Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 03 сарын 20 өдөр

Дугаар 249

 

           Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Дэлгэрцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

       Нэхэмжлэгч: Увс аймгийн Ховд сумын 4 дүгээр багт оршин суух, 1957 онд төрсөн, 60 настай, эрэгтэй, регистрийн дугаар ОП57071011, Гэгээнтэн овогт Цэрэнчимэдийн Оросоогийн,

       Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2017 оны 1 дүгээр сарын 31-ний өдөр хүлээн авч, 2017 оны 2 дугаар сарын 07-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Дашдорж оролцов.

ТОДОРХОЙЛОХ  нь:

          Нэхэмжлэгч Ц.Оросоо шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие нь 1957 онд төрсөн, 60 настай. Би 1975 оноос эхлэн Увс аймгийн Ховд сумын Хөгжил нэгдэлд үхэр, хонь маллаж байсан бөгөөд 1992 оныг дуустал ажилласан юм. Тухайн үед хөдөлмөрийн дэвтрээ бүрэн бичүүлж аваагүй учир шүүхэд хандаж байна. Иймд миний Ховд сумын Хөгжил нэгдэлд 1975 оны 1 дүгээр сараас 1992 оныг дуустал малчнаар ажиллаж байсан байдлыг сэргээн тогтоож өгнө үү. Надтай хамт ажиллаж байсан Т.Сайндай, Ч.Манжаа нарыг гэрчээр асууж өгнө үү” гэжээ.                            

            Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

            Нэхэмжлэгч Ц.Оросоо нь 1975 оноос 1992 оныг дуустал Увс аймгийн Ховд сумын Хөгжил нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэгт дараах нотлох баримтууд авагджээ.

          Увс аймгийн Архивын тасгийн 2017 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн цалингийн тодорхойлолтод нэхэмжлэгч Цэрэнчимэдийн Оросоогийн 1975 оноос 1977 оны 5 дугаар сарыг дуустал, 1980 оны 11 дүгээр сараас 1992 оныг дуустал Увс аймгийн Ховд сумын Хөгжил нэгдэлд малчнаар ажиллаж, цалин авч байсныг түүвэрлэн ирүүлжээ.

       Түүнчлэн Увс аймгийн Ховд сумын Хөгжил нэгдлээс Ц.Оросоод олгосон хөдөлмөрийн дэвтрийн хуулбар болон түүний 364888 дугаартай цэргийн батлахын хуулбарууд хэрэгт авагдсан байна.

         Мөн шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр гэрч Ч.Манжаа, Т.Сайндаа нараас мэдүүлэг авсан бөгөөд гэрч Ч.Манжаа “Миний бие 1983 оноос 1993 оныг дуустал Увс аймгийн Ховд сумын Хөгжил нэгдэлд боловсон хүчний эрхлэгчээр ажиллаж байсан. Намайг тус нэгдэлд ажиллаж эхлэхэд Ц.Оросоо нь Хөгжил нэгдэлд малчнаар ажиллаж байсан бөгөөд 1992 оныг дуустал ажилласан. Ц.Оросоо нь голдуу хонь, үхэр малладаг байсан. Тухайн үед Ховд сумын Хөгжил нэгдлийн даргаар Даваа, Хөхөө, Жамсран, Г.Батхүү, М.Батжаргал гэх хүмүүс ажиллаж байсан” гэж, гэрч Т.Сайндаа “Миний бие 1970 оноос 1993 оныг дуустал Увс аймгийн Ховд сумын Хөгжил нэгдэлд бригадын дарга, тоо бүртгэгч, аж ахуйн нярав зэрэг ажлуудыг хийж байсан. Намайг ажиллаж байхад Ц.Оросоо нь 1975 оноос эхлэн Хөгжил нэгдэлд малчнаар ажиллаж эхэлсэн ба 1992 оныг дуустал ажилласан. Ц.Оросоо нь голдуу хонь, үхэр малладаг байсан” гэж тус тус мэдүүлсэн ба тэдний ажилласан байдлыг нотлох хөдөлмөрийн дэвтрийн хуулбар болон Увс аймаг дахь Сум дундын шүүхийн 2009 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн 52 дугаар шийдвэрийн хуулбарууд хэрэгт авагджээ. 

        Увс аймгийн Ховд сумын Хөгжил нэгдлээс Ц.Оросоод олгосон хөдөлмөрийн дэвтрийн овог, нэр нь засвартай байх тул уг хөдөлмөрийн дэвтрийг шийдвэрийн үндэслэл болгох боломжгүй болно.

       Ц.Оросоо нь 1977 оны 6 дугаар сарын 25-ны өдөр цэргийн албанд татагдаж, 1980 оны 6 дугаар сарын 25-ны өдөр цэргээс халагдсан болох нь түүний 364888 дугаартай цэргийн батлахын хуулбараар нотлогдож байна.

      Түүнчлэн Увс аймгийн Архивын тасгийн цалингийн тодорхойлолтод Ц.Оросоогийн 1980 оны 7-10 дугаар саруудад ажиллаж байхдаа авч байсан цалин бичигдээгүй, эдгээр саруудад ажиллаж байсныг нотлох баримт хэрэгт авагдаагүй байх тул түүнийг 1980 оны 1-7  саруудад ажиллаж байсан гэж үзэх боломжгүй байна.

       Харин нэхэмжлэгч Ц.Оросоо нь 1975 оноос 1977 оны 5 дугаар сарыг дуустал, 1980 оны 11 дүгээр сараас 1992 оныг дуустал Увс аймгийн Ховд сумын Хөгжил нэгдэлд малчнаар ажиллаж байсан болох нь Увс аймгийн Архивын тасгийн 2017 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн цалингийн тодорхойлолт, түүний 364888 дугаартай цэргийн батлахын хуулбар, гэрч Ч.Манжаа, Т.Сайндаа нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна. 

      Иймд нэхэмжлэгч Ц.Оросоогийн хүсэлтийн зарим хэсгийг хангаж, түүний 1975 оноос 1977 оны 5 дугаар сарыг дуустал, 1980 оны 11 дүгээр сараас 1992 оныг дуустал Увс аймгийн Ховд сумын Хөгжил нэгдэлд малчнаар  14 жил 7 сар ажиллаж байсан байдлыг тогтоож, 1977 оны 6 дугаар сараас 1980 оны 10 дугаар сарыг дуустал ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

      Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.               

       Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь “хүндэтгэн үзэх шалтгааны улмаас шүүх хуралдаанд оролцох боломжгүй тул намайг байлцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэж өгнө үү” гэсэн хүсэлт ирүүлснийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар түүнийг оролцуулахгүйгээр шүүх хуралдааныг хийх боломжтой гэж үзэв.

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

      1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч Гэгээнтэн овогт Цэрэнчимэдийн Оросоогийн 1975 оноос 1977 оны 5 дугаар сарыг дуустал, 1980 оны 11 дүгээр сараас 1992 оныг дуустал Увс аймгийн Ховд сумын Хөгжил нэгдэлд малчнаар  14 /арван дөрөв/ жил 7 /долоо/ сар ажиллаж байсан байдлыг тогтоож, 1977 оны 6 дугаар сараас 1980 оны 10 дугаар сарыг дуустал ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.  

       2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсгүүдэд  зааснаар нэхэмжлэгч Ц.Оросоогийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.  

      Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.  

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Л.ДЭЛГЭРЦЭЦЭГ