Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 05 сарын 17 өдөр

Дугаар 1164

 

2017 оны 05 сарын 17 өдөр

Дугаар 210/МА2017/01164

 

 

Н.Одмөнхийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 183/ШШ2017/00521 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Н.Одмөнхийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч “МИАТ” ХК-д холбогдох,

 

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацаанд урьд авч байсан цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч: Н.Одмөнх

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Д.Сэрдамба, П.Одонтунгалаг, П.Батбүрэн

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Л.Ганчимэг

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Шинэцэцэг нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би “МИАТ” ХК-ийн гүйцэтгэх захирлын 2015 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн Б/294 тоот тушаалаар Санхүү, бүртгэлийн хэлтсийн ерөнхий нягтлан бодогчоор түр томилогдоод, 2015 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн Б/575 тоот тушаалаар жинхлэгдэн ажилласан. Үүний дараа “МИАТ” ХК-ийн гүйцэтгэх захирлын 2016 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн Б/549 дүгээр тушаалаар намайг Санхүүгийн захирлаар түр томилсон.

“МИАТ” ХК-ийн ТУЗ 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр “Компанийн удирдлага, зохион байгуулалтын бүтэц, орон тоог шинэчлэн батлах тухай” 02/16 дугаар тогтоолоор тус компанийн бүтэц, орон тоог шинэчлэн батласан. Энэ тогтоол болон Төлөөлөн удирдах зөвлөлийн хурлын тэмдэглэлийг үндэслэн “МИАТ” ХК-ийн гүйцэтгэх захирлын 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн Б/722 тоот тушаалаар Н.Одмөнх намайг Санхүү эрхэлсэн дэд захирлаар томилсон. “МИАТ” ХК шинэ бүтэц, зохион байгуулалтанд орж би ч дэд захирлын ажилдаа ороод ажлаа эхэлж байтал “МИАТ” ХК-ийн гүйцэтгэх захирлын 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн Б/742 дугаар тушаалаар намайг Санхүү эрхэлсэн дэд захирлаар томилсон мөн захирлын 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн Б/722 тоот тушаалыг хүчингүй болгож намайг үндэслэлгүй ажлаас чөлөөлж миний эрхийг зөрчсөн.

 “МИАТ” ХК-ийн гүйцэтгэх захирлын 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн Б/742 дугаар тушаалаар намайг “МИАТ” ХК-ийн Санхүү эрхэлсэн дэд захирлаар томилсон Б/722 тоот тушаалыг хүчингүй болгохдоо Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 05886 дугаар шийдвэр, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 3/36295 дугаар албан бичгийг үндэслэжээ.

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 102/ШШ2015/05886 дугаар шийдвэрийн тогтоох хэсэгт Ц.Даваасүрэнг “МИАТ” ХК-ийн Санхүүгийн захирлын албан тушаалд эгүүлэн тогтоосон нь ойлгомжгүй байна. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч Ц.Даваасүрэн нэхэмжлэлдээ намайг газрын даргын албан тушаалд минь эгүүлэн тогтоож өгөөч гэсэн байхад шүүх түүний албан тушаалыг дээшлүүлж Санхүүгийн захирлын албан тушаалд дэвшүүлсэн шийдвэр гаргасан байна.

