| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лувсанравжаагийн Дэлгэрцэцэг |
| Хэргийн индекс | 152/2017/00244/И |
| Дугаар | 244 |
| Огноо | 2017-03-20 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 03 сарын 20 өдөр
Дугаар 244
Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Дэлгэрцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Увс аймгийн Тариалан сумын Толь багт оршин суух, 1961 онд төрсөн, 56 настай, эрэгтэй, регистрийн дугаар ОЭ61122135, Зуутраг овогт Норжингийн Доржоогийн,
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2017 оны 3 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, 2017 оны 3 дугаар сарын 14-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Н.Доржоо, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Дашдорж нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Н.Доржоо шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие 1961 оны 12 дугаар сарын 21-нд Улаангом суманд төрсөн. Би 1969-1977 онуудад 1 дүгээр 8 жилийн дунд сургууль төгсөж, 1977-1981 онуудад Говь-Алтай аймгийн Анагаах ухааны дунд сургуулийг эх баригч, бага эмчээр төгсөж ирээд 1981 оны 8 дугаар сарын 03-наас Тариалан сумын Гурван тээл бригадад бага эмчээр ажиллаж байгаад Нэгдсэн эмнэлгийн дарга Нямаагийн тушаалаар 1982 оны 2 дугаар сараас аймгийн Увс аймгийн Нэгдсэн эмнэлгийн Эмгэг анатомийн тасагт анатомич бага эмчээр 1994 оны 11 дүгээр сар хүртэл ажиллаж байгаад 1994 оны 11 дүгээр сарын 20-ны өдрөөс өнөөг хүртэл Хартарвагатайн уурхайн Толь багт бага эмчээр ажиллаж ирсэн билээ. Одоо миний бие хүнд хортой нөхцлөөр тэтгэвэрт гарах болж бичиг баримтаа бүрдүүлж тухайн үеийн хөдөлмөрийн дэвтэр тушаалаа бүрдүүлэхэд тухайн үеийн цалингийн тодорхойлолт байхгүй, хөдөлмөрийн дэвтэр болон тушаалд бага эмчээр ажиллаж байсан талаар бичилт хийгдсэн тул анатомич бага эмчээр ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд хандаж байна. Иймд миний 1981 оны 8 дугаар сарын 03-ны өдрөөс 1994 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэл анатомич бага эмчээр ажилласныг минь сэргээн тогтоож өгнө үү. Надтай хамт ажиллаж байсан Ж.Дариймааг гэрчээр асууж өгнө үү” гэв.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Н.Доржоо нь 1981 оны 8 дугаар сарын 03-ны өдрөөс 1994 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэл Увс аймгийн Нэгдсэн эмнэлгийн Эмгэг анатомийн тасагт анатомич бага эмчээр ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэгт дараах нотлох баримтууд авагджээ.
Увс аймгийн Архивын тасгийн 2017 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн цалингийн тодорхойлолтод нэхэмжлэгч Норжингийн Доржоогийн 1988 оны 10-12 дугаар сар, 1989 оны 1-5 дугаар сарыг дуустал Увс аймгийн Нэгдсэн эмнэлэгт анатомич эмчээр ажиллаж, цалин авч байсныг түүвэрлэн ирүүлжээ.
Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны Эрүүлийг хамгаалах газраас 1986 оны 8 дугаар сарын 05-ны өдөр Н.Доржоод олгосон хөдөлмөрийн дэвтрийн хуулбарт: “1981 оны 8 дугаар сарын 03-ны өдөр сургууль төгсөж ирсэн тул Тариалан сумын Гурван тээл бригадад бага эмчээр томилон ажиллуулав, 1982 оны 2 дугаар сарын 10-ны өдөр Тариалан сумын Гурван тээл бригадын бага эмчийн ажлаас чөлөөлж, Аймгийн нэгдсэн эмнэлгийн мэдэлд шилжүүлэв, 1982 оны 2 дугаар сарын 10-ны өдөр Нэгдсэн эмнэлгийн эмгэг анатомийн тасагт бага эмчээр томилон ажиллуулав, 1994 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Нэгдсэн эмнэлгийн эмгэг анатомийн тасгийн бага эмчийн ажлаас чөлөөлж, Хартарвагатайн уурхайд бага эмчээр томилон ажиллуулав” гэжээ.
Түүнчлэн Увс аймгийн Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны Эрүүлийг хамгаалах газрын даргын 1981 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн 183 дугаар “Бага эмч нарыг ажилд томилох тухай” тушаалд: “...Шинээр сургууль төгсөж ирсэн бага эмч Доржоог Тариалан сумын Гурван тээл бригдад багаа эмчээр 1981 оны 8 дугаар сарын 01-нээс эхлэн томилсугай” гэжээ.
Увс аймгийн Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны Эрүүлийг хамгаалах газрын даргын 1982 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн 38 дугаар “Ажлаас чөлөөлөх тухай” тушаалд: “...Тариалан сумын Гурван тээл бригадын бага эмч Норжин овогтой Доржоог үүрэгт ажлаас нь 1982 оны 2 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн чөлөөлж Аймгийн нэгдсэн эмнэлгийн мэдэлд шилжүүлсүгэй” гэжээ.
