Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Сосорын Мөнхжаргал |
Хэргийн индекс | 128/2022/0902/З |
Дугаар | 221/МА2023/0062 |
Огноо | 2023-01-24 |
Маргааны төрөл | Бусад, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2023 оны 01 сарын 24 өдөр
Дугаар 221/МА2023/0062
“Н..” ХХК-ийн
гомдолтой захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 128/ШШ2022/0880 дугаар шийдвэрийг гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор хянан хэлэлцэв.
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч шүүгч Н.Долгорсүрэн
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Т.Энхмаа
Илтгэгч шүүгч С.Мөнхжаргал
Хэргийн оролцогчид:
Гомдол гаргагч “Н..” ХХК
Хариуцагч Сонгинохайрхан дүүргийн Татварын хэлтсийн улсын байцаагч Д.Ц..
Шүүх хуралдааны оролцогчид:
Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ө..
Хариуцагч Д.Ц..
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Н...., Л....л
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т....
Хэргийн индекс: 128/2022/0902/З.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 128/ШШ2022/0880 дугаар шийдвэрийн 1 дэх заалтаар: “Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 2.7-д заасныг баримтлан “Н..” ХХК-ийн гаргасан Сонгинохайрхан дүүргийн Татварын хэлтсийн улсын байцаагч Д.Ц..ын 2022 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн “Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл ногдуулах тухай” 0530082 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах шаардлага бүхий гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон” шийдвэрлэжээ.
2. “Н..” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ө.. дээрх шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан давж заалдах гомдолдоо: “Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 128/ШШ2022/0880 дугаартай шийдвэр нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 2-т заасны дагуу хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй, мөн хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үнэлж дүгнээгүй хэт нэг талыг барьж шийдвэрлэсэн гэж үзэн гомдол гаргаж байна.
Нэг. Шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй тухайд:
1.1. Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт Эрх бүхий албан тушаалтан нь 08 дугаар сарын 26-ны өдөр илрүүлсэн байх тул Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2.3-д заасныг зөрчсөн гэж үзэх боломжгүй юм” гэж дүгнэжээ.
1.2. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрх бүхий албан тушаалтан энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн, эсхүл гомдол, мэдээллийг хүлээн авснаас хойш ажлын 5 өдрийн дотор шалгаж, дараах шийдвэрийн аль нэгийг гаргана:”, 2.3-д “хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх” гэж тус тус заасны дагуу эрх бүхий албан тушаалтан нь зөрчлийн шинжтэй гомдол, мэдээллийг хүлээн авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэхээр зохицуулсан. Гэтэл гомдол гаргагч нь 2022 оны 08 дугаар сарын 06-ны өдөр гомдол гаргасан, үүнээс 20 хоногийн дараа буюу 08 дугаар сарын 26-ны өдөр прокурорт бүртгүүлсэн. Прокурорт бүртгүүлсэн өдрийг зөрчлийн шинжтэй үйлдэл илрүүлсэн гэж үзэх боломжгүй юм. Өөрөөр хэлбэл хариуцагч нь зөрчлийн хэрэг бүртгэлийн хугацааг хэтрүүлсэн байна. Анхан шатны шүүхийн шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч зөрчлийн шинжтэй гэж 2022 оны 08 дугаар сарын 20-ны өдөр үзэж түүнээс хойш 5 хоногийн дотор буюу 08 дугаар сарын 26-ны өдөр прокурорт бүртгүүлсэн гэх зөрүүтэй тайлбарыг хэлдэг. Мөн 2022 оны 08 дугаар сарын 06-ны өдөр гаргасан иргэн Х.М..ийн гомдлыг Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн дагуу болон Иргэдээс төрийн байгууллага албан тушаалтанд өргөдөл, гомдол гаргах тухай хуулийн дагуу хянаж үзээд шийдвэрлэсэн тул хуульд заасан хугацаа хэтрүүлээгүй гэх тодорхой бус тайлбарыг өгдөг.
1.3. Үүнээс дүгнэвэл анхан шатны шүүх Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2.3-д заасныг хуулийн буруу тайлбарлаж хэрэглэж хариуцагч талаас гаргасан зөрүүтэй, тодорхой бус тайлбарыг зөв гэж дүгнэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангахгүй байна.
