| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лувсанравжаагийн Дэлгэрцэцэг |
| Хэргийн индекс | 152/2017/00259/И |
| Дугаар | 257 |
| Огноо | 2017-03-23 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 03 сарын 23 өдөр
Дугаар 257
Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Дэлгэрцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Увс аймгийн Улаангом сумын 10 дугаар баг, 10-10 тоотод оршин суух, 1967 онд төрсөн, 50 настай, эмэгтэй, регистрийн дугаар ОТ67011561, Зуутраг овогт Амгалангийн Норовын,
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2017 оны 3 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, 2017 оны 3 дугаар сарын 20-ны иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч А.Норов, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Дашдорж оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч А.Норов шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие 1967 онд төрсөн, 50 настай. Би Увс аймгийн Цагаанхайрхан сумын модны үйлдвэрт 1983-1985 онуудад зүсмэлийн цехэд нормчин, Хархираагийн тэжээлийн аж ахуйд 1985 оны 7 дугаар сараас туслах ажилтнаар, 1985 оны 9 дүгээр сараас эхлэн тус газарт машинистаар, 1988 оноос тоо бүртгэгчээр ажиллаж байсан болно. Одоо нас өндөр болж байгаа тул тэтгэврийн бичиг баримтаа бүрдүүлэхэд миний ажилд орсон, гарсан тушаал дутуу учир шүүхэд хандаж байна. 1990-2000 оны хоорондох ажилласан жилээ нийгмийн даатгалаар нөхөн тооцуулсан тул энэ хугацаанд ажиллаж байсан байдлаа тогтоолгох шаардлагагүй болно. Иймд миний дээрх газруудад 1983-1989 оныг дуустал ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү. Мөн надтай хамт ажиллаж байсан Б.Хашхүү, Ц.Түмэндэмбэрэл нарыг гэрчээр асууж өгнө үү” гэв.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч А.Норов нь 1983 оноос 1989 оныг дуустал Увс аймгийн Цагаанхайрхан сумын Модны үйлдвэрт нормчноор, Хархираагийн тэжээлийн аж ахуйд туслах ажилтан, машинист, тоо бүртгэгчээр ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэгт дараах нотлох баримтууд авагджээ.
Увс аймгийн Архивын тасгийн 2017 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн цалингийн тодорхойлолтод А.Хорлоогийн 1984 оны 1 дүгээр сараас 8 дугаар сарыг дуустал Увс аймгийн Цагаанхайрхан сумын Модны үйлдвэрт ажиллаж, цалин авч байсныг түүвэрлэн ирүүлжээ.
Увс аймгийн Архивын тасгийн 2017 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 142 дугаар архивын лавлагаанд: “Увс аймгийн Хархираагийн Тэжээлийн аж ахуйн цалингийн баримт манай архивт шилжиж ирээгүй тул Амгалан овогтой Норовын цалинг гаргах боломжгүй байна” гэжээ.
Увс аймгийн Архивын тасгийн 2017 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 140 дүгээр архивын лавлагаанд: “Увс аймгийн Цагаанхайрхан сумын Модны үйлдвэрийн даргын 1985 оны тушаал болон түүнээс хойших баримтууд манай архивт шилжиж ирээгүй тул Амгалан овогтой Норовын ажлаас чөлөөлөгдсөн талаарх баримтыг шүүн үзэх боломжгүй байна” гэжээ.
Ой модны аж үйлдвэрийн яамны харьяа Увс аймгийн Цагаанхайрхан сум дахь аймаг дундын Модны үйлдвэрийн даргын 1983 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 264 дүгээр “Ажилчин түр хугацаагаар авч ажиллуулах тухай” тушаалд: “...Амгалан овогтой Норовыг 11 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн зүсмэлийн цехэд нормчноор томилон ажиллуулсугай” гэжээ.
Түүнчлэн Увс аймгийн Хархираагийн тэжээлийн аж ахуйн даргын 1985 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн 113 дугаар “Ажилд авах тухай” тушаалд: “...Механикжсан бригадад туслах ажилчнаар Амгалангийн Норов, ... нарыг 7 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн томилсугай” гэжээ.
Увс аймгийн Хархираагийн тэжээлийн аж ахуйн даргын 1992 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 16 дугаар “Ажлаас чөлөөлөх тухай” тушаалд: “...Бие даасан аж ахуйн нэгжүүдэд үйлдвэрлэлийн хэрэгсэлтэйгээ шилжин очиж байгаа ажилчин, албан хаагчдын нэрсийн жагсаалтыг 1, 2, 3, 4 дүгээр хавсралтаар баталсугай. 1 дүгээр хавсралтын 12-т Амгалан Норов-тоо бүртгэгч” гэжээ.
