| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дагвадоржийн Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 105/2021/0500/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/524 |
| Огноо | 2021-04-30 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Э.Ариунболд |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 04 сарын 30 өдөр
Дугаар 2021/ШЦТ/524
2021 04 30 2021/ШЦТ/524
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Дариймаа,
улсын яллагч Э.Ариунболд,
хохирогч шүүгдэгч Б.Н.,
хохирогч шүүгдэгч Э.Н., түүний өмгөөлөгч У.Сайнбилэг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан И. овогт Б.гийн Н., Х. овогт Э.ын Н. нарт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2106 00627 0621 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 03 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1984 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 36 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, тээвэр зуучийн компанид жолооч хийдэг гэх, ам бүл 2, эхийн хамт оршин суух бүртгэлтэй, И. овогт Б.гийн Н..
Монгол Улсын иргэн, 1991 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, эмэгтэй, дээд боловсролтой, жүжигчин мэргэжилтэй, үсчин хийдэг, ам бүл 4, эх, эгч, дүүгийн хамторшин суух бүртгэлтэй, Х. овогт Э.ын Н..
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.Н., Э.Н. нар нь харилцан хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан, улмаар харилцан зодолдож, Э.Н.ы биед цээж, баруун шуу, баруун мөр, зүүн бугалга, баруун шилбэ, зүүн өвдөгт цус хуралт, зулгаралт, Б.Н.ын биед хүзүү, дагзны хуйх, цээж, зүүн дал, бугалга, баруун суганы урд хэсэг, нуруунд олон тооны шалбаралт, цус хуралт гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Н. мэдүүлэхдээ: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Н. мэдүүлэхдээ: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэв.
Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
- Э.Н.ы мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчоор өгсөн: “Уугаад сууж байхад Б.Н. бид хоёр маргалдаж эхэлсэн. Тэгээд хэрүүлээ болихгүй байхаар нь би Б.Н.ын хажууд очиж байгаад “чи одоо хэрэлдэхээ болиоч ээ” гэхэд Б.Н. миний нүүр лүү нэг удаа гараараа алгадаж унагаасан. Б.Н. миний үснээс үсдэж чирээд, газар унагааж байгаад гар, хөлөөрөө цохиж эхэлсэн. Тухайн үед би хумсаараа урсан байж магадгүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 18-19/,
- Б.Н.ын мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчоор өгсөн: “Э.Н., С.Энхбаяр бид гурав виски, архиа уугаад байж байхад манай найзтай юм ярьж байхдаа Э.Н. намайг доош нь хийгээд, сүүлдээ миний нүүр лүү гараараа цохих гээд зангаад байсан. Би дургүй хүрээд тэсэхгүй Э.Н.д хандаж “би ер нь чамтай суухгүй ээ” гээд хэлчихсэн чинь Э.Н. миний хүзүүнээс зуураад байхаар нь би түлхсэн. Салсан даруйдаа Э.Н. миний компьютерийн дэлгэцийг аваад газар шидчихсэн. Э.Н. буцаж ирээд намайг маажаад байхаар нь би түлхээд ардаас нь нэг удаа гараараа нуруу хэсэг рүү нь цохисон.” гэх мэдүүлэг /хх-ийн 24-25/,
- Гэрч С.Энхбаярын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “Архи ууж байх үед Э.Н., Б.Н. нар маргалдаж эхэлсэн. Хоорондоо хамт амьдарна, амьдрахгүй гээд маргалдсан. Очироо Э.Н.д хандаж “би чамтай амьдрахгүй” гэхэд Э.Н. уурлаад Очироогийн хүзүүнээс зулгаагаад байхаар нь Очироо Э.Н.ыг ор лүү түлхэхэд орон дээр унасан. Очироо Э.Н.ыг тайвшруулах гээд хоорондоо зууралдаж эхэлсэн.” гэх мэдүүлэг /хх-ийн 27-28/,
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 1687 тоот: “Б.Н.ын биед хүзүү, дагзны хуйх, цээж, зүүн дал, бугалга, баруун суганы урд хэсэг, нуруунд олон тооны шалбаралт, цус хуралтт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэх дүгнэлт /хх-ийн 31-32/,
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 1670 тоот: “Э.Н.ы биед цээж, баруун шуу, баруун мөр, зүүн бугалга, баруун шилбэ, зүүн өвдөгт цус хуралт, зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэх дүгнэлт /хх-ийн 37-38/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.
