| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лувсанравжаагийн Дэлгэрцэцэг |
| Хэргийн индекс | 152/2017/00221/И |
| Дугаар | 248 |
| Огноо | 2017-03-20 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 03 сарын 20 өдөр
Дугаар 248
Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Дэлгэрцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Увс аймгийн Өмнөговь сумын 1 дүгээр багт оршин суух, 1966 онд төрсөн, 51 настай, эмэгтэй, регистрийн дугаар ОЙ66102006, Бөхнүүд овогт Мягмарын Оюуны,
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2017 оны 2 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, 2017 оны 2 дугаар сарын 24-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Дашдорж оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч М.Оюун шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие 1966 онд төрсөн, одоо 51 настай. Би 1981 оны 1 дүгээр сараас 1989 оныг дуустал Увс аймгийн Өмнөговь сумын Цог нэгдэлд хонь, ямаа маллаж байсан ба нэгдэл тарах хүртэл малчнаар ажилласан. Тухайн үед хөдөлмөрийн дэвтрээ авч чадаагүй байтал нэгдэл тарсан. Одоо өндөр насны тэтгэвэрт орох болсон ба бичиг баримт бүрдүүлэхэд Өмнөговь сумын Цог нэгдэлд ажиллаж байсныг нотлох баримтгүй болсон тул шүүхэд хандаж байна. Иймд миний Өмнөговь сумын Цог нэгдэлд 1981 оны 1 дүгээр сараас 1989 оныг дуустал малчнаар ажилласан байсан байдлыг сэргээн тогтоож өгнө үү. Надтай хамт ажиллаж байсан Р.Пүрвээ, Н.Цэндсүрэн нарыг гэрчээр асууж өгнө үү” гэжээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч М.Оюун нь 1981 оноос 1989 оныг дуустал Увс аймгийн Өмнөговь сумын Цог нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэгт дараах нотлох баримтууд авагджээ.
Увс аймгийн Архивын тасгийн 2017 оны 2 дугаар сарын 16-ны өдрийн цалингийн тодорхойлолтод нэхэмжлэгч Мягмарын Оюуны 1981 оны 7 дугаар сараас 1989 оныг дуустал Увс аймгийн Өмнөговь сумын Цог нэгдэлд малчнаар ажиллаж, цалин авч байсныг түүвэрлэн ирүүлжээ.
Түүнчлэн шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр гэрч Р.Пүрвээ, Н.Цэнд нараас мэдүүлэг авсан бөгөөд гэрч Р.Пүрвээ “Миний бие нь 1974-1992 оны хооронд Тэс сумын Тэжээлийн аж ахуй болон Өмнөговь сумын Цог нэгдэлд тракторчнаар ажиллаж байсан. Намайг тус нэгдэлд ажиллаж байхад М.Оюун нь 1981 оноос 1989 оныг дуустал Өмнөговь сумын Цог нэгдэлд малчнаар ажиллаж байсан болно. М.Оюун нь голдуу бог мал малладаг байсан. Тухайн үед миний бие нь нэгдлийн малчдыг нүүлгэж, хадлан өвсийг хүргэж өгч, өтөг бууцыг нь хатгаж бэлтгэх ажлуудыг хийдэг байсан. Иймд М.Оюуны ажиллаж байсан байдлын талаар сайн мэдэж байна. Тухайн үед Өмнөговь сумын Цог нэгдлийн даргаар Юнгэр, Дүүдэй гэх хүмүүс ажиллаж байсан” гэж, гэрч Н.Цэндсүрэн “Миний бие нь 1979 оноос 1993 оныг дуустал Өмнөговь сумын Цог нэгдэлд малчнаар ажиллаж байсан. Намайг Цог нэгдэлд ажиллах байхад М.Оюун нь 1981 оноос тус нэгдэлд малчнаар ажиллаж эхэлсэн бөгөөд 1989 оныг дуустал малчнаар ажиллаж байсан. М.Оюун нь голдуу хонь,ямаа малладаг байсан” гэж тус тус мэдүүлсэн ба тэдний ажилласан байдлыг нотлох хөдөлмөрийн дэвтрийн хуулбар болон Увс аймаг дахь Сум дундын шүүхийн 2010 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 641 дүгээр шийдвэрийн хуулбарууд хэрэгт авагджээ.
Увс аймгийн Архивын тасгийн цалингийн тодорхойлолтод М.Оюуны 1986 оны 1-6 дугаар саруудад ажиллаж байхдаа авч байсан цалин бичигдээгүй, гэрч Р.Пүрвээ, Н.Цэнд нарын “М.Оюун нь 1981 оноос Цог нэгдэлд малчнаар ажиллаж эхэлсэн” гэх мэдүүлэг нь өөр баримтуудаар тогтоогдохгүй байх тул дээрх саруудад ажиллаж байсан гэж үзэх боломжгүй байна.
Харин нэхэмжлэгч М.Оюун нь 1981 оны 7 дугаар сараас 1989 оныг дуустал Увс аймгийн Өмнөговь сумын Цог нэгдэлд малчнаар ажиллаж байсан болох нь Увс аймгийн Архивын тасгийн 2017 оны 2 дугаар сарын 16-ны өдрийн цалингийн тодорхойлолт, гэрч Р.Пүрвээ, Н.Цэнд нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.
Иймд нэхэмжлэгч М.Оюуны хүсэлтийн зарим хэсгийг хангаж, түүний 1981 оны 7 дугаар сараас 1989 оныг дуустал Увс аймгийн Өмнөговь сумын Цог нэгдэлд малчнаар 8 жил 6 сар ажиллаж байсан байдлыг тогтоож, 1986 оны 1-6 дугаар саруудад ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч нь “хүндэтгэн үзэх шалтгааны улмаас шүүх хуралдаанд оролцох боломжгүй тул намайг байлцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэж өгнө үү” гэсэн хүсэлт ирүүлснийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар түүнийг оролцуулахгүйгээр шүүх хуралдааныг хийх боломжтой гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч Бөхнүүд овогт Мягмарын Оюуны 1981 оны 7 дугаар сараас 1989 оныг дуустал Увс аймгийн Өмнөговь сумын Цог нэгдэлд малчнаар 8 /найм/ жил 6 /зургаа/ сар ажиллаж байсан байдлыг тогтоож, 1986 оны 1-6 дугаар саруудад ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч М.Оюуны улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.ДЭЛГЭРЦЭЦЭГ