох Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 7825 дугаар шийдвэрээр Л.Бэхбатаас 68 636 138 төгрөгийг гаргуулж Н.Батчулуунд олгохоор шийдвэрлэсэн шийдвэрийн дагуу явагдсан ажиллагаа болох үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.2-т зааснаар давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах хүртэл хугацаанд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай 2017 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 01217 дугаартай шүүгчийн захирамж хэвээр байхыг дурдаж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна.

Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба 2016 оны 12 дугаар сарын 07-ны өдөр баталгаат шуудангаар байрны үнэлгээ тогтоосон тогтоол явуулсныг би 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдөр шүүхэд хандсан.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.3 дахь хэсгийг зөрчөөгүй гэж үзэж байгаа тул анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулан, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байна.

 

Нэхэмжлэгч Л.Бэхбат нь хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 7825 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 48 дугаар магадлал, Улсын Дээд шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 270 дугаар тогтоолоор Л.Бэхбатаас 68 636 138 төгрөгийг гаргуулж, Н.Батчулуунд олгохоор шийдвэрлэсэн бөгөөд гүйцэтгэх баримт бичгийг үндэслэн хариуцагч байгууллага 2016 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 16300811 тоот тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэжээ.

 

Шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо, Их тойруу 49/1 дүгээр байрны 10 тоот, 65 м.кв талбай бүхий 1 өрөө орон сууцыг 2016 оны 09 дүгээр  сарын 14-ний өдөр битүүмжилж, 2016 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр хураан авсан ба энэ ажиллагаанд гомдол гараагүй, шийдвэр гүйцэтгэгчийн ажиллагаа хүчинтэй байна.

 

Хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба 2016 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 3/32182 тоот албан бичгээр төлбөр төлөгч Л.Бэхбатад үл хөдлөх эд хөрөнгийг албадан дуудлага худалдаагаар худалдах үнийн санал авах тухай мэдэгдлийг хүргүүлсэн боловч үл хөдлөх хөрөнгийн үнийн санал ирүүлээгүй тул 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдөр “Мөнх-Оргил трейд” ХХК-ийг шинжээчээр томилж, хөрөнгийн зах зээлийн үнэлгээ тогтоолгох ажиллагаа хийсэн нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт тус тус нийцжээ.

 

“Мөнх-Оргил трейд” ХХК-ийн 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн үнэлгээний тайлангаар Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо, Их тойруу 49/1 дүгээр байрны 10 тоот, 65 м.кв талбай бүхий 1 өрөө орон сууцны үнийг 120 900 000 төгрөгөөр үнэлсэн байх бөгөөд Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт зааснаар шинжээчийн тогтоосон үнийн 70 хувиар тооцон барьцаа хөрөнгийг анхны албадан дуудлага худалдааны доод үнийг 84 630 000 төгрөгөөр тогтоож, мэдэгдлийг 2016 оны 12 дугаар сарын 07-ны өдөр шуудангаар хүргүүлснийг төлбөр төлөгч 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдөр гардан авсан нь “Монгол шуудан” ХК-ийн тодорхойлолтоор тогтоогдож байна. /хх79-80/

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.3 дахь хэсэгт үнэлгээг эс зөвшөөрвөл гомдлоо үнэлгээ тогтоосон 2016 оны 12 дугаар сарын 07-ны өдрөөс хойш 7 хоногийн дотор буюу 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдөр шүүхэд гаргах байтал нэхэмжлэгч гомдлыг 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдөр гаргасан нь хуульд заасан хугацааг 5 хоногоор хэтрүүлсэн гэх үндэслэлээр шүүх гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн зөв болжээ.

 

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн    167.1.1-д заасныг баримтлан ТОГТООХ НЬ:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 181/ШШ2017/00830 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 70 200 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

               ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                         Н.БАТЗОРИГ

 

               ШҮҮГЧИД                                                          Д.ЦОГТСАЙХАН

 

                                                                                          Э.ЗОЛЗАЯА