Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 03 сарын 22 өдөр

Дугаар 251

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн

    зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

            Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Дэлгэрцэцэг би,

          Нэхэмжлэгч: Увс аймгийн Зүүнхангай сумын Хайрхан багт оршин суух, 1967 онд төрсөн, эрэгтэй, регистрийн дугаар ОЕ67040714, Тэргүүн тайж овогт Мундгарын Цэнд-Аюушийн нэхэмжлэлтэй,

           Хариуцагч: Увс аймгийн Зүүнхангай сумын Эрүүл мэндийн төвд холбогдох,

    Ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 3.048.310 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 1 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч, 2017 оны 1 дүгээр сарын 16-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад,  

ТОДОРХОЙЛОХ  нь:

         Нэхэмжлэгч М.Цэнд-Аюуш шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие нь Зүүнхангай сумын Эрүүл мэндийн төвд 21 жил жолоочоор ажиллаж байгаад 2016 оны 7 дугаар сард гэнэт ажлаас халагдсан. Ингээд шүүхэд гомдол гаргаж 2016 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 598 дугаартай шийдвэрээр жолоочийн ажилд эгүүлэн тогтоолгосон боловч ажилд аваагүй тул 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдөр шүүхийн шийдвэр гүйцэтгэгчийн шаардлагаар ажилд авсан боловч 2016 оны 12 дугаар сарын 16-нд машин хүлээлгэн өгч, цалинг дутуу олголоо. Иймээс ажилгүй, цалингүй байсан хугацааны доорх зүйлсийг Зүүнхангай сумын Эрүүл мэндийн төвөөс гаргуулах хүсэлтэй байна. Миний бие 2 өнчин хүүхэдтэй эцэг хүн. Цалингийн зээлтэй байсан ба илүү цаг, ур чадварын нэмэгдэл, үр дүнгийн гэрээний нэмэгдэл гэх мэт орлого болон шүүхийн нэхэмжлэл, шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд төлсөн төлбөр, ирж очих зардал зэргээрээ ажил олгогчийн хууль бус, увайгүй шийдвэрээс болж хохирч байна. Иймд Зүүнхангай сумын Эрүүл мэндийн төвөөс 7-11 сарын үндсэн цалин 471.814*5сар=2.354.070 төгрөг, 90 дүгээр тогтоолын нэмэгдэл 15 хувь=70.772*5сар=353.860 төгрөг, 12 сарын дутуу цалин 269.608 төгрөг, 90 дүгээр тогтоолын нэмэгдэл 70.772 төгрөг, нийт 3.048.310 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ.

      Хариуцагч Увс аймгийн Зүүнхангай сумын Эрүүл мэндийн төвийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Х.Баяраа шүүхэд гаргасан тайлбартаа: “М.Цэнд-Аюушийн нэхэмжлэлтэй танилцлаа. Тус шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 518 дугаар шүүхийн шийдвэрээр М.Цэнд-Аюушийг Зүүнхангай сумын Эрүүл мэндийн төвийн жолоочийн ажилд эгүүлэн тогтоосон бөгөөд уг шийдвэр нь хүчин төгөлдөр болсон байх тул М.Цэнд-Аюушийн нэхэмжилж байгаа 3.048.310 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү“ гэжээ.

          Шүүх зохигчдын тайлбар болон хавтаст хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

      Нэхэмжлэгч М.Цэнд-Аюуш нь хариуцагч Увс аймгийн Зүүнхангай сумын Эрүүл мэндийн төвд холбогдуулан ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 3.048.310 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.          

          Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Увс аймгийн Зүүнхангай сумын Эрүүл мэндийн төв нь нэхэмжлэгч М.Цэнд-Аюушийн нэхэмжлэлийн шаардлага болох ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 3.048.310 төгрөгийг хүлээн зөвшөөрсөн болох нь хариуцагчийн тайлбараар нотлогдож байна. Иймд хариуцагч Увс аймгийн Зүүнхангай сумын Эрүүл мэндийн төв нь нэхэмжлэгч М.Цэнд-Аюушийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

       Хариуцагч Увс аймгийн Зүүнхангай сумын Эрүүл мэндийн төв нь нэхэмжлэгч М.Цэнд-Аюушийн нэхэмжлэлийн шаардлага болох ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 3.048.310 төгрөгийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрсөн ба үүргээ биелүүлээгүй тохиолдолд уг шүүгчийн захирамжийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-т зааснаар шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдах нь зүйтэй. 

       Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч зөвшөөрснийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тооцох үндэслэлтэй бөгөөд нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.000 төгрөгийн тал хувь болох 35.000 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, төрийн сангийн 150000941 тоот данснаас 35.000 төгрөг, хариуцагч Увс аймгийн Зүүнхангай сумын Эрүүл мэндийн төвөөс 35.000 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч М.Цэнд-Аюушид олгож шийдвэрлэв.

         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

        1. Нэхэмжлэгч М.Цэнд-Аюушийн ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 3.048.310 /гурван сая дөчин найман мянга гурван зуун арав/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Увс аймгийн Зүүнхангай сумын Эрүүл мэндийн төв хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

         2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар Төрийн сангийн 150000941 тоот данснаас 35.000 /гучин таван мянга/ төгрөг, хариуцагч Увс аймгийн Зүүнхангай сумын Эрүүл мэндийн төвөөс 35.000 /гучин таван мянга/ төгрөг тус тус гаргуулж нэхэмжлэгч М.Цэнд-Аюушид олгож, 35.000 /гучин таван мянга/  төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.  

           3. Иргэний  хэрэг  шүүхэд  хянан  шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн  75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Увс аймгийн Зүүнхангай сумын Эрүүл мэндийн төв сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигчид шүүгчийн захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.

 

 

ШҮҮГЧ                              Л.ДЭЛГЭРЦЭЦЭГ