| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дагвадоржийн Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 105/2021/0503/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/525 |
| Огноо | 2021-04-30 |
| Зүйл хэсэг | 24.5.1., |
| Улсын яллагч | Э.Ариунболд |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 04 сарын 30 өдөр
Дугаар 2021/ШЦТ/525
2021 04 30 2021/ШЦТ/525
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Дариймаа,
улсын яллагч Э.Ариунболд,
шүүгдэгч О.Д., түүний өмгөөлөгч Б.Түвшинтөгс нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Д. овогт О.ын Д.д яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2106 00586 0557 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1973 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Баянхонгор аймгийн Баян-Овоо суманд төрсөн, 47 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хот хооронд ачаа тээвэрлэх ажил эрхэлдэг, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт оршин суух, Д. овогт О.ын Д..
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч О.Д. нь 2021 оны 02 дугаар сарын 03-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Нарантуул ОУХТ-ийн өргөтгөл захын орчимд Сканиа /Scania/ маркийн 33-88 БНР улсын дугаартай тээврийн хэрэгсэлд ховор амьтан болох хойлог шувууг хадгалсан, тээвэрлэсэн гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч О.Д. мэдүүлэхдээ: “Манай хуурай дүү Я.Амаржаргал “2021 оны эхээр би оторт явах гэж байна, тиймээс та ойрын хугацаанд ирээд цагаан идээгээ аваарай” гэж над руу ярьсан. Тэгээд би Байдраг сум ороод, мотоциклоор дүүгийнх рүү гээ явсан. Тэгтэл зам дээр цагаан тортой юм байж байсан. Би задлаад үзэхэд цагаан шувуу байсан. Тэгээд би “ийм юм оллоо, энэ ямар шувуу юм бол?” гэхэд “хойлог шувуу юм шиг байна” гэсэн. Би цагаан идээгээ аваад Байдаг сум дээр ирээд, аймаг руу явсан. Би хот руу ирэхдээ тухайн шувууг авч ирсэн. Фейсбүүкт байсан “хойлог шувуу авна” гэх зарын доор би өөрийн утасны дугаарыг үлдээсэн. Нэг хүн ирж уулзаад, маргааш ирж авъя гээд явсан. Тэр хүн экологийн цагдаагийн ажилтан байсан.” гэв.
Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
- Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Цолмонбаатарын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 07 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан ховор амьтны жагсаалтанд багтсан байдаг. Амьтны тухай хуулийн 37 дугаар зүйлд “Амьтны тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас амьтны аймагт учирсан хохирлыг гэм буруутай этгээдээр төлүүлнэ. Засгийн газраас тогтоосон амьтны экологи эдийн засгийн үнэлгээг 2 дахин өсгөж тогтооно” гэж заасан байдаг.” гэх мэдүүлэг /хх-ийн 65-66/,
- Гэрч Я.Амаржаргалын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “2021 оны 01 дүгээр сарын сүүлээр О.Д. ах манай гэрт мотоцикльтэй ирж цагаан сарын идээ, цагаа авсан юм. Тухайн үед манай гэрт ирэхдээ “ах нь зам дээрээс шувуу оллоо, ямар шувуу вэ?” гэхээр нь “ах аа, наадах чинь хойлог шувуу юм шиг байна” гэж хэлээд өнгөрсөн юм. Тэгээд О.Д. ах цагаан идээгээ болон нөгөө олсон гэх шувуугаа аваад манай гэрээс явсан юм. Тухайн үед О.Д. ахад буу байгаагүй. Тухайн шувуу нь үхчихсэн, хөлдсөн байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 17-18/,
- Биологийн хүрээлэнгийн Шувуу, шавьж судлалын лабораторийн эрдэм шинжилгээний ажилтан Б.Энхтуяа шинжээчийн 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн “Шинжилгээнд ирүүлсэн зүйл нь Гургуулынхан овгийн 1 бодгаль Алтайн хойлог шувуу болохыг тогтоосон. Алтайн хойлог шувуу нь монгол орны улаан номонд бүртгэлтэй. Амьтны тухай хуулийн ховор зүйлийн жагсаалтанд багтсан. Алтайн хойлог шувууны экологи эдийн засгийн үнэлгээ Засгийн газрын 2011 оны 23 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралт болох “Ан амьтны экологи эдийн засгийн үнэлнээ”-нд үнэлснээр 130.000 төгрөг байна.” гэх дүгнэлт /хх-ийн 25-26/,
- О.Д.гийн яллагдагчаар өгсөн: “Цагаан ууттай зүйл хэвтэж байхаар нь буугаад нээгээд үзтэл шувуу байхаар нь аваад, цаашаа Я.Амаржаргалын гэрт очиж үзүүлээд “энэ ямар шувуу вэ?” гэж асуухад “наадах чинь хойлог шувуу юм шиг байна” гэж надад хэлсэн. Тэгээд би 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр Улаанбаатар хотод ирэхдээ хойлог шувууг аваад хүрээд ирсэн.” гэх мэдүүлэг /54-55/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.
