| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жагдагийн Болдбаатар |
| Хэргийн индекс | 185/2021/0270/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/271 |
| Огноо | 2021-04-12 |
| Зүйл хэсэг | 17.5.1., |
| Улсын яллагч | С.Болорзул |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 04 сарын 12 өдөр
Дугаар 2021/ШЦТ/271
2021 4 12 2021/ШЦТ/271
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 185/2021/0270/Э
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Болдбаатар даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ч.Хишигжаргал,
улсын яллагч: С.Болорзул,
шүүгдэгч Б.О /өөрийгөө өмгөөлж оролцсон/ нарыг оролцуулан тус шүүхийн “В” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.О-д холбогдох эрүүгийн 2109000000246 дугаартай хэргийг 2021 оны 3 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Монгол Улсын иргэн, 1962 оны 7 дугаар сарын 12-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 59 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, ам бүл 1, ................тоотод оршин суудаг, Баянгол захад хүнсний түгээлтийн автомашин барьдаг ажилтай гэх, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд 9 удаагийн ял шийтгэлтэй,
1. 1981 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн ААШ-ын 19 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 200а, 199а дугаар зүйлд зааснаар 1 жилийн хорих ялаар шийтгүүлж 1981 оны 07 дугаар сарын 13-ны өдөр Өршөөлийн хуулийн дагуу суллагдсан,
Шүүгдэгч Б.О нь 2021 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо ЗОН-33 дэлгүүрийн ард байрлах түлш борлуулах цэгийн орчим иргэн Г.Л-ын халааснаасаа унагаасан гээгдэл эд хөрөнгө болох “Iphone-Xs” маркийн гар утсыг завшиж 1.142.500 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Б.О-н өгсөн: “Хэрэг болсон гэх газар миний амьдардаг газар. Би байнга тэр хавиар явдаг. Намайг тэр хавийн хүмүүс мэднэ. Намайг дэлгүүрийн үүдэнд явж байгаа бичлэг байгаа болохоор утас завшсан гэж үзээд байна. Тэр хохирогч гэх хүн машин доогуур орж байгаад утсаа хаясан байдаг. Тэр хаясан утсыг намайг авсан гэдгийг хохирогч болон Ганцэцэг гэх гэрч хэлээд байгаа. Тэр хүн машин доогуур утсаа хаясан гэхэд намайг тонгойж авч байгаа бичлэг байх ёстой. Ганцэцэг ямар утгаар намайг хулгайн хэрэгт гүтгэж байгааг би ойлгохгүй байгаа. Үнэхээр би утас авсан бол намайг тонгойгоод утас авсныг гэрч харсан байх ёстой. Намайг өмнө нь шорон оронд орж байсан болохоор гар утас авсан гэж гүтгэж байна гэж үзэж байна... Миний тамхи татаад карманаасаа юм авч байгаа бичлэгээр утас авсан гэж яллаж байгаа нь үндэслэлгүй байна. Хохирогч утас унасныг харсан бол яагаад өөрөө очиж аваагүй вэ? Намайг авахыг хараад байж байсан юм уу? Би хохирогч гэрч нарыг танихгүй” гэх мэдүүлэг,
Хавтаст хэргээс:
Хохирогч Г.Л-ын өгсөн: “...2021 оны 01 дүгээр сарын 12-ны орой 18 цагийн орчимд Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо ЗОН-33 дэлгүүрийн ард байрлах түлш борлуулах цэг дээр грушикийн ажил хийж байхад Сэргэлэн ах машин асахгүй байна доогуур нь ороод тог өгөөдөх гэхээр нь би машин доогуур нь ороод машиныг нь асааж өгсөн юм. Би машин доогуур нь орохдоо өөрийн халаасанд байсан айфоне XS загварын гар утсаа унагааснаа анзаарахгүй Сэргэлэн ахын хамт түгээлтэнд явж ирээд гар утсаа халаасандаа үзтэл байхгүй болчихсон байсан юм. Тэгээд хажуу талын ЗОН-33 дэлгүүрийн гадна талын хяналтын камерыг шүүж үзэхэд камерын цагийн 17:49 минутанд хар канттай өмдтэй, дээгүүрээ хар бараан өнгийн хувцастай эрэгтэй хүн миний гар утсыг газраас олж аваад явж байгаа бичлэг олдсон байсан. Тэгээд уг бичлэгт байсан хүнийг тэр хавийн хүмүүсээс асуухад шар Нараагийн нөхөр байна гэж хэлсэн юм. Гар утсаа олоод авчихвал санал хүсэлт байхгүй байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 21-23 тал/,
