Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 04 сарын 01 өдөр

Дугаар 444

 

                                                                                                                      

 

 

 

   2021        04          01                                  2021/ШЦТ/444

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Хосбаяр,

улсын яллагч М.Оюунбат,

шүүгдэгч Л.А, түүний өмгөөлөгч Д.Саранчимэг нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт Л.Аг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2106 00000 0130 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Холбогдсон гэмт хэргийн талаар:

Шүүгдэгч Л.А нь 2021 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэр Цагаан давааны задгай тоотод өөрийн гэр бүлийн хамаарал бүхий хүн болох эхнэр А.Ариунзулыг Тэрэлж рүү амралтад хамт явсангүй гэх шалтгаанаар маргалдаж улмаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож нүүрэн тус газар нь цохисны улмаас баруун, зүүн нүдний зовхи, хамрын нуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний доод зовхинд шарх бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт холбогджээ.                                                                       

/яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Л.Аг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шийдвэрлүүлэхээр ирүүлснийг шүүх хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн түүнд холбогдох эрүүгийн 2106 00000 0130 дугаар хэргийг хянан шийдвэрлэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад дүгнэхэд:

Шүүгдэгч Л.А нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хохирогч А.Ариунзулын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хэрэгт авагдсан:

 

Хохирогч А.Ариунзулын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

“Би нөхрийн хамт 2021 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр самарт яваад 2021 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр гэртээ ирсэн. Манай нөхөр найзуудтайгаа архи уусан ба “Тэрэлж явж амарна” гэж хэлэхээр нь би “хол замд явсан, ядраад байна” гэж хэлэхэд нөхөр намайг “янхан, гичий” гэж хэл амаар доромжлоод байхаар нь би уурлаж түүний нүүрийг маажсан. Манай нөхөр босож ирээд миний зүүн нүд рүү нэг удаа цохиод хөлөөрөө шилбэ рүү өшиглөхөөр нь гэрээс гараад найзыгаа дуудаад гэмтлийн эмнэлэг руу явсан” гэх мэдүүлэг /хх 05-06/,

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 808 дугаартай:

“А.Ариунзулын биед баруун, зүүн нүдний зовхи, хамрын нуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний доод зовхинд шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх бөгөөд тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хх 10-11/,

 

Шүүгдэгч Л.Агийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

“2021 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 14 цагийн орчим найзуудын хамт Тэрэлж рүү амралтын газар руу явах талаар ярилцаж байх үед Ариунзул “би явахгүй” гэж уурлаад байсан ба Ариунзул бид хоёр маргалдсан. Ариунзулаас Тэрэлж явах талаар дахин асуухад “би явахгүй, чи өөрөө яв, пизда минь” гэж хэлээд миний нүүрийг маажиж, нэг удаа алгадсан. Тэгэхээр нь би түүний нүүр рүү баруун гараараа нэг удаа цохисон” гэх мэдүүлэг /хх 17-18/,

 

- гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, БЗДЦГ ЦХ-1, Шуурхай удирдлагын тасгийн дуудлагын лавлагааны хуудас /хх 01-02/,

- мөрдөгчийн 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн тэмдэглэл /хх 22/ зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Хавтаст хэргээс шүүгдэгч Л.Агийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх 21/, хорооны тодорхойлолт /хх 31/, цахим үнэмлэхийн хуулбар /хх 32/, мөрдөгчийн эд зүйлийг хавтаст хэрэгт тусгах тухай тогтоол, хувийн байдлын талаарх баримт /хх 33-50/ зэрэг нотлох баримтыг судлав.

 

Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүгдэгчийн гэм бурууг нотлоход хангалттай байна гэж үзэв.

 

Шүүгдэгчийг тухайн гэмт хэргийг үйлдээгүй гэж үзэх үндэслэл, нотолгоогүй, мөн тус хэргийн нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх, шалгахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй байна.      

 

Дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй, энэ хэрэгт хамааралтай байх бөгөөд Баянзүрх дүүргийн прокурорын газраас Л.Аг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн зүйлчлэл үндэслэлтэй байна.

 

Гэр бүлийн тухай хуульд зааснаар “гэр бүл” гэж насанд хүрсэн эрэгтэй, эмэгтэй хоёр, сайн дурын, чөлөөтэй, тэгш эрхийн үндсэн дээр хамт амьдарч байгаа амины болон эд хөрөнгийн эрх, үүргээр холбогдсон хамтын амьдрал бүхий хүмүүс, тэдэнтэй хамт амьдарч байгаа төрсөн, дагавар, үрчлэн авсан хүүхдийг тодорхойлдог.