О.Д. нь 2021 оны 02 дугаар сарын 03-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Нарантуул ОУХТ-ийн өргөтгөл захын орчимд Сканиа /Scania/ маркийн 33-88 БНР улсын дугаартай тээврийн хэрэгсэлд ховор амьтан болох хойлог шувууг хадгалсан, тээвэрлэсэн болох нь:
- Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Цолмонбаатарын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 07 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан ховор амьтны жагсаалтанд багтсан байдаг. Амьтны тухай хуулийн 37 дугаар зүйлд “Амьтны тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас амьтны аймагт учирсан хохирлыг гэм буруутай этгээдээр төлүүлнэ. Засгийн газраас тогтоосон амьтны экологи эдийн засгийн үнэлгээг 2 дахин өсгөж тогтооно” гэж заасан байдаг.” гэх мэдүүлэг /хх-ийн 65-66/,
- Гэрч Я.Амаржаргалын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “2021 оны 01 дүгээр сарын сүүлээр О.Д. ах манай гэрт мотоцикльтэй ирж цагаан сарын идээ, цагаа авсан юм. Тухайн үед манай гэрт ирэхдээ “ах нь зам дээрээс шувуу оллоо, ямар шувуу вэ?” гэхээр нь “ах аа, наадах чинь хойлог шувуу юм шиг байна” гэж хэлээд өнгөрсөн юм. Тэгээд О.Д. ах цагаан идээгээ болон нөгөө олсон гэх шувуугаа аваад манай гэрээс явсан юм. Тухайн үед О.Д. ахад буу байгаагүй. Тухайн шувуу нь үхчихсэн, хөлдсөн байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 17-18/,
- Биологийн хүрээлэнгийн Шувуу, шавьж судлалын лабораторийн эрдэм шинжилгээний ажилтан Б.Энхтуяа шинжээчийн 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн “Шинжилгээнд ирүүлсэн зүйл нь Гургуулынхан овгийн 1 бодгаль Алтайн хойлог шувуу болохыг тогтоосон. Алтайн хойлог шувуу нь монгол орны улаан номонд бүртгэлтэй. Амьтны тухай хуулийн ховор зүйлийн жагсаалтанд багтсан. Алтайн хойлог шувууны экологи эдийн засгийн үнэлгээ Засгийн газрын 2011 оны 23 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралт болох “Ан амьтны экологи эдийн засгийн үнэлнээ”-нд үнэлснээр 130.000 төгрөг байна.” гэх дүгнэлт /хх-ийн 25-26/,
- О.Д.гийн яллагдагчаар өгсөн: “Цагаан ууттай зүйл хэвтэж байхаар нь буугаад нээгээд үзтэл шувуу байхаар нь аваад, цаашаа Я.Амаржаргалын гэрт очиж үзүүлээд “энэ ямар шувуу вэ?” гэж асуухад “наадах чинь хойлог шувуу юм шиг байна” гэж надад хэлсэн. Тэгээд би 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр Улаанбаатар хотод ирэхдээ хойлог шувууг аваад хүрээд ирсэн.” гэх мэдүүлэг /54-55/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч О.Д.г ховор амьтны түүхийн эдийн зүйлийг хадгалсан, тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж үзлээ.
Шүүгдэгч О.Д.д прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.
Шүүгдэгч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол 260.000 төгрөгийг төлсөн болох нь Хаан банкны 2021 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 13319428 журналын дугаартай шилжүүлгийн мэдээллийн баримтаар нотлогдож байх тул бусдад төлөх төлбөргүй болно.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүх шүүгдэгч О.Д.д ял оногдуулахад эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлснийг тус тус эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөлд тооцож, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг тус тус харгалзан хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэж шийдвэрлэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан буюу Экологийн цагдаагийн албаны эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа 1 ширхэг хойлог шувууны түүхий эдийг хэрэгцээний дагуу Шинжлэх ухааны академийн Биологийн хүрээлэнд шилжүүлж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Д. овогт О.ын Д.г ховор амьтны түүхий эдийн зүйлийг хадгалсан, тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Д.д хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад тус тус зааснаар О.Д.д тэнссэн хугацаанд оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5, 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт тус тус зааснаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн, шүүхээс хүлээлгэсэн үүргийг зөрчсөн бол шүүх тэнссэн, үүрэг хүлээлгэсэн шийдвэрийг тус тус хүчингүй болгож, энэ хуулийн 6.1, 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг шүүгдэгч О.Д.д тайлбарласугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар Цагдаагийн ерөнхий газрын Экологийн цагдаагийн албаны Эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа 1 ширхэг хойлог шувууны түүхий эдийг хэрэгцээний дагуу Шинжлэх ухааны академийн Биологийн хүрээлэнд шилжүүлэхийг Цагдаагийн ерөнхий газрын Экологийн цагдаагийн албаны Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтэст даалгасугай.
6. Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурдсугай.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, О.Д.д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.МӨНХТУЯА