Гэрч П.Ганцэцэгийн өгсөн: “...Би 2021 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр тухайн нүүрс түлээ зарах цэг дээр ажиллаж байсан юм. Тэгээд орой 17 цагаас 18 цагийн орчим манай цэгт ажиллаж байсан Лхагва-Очир хүнд нүүрс хүргэж өгөхөөр явсан бөгөөд би түүнийг явахаар нь гадаа гудамжинд зогсож байтал хойд зүгээс ирж явсан хүн цагаан өнгийн гар утас газраас авч байгаа харагдсан бөгөөд би өөрийнхөө гар утсыг газарт унагаачихаагүй байгаа гэж бодоод өөрийнхөө эд зүйлийг бүртгэж үзэхэд миний халаасанд байсан гар утас, хэтэвч бүрэн байхаар нь тоогоогүй юм. Тэгээд тэр хүн ч гэсэн яваад өгсөн юм. Удалгүй Лхагва-Очир буцаж ирээд "эгчээ миний утсыг харсан уу би сая Портер машинаа асаах гэж машин доогуураа орж байгаад өөрийн цагаан өнгийн гэртэй айфоне XS загварын гар утсаа гээсэн байна" гэхээр нь би түрүүний өндөр нуруутай эрэгтэй хүн газраас цагаан өнгийн гадартай гар утас аваад явсан гэдгийг нь Л.О-д хэлсэн юм. Түүний гээсэн гар утсыг миний хажуугаар гарч явсан хүн аваад явсан юм байна лээ. Би газраас утас аваад явж байсан хүнийг сайн танихгүй, харин урьд өмнө бол явж байхыг харж байсан. тэр хүн манай нүүрс зардаг цэгийн ойролцоо гэр нь байдаг юм шиг байна лээ. Газраас утас авсан хүн нь 170-175 см орчим өндөртэй, туранхай биетэй, буурал үстэй, амны хаалт зүүсэн, хар бараан өнгийн богино куртиктэй, хар өнгийн өмдтэй, 50-60 орчим насны эрэгтэй хүн байсан. Би тухайн хүнийг өмнө нь харж байсан болохоор, мөн тухайн үед газраас юм авч байхыг харсан болохоор одоо харвал танина. Би тэр хүнийг явдлаар нь болон царайгаар нь харвал танина..." гэх мэдүүлэг /хх-ийн 26-27хуудас/
3. "Дамно" хөрөнгийн үнэлгээний компаний эд хөрөнгийн үнэлгээ /хх-н 27-28-р хуудас/, Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /ххийн 11-р хуудас/, Таньж олуулах ажиллагаа хийсэн мөрдөгчийн тэмдэглэл /16-18-р хуудас/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд шүүгдэгч Б.О нь 2021.01.12-ны оройн 18 цагийн үед Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо ЗОН-33 дэлгүүрийн ард байрлах түлш борлуулах цэгийн орчим хохирогч Г.Л-н халааснаасаа унагааж гээгдүүлсэн “Iphone-Xs” маркийн гар утсыг авч завшиж 1.142.500 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны дээрх нотлох баримтууд болон шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг зэргээр хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Б.О-н дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын гээгдэл эд хөрөнгийг завших” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул шүүгдэгчийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Хэдийгээр шүүгдэгч Б.О нь “би тэндээс хүний гар утас аваагүй, намайг гүтгэж байна” гэж мэдүүлдэг боловч хавтаст хэрэгт авагдсан эд мөрийн баримтаар хураагдсан тухайн хэрэг болох үеийн Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо ЗОН-33 дэлгүүрийн гадна талын хяналтын камерын бичлэг /уг камерын бичлэгийг хуулсан СД/, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 11-12 тал/, таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл /хх-ийн 16-17 тал/, гэрч П.Ганцэцэгийн мэдүүлэг /хх-ийн 27 тал/ зэрэг нотлох баримтууд болон хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар шүүгдэгч Б.О нь 2021.01.12-ны оройн 17 цаг 48 минутын үед Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо ЗОН-33 дэлгүүрийн ард байрлах түлш борлуулах цэгийн орчим хохирогч Г.Л-н гээгдүүлсэн “Iphone-Xs” маркийн гар утсыг авч завшсан гэмт хэргийг биечлэн үйлдсэн болох нь нотлогдон тогтоогдож байх бөгөөд түүнийг энэ гэмт хэргийг үйлдсэн болохыг харсан гэрч /гэрч П.Ганцэцэгийн мэдүүлэг /хх-ийн 27 хуудас/ шууд зааж байх тул шүүгдэгчийн “би гэмт хэрэг үйлдээгүй” гэх мэдүүлэг няцаагдаж, үгүйсгэгдэж байгаа болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгч болон хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамааралтай гэж үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийсэн болно.
