Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 04 сарын 30 өдөр

Дугаар 2021/ШЦТ/528

 

 

 

   2021        04         30                                        2021/ШЦТ/528

 

                            

                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Дариймаа,  

улсын яллагч Т.Мөнх-Амгалан,  

хохирогч Т.Ж.,

шүүгдэгч Б.Ө., түүний өмгөөлөгч Ц.Бат-Өлзий нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Б. овогт Б.ын Ө.д яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2106 00543 0380 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1991 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, хүнд машин механизмын оператор мэргэжилтэй, “Бүрдэл майнинг” ХХК-д экскаваторын оператор ажилтай, ам бүл 4, 

урьд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 366 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэгдэж байсан,

Б. овогт Б.ын Ө..

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Ө. нь 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Цэргийн хотхоны 215 тоотод архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ иргэн Т.Ж.той маргалдан нуруу болон хөлөн тус газарт нь хөлөөрөө өшиглөх, дэвсэх зэргээр биед нь халдаж, улмаар түүний биед бөөрний үүдэвч хэсгийн язрал, зүүн бөөрний хальсан доорх цусан хураа, хэвлийн хөндийд шингэн хуралт, цээж умдагт цус хуралт, зүүн алганд зулгаралт бүхий эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                                                                                         ТОДОРХОЙЛОХ нь:

            Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Ө. мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй.” гэв.

            Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Т.Ж. мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй.” гэв.

            Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

- Гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тухай мөрдөгчийн тэмдэглэл /хх-ийн 3/,

- Хохирогч Т.Ж.гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “Би 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өглөө 10:00 цагийн үед гэрээсээ ганцаараа гараад “Гурван булаг” нэртэй дэлгүүр чиглээд явж байхад тэр дэлгүүрээс миний танил Б.Ө. 2 шил архи авчихсан гараад ирсэн. Бид 2 эргэж дээшээ өгсөөд Куда гэх нэртэй айлд орсон. Тэндээ бид гурав Б.Ө.н авсан 2 шил архийг хувааж уугаад байж байхад Б.Ө.н эхнэр Дөлгөөнөө хоёр хүүхдийн хамт Кудагийнд ирсэн. Б.Ө. эхнэрээ орж ирэхээс өмнө миний цээж рүү өшиглөсөн. Дараа нь эхнэр нь орж ирэхэд боож унагаагаад, би ухаан алдсан байсан. Сэргэхэд бөгс, нуруу руу дэвсэж, мөн зүүн талын бөөр лүү өшиглөж байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 7-9/,

- Хохирогч Т.Ж.гийн дахин өгсөн: “Намайг Б.Ө. гэх залуу цээж хэсэгт  нэг удаа өшиглөх үед би хойшоо газарт унаад хэвтэж байхад дээрээс нуруу, бөөр хэсэгт мөн адил өшиглөж учруулсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 14/,

- Гэрч Ү.Түвшинтөрийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “2021 оны 01 дүгээр сарын 22-ны өглөө 10:00 цагийн үед хөрш айлын залуу болох Б.Ө. манайд орж ирсэн. Тэгээд би Б.Ө.д хандаад “будаг хийгээд хордлогод ороод бие муу байна” гэхэд Б.Ө. надад архи авч өгнө гэхээр нь бид хоёр хамт дэлгүүр ороод архи аваад, буцаад явж байхад танил залуу болох Т.Ж. бид хоёрыг дуудаад, манайд ороод бид 3 хамт архи хувааж ууж байхад Т.Ж. над руу хэл амаар доромжлоод, дайраад байхад Б.Ө. дундуур ороод салгахад Т.Ж. бас Б.Ө.тэй маргалдаад байсан. Тэгтэл гаднаас Б.Ө.н эхнэр, хоёр хүүхдийн хамт орж ирээд байж байгаад манайхаас бүгд гарсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 21-22/,

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 1239 тоот: “Т.Ж.гийн биед зүүн бөөрний үүдэвч хэсгийн язрал, зүүн бөөрний хальсан доорх цусан хураа, хэвлийн хөндийд шингэн хуралт, цээж умдагт цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн  хэд хэдэн удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Зүүн бөөрний үүдэвч хэсгийн язрал, зүүн бөөрний хальсан доорх цусан хураа, хэвлийн хөндийд шингэн хуралт гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Бусад гэмтлүүд нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй.” гэх дүгнэлт /хх-ийн 27/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

         Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.