Б.Н., Э.Н. нар нь харилцан хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан, улмаар харилцан зодолдож, Э.Н.ы биед цээж, баруун шуу, баруун мөр, зүүн бугалга, баруун шилбэ, зүүн өвдөгт цус хуралт, зулгаралт, Б.Н.ын биед хүзүү, дагзны хуйх, цээж, зүүн дал, бугалга, баруун суганы урд хэсэг, нуруунд олон тооны шалбаралт, цус хуралт гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:
- Э.Н.ы мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчоор өгсөн: “Уугаад сууж байхад Б.Н. бид хоёр маргалдаж эхэлсэн. Тэгээд хэрүүлээ болихгүй байхаар нь би Б.Н.ын хажууд очиж байгаад “чи одоо хэрэлдэхээ болиоч ээ” гэхэд Б.Н. миний нүүр лүү нэг удаа гараараа алгадаж унагаасан. Б.Н. миний үснээс үсдэж чирээд, газар унагааж байгаад гар, хөлөөрөө цохиж эхэлсэн. Тухайн үед би хумсаараа урсан байж магадгүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 18-19/,
- Б.Н.ын мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчоор өгсөн: “Э.Н., С.Энхбаяр бид гурав виски, архиа уугаад байж байхад манай найзтай юм ярьж байхдаа Э.Н. намайг доош нь хийгээд, сүүлдээ миний нүүр лүү гараараа цохих гээд зангаад байсан. Би дургүй хүрээд тэсэхгүй Э.Н.д хандаж “би ер нь чамтай суухгүй ээ” гээд хэлчихсэн чинь Э.Н. миний хүзүүнээс зуураад байхаар нь би түлхсэн. Салсан даруйдаа Э.Н. миний компьютерийн дэлгэцийг аваад газар шидчихсэн. Э.Н. буцаж ирээд намайг маажаад байхаар нь би түлхээд ардаас нь нэг удаа гараараа нуруу хэсэг рүү нь цохисон.” гэх мэдүүлэг /хх-ийн 24-25/,
- Гэрч С.Энхбаярын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “Архи ууж байх үед Э.Н., Б.Н. нар маргалдаж эхэлсэн. Хоорондоо хамт амьдарна, амьдрахгүй гээд маргалдсан. Очироо Э.Н.д хандаж “би чамтай амьдрахгүй” гэхэд Э.Н. уурлаад Очироогийн хүзүүнээс зулгаагаад байхаар нь Очироо Э.Н.ыг ор лүү түлхэхэд орон дээр унасан. Очироо Э.Н.ыг тайвшруулах гээд хоорондоо зууралдаж эхэлсэн.” гэх мэдүүлэг /хх-ийн 27-28/,
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 1687 тоот: “Б.Н.ын биед хүзүү, дагзны хуйх, цээж, зүүн дал, бугалга, баруун суганы урд хэсэг, нуруунд олон тооны шалбаралт, цус хуралтт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэх дүгнэлт /хх-ийн 31-32/,
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 1670 тоот: “Э.Н.ы биед цээж, баруун шуу, баруун мөр, зүүн бугалга, баруун шилбэ, зүүн өвдөгт цус хуралт, зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэх дүгнэлт /хх-ийн 37-38/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Б.Н., Э.Н. нарыг харилцан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох үндэслэлтэй гэж үзлээ.
Шүүгдэгч Б.Н., Э.Н. нарт прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.
Хохирогч шүүгдэгч нар харилцан хохирол нэхэмжлээгүй байх тул Б.Н., Э.Н. нар нь бусдад төлөх төлбөргүй байна.
Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүх шүүгдэгч Б.Н., Э.Н. нарт ял оногдуулахад эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөлд тооцож, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгч нарын хувийн байдал зэргийг тус тус харгалзан тус бүрийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэж шийдвэрлэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч И. овогт Б.гийн Н., Х. овогт Э.ын Н. нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Н., Э.Н. нарт тус бүр 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар Б.Н., Э.Н. нарт тус бүр оногдуулсан 500.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
6. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Б.Н., Э.Н. нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.МӨНХТУЯА