Хоёр. Хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үнэлж дүгнээгүй хэт нэг талыг тайлбарыг үндэслэн гарсан тухайд:
2.1. Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт "... зөрчил гаргасан нь хохирогч Т.М..ийн гомдол, түүний мэдүүлэг болон зөрчлийн хэрэгт хавсаргасан хохирогчоос гаргаж өгсөн баримтууд, Татварын удирдлагын нэгдсэн системд 2022 оны 08 дугаар сарын 26-ны өдрөөр “баримт баталгаажаагүй төлөвч бүртгэлтэй байгаа талаарх баримтуудаар тогтоогдсон” гэж дүгнэсэн. Иргэн Т.М..ийн гомдол нь И-баримт аппликейшноор гаргасан байх бөгөөд худалдан авалтын баримт өгөөгүй, мессеж явуулна гэсэн боловч явуулаагүй, баримт хэвлэгч нь эвдэрсэн гэх гомдол байсан. Зөрчлийн хэрэгт 2022 оны 07 дугаар сарын 29-ны өдрийн орой 20 цаг 33 минутад хохирогч Т.М..ийн дугаар руу мессеж явуулсан баримт авагдсан, түүнчлэн хохирогчийн мэдүүлэгт пос машин эвдэрсэн, тухайн өдрөө баримтын дугаарыг мессежээр явуулсан баримтыг бүртгэснээс аж ахуй нэгж илгээгээгүй төлөвч орсон гэж дурдсан зэрэг баримтуудаас үзэхэд анх гаргасан гомдол Зөрчлийн хэрэг нээсэн Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 2.7 дахь хэсэгт заасан зөрчил хоорондоо зөрүүтэй байгааг харж болно.
2.2. Мөн хохирогч зөрчлийн хэрэгт ямар нэг баримт гаргаж өгөөгүй байхад хохирогчоос гаргаж өгсөн баримтуудаар зөрчил үйлдсэн болох нь тогтоогдож байна гэж хийсвэр дүгнэлт гаргасан бөгөөд хариуцагч улсын байцаагч нь хохирогчийн гомдолтой танилцуулаагүй, тайлбар гаргах боломж олгоогүй болохыг дурдах нь зүйтэй.
2.3. Анхан шатны шүүх шийдвэрийн үндэслэх хэсэгтээ “Н..” ХХК нь тухайн зөрчлийг гаргаагүй гэж маргасан боловч зөрчлийг үгүйсгэх нотлох баримт ирүүлээгүй, гомдлыг нь барагдуулсан гэж тайлбарлаж байгаагаас үзвэл зөрчил гаргаснаа хүлээн зөвшөөрсөн гэж үзэхээр байх ба энэ тохиолдолд хялбаршуулсан журмаар шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй” гэж хэт нэг талын тайлбарыг үндэслэсэн. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрх бүхий албан тушаалтан энэ хуульд заасны дагуу зөрчил шалгах ажиллагаа явуулж, нотлох баримт цуглуулж, бэхжүүлнэ” гэж заасны дагуу зөрчлийг тогтоох, нотлох үүргийг эрх бүхий албан тушаалтан хүлээдэг. Түүнчлэн хохирогчийн хохирлыг барагдуулах ажиллагаа хийсэн нь зөрчил үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байгаа хэлбэр огт биш гэж үзэж байна.
2.4. Мөн шүүх “...Эрх бүхий албан тушаалтны 2022 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн “Хүсэлтийг хүлээн авахаас татгалзах тухай” тогтоолд гомдол гаргаагүй, 08 сарын 26-ны өдрөөс эхлэн удаа дараа холбогдож 5 хоногийн дотор итгэмжлэлтэй ирж мэдүүлэг өгөхийг мэдэгдсэн боловч 08 сарын 31-ний өдөр ирсэн, уг тогтоолд гомдол гаргаагүй хуулийн хүчин төгөлдөр болсон. Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд эрхээ хэрэгжүүлэхэд идэвхгүй оролцож тогтоосон хугацаанд ирж тайлбар мэдүүлэг, нотлох барим өгөөгүй байж байгаад 08 сарын 31-ний өдөр очиж хүсэлт гаргасан нь буруу...” гэж дүгнэсэн нь огт үндэслэлгүй юм.
2.5. Учир нь 2022 оны 08 дугаар сарын 26-ны өдрөөс эхлэн удаа дараа холбогдож дуудаагүй энэ талаар баримт Зөрчлийн хэрэгт байхгүй. 2022 оны 08 сарын 26-ны өдөр нь 5 дахь өдөр буюу баасан гариг байсан бөгөөд дуудан ирүүлэх талаар манай байгууллагад мэдэгдээгүй, холбогдох албан тушаалтантай холбоо бариагүй болно. 2022 оны 08 дугаар сарын 30-ны өдөр утсаар н.Одгэрэл /95938282/ гэх татварын ажилтан холбогдож мэдүүлэг өгөх талаар анх хэлсэн бөгөөд тухайн өдөр итгэмжлэл гаргаж амжихгүй тул маргааш өдөр нь буюу 2022 оны 08 дугаар сарын 31-ний өдөр мэдүүлэг, тайлбар өгөхөөр очсон. Тухайн өдөр холбоо барихдаа ямар шалтгаанаар, ямар үндэслэлээр зөрчил үйлдсэн талаар буруутгаж байгаа талаар мэдээлэл өгөөгүй. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт холбогдогчийн эдлэх эрхийг зааж өгсөн бөгөөд ямар зөрчилд холбогдон шалгагдаж байгааг мэдэх эрхтэй байхаар зохицуулсан боловч уг эрхийг эдлүүлээгүй.
