Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 04 сарын 30 өдөр

Дугаар 2021/ШЦТ/523

 

 

 

   2021       04         30                                         2021/ШЦТ/523

 

                            

                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Дариймаа,  

улсын яллагч Э.Ариунболд,  

шүүгдэгч Б.Э.,

шүүгдэгч В.Л. нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан Б. овогт Б.ын Э., Б. овогт В.гийн Л. нарт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2106 00017 0487 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1997 оны 02 дугаар сарын 21-ний өдөр Дундговь аймгийн Адаацаг суманд төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Төмөр замын дээд сургуулийн оюутан, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт оршин суух бүртгэлтэй,  Б. овогт Б.ын Э..

Монгол Улсын иргэн, 1995 оны 02 дугаар сарын 15-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Хатан сүйх” ХХК-д туслах ажилтнаар ажилладаг, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт оршин суух бүртгэлтэй, Б. овогт В.гийн Л..

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Э., В.Л. нар нь бүлэглэн 2020 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр 05:00 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо, Зүүн Алтан-Өлгийн хуучин цэргийн ангийн хажуу талын төв зам дээр Г.Э.тэй маргалдан, улмаар зодож, биед нь зүүн нүдний зовхи, хамарт зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун сарвуунд зулгаралт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

                                                                                                         ТОДОРХОЙЛОХ нь:

            Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Э. мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй.” гэв.

            Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч В.Л. мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй.” гэв.

Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

- Хохирогч Г.Э.ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “Эхэлж ирсэн савхин курткатай залуу өшиглөж, харилцан барьцалдахад хамт явж байсан хүмүүс хоёр тийш нь салгаж, нөгөө хоёр хүн машиндаа суугаад явах гэхээр нь явуулахгүй гэж урд нь хааж зогссон чинь 2-3 удаа огцом урагшилж байгаад огцом хөдлөхөөр нь копут дээр нь зүүгдэж 100 орчим метр явахдаа зогсоож, шил рүү нь гараараа цохисон. Тэгээд нөгөө 2 залуу бууж ирээд газар унахад хоёулаа дээрээс өшиглөж, нийлж зодсон. Учирсан гэмтэлд эмчилгээ хийлгэсэн баримт байхгүй тул нэхэмжлэх зүйл байхгүй. “ гэх мэдүүлэг /хх-ийн 16-18/,

- Гэрч Н.Ганцэцэгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “Машин барьж байсан залуу бууж ирээд Г.Э. рүү хоёулаа нийлж зодолдсон. Г.Э. тэр хоёр залуутай харилцан барьцалдаж зодолдсон.” гэх мэдүүлэг /хх-ийн 38-39/,

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 13238 тоот: “Г.Э.ийн биед зүүн нүдний зовхи, хамарт зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун сарвуунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн хэргийн хугацаанд үүсэх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэх дүгнэлт /хх-ийн 20-21/,

- Б.Э.ийн яллагдагчаар өгсөн: “Тухайн үед хохирогчийг эхэлж би цохисон, дараа нь В.Л. цохисон. Хэн нь гэмтэл учруулсныг мэдэхгүй байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 69-70/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.

Б.Э., В.Л. нар нь бүлэглэн 2020 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр 05:00 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо, Зүүн Алтан-Өлгийн хуучин цэргийн ангийн хажуу талын төв зам дээр Г.Э.тэй маргалдан, улмаар зодож, биед нь зүүн нүдний зовхи, хамарт зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун сарвуунд зулгаралт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

- Хохирогч Г.Э.ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “Эхэлж ирсэн савхин курткатай залуу өшиглөж, харилцан барьцалдахад хамт явж байсан хүмүүс хоёр тийш нь салгаж, нөгөө хоёр хүн машиндаа суугаад явах гэхээр нь явуулахгүй гэж урд нь хааж зогссон чинь 2-3 удаа огцом урагшилж байгаад огцом хөдлөхөөр нь копут дээр нь зүүгдэж 100 орчим метр явахдаа зогсоож, шил рүү нь гараараа цохисон. Тэгээд нөгөө 2 залуу бууж ирээд газар унахад хоёулаа дээрээс өшиглөж, нийлж зодсон. Учирсан гэмтэлд эмчилгээ хийлгэсэн баримт байхгүй тул нэхэмжлэх зүйл байхгүй. “ гэх мэдүүлэг /хх-ийн 16-18/,

- Гэрч Н.Ганцэцэгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “Машин барьж байсан залуу бууж ирээд Г.Э. рүү хоёулаа нийлж зодолдсон. Г.Э. тэр хоёр залуутай харилцан барьцалдаж зодолдсон.” гэх мэдүүлэг /хх-ийн 38-39/,

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 13238 тоот: “Г.Э.ийн биед зүүн нүдний зовхи, хамарт зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун сарвуунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн хэргийн хугацаанд үүсэх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэх дүгнэлт /хх-ийн 20-21/,

- Б.Э.ийн яллагдагчаар өгсөн: “Тухайн үед хохирогчийг эхэлж би цохисон, дараа нь В.Л. цохисон. Хэн нь гэмтэл учруулсныг мэдэхгүй байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 69-70/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Б.Э., В.Л. нарыг бүлэглэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох үндэслэлтэй гэж үзлээ.

             Шүүгдэгч Б.Э., В.Л. нарт прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

            Хохирогч нь баримтаар хохирол нэхэмжлээгүй тул шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй болно.

Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх шүүгдэгч Б.Э., В.Л. нарт ял оногдуулахад эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөлд тооцож, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгч нарын хувийн байдал зэргийг тус тус харгалзан тус бүрийг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял шийтгэж шийдвэрлэв.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

        ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б. овогт Б.ын Э., Б. овогт В.гийн Л. нарыг бүлэглэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э., В.Л. нарт тус бүр 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар Б.Э., В.Л. нарт тус бүр оногдуулсан 600.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

            4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

           5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

6. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Б.Э., В.Л. нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Д.МӨНХТУЯА