| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лувсанравжаагийн Дэлгэрцэцэг |
| Хэргийн индекс | 152/2017/00210/И |
| Дугаар | 256 |
| Огноо | 2017-03-23 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 03 сарын 23 өдөр
Дугаар 256
Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Дэлгэрцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Увс аймгийн Улаангом сумын 11 дүгээр багт оршин суух, 1963 онд төрсөн, 54 настай, эмэгтэй, регистрийн дугаар ОЮ63111909, Таргуд овогт Тогтохын Алтанчимэгийн,
Х.Энхтайвангийн ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2017 оны 2 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, 2017 оны 2 дугаар сарын 20-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Т.Алтанчимэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Дашдорж нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Т.Алтанчимэг шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Х.Энхтайван нь 1961 онд төрсөн, 56 настай. Х.Энхтайван нь 1978 оны 6 дугаар сарын 25-ны өдрөөс 1982 оны 6 дугаар сарын 20-ны өдөр хүртэл Увс аймгийн Барилга угсралтын трестэд тракторчнаар 4 жил тасралтгүй ажиллаж байгаад цэргийн албанд татагдсан. Цэргээс халагдаж ирээд 1985 оны 6 дугаар сарын 29-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хүртэл Барилга угсралтын трестэд кранчнаар 9 жил 6 сар, нийт 13 жил 6 сар ажилласан. 1992 онд Барилга угсралтын трест нь Барилгын бирж болоход мөн л кранчнаар ажиллаж байсан. Х.Энхтайваны ажилд орсон, ажлаас чөлөөлөгдсөн тушаалууд байгаа боловч хөдөлмөрийн дэвтрээ гээж үрэгдүүлсэн тул улсад ажилласан байдлаа шүүхээр тогтоолгох шаардлагатай болсон. Х.Энхтайваны ажилд орсон, ажлаас чөлөөлөгдсөн тушаалууд, хамт ажиллаж байсан Б.Цэнджав, Б.Уртнасан нарын хөдөлмөрийн дэвтэр, ажилласан жилээ шүүхээр тогтоолгосон шүүхийн шийдвэр зэрэг гэрчийн нотлох баримтуудыг гарган өгч байна. Иймд Х.Энхтайваны шүүхэд өгсөн нотлох баримтыг үндэслэн 1978 оны 6 дугаар сарын 25-ны өдрөөс 1982 оны 6 дугаар сарын 20-ны өдөр хүртэл Увс аймгийн Барилга угсралтын трестэд тракторчнаар, 1985 оны 6 дугаар сарын 29-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хүртэл Барилга угсралтын трест болон Барилгын биржид кранчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү” гэв.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Т.Алтанчимэг нь Х.Энхтайвангийн 1978 оны 6 дугаар сарын 25-наас 1982 оны 6 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл Увс аймгийн Барилга угсралтын трестэд тракторчнаар, 1985 оны 6 дугаар сарын 29-нөөс 1994 оны 12 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл Увс аймгийн Барилга угсралтын трест болон Барилгын биржид кранчнаар ажиллаж байсан байдлыг тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэгт дараах нотлох баримтууд авагджээ.
Увс аймгийн Архивын тасгийн 2017 оны 2 дугаар сарын 08-ны өдрийн 98 дугаар архивын лавлагаанд: “Увс аймгийн Барилга угсралтын трестийн Барилга материал үйлдвэрийн 1978-1982 оны цалинг шүүн үзэхэд Х.Энхтайвантай холбогдох баримт гараагүй нь үнэн болно” гэжээ.
Увс аймаг дахь “Алтан гадас” одонт Барилга трестийн даргын 1978 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 38 дугаар “Ажилд авах тухай” тушаалд: “...Зөвлөлт Холбоот Улсад Хөдөө аж ахуйн техник мэргэжлийн сургууль төгсөж хуваариар ирсэн Хандар овогтой Энхтайванг 1978 оны 6 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн тракторчнаар авч ажиллуулсугай” гэжээ.
Түүнчлэн Увс аймаг дахь “Алтан гадас” одонт Барилга трестийн даргын 1982 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 40 дүгээр “Ажлаас чөлөөлөх тухай” тушаалд: “...Ардын цэргийн албанд явах болсон тул Х.Энхтайваныг 1982 оны 6 дугаар сарын 20-ны өдрөөр тасалбар болгон тракторчны ажлаас чөлөөлсүгэй” гэжээ.
Увс аймаг дахь “Алтан гадас” одонт Барилга трестийн даргын 1985 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 39 дүгээр “Ажилчин ажилд авах тухай” тушаалд: “...Цэргийн алба хаагаад ирсэн Х.Энхтайваныг 1985 оны 6 дугаар сарын 29-ний өдрөөс эхлэн кранчнаар авч ажиллуулсугай” гэжээ.
Увс аймгийн Барилгын биржийн Ерөнхий захирлын 1994 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 122 дугаар “Ажлаас чөлөөлөх тухай” тушаалд: “...Өөр газар шилжих болсон тул кранчин Х.Энхтайваныг 1994 оны 12 дугаар сарын 25-ны өдрөөр тасалбар болгон ажлаас нь чөлөөлсүгэй” гэжээ.