2.6. Түүнчлэн 2022 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн “Хүсэлтийг хүлээн авахаас татгалзах тухай” тогтоолд гомдол гаргах ямар ч боломж байхгүй байсан. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт "Оролцогч зөрчлийн хэрэг бүртгэлтийн шатанд эрх бүхий албан тушаалтны шийдвэр, үйл ажиллагааны талаар прокурорт гомдол гаргах эрхтэй”, 2.2-1 “энэ зүйлийн 2.1 дэх заалтад зааснаас бусад шийдвэр, үйл ажиллагааны талаарх гомдлыг зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны аль ч үед гомдол гаргах эрхтэй” гэж. Мөн хуулийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрх бүхий албан тушаалтан зөрчлийн хэрэг бүртгэлтийг дуусгаж дараах шийдвэрийн аль нэгийг гаргана:”” гээд 1.2-т “шийтгэл оногдуулах” гэж тус тус заасны дагуу зөрчил шалган шийдвэрлэх хэрэг бүртгэлтийн ажиллагаа дуусгавар болж дээр дурдсан тогтоолд гомдол гаргах эрхгүй болсон.
2.7. Өөрөөр хэлбэл 2022 оны 08 дугаар сарын 26-ны өдрөөр Хялбаршуулсан журмаар шийдвэр зөрчилд шийтгэл оногдуулах тухай 0530082 дугаартай шийтгэлийн хуудсыг гардуулж өгсөн тул зөрчлийн хэрэг дуусгавар болж тухайн тогтоолд гомдол гаргах боломжгүй байдал үүссэн. Хариуцагч нь шийтгэлийн хуудсыг засварлаж он, сар өдрийг нь сольж, Эрх бүхий албан тушаалтны 2022 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн “Хүсэлтийг хүлээн авахаас татгалзах тухай” тогтоол, Гааль татвар, санхүү мэдээлэл технологийн төвд илгээсэн, ирүүлсэн и-мэйлүүд болон бусад баримтуудыг нөхөж үйлдсэн болох нь хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид танилцуулж гарын үсэг зурагдаагүй байгаагаас тодорхой харагддаг.
2.8. Дээрх байдлаас дүгнэвэл дуудан ирүүлэх мэдэгдэл, албан бичиг, утсаар ярьсан тэмдэглэл өөр бусад ямар нэг баримт байхгүй байхад удаа дараа дуудсан байхад тогтоосон хугацаанд ирээгүй, ямар зөрчил үйлдсэн болох нь тодорхой бус, тухайн зөрчил нь тогтоогдоогүй байхад тогтоогдсон гэж хийсвэр дүгнэлтийг шүүх хийжээ. Зөрчлийг нотлох үүрэг хүлээгээгүй этгээдийг зөрчил үйлдээгүйгээ нотлоогүй гэж буруутгасан, шийтгэл оногдуулах шийдвэрийг гардуулсны дараа зөрчлийн хэрэгт баримтуудыг нь нөхөж үйлдэж хийсэн, гомдол гаргах хууль зүйн үндэслэл бүрдээгүйг харгалзан үзэлгүй гомдол гаргаагүй, зөрчлөө хүлээн зөвшөөрсөн гэх мэт нэг талыг барьсан шийдвэр гаргасан байна.
Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 128/ШШ2022/0880 дугаартай шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэв.
ХЯНАВАЛ:
Шийдвэрийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар “Н..” ХХК-ийн давж заалдах гомдлын дагуу хянахад анхан шатны шүүх нотлох баримтыг буруу үнэлсэн, хуулийг буруу хэрэглэсэн байх тул гомдлын зарим хэсгийг хангаж, шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэлээ.
1. “Н..” ХХК-ийн хүчингүй болгуулахыг хүссэн Сонгинохайрхан дүүргийн татварын хэлтсийн татварын улсын байцаагчийн гаргасан 2022 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн 0530082 дугаар шийтгэлийн хуудсаар иргэн Т.М..ийн гомдлын дагуу хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж, тус компанийг “төлбөрийн баримт илгээгүй, баталгаажуулаагүй” зөрчил гаргасан нь тогтоогдсон гэж үзэж, Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 2.7-д заасны дагуу 1.500.000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулжээ.
