| Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхамсүрэнгийн Батжаргал |
| Хэргийн индекс | 137/2017/0104/И |
| Дугаар | 167 |
| Огноо | 2017-05-02 |
| Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж
2017 оны 05 сарын 02 өдөр
Дугаар 167
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн шүүгч Л.Батжаргал би
Нэхэмжлэгч: Дорноговь аймгийн Өргөн сум, 4 дүгээр баг Найрамдал хороо 7-1-4 тоотод оршин суух, Дамдин овогт Андруушийн Батбаяр /РД:ЕЦ71083171/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дорноговь аймаг, Өргөн сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Амгалан овогт Даваасүрэнгийн Бат-Эрдэнэ /РД:ЕЦ76072361/-д холбогдох,
Ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч А.Батбаяр шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие нь 1994 Биеийн тамирын дээд сургуулийг төгссөн. 1994 оноос хойш Өргөн сумын ерөнхий боловсролын сургуульд багш, сургуулийн захирал, нийгмийн ажилтан зэрэг ажил хийж өдгөө 23 дахь жилдээ тасралтгүй ажиллаж байна. Сургуулийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Бат-Эрдэнэ нь ажилд томилогдож ирсэн цагаасаа эхлэн надтай таарамжгүй хандах болсон бөгөөд улмаар 2017 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн Б/20 дугаартай тушаал гаргаж намайг ажлаас чөлөөлсөн. Ажлаас чөлөөлөх тушаалд намайг ажлын цагаар удаа дараа архи согтууруулах ундаа хэрэглэсэн, сургуулиас зохион байгуулсан олон нийтийн төлөвлөгөөт үйл ажиллагааны үеэр дээрх зөрчлийг давтан гаргасан гэж Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4 хэсгийг үндэслэн ажлаас халсан байна. Надад ажлын цагаар ажлын байран дээр архи согтууруулах ундаа хэрэглэсэн удаа байхгүй. Би 2017 оны 03 дугаар сарын 14-ны өдөр болсон спортын тэмцээн дээр 21 цаг хүртэл зааланд байж байгаад заалнаас гараад хүмүүстэй архи уусан нь үнэн 21 цаг гэдэг бол ажлын цаг дууссан тул миний ажил үүрэгтэй ямар ч холбоогүй юм. Иймд 2017 оны 03 дугаар сарын 15-ны Б/20 тоот тушаалыг хүчингүй болгож, шүүхийн шийдвэр гаргах хүртэл хугацааны миний 1 сарын үндсэн цалин болох 608.457 төгрөгийг гаргуулан өмнө эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч А.Батбаяр шүүхэд гаргасан хүсэлтэндээ: А.Батбаяр миний бие тус шүүхэд Дорноговь аймгийн Өргөн сумын ЕБС-ийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Бат-Эрдэнэд холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд нэхэмжлэгч миний бие шүүхэд гаргасан дээрх нэхэмжлэлээсээ татгалзаж байгаа тул хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч А.Батбаяр нь хариуцагч Дорноговь аймгийн Өргөн сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Амгалан овогт Даваасүрэнгийн Бат-Эрдэнэд холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан байх ба нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ татгалзсан болох нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан хүсэлтээр тогтоогдож байна.
Нэхэмжлэгч А.Батбаяр нь нэхэмжлэлээсээ татгалзсан нь хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул нэхэмжлэгчийн татгалзлыг баталж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь зүйтэй байна.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.5-д зааснаар нэхэмжлэгч А.Батбаяр нэхэмжлэлтэй хариуцагч Дорноговь аймгийн Өргөн сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Бат-Эрдэнэд холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч А.Батбаяр нь нэхэмжлэлээсээ татгалзсан болохыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.4, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 18904 төгрөгийн 50 хувь болох 9452 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх, Дорноговь аймгийн Замын-Үүд сумын татварын тасгийн 100061400941 тоот данснаас 9452 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч А.Батбаярт олгосугай.
3. Энэ захирамжид зохигчид давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг тус тус дурдсугай.
ШҮҮГЧ Л.БАТЖАРГАЛ