Б.Ө. нь 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Цэргийн хотхоны 215 тоотод архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ иргэн Т.Ж.той маргалдан нуруу болон хөлөн тус газарт нь хөлөөрөө өшиглөх, дэвсэх зэргээр биед нь халдаж, улмаар түүний биед бөөрний үүдэвч хэсгийн язрал, зүүн бөөрний хальсан доорх цусан хураа, хэвлийн хөндийд шингэн хуралт, цээж умдагт цус хуралт, зүүн алганд зулгаралт бүхий эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан болох  нь:

- Хохирогч Т.Ж.гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “Би 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өглөө 10:00 цагийн үед гэрээсээ ганцаараа гараад “Гурван булаг” нэртэй дэлгүүр чиглээд явж байхад тэр дэлгүүрээс миний танил Б.Ө. 2 шил архи авчихсан гараад ирсэн. Бид 2 эргэж дээшээ өгсөөд Куда гэх нэртэй айлд орсон. Тэндээ бид гурав Б.Ө.н авсан 2 шил архийг хувааж уугаад байж байхад Б.Ө.н эхнэр Дөлгөөнөө хоёр хүүхдийн хамт Кудагийнд ирсэн. Б.Ө. эхнэрээ орж ирэхээс өмнө миний цээж рүү өшиглөсөн. Дараа нь эхнэр нь орж ирэхэд боож унагаагаад, би ухаан алдсан байсан. Сэргэхэд бөгс, нуруу руу дэвсэж, мөн зүүн талын бөөр лүү өшиглөж байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 7-9/,

- Хохирогч Т.Ж.гийн дахин өгсөн: “Намайг Б.Ө. гэх залуу цээж хэсэгт  нэг удаа өшиглөх үед би хойшоо газарт унаад хэвтэж байхад дээрээс нуруу, бөөр хэсэгт мөн адил өшиглөж учруулсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 14/,

- Гэрч Ү.Түвшинтөрийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “2021 оны 01 дүгээр сарын 22-ны өглөө 10:00 цагийн үед хөрш айлын залуу болох Б.Ө. манайд орж ирсэн. Тэгээд би Б.Ө.д хандаад “будаг хийгээд хордлогод ороод бие муу байна” гэхэд Б.Ө. надад архи авч өгнө гэхээр нь бид хоёр хамт дэлгүүр ороод архи аваад, буцаад явж байхад танил залуу болох Т.Ж. бид хоёрыг дуудаад, манайд ороод бид 3 хамт архи хувааж ууж байхад Т.Ж. над руу хэл амаар доромжлоод, дайраад байхад Б.Ө. дундуур ороод салгахад Т.Ж. бас Б.Ө.тэй маргалдаад байсан. Тэгтэл гаднаас Б.Ө.н эхнэр, хоёр хүүхдийн хамт орж ирээд байж байгаад манайхаас бүгд гарсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 21-22/,

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 1239 тоот: “Т.Ж.гийн биед зүүн бөөрний үүдэвч хэсгийн язрал, зүүн бөөрний хальсан доорх цусан хураа, хэвлийн хөндийд шингэн хуралт, цээж умдагт цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн  хэд хэдэн удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Зүүн бөөрний үүдэвч хэсгийн язрал, зүүн бөөрний хальсан доорх цусан хураа, хэвлийн хөндийд шингэн хуралт гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Бусад гэмтлүүд нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй.” гэх дүгнэлт /хх-ийн 27/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Б.Ө.г хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж үзлээ.

             Шүүгдэгч Б.Ө.д прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

            Хохирогч нь баримтаар хохирол нэхэмжлээгүй тул цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээх нь зүйтэй байна.

             Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

            Шүүгдэгч Б.Ө.д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 6.7 дугаар зүйлд заасан нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүгдэгчид прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэв.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн  хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б. овогт Б.ын Ө.г хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ө.д 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт тус тус зааснаар Б.Ө.д оногдуулсан 10.000.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, Б.Ө. нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

            4. Хохирогч Т.Ж. нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

           5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурдсугай.

           6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

           7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, Б.Ө.д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Д.МӨНХТУЯА