2. Анхан шатны шүүх “...”Н..” ХХК-ийн гаргасан зөрчил нь ил тодорхой, зөрчил үйлдсэн нь нотлогдсон, энэ үндэслэлээр хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн нь үндэслэлтэй, хууль зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна” гэж дүгнэж, гомдлыг хэрэгсэхгүй болгохдоо хэрэгт авагдсан нотлох баримтыг буруу үнэлсэн, Зөрчил шалган шийдвэрлэх тухай болон Зөрчлийн хуулийг буруу хэрэглэсэн, хэрэглэх ёстой Татварын хууль тогтоомжийг хэрэглээгүйгээс шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлага хангаагүй байна.
3. “Н..” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо “...Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2.3-д заасныг буруу тайлбарласан, дуудан ирүүлэх мэдэгдэл, албан бичиг, утсаар ярьсан тэмдэглэл өөр бусад ямар нэг баримт байхгүй байхад удаа дараа дуудсан байхад тогтоосон хугацаанд ирээгүй, ямар зөрчил үйлдсэн болох нь тодорхой бус, тухайн зөрчил нь тогтоогдоогүй байхад тогтоогдсон гэж хийсвэр дүгнэлтийг шүүх хийж, зөрчлийг нотлох үүрэг хүлээгээгүй этгээдийг зөрчил үйлдээгүйгээ нотлоогүй гэж буруутгасан, шийтгэл оногдуулах шийдвэрийг гардуулсны дараа зөрчлийн хэрэгт баримтуудыг нь нөхөж үйлдэж хийсэн, гомдол гаргах хууль зүйн үндэслэл бүрдээгүйг харгалзан үзэлгүй гомдол гаргаагүй, зөрчлөө хүлээн зөвшөөрсөн гэх мэт нэг талыг барьсан шийдвэр гаргасан...” гэжээ.
4. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2-д “Эрх бүхий албан тушаалтан энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн, эсхүл гомдол, мэдээллийг хүлээн авснаас хойш ажлын 5 өдрийн дотор шалгаж, дараах шийдвэрийн аль нэгийг гаргана”, 2.3-д “хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх”, мөн зүйлийн 3-д “Эрх бүхий албан тушаалтан энэ зүйлийн 2 дахь хэсэгт заасан шийдвэр гаргасан даруй прокурорын нэгдсэн бүртгэлд бүртгүүлнэ” гэж тус тус заажээ.
5. Улсын байцаагч нь дээрх хуулийн заалтыг зөрчсөнөөс “Н..” ХХК-ийг тухайн зөрчлийг хэзээ гаргасан гэж үзсэн, уг зөрчлийг гаргасан гэж хэрхэн тогтоосон, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд оролцох холбогдогчийн эрхийг хэрхэн хангасан нь тодорхойгүй байна.
6. Учир нь Т.М.. 07 дугаар сарын 29-ний өдөр баримт хэвлэж өгөөгүй, дахин очиход 08 дугаар сарын 06-ны өдөр мөн илгээгүй байсан гэж мөн өдөр гомдол гаргасан байхад дээрх хуулийн дагуу 5 өдрийн дотор шалгасан талаар баримт байхгүй, шийдвэр гаргаагүй, прокурорт мэдэгдээгүй атлаа 08 дугаар сарын 31-ний өдөр ажиллагааг хийж, тэр өдөртөө шийтгэлийн хуудсаа огноолж гаргасан нь зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг журмын дагуу явуулсан, оролцогчийн эрхийг хангасан гэж үзэх үндэслэл болохооргүй байна.
7. Түүнчлэн анхан шатны шүүх Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 2-д “Татвар төлөгч хүн, хуулийн этгээд:”, 2.7-д “төлбөрийн баримтыг татварын нэгдсэн системийн санд илгээх үүргээ биелүүлээгүй хүнийг нэг зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заасан зөрчил гаргасан нь тогтоогдсон гэж үзэхдээ хэрэгт авагдсан баримтыг буруу үнэлсэн, хэрэглэх ёстой хууль тогтоомжийг хэрэглээгүй байна.
