| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лувсанравжаагийн Дэлгэрцэцэг |
| Хэргийн индекс | 152/2017/00139/И |
| Дугаар | 255 |
| Огноо | 2017-03-22 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 03 сарын 22 өдөр
Дугаар 255
Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Дэлгэрцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, Бага тойруу, 7/1-00 хаягт байрлах, 9016001018 улсын бүртгэлийн дугаартай, 5941469 регистрийн дугаартай, Төрийн банкны нэхэмжлэлтэй,
Зээлдэгч Э.Болдоо, А.Долгормаа нарыг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 1 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч, 2017 оны 1 дүгээр сарын 31-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Золзаяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Жаргалсайхан нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Төрийн банкны итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Золзаяа шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Зээлдэгч Э.Болдоо, хамтран зээлдэгч эхнэр А.Долгормаа нар нь 2015 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр Төрийн банкнаас 6.734.000 төгрөгийн цалингийн зээлийг сарын 1,6 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай авсан. Зээлдэгч Э.Болдоо, А.Долгормаа нарын зээл нь 263 хоногийн хугацаа хэтрэлттэй байна. Үндсэн зээл нь 4.660.000 төгрөг, зээлийн хүү нь 668.379,71 төгрөг, нийт 5.328.464 төгрөгийн зэлийн үлдэгдэлтэй. Барьцаанд цалин, 8 ханатай гэр, суудлын автомашин, хөлдөөгч, угаалгын машин, буйдан, хувцасны шкаф, хоолны шкаф, мөлхөө стенк, зурагт гэх мэт гэрийн эд хогшил барьцаалсан. Зээлдэгч нар нь 2016 оны 6 дугаар сарын 30-наас хойш ямар ч зээлийн төлбөр хийхгүй алга болсон бөгөөд Увс аймгийн Улаангом сум 5 дугаар баг, 13-7 тоот хаягаар нь очиход байхгүй, Улаанбаатар хот руу явсан байсан. Ингээд утас руу нь залгахад утсаа огт авахгүй, заримдаа утас нь холбогдох боломжгүй гэсэн хариу өгсөн. Зээлдэгч нар нь зээл авч байсан үеийн хаяг дээрээ оршин суухгүй байгаа бөгөөд хаягийн өөрчлөлтийн талаар банкинд мэдэгдээгүй. Иймд зээлдэгч Э.Болдоо, А.Долгормаа нарыг эрэн сурвалжилж өгнө үү” гэв.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Төрийн банкны итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Золзаяа нь зээлдэгч Э.Болдоо, А.Долгормаа нарыг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1-д “Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд оршин суугаа газар нь мэдэгдэхгүй бол түүнийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргаж болно” гэж заажээ.
Зээлдэгч Э.Болдоо, А.Долгормаа нар нь Увс аймгийн Улаангом сумын 5 дугаар баг, 13-7 тоот хаягт 2016 оны 6 дугаар сараас хойш оршин суухгүй байгаа, утас нь холбогдох боломжгүй, одоо хаана оршин сууж байгаа нь тодорхойгүй болох нь Увс аймгийн Улаангом сумын 5 дугаар багийн Засаг даргын 2017 оны 2 дугаар сарын 15-ны өдрийн 255 дугаар тодорхойлолт, зээлдэгч нартай утсаар ярьсан тэмдэглэлүүд зэрэг баримтуудаар нотлогдож байх тул нэхэмжлэгчийн хүсэлтийг хангаж, 1985 оны 5 дугаар сарын 14-ний өдөр төрсөн, эрэгтэй, Увс аймгийн Улаангом сумын 5 дугаар баг, 13-07 тоот хаягт оршин сууж байсан, регистрийн дугаар ОТ85051478, Барлагууд овогт Эрдэнэсүрэнгийн Болдоо, 1980 оны 10 дугаар сарын 31-ний өдөр төрсөн, эмэгтэй, регистрийн дугаар ОО80103164, Хүрэн адуут овогт Адъяагийн Долгормаа нарыг эрэн сурвалжилж, тэдний оршин суугаа газар, хаягийг тогтоох ажиллагааг Увс аймаг дахь Цагдаагийн газарт даалгах нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.9, 155 дугаар зүйлийн 155.1, 155.3 дахь хэсгүүдэд зааснаар 1985 оны 5 дугаар сарын 14-ний өдөр төрсөн, эрэгтэй, Увс аймгийн Улаангом сумын 5 дугаар баг, 13-07 тоот хаягт оршин сууж байсан, регистрийн дугаар ОТ85051478, Барлагууд овогт Эрдэнэсүрэнгийн Болдоо, 1980 оны 10 дугаар сарын 31-ний өдөр төрсөн, эмэгтэй, регистрийн дугаар ОО80103164, Хүрэн адуут овогт Адъяагийн Долгормаа нарыг эрэн сурвалжилсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4 дэх хэсэгт зааснаар Э.Болдоо, А.Долгормаа эрэн сурвалжилж, тэдний оршин суугаа газар, хаягийг тогтоох ажиллагааг Увс аймаг дахь Цагдаагийн газраар гүйцэтгүүлсүгэй.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч Төрийн банкны улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.ДЭЛГЭРЦЭЦЭГ