Мөн шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр гэрч Б.Цэнджав, Б.Уртнасан нараас мэдүүлэг авсан бөгөөд гэрч Б.Цэнджав “Миний бие нь 1973 оноос 1995 он хүртэл Увс аймгийн Барилга угсралтын трестийн харьяа үйлдвэрийн барилга контор буюу Улсын барилгын хорооны харьяа Увс аймаг дахь Алтан гадас одонт барилга трестэд өрлөгчнөөр ажиллаж байсан. Намайг тус газарт ажиллаж байхад Х.Энхтайван нь 1978 оноос эхлэн Увс аймгийн Барилга угсралтын трестэд тракторчнаар ажиллаж эхэлсэн. Х.Энхтайван нь тус газарт 1982 он хүртэл ажиллаж байгаад цэргийн албанд татагдсан бөгөөд цэргээс халагдаж ирээд 1985 оноос эхлэн тус газартаа үргэлжлүүлэн кранчнаар ажилласан ба 1994 оныг дуустал ажилласан юм. Тухайн үед Улсын барилгын хорооны харьяа Увс аймаг дахь Алтан гадас одонт барилга трестийн даргаар Батзул, Ургамал гэх хүмүүс ажиллаж байсан” гэж, гэрч Б.Уртнасан “Миний бие нь 1979-1981 он, 1984-1994 оныг дуустал Увс аймгийн Барилга угсралтын трест болон Барилгын биржийн тоосгон заводын дугуй зууханд тоосго өрөгчөөр ажиллаж байсан. Намайг тус газарт ажиллаж байхад Х.Энхтайван нь 1978 оноос эхлэн Увс аймгийн Барилга угсралтын трестэд тракторчнаар ажиллаж эхэлсэн. Миний бие тус газарт ажиллаж байгаад 1981 онд цэрэгт татагдсан бөгөөд 1984 онд Барилга угсралтын трестэд үргэлжлүүлэн тоосго өрөгчөөр ажилласан. Намайг 1984 оноос ажиллаж эхлэхэд Х.Энхтайван нь цэргийн албанд татагдсан байсан бөгөөд 1985 оноос эхлэн тус газартаа үргэлжлүүлэн кранчнаар ажилласан ба 1994 оныг дуустал ажилласан” гэж тус тус мэдүүлсэн ба тэдний ажилласан байдлыг нотлох хөдөлмөрийн дэвтрийн хуулбар болон Увс аймаг дахь Сум дундын шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 852 дугаар шийдвэрийн хуулбарууд хэрэгт авагджээ.
Хэдийгээр Х.Энхтайвангийн 1978 оноос 1994 онуудад ажиллаж байхдаа авч байсан цалингийн баримт Увс аймгийн Архивын тасагт хадгалагдаагүй байгаа боловч нэхэмжлэгч нь дээрх онуудад Увс аймгийн Барилга угсралтын трест болон Барилгын биржид тракторчин, кранчнаар ажиллаж байсан болох нь Увс аймаг дахь “Алтан гадас” одонт Барилга трестийн даргын 1978 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 38 дугаар “Ажилд авах тухай” тушаал, Увс аймаг дахь “Алтан гадас” одонт Барилга трестийн даргын 1982 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 40 дүгээр “Ажлаас чөлөөлөх тухай” тушаал, Увс аймаг дахь “Алтан гадас” одонт Барилга трестийн даргын 1985 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 39 дүгээр “Ажилчин ажилд авах тухай” тушаал, Увс аймгийн Барилгын биржийн Ерөнхий захирлын 1994 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 122 дугаар “Ажлаас чөлөөлөх тухай” тушаал, гэрч Б.Цэнджав, Б.Уртнасан нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.
Иймд нэхэмжлэгч Т.Алтанчимэгийн хүсэлтийг хангаж, Х.Энхтайвангийн 1978 оны 6 дугаар сарын 25-ны өдрөөс 1982 оны 6 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл Увс аймгийн Барилга трестэд тракторчнаар 3 жил 11 сар 25 хоног, 1985 оны 6 дугаар сарын 29-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл Увс аймгийн Барилга угсралтын трест болон Барилгын биржид кранчнаар 9 жил 5 сар 26 хоног, нийт 13 жил 5 сар 21 хоног ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэв.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсгүүдэд зааснаар Зээрд адуун овогт Хандарын Энхтайвангийн 1978 оны 6 дугаар сарын 25-ны өдрөөс 1982 оны 6 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл Увс аймгийн Барилга трестэд тракторчнаар 3 жил 11 сар 25 хоног, 1985 оны 6 дугаар сарын 29-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл Барилга угсралтын трест болон Барилгын биржид кранчнаар 9 жил 5 сар 26 хоног, нийт 13 жил 5 сар 21 хоног ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч Т.Алтанчимэгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.ДЭЛГЭРЦЭЦЭГ