Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 03 сарын 20 өдөр

Дугаар 245

 

          Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Дэлгэрцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

        Нэхэмжлэгч: Увс аймгийн Улаангом сумын 11 дүгээр багт оршин суух, 1963 онд төрсөн, 54 настай, эмэгтэй, регистрийн дугаар ОЮ63111909, Таргуд овогт Тогтохын Алтанчимэгийн,

        М.Урантогосын ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2017 оны 2 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, 2017 оны 2 дугаар сарын 20-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

        Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Т.Алтанчимэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Дашдорж нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ  нь:

      Нэхэмжлэгч Т.Алтанчимэг шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “М.Урантогос нь 1967 онд төрсөн, 50 настай. М.Урантогос                                                                              1983 оны 9 дүгээр сарын 19-ний өдрөөс 1994 оны 10 дугаар сарын 16-ны өдрийг дуустал Нэгдэл дундын үйлдвэрийн барилгын салбарт шаварчин, будагчнаар 11 жил 1 сар ажилласан. М.Урантогосын ажилд орсон, ажлаас чөлөөлөгдсөн тушаалууд, хөдөлмөрийн дэвтэр байгаа боловч Увс аймгийн Нэгдэл дундын үйлдвэрийн нэр өөрчлөгдөж Нэгдэлчин ББХК болсон байхад 1992 онд ажлаас гарсан тушаал нь Нэгдэл дундын үйлдвэр гэж зөрүүтэй гарсан тул улсад ажилласан байдлаа шүүхээр тогтоолгох шаардлагатай байгаа юм. М.Урантогосын ажилд орсон, ажлаас чөлөөлөгдсөн тушаалууд, хамт ажиллаж байсан Ж.Дэлэг, С.Отгон нарын хөдөлмөрийн дэвтрийг гэрчийн нотлох баримтаар гаргуулан өгч байна. Иймд М.Урантогосын шүүхэд өгсөн нотлох баримтыг үндэслэн 1983 оны 9 дүгээр сарын 19-ний өдрөөс 1994 оны 10 дугаар сарын 16-ны өдрийг дуустал Нэгдэл дундын үйлдвэр болон Нэгдэлчин ББХК-д шаварчин, будагчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү” гэв.                            

            Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

            Нэхэмжлэгч Т.Алтанчимэг нь М.Урантогосын 1983 оны 9 дүгээр сарын 19-нөөс 1994 оны 10 дугаар сарын 16-ны өдрийг дуустал Увс аймгийн Нэгдэл дундын үйлдвэр болон Нэгдэлчин ББХК-д шаварчин, будагчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэгт дараах нотлох баримтууд авагджээ.

       Увс аймгийн Архивын тасгийн 2017 оны 2 дугаар сарын 03-ны өдрийн 87 дугаар  архивын лавлагаанд: “Увс аймгийн Нэгдэл дундын үйлдвэрийн цалингийн баримт манай архивт шилжиж ирээгүй нь үнэн болно” гэжээ.

           Нэгдэл дундын үйлдвэрийн боловсон хүчнээс 1983 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр М.Урантогосод  олгосон хөдөлмөрийн дэвтрийн хуулбарт: “1983 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр Барилгын бригадад шаварчин, будагчнаар авч ажиллуулав, 1994 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Барилгын салбарын засалчны ажлаас өөрийнх нь хүсэлтээр чөлөөлөв” гэжээ.

    Түүнчлэн Увс аймгийн Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны хөдөлмөр нийгэм хангамжийн хэлтсийн 1983 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 931 дүгээр “Ажилд шилжүүлэх мэдэгдэл”-д: “Улаангом хотын харьяат 1459375 номерийн паспорттай Мажигсүрэн овогтой Урантогос танайд 1983 оны 9 дүгээр сарын 19-ний өдрөөс эхлэн шаварчин, будагчнаар ажиллуулахаар шилжүүлэв” гэжээ.

      Нэгдэл дундын үйлдвэрийн даргын 1983 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 43 дугаар “Ажилчид ажилд томилох тухай” тушаалд: “...Барилгын бригадын шаварчин, будагчнаар Мажигсүрэн овогтой Урантогос, ... нарыг 1983 оны 9 дүгээр сарын 19-ний өдрөөс эхлэн авч ажиллуулсугай” гэжээ.

     Нэгдэл дундын үйлдвэрийн даргын 1994 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 37 дугаар “Ажлаас чөлөөлөх тухай” тушаалд: “...Барилгын бригадын будагчин, шаварчин, М.Урантогосыг 1994 оны 10 дугаар сарын 16-ны өдрөөр тасалбар болгон ажлаас нь чөлөөлсүгэй” гэжээ. 

        Шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр гэрч Ж.Дэлэг, С.Отгон нараас мэдүүлэг авсан бөгөөд гэрч Ж.Дэлэг “Миний бие 1983 оноос 1992 он хүртэл Нэгдэл дундын үйлдвэрт туслах ажилтнаар ажиллаж байсан. Намайг тус газарт анх туслах ажилтнаар ажиллаж эхлэхэд М.Урантогос нь надтай мөн адил 1983 оноос эхлэн Нэгдэл дундын үйлдвэрийн барилгын бригадад шаварчин, будагчнаар ажиллаж эхэлсэн юм. Миний бие 1992 онд тус газар бүтэц зохион байгуулалтын өөрчлөлтөд орж Нэгдэлчин ББХК болоход орон тооны цомхотголоор ажлаас чөлөөлөгдөхөд М.Урантогос нь Нэгдэлчин ББХК-д шаварчин, будагчнаар ажиллаад үлдсэн юм. Тухайн үед Нэгдэл дундын үйлдвэрийн даргаар Дашхүү, Нэгдэлчин ББХК-ийн даргаар Дамбий, Зоригоо гэх хүмүүс ажиллаж байсан” гэж, гэрч С.Отгон “Миний бие 1986 оноос 1995 он хүртэл Нэгдэл дундын үйлдвэр, Нэгдэлчин ББХК-д барилгачнаар ажиллаж байсан. Намайг тус газарт барилгачнаар ажилаж эхлэхэд М.Урантогос нь Нэгдэл дундын үйлдвэрийн барилгын бригадад шаварчин, будагчнаар ажиллаж байсан юм. Нэгдэл дундын үйлдвэр нь 1992 оноос бүтэц зохион байгуулалтын өөрчлөлтөд орж Нэгдэлчин ББХК болсон бөгөөд М.Урантогос нь үргэлжлүүлэн 1995 он хүртэл Нэгдэлчин ББХК-д шаварчин, будагчнаар ажилласан” гэж тус тус мэдүүлсэн ба тэдний ажилласан байдлыг нотлох хөдөлмөрийн дэвтэрийн хуулбар болон Увс аймгийн Сум дундын шүүхийн 2008 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 163 дугаар шийдвэрийн хуулбарууд хэрэгт авагджээ.

      Увс аймгийн Нэгдэл дундын үйлдвэр нь бүтэц зохион байгуулалтын өөрчлөлтөд орж Нэгдэлчин ББХК болсны дараа тус байгууллагын дарга нь М.Урантогосыг ажлаас чөлөөлөх тухай тушаалаа Нэгдэл дундын үйлдвэрийн даргын тушаал гэж өмнөх байгууллагын нэршлээр нь гаргасан байх тул уг тушаалыг шийдвэрийн үндэслэл болгох боломжгүй байна.

       Харин М.Урантогос нь 1983 оны 9 дүгээр сарын 19-нөөс 1994 оны 10 дугаар сарын 16-ны өдрийг дуустал Увс аймгийн Нэгдэл дундын үйлдвэр болон Нэгдэлчин ББХК-д шаварчин, будагчнаар ажиллаж байсан болох нь Нэгдэл дундын үйлдвэрийн боловсон хүчнээс 1983 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр түүнд олгосон хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, Увс аймгийн Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны хөдөлмөр нийгэм хангамжийн хэлтсийн 1983 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 931 дүгээр “Ажилд шилжүүлэх мэдэгдэл”, Нэгдэл дундын үйлдвэрийн даргын 1983 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 43 дугаар “Ажилчид ажилд томилох тухай” тушаал, гэрч Ж.Дэлэг, С.Отгон нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна. 

       Иймд нэхэмжлэгч Т.Алтанчимэгийн хүсэлтийг хангаж, М.Урантогосын 1983 оны 9 дүгээр сарын 19-нөөс 1994 оны 10 дугаар сарын 16-ны өдрийг дуустал Увс аймгийн Нэгдэл дундын үйлдвэр болон Нэгдэлчин ББХК-д шаварчин, будагчнаар 11 жил 27 хоног ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэв.

           Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.   

         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

        1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсгүүдэд зааснаар Жамиран үрс овогт Мажигсүрэнгийн Урантогосын 1983 оны 9 дүгээр сарын 19-нөөс 1994 оны 10 дугаар сарын 16-ны өдрийг дуустал Увс аймгийн Нэгдэл дундын үйлдвэр болон Нэгдэлчин ББХК-д шаварчин, будагчнаар 11 /арван нэг/ жил 27 /хорин долоо/ хоног ажиллаж байсан байдлыг тогтоосугай.        

       2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсгүүдэд  зааснаар нэхэмжлэгч Т.Алтанчимэгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.  

      Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй. 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Л.ДЭЛГЭРЦЭЦЭГ