Энэ гэмт хэрэг гарахад шүүгдэгч Б.О-н хувьд амар хялбар аргаар ашиг хонжоо олж амьдрах гэсэн явуургүй, шунахай, гэмт зан байдал нь шууд нөлөөлжээ.
Иймд шүүгдэгч Б.О-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Хохирол төлбөрийн хувьд хохирогч Г.Л нь “гар утсаа алдсан бөгөөд эргүүлж аваагүй, гар утасны үнэ 1.142.500 төгрөгийг нэхэмжилж байна. Би шүүх хуралдаанд оролцох боломжгүй байна” гэсэн хүсэлтээ шүүхэд илэрхийлсэн бөгөөд шүүгдэгч Б.О-с 1.142.500 төгрөгийг гаргуулж, хохирогч Г.Л-д олгохоор шийдвэрлэв.
Шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч Б.О-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 350 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналыг гаргасан бөгөөд шүүгдэгч Б.О нь “надад торгох ял оногдуулж өгнө үү” гэжээ.
Шүүгдэгч Б.О нь шүүхийн хэлэлцүүлэгт “Баянгол захад хувиараа хүнсний түгээлтийн автомашин барьдаг. Энэ ажлыг хийгээд сар болж байгаа бөгөөд 500.000 төгрөгийн цалин авдаг” гэж мэдүүлсэн боловч энэ талаар нотлох баримт гаргаж өгөөгүй, дээрх ажлыг эрхэлдэг гэх байдал нь нотлогдохгүй байх тул шүүгдэгч Б.О-д торгох ял оногдуулах боломжгүй бөгөөд үйлдсэн гэмт хэргийн шинж байдал, урьд өмнө олон удаа гэмт хэрэг үйлдэж тухай бүрт ял шийтгүүлж байсан боловч гэмт зан байдалдаа дүгнэлт хийхгүй байгаа, тогтсон ажил, орлогогүй зэрэг хувийн байдлуудыг харгалзан түүнд нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг СД-г хэргийн хадгалах хугацаа дуустал хавтаст хэрэгт хавсарган үлдээж, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт тус шүүхэд ирээгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт урьдчилан цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч Б.О-г бусдын гээгдэл эд хөрөнгийг завших гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.О-д 300 /гурван зуу/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.О-д оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.О нь шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг түүнд анхааруулсугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.О-с 1.142.500 /нэг сая нэг зуун дөчин хоёр мянга таван зуу/ төгрөг гаргуулж хохирогч Г.Л-д олгосугай.
6. Шүүгдэгч Б.О нь энэ хэрэгт урьдчилан цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг СД-г хэргийн хадгалах хугацаа дуустал хавтаст хэрэгт хавсарган үлдээж, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт тус шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нь энэ шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хандан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
8. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол биелэгдэх хүртэл шүүгдэгч Б.О-д урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.БОЛДБААТАР