Анхан шатны шүүх түүнийг эгүүлэн ажилд нь тогтоогоогүй, харин албан тушаалыг нь дэвшүүлэн Санхүүгийн захирал болгосон нь хууль буруу хэрэглэж хууль зөрчсөнөөс миний эрх ашиг зөрчигдөж байна. “МИАТ” ХК 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр шинэ бүтэц, зохион байгууллалтанд орж өөрийнхөө түүхэнд анх удаа Санхүү эрхэлсэн дэд захирал гэсэн шинэ орон тоо бий болгож намайг анх томилсон. Ц.Даваасүрэн Санхүү эрхэлсэн дэд захирлаар хэзээ ч ажиллаж байгаагүй, энэ орон тоо шинэ бүтэц, зохион байгуулалтаар бий болсон. Одоогоор ажлын байрны тодорхойлолт ч гараагүй байгаа. Манай удирдлага, хуулийн хэлтэс нь шүүх Ц.Даваасүрэнг эгүүлэн ажилд тогтоохдоо албан тушаалыг нь дэвшүүлсэн байгааг болон шүүх албан тушаалд дэвшүүлэн томилох эрхгүй болохыг мэдэгдээгүй. Шүүх хууль буруу хэрэглэснийг ойлгоогүй, тийм ч учраас намайг ажлаас чөлөөлсөн тушаалд үндэслэлээ шүүхийн шийдвэр, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газрын албан бичгийг үндэслэн гэснээс өөрөөр үндэслэл гаргаж чадаагүй гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн Н.Одмөнх “ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацаанд урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж баталгаажуулах” нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. “МИАТ” ХК-ийн гүйцэтгэх захирал нь компанийн дүрмийн 8 дугаар зүйлийн 8.8.9, 8.8.11-д заасан бүрэн эрхийнхээ хүрээнд Ц.Даваасүрэнг “МИАТ” ХК-ийн Санхүүгийн захирлын албан тушаалд эгүүлэн томилохыг үүрэг болгосон Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 102/ШШ2015/05886 дугаар шийдвэр болон 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 3/36295 тоот албан шаардлага, Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2, 36.2 дах заалтыг тус тус үндэслэл болгон “МИАТ” ХК-д санхүүгийн хэлтсийн даргаар ажиллаж байсан Ц.Даваасүрэнг Санхүү эрхэлсэн дэд захирлын албан тушаалд томилж Н.Одмөнхийг Санхүү эрхэлсэн дэд захирлын албан тушаалд томилсон 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн Б/722 тоот тушаалыг хүчингүй болгосон гэжээ.

 

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасныг баримтлан  ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацаанд урьд авч байсан цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх Н.Одмөнхийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3-д зааснаар Н.Одмөнхийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурьдаж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна.

“МИАТ” ХК-ийн гүйцэтгэх захирлын 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн Б/742 тоот тушаал нь Хөдөлмөрийн тухай хуулийн 23, 24 дүгээр зүйлүүдийг үндэслэлээ болгосон мөртлөө аль зүйл, хэсгийг баримталснаа тодорхой заагаагүй нь хуульд нийцээгүй байна.          

Миний бие Санхүү эрхэлсэн дэд захирлын шинэ албан тушаалд хууль ёсоор дэвшсэн томилогдсон. Энэ шинэ албан тушаалд урьд нь хэн ч ажиллаж байгаагүй, тэр тусмаа Ц.Даваасүрэн энэ албан тушаалд огт ажиллаж байгаагүй. “МИАТ” ХК-ийн ТУЗ-ийн 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 03/16 дугаар тогтоолоор компанийн удирдлага, зохион байгуулалтын бүтэц, орон тоог шинэчлэн баталж энэ тогтоолоор “МИАТ” ХК-ийн "Санхүү эрхэлсэн дэд захирал" гэсэн шинэ албан тушаалыг баталсан.

"Санхүү эрхэлсэн дэд захирал" гэсэн шинэ албан тушаал нь Ц.Даваасүрэнгийн ажиллаж байсан гэх Санхүү эдийн засгийн газрын дарга гэсэн ажил үүргээс тэс өөр, ялгаатай ажил үүрэг юм.

Ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргийн өөрчлөлтүүдийг харахад Санхүү, эдийн засгийн газрын дарга, Санхүүгийн захирал, Санхүү эрхэлсэн дэд захирал нарын гүйцэтгэх ажил, чиг үүрэг, хариуцан ажиллах нэгжүүдийн үүрэг тэс өөр өөр байхад энэ 3 албан тушаалыг яг ижил үүрэг гүйцэтгэж байна гэж анхан шатны шүүх алдаатай дүгнэсэн.