Увс аймгийн төвийн Нэгдсэн эмнэлгийн даргын 1982 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн 23 дугаар “Ажилд томилох тухай” тушаалд: “...Тариалан сумын Гурван тээл бригадын бага эмчээр ажиллаж байсан Норжин овогтой Доржоог 1982 оны 2 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн Нэгдсэн эмнэлгийн эмгэг анатомийн тасагт бага эмчээр авч ажиллуулсугай” гэжээ.
Увс аймгийн Нэгдсэн эмнэлгийн даргын 1994 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 94 дүгээр “Ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай” тушаалд: “...Нэгдсэн эмнэлгийн эмгэг анатомийн бага эмч Н.Доржоог 1994 оны 11 дүгээр сарын 20-ны өдрөөр ажлаас нь чөлөөлж Хартарвагатайн уурхайд бага эмчээр томилсугай” гэжээ.
Мөн нэхэмжлэгч Н.Доржоо нь эмч Инна болон хамт олонтойгоо авахуулж байсан гэх гэрэл зураг хэрэгт авагдсан байна.
Мөн шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр гэрч Ж.Дариймаагаас мэдүүлэг авсан бөгөөд гэрч нь “Миний бие нь 1973 оноос 1993 он хүртэл Увс аймгийн Нэгдсэн эмнэлгийн Эмгэг анатомийн тасагт үйлчлэгчээр ажиллаж байсан. Намайг тус тасагт ажиллаж байхад Н.Доржоо нь 1982 оноос эхлэн Нэгдсэн эмнэлэгт эмгэг анатомийн бага эмчээр ажиллаж эхэлсэн. Миний бие 1993 онд үйлчлэгчийн ажлаас чөлөөлөгдөх үед Н.Доржоо нь тус тасагтаа бага эмчээр үргэлжлүүлэн ажиллаад үлдсэн болно. Тухайн үед Нэгдсэн эмнэлгийн даргаар Оюундэлгэр, Нямаа, Эмгэг анатомийн тасгийн эрхлэгчээр Баясгалан, Оюундэлгэр, Дамдинсүрэн гэх хүмүүс ажиллаж байсан” гэж мэдүүлсэн ба түүний ажилласан байдлыг Увс аймаг дахь Сум дундын шүүхийн 2008 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 214 дүгээр шийдвэрийн хуулбарууд хэрэгт авагджээ.
Нэхэмжлэгч нь эмч Инна болон хамт олонтойгоо авахуулж байсан гэх гэрэл зургийг хэзээ авахуулсан, хаана, ямар аргаар бэхжүүлсэн нь тодорхой бус байх тул уг гэрэл зургийг шийдвэрийн үндэслэл болгох боломжгүй байна.
Н.Доржоог Увс аймгийн Нэгдсэн эмнэлэгт бага эмчээр ажилд томилсон тушаал болон хөдөлмөрийн дэвтрийн хуулбарт түүнийг бага эмчээр ажиллаж байсан талаар бичилт хийгдсэн байх боловч нэхэмжлэгч нь 1981 оноос 1994 онуудад Нэгдсэн эмнэлэгт эмгэг анатомийн бага эмчээр ажиллаж байсан болох нь Увс аймгийн Нэгдсэн эмнэлгийн даргын 1994 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 94 дүгээр “Ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай” тушаал, гэрч Ж.Дариймаагийн “Н.Доржоо нь 1982 оноос эхлэн Нэгдсэн эмнэлэгт эмгэг анатомийн бага эмчээр ажиллаж эхэлсэн. Миний бие 1993 онд үйлчлэгчийн ажлаас чөлөөлөгдөх үед Н.Доржоо нь тус тасагтаа ажиллаад үлдсэн” гэх мэдүүлгээр тогтоогдов.
Түүнчлэн нэхэмжлэгч Н.Доржоо нь 1981 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс 1994 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэл Увс аймгийн Нэгдсэн эмнэлэгт эмгэг анатомийн бага эмчээр ажиллаж байсан болох нь Увс аймгийн Архивын тасгийн 2017 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн цалингийн тодорхойлолт, Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны Эрүүлийг хамгаалах газраас 1986 оны 8 дугаар сарын 05-ны өдөр түүнд олгосон хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, Увс аймгийн Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны Эрүүлийг хамгаалах газрын даргын 1982 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн 38 дугаар “Ажлаас чөлөөлөх тухай” тушаал, Увс аймгийн төвийн Нэгдсэн эмнэлгийн даргын 1982 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн 23 дугаар “Ажилд томилох тухай” тушаал, Увс аймгийн Нэгдсэн эмнэлгийн даргын 1994 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 94 дүгээр “Ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай” тушаал, гэрч Ж.Дариймаагийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.
Иймд нэхэмжлэгч Н.Доржоогийн хүсэлтийг хангаж, түүний 1981 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс 1994 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэл Увс аймгийн Нэгдсэн эмнэлэгт эмгэг анатомийн бага эмчээр 13 жил 3 сар 19 хоног ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэв.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч Зуутраг овогт Норжингийн Доржоогийн 1981 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс 1994 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэл Увс аймгийн Нэгдсэн эмнэлэгт эмгэг анатомийн бага эмчээр 13 /арван гурав/ жил 3 /гурав/ сар 19 /арван ес/ хоног ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч Н.Доржоогийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.ДЭЛГЭРЦЭЦЭГ