8. Өөрөөр хэлбэл “Татвар төлөгч нь төлбөрийн баримтыг татварын нэгдсэн системийн санд илгээх үүргээ биелүүлээгүй” гэх зөрчлийг тогтоохдоо татварын нэгдсэн системд төлбөрийн баримтыг хэзээ, хэрхэн илгээхтэй холбоотой харилцааг зохицуулсан Татварын ерөнхий хууль, Нэмэгдсэн өртгийн албан татварын хууль, холбогдох журмын заалтыг татвар төлөгч хэрхэн хэрэгжүүлснийг татварын улсын байцаагч шалгасны үндсэн дээр тогтоох үүрэгтэй бөгөөд уг үүргээ хэрхэн биелүүлсэн нь тодорхойгүй байхад анхан шатны шүүх “...зөрчил гаргасан нь тогтоогдсон” гэж үзсэн нь үндэслэлгүй болжээ.
9. Тодруулбал, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3-д албан татвар суутган төлөгчийн татварын системд мэдээллийг хэрхэн бүртгэх талаар зохицуулсан, мөн Сангийн сайдын 2020 оны 14 дүгээр тушаалаар батлагдсан “Нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчийн худалдан авалтад төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварыг буцаан олгох журам”-ын 5 дугаар зүйлийн 5.2-т “Албан татвар суутган төлөгч нь бараа, ажил, үйлчилгээ борлуулсан тухай бүрт албан татвар төлөгчид стандартын шаардлага хангасан Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 4.1.14-т заасан төлбөрийн баримтыг заавал өгч, мэдээллийг тухай бүр нэгдсэн системд дамжуулна”, 5.3-д “Албан татвар суутган төлөгчийн техникийн нөхцөлөөс хамаарч энэ журмын 5.2-т заасан мэдээллийг тухай бүр дамжуулах боломжгүй бол 3 хоног тутам дамжуулах үүрэгтэй”, 5.5-д “Албан татвар суутган төлөгч нь хэрэглэгчийн систем ашиглах боломжгүй нөхцөл байдал үүссэнээс нэгдсэн системд шууд мэдээлэл дамжуулах боломжгүй болсон буюу төлбөрийн баримтыг хэвлэх, мэдээлэл дамжуулах боломжгүй болсон тохиолдолд холбогдох гүйлгээний мэдээллийг албан татвар төлөгчид бүрэн хүргүүлж, 7 хоногийн дотор уг мэдээллийг нэгдсэн системд дамжуулна” гэж тус тус заажээ.
10. Үүнээс үзвэл татвар төлөгч гүйлгээ хийсэн өдрөө нэгдсэн системд төлбөрийн баримтыг илгээхийг шаардаагүй бөгөөд тодорхой шалтгаанаар мэдээлэл дамжуулах боломжгүй болох тохиолдлыг зохицуулсан байх тул зөрчилд холбогдогчийн мэдээлэл дамжуулах эцсийн хугацаа хэзээ байсан, дээрх журамд заасан хугацаанд уг мэдээллийг нэгдсэн системд дамжуулсан эсэх зэргийг татварын улсын байцаагч хянан шалгаж, холбогдох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх үүргээ биелүүлж, оролцогчийн зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрхийг хангасны үндсэн дээр зөрчилд тооцох үйлдэл, эс үйлдэхүйг тогтоож, хариуцлага ногдуулах эсэхийг шийдвэрлэхээр байна.
11. Энэ үүргээ биелүүлэлгүй, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн байхад анхан шатны шүүх энэ талаарх нотлох баримтуудыг бүрэн цуглуулсан гэж үзэж, дээрх хууль, журмыг хэрэглэлгүй гомдлыг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй байх боловч “зөрчил үйлдээгүй” болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байх тул шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах гомдлыг хангах үндэслэлгүй.
12. Иймд “зөрчил үйлдсэн” эсэхийг зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг хуульд заасны дагуу явуулж тогтоох нь улсын байцаагчийн үүрэг бөгөөд шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн тул шийтгэлийн хуудсыг дахин шинэ акт гаргах хүртэл 58 хоногийн хугацаагаар түдгэлзүүлсэн өөрчлөлтийг шүүхийн шийдвэрт оруулах нь зүйтэй гэж үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.3-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 128/ШШ2022/0880 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2, 2.3-д заасныг баримтлан Сонгинохайрхан дүүргийн Татварын хэлтсийн улсын байцаагч Д.Ц..ын 2022 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн “Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл ногдуулах тухай” 0530082 дугаар шийтгэлийн хуудсыг дахин шинэ акт гаргах хүртэл 58 хоногийн хугацаагаар түдгэлзүүлсүгэй” гэж өөрчлөн, бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д зааснаар гомдол гаргагч “Н..” ХХК-аас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш таван хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Н.ДОЛГОРСҮРЭН
ШҮҮГЧ Т.ЭНХМАА
ШҮҮГЧ С.МӨНХЖАРГАЛ