“МИАТ” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөл 2012, 2015, 2016 онд тус компанийн бүтцийг өөрчлөхдөө Санхүүгийн захирлын албан тушаалын зөвхөн нэрийг "Санхүү" гэсэн үгийг оруулж, уг үгийн арын үгийг өөрчлөн баталж байсан гэж анхан шатны шүүх үндэслэлгүй дүгнэлт хийсэн.

Анхан шатны шүүх “МИАТ” ХК-ийн ТУЗ-ийг 2012, 2015, 2016 онд бүтэц зохион байгуулалтын өөрчлөлт хийхдээ зөвхөн албан тушаалын нэрийг урд хойно нь оруулж зөвхөн "нэршлийн" өөрчлөлт хийсэн гэж үзсэн нь бодитой бус, хууль зүйн үндэслэлгүй болсон.

Мөн анхан шатны шүүх тушаалын агуулгыг Хөдөлмөрийн тухай хуулиас гадна Компанийн тухай хуульд нийцүүлэн авч үзээгүй нь хууль зүйн алдаатай гэж үзэж байна.

Ц.Даваасүрэн өөрийг нь компанийн газрын даргын албан тушаалаас нь чөлөөлж хэлтсийн даргын албан тушаалд шилжүүлэн томилсон Гүйцэтгэх захирлын тушаалыг ухамсарлан ойлгож, хуулийг хүндэтгэн үзэж, шилжүүлсэн ажлыг хүлээн зөвшөөрч 2 жилийн хугацаанд уг ажлаа хийж гүйцэтгэсэн нөхцөл байдал тогтоогдсонд шүүх үнэлэлт дүгнэлт өгсөнгүй, үүнийг авч үзсэнгүй.

Гүйцэтгэх захирал нь Ц.Даваасүрэнг санхүү эрхэлсэн дэд захирлын албанд томилсон шийдвэр гаргахдаа компанийн ТУЗ-ийн хуралдаанд танилцуулаагүй, ТУЗ-аас чиглэл, зөвшөөрөл авалгүйгээр хууль зөрчин томилсон явдлыг анхан шатны шүүхээс анхаарч авч үзсэнгүй.

Компанийн тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.2.2, 62.2.3-д заасан эрхийн дагуу Төлөөлөн удирдах зөвлөл нь Гүйцэтгэх захирал болон түүний гүйцэтгэх удирдлагын бүтэц бүрэлдэхүүнийг бүрэн эрхийнхээ хүрээнд орон тоо болон түүнд ажиллах нэр бүхий хүмүүсийг ээлжит хуралдаанаараа хэлэлцэж шийдвэрлэсэн.

Энэ зохион байгуулалтын өөрчлөлт нь 2015 оны 01 дүгээр сарын 27, 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр хийгдсэн ба энэ өөрчлөлтийг болон энэ дагуу ажиллах Гүйцэтгэх захирал, гүйцэтгэх удирдлагын бүтэц бүрэлдэхүүнийг ТУЗ, Компанийн тухай хууль болон Хөдөлмөрийн тухай хуулийн дагуу томилж, заримыг нь чөлөөлсөн. Энэ удаа дараагийн ТУЗ-ын  хурлаар Ц.Даваасүрэнг санхүүгийн дарга буюу санхүү эрхэлсэн дэд даргаар томилоогүй ба харин эхлээд Ж.Ганболдыг, дараа нь Н.Одмөнх намайг томилсон байгаа.

Компанийн гүйцэтгэх захирал нь гүйцэтгэх удирдлагын бүтцэд байгаа гүйцэтгэх албан тушаалтныг ажилд авах, ажлаас чөлөөлөхийг дангаар шийдвэрлэх эрхгүйг шүүх анхаарч үзсэнгүй. Өөрөөр хэлбэл, Компанийн тухай хуулиар зохицуулж томилдог албан тушаалтныг Хөдөлмөрийн тухай хуулиар эрх нь тодорхойлогдсон этгээдтэй адилаар тооцож хэргийг шийдвэрлэсэн нь хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна.