“Гэр бүлийн хүчирхийлэл” гэж эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагчийн сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг хамааруулж хуульчилсан байх бөгөөд энэ хэргийн тохиолдолд Л.Ан өөрийн эхнэр А.Ариунзаяагийн бие махбодод халдсан буюу цохиж зодсон үйлдэл, эс үйлдэхүйг олгоно.

 

Хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч Л.Аг эхнэр А.Ариунзулынхаа эрүүл мэндэд санаатайгаар гэм хор учруулж бие махбодын хүчирхийлэл үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй болно.

 

Шүүгдэгч Л.А нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь дээр дурдсан хохирогч, шинжээчийн дүгнэлт, шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.

 

Иймд шүүгдэгч Л.Аг гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр А.Ариунзулын бие махбодод баруун, зүүн нүдний зовхи, хамрын нуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний доод зовхинд шарх зэргийн гэмтэл учруулж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Хохирогч А.Ариунзаяа нь хохирол нэхэмжлээгүй ба түүнд шүүх хуралдааны тов мэдэгдэхэд гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэснийг үндэслэж шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв. 

 

Шүүгдэгч Л.А нь гэмт хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, хохирогч нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйл, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдах нь зүйтэй байна. 

 

Шүүх шүүгдэгч Л.Ад ял оногдуулахад эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, харин тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх үндэслэл, нөхцөлд тооцож, уг байдлуудыг харгалзан торгох ял оногдуулах нь зүйтэй гэж үзэв.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дах хэсэгт гэмт хэргийн хүндрүүлэх шинж, нөхцөл байдлыг хуульчлан тогтоосон бөгөөд 10.1 дүгээр зүйлийн 2 дах хэсгийн 8 дахь заалтад “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” хэмээн хуульчилжээ.

 

Шүүгдэгч Л.Ан холбогдсон хэргийг прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилсэн байх бөгөөд “энэ гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн бол” гэж хүндрүүлэх нөхцөл байдлыг тогтоон хуульчилжээ.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлд “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх” гэмт хэргийг тусгайлан хуульчилсан байна.

Гэр бүлийн гишүүд нь гэр бүлийн бусад гишүүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг байнга буюу нэг үйлдлийг олон удаа ойрхон давтамжтайгаар хийсэн, 3 ба түүнээс дээш удаа Зөрчлийн тухай хуульд зааснаар шийтгүүлсэн бол Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинжийг хангана.

Зөрчлийн тухай хуульд заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх зөрчил нь хохирогчийн эрүүл мэндэд учирсан гэмтэл Гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан гэмтлийн зэрэгт хамаараагүй байхыг шаарддаг учир эрүүгийн гэмт хэргээс ялгардаг.

 

Гэр бүлийн гишүүн бусад гишүүнийхээ биед халдсан тохиолдол болгон нь  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлд заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх” гэмт хэрэг болохгүй бөгөөд хохирогчид гэмтлийн зэрэг хэрхэн тогтоогдсоноос хамаарч Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг болно.

 

Иймд гэр бүлийн гишүүн өөр бусад гишүүний эрүүл мэндэд хохирол санаатай учруулсан үйлдлийг хохирогчид тогтоогдсон гэмтлийн зэргээс хамаарч хуульд заасан аль тохирох зүйлчлэлээр зүйлчлэх нь зүйтэй.

Хэргийг зүйлчлэхдээ гэмт хэргийн хүндрүүлэх шинжийг харгалзан хууль зүйн нэр томьёог бодит утгаар нь хэрэглэхийг чанд баримтлах ёстой.

 

Гэр бүлийн нэг гишүүн бусад гишүүний биед эхний удаа халдан хөнгөн хохирол учруулсан бол Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, дахин 2, 3 дахь удаагаа халдаж хөнгөн хохирол учруулсан бол 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хуульчилна гэдэг хуулийн томьёолол, шүүхийн практик байхгүй учир шүүгдэгчийн өмгөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчлөх тухай дүгнэлт  хууль зүйн үндэслэлгүй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг  тус тус удирдлага болгон

         ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б овогт Лгийн Аг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Аг зургаан зуун далан таван нэгжтэй тэнцэх хэмжээний буюу зургаан зуун далан таван мянган төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Ад оногдуулсан 675 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 675.000 төгрөгөөр торгох ялыг гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай. 

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Хэргийн учир шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хохирогч гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Л.Ад хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар  шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Н.БААСАНБАТ