Иймд хууль зөрчин гаргасан “МИАТ” ХК-ийн гүйцэтгэх захирлын 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн Б/742 тоот тушаалыг үндэслэлтэй гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

   Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, зохигчдын хоорондын маргаанд хамааралтай нотлох баримтыг бүрдүүлэх болон үнэлэх журмыг зөрчөөгүй боловч хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүйг зөвтгөн өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

 

   Нэхэмжлэгч Н.Одмөнх нь хариуцагч “МИАТ” ХК-нд холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацаанд урьд авч байсан цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

   Хариуцагч “МИАТ” ХК-ийн гүйцэтгэх захирлын 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн Б/722 дугаар тушаалаар тус газрын Санхүүгийн захирал Н.Одмөнхийг үүрэгт ажлаас нь чөлөөлж Санхүү эрхэлсэн дэд захирлаар томилсон талаар талууд маргаагүй.

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн шийдвэрээр Ц.Даваасүрэнг “МИАТ” ХК-ийн санхүүгийн захирлын албан тушаалд эгүүлэн тогтоожээ. Иймд дээрх үйл баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт зааснаар дахин нотлохгүй юм.

 

   Хариуцагч байгууллагын гүйцэтгэх захирлын 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн Б/742 дугаар тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 23, 24, 36 дугаар зүйлийн 36.1.2, Компанийн дүрмийн 8.8.9, 8.8.11, хөдөлмөрийн дотоод журмын 11.5, 11.6, 11.11 дэх заалт, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн шийдвэр, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн гүйцэтгэх баримтыг үндэслэн тус байгууллагын гүйцэтгэх захирал Б/722 дугаар тушаалыг хүчингүй болгожээ.

 

   Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч Н.Одмөнхөд 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 01/3952 тоот албан бичгээр Санхүү бүртгэлийн хэлтсийн даргын ажил, албан тушаал санал болгосон боловч нэхэмжлэгч татгалзсан болох нь талуудын тайлбар, албан бичигт хариу өгөөгүй байгаа зэргээр тогтоогдож байна.

 

   Ц.Даваасүрэнгийн өмнө эрхэлж байсан ажил албан тушаалыг “МИАТ” ХК-ийн санхүүгийн захирлын ажил албан тушаал гэж тогтоосон шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр байх бөгөөд “МИАТ” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2015 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 03/15 тоот тогтоолоор компанийн удирдлага, зохион байгуулалтын бүтэц, орон тоог шинэчлэн батлахад Санхүүгийн захирлын албан тушаал, мөн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 02/16 тоот тогтоолоор байгуулагдсан Санхүү эрхэлсэн дэд захирал гэсэн албан тушаалыг ажлын байрны тодорхойлолтоор тус тус харьцуулан үзвэл албан тушаалын зорилго, үндсэн үүрэг, зорилт, үндсэн үүргийн хүрээнд ажлын байранд хийгдэх ажлууд буюу гол үйл ажиллагаа, харгалзах обьект /ажлын уялдаа холбоо/ албан тушаалын үүргийн хүрээнд шийдвэр гаргах эрх мэдэл, албан тушаалд тавигдах шаардлага ажлын байрны нөхцөл, ажлын хэрэгсэл, албан тушаалын үүргийн биелэлт, үр дүнг үнэлэх үзүүлэлтүүд адил бөгөөд албан тушаалын нэршлээс өөр зөрүүгүй байх тул албан тушаалын нэршлээс үл хамаарч ажлын байр нь нэг байна гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэл тогтоогдсонгүй.

 

   Иймд нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдолд заасан үндэслэлээр шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах үндэслэл тогтоогдохгүй байна.

 

   Харин анхан шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохдоо хууль хэрэглээний алдаа гаргасныг зөвтгөх боломжтой гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 183/ШШ2017/00521 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтын “40 дүгээр зүйлийн 40.2-т заасныг баримтлан” гэснийг “46 дугаар зүйлийн 46.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасан үндэслэл тогтоогдоогүй тул” гэж өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д заасны дагуу нэхэмжлэгч нь давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай. 

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Н.БАТЗОРИГ

 

  ШҮҮГЧИД                                                 Д.ЦОГТСАЙХАН

,

Э.ЗОЛЗАЯА