Увс аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2013 оны 2 дугаар сарын 26-ны өдрийн 854 дүгээр шимтгэл төлөлтийн лавлагаанд: “1991-1992 онд Тэжээлийн аж ахуй, 1993 онд Хархираа компани нь Увс аймгийн Тариалан суманд үйл ажиллагаа явуулж цалин ба түүнтэй адилтгах орлогоосоо хуулийн хувь хэмжээгээр шимтгэл төлж байсан нь үнэн болно” гэжээ.
Мөн шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр гэрч Б.Хашхүү, Ц.Түмэндэмбэрэл нараас мэдүүлэг авсан бөгөөд гэрч Б.Хашхүү “Миний бие нь 1975 оноос 2003 он хүртэл Увс аймгийн Цагаанхайрхан дахь аймаг дундын Модны үйлдвэрт нормчноор ажиллаж байсан. Намайг тус газарт ажиллаж байхад А.Норов нь 1983 оноос эхлэн Цагаанхайрхан сумын Модны үйлдвэрийн зүсмэлийн цехэд нормчноор ажиллаж эхэлсэн бөгөөд тус газарт 1985 он хүртэл ажилласан болно. Тухайн үед Увс аймгийн Цагаанхайрхан сумын Модны үйлдвэрийн даргаар Бадарч, Санжжав, Шархүү, Цэрэндорж гэх хүмүүс ажиллаж байсан” гэж, гэрч Ц.Түмэндэмбэрэл ”Миний бие нь 1985 оноос 1990 он хүртэл Увс аймгийн Хархираагийн тэжээлийн аж ахуйд туслах ажилтан, нягтлан бодогчоор ажиллаж байсан. А.Норов бид хоёр 1985 оноос эхлэн Хархираагийн тэжээлийн аж ахуйн үтрэм дээр туслах ажилтнаар ажиллаж эхэлсэн эхэлсэн бөгөөд миний бие 1987 оноос тус Тэжээлийн аж ахуйдаа нягтлан бодогчоор ажиллах болсон. А.Норов нь 1985 оны хавар машинистын 45 хоногийн курст суралцах болсон бөгөөд уг курсаа төгсөж ирээд үргэлжлүүлэн Хархираагийн тэжээлийн аж ахуйд машинистаар ажиллаж байсан. Дараа нь А.Норов 1988 оноос эхлэн тус байгууллагад тоо бүртгэгчээр ажиллах болсон. Би 1990 оноос өөр байгууллагад шилжин ажиллахаар болоход А.Норов нь Хархираагийн тэжээлийн аж ахуйд ажиллаад үлдсэн юм. Тухайн үед Увс аймгийн Хархираагийн тэжээлийн аж ахуйн даргаар Юнгэр гэх хүн ажиллаж байсан” гэж тус тус мэдүүлсэн ба тэдний ажилласан байдлыг нотлох хөдөлмөрийн дэвтрийн хуулбарууд хэрэгт авагджээ.
Увс аймгийн Архивын тасгаас ирүүлсэн цалингийн тодорхойлолт нь нэхэмжлэгч А.Норовынх бус түүний эгч А.Хорлоо нь Увс аймгийн Цагаанхайрхан сумын Модны үйлдвэрт ажиллаж, цалин авч байсныг түүвэрлэн ирүүлсэн байх тул шийдвэрийн үндэслэл болгох боломжгүй байна.
А.Норов нь 1992 оны 2 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл Увс аймгийн Хархираагийн Тэжээлийн аж ахуйд тоо бүртгэгчээр ажиллаж байсан болох нь Увс аймгийн Хархираагийн Тэжээлийн аж ахуйн даргын 1992 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 16 дугаар “Ажлаас чөлөөлөх тухай” тушаалаар нотлогдож байгаа боловч нэхэмжлэгч нь 1989 оныг дуустал ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор хүсэлт гаргасан байх тул нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг шийдвэрлэсэн болно.
Хэдийгээр А.Норовын 1983 оноос 1989 оныг дуустал ажиллаж байхдаа авч байсан цалингийн баримт Увс аймгийн Архивын тасагт хадгалагдаагүй байгаа боловч нэхэмжлэгч нь дээрх онуудад Увс аймгийн Цагаанхайрхан сумын модны үйлдвэрт нормчноор, Хархираагийн Тэжээлийн аж ахуйд туслах ажилтан, машинист, тоо бүртгэгчээр ажиллаж байсан болох нь Ой модны аж үйлдвэрийн яамны харьяа Увс аймгийн Цагаанхайрхан сум дахь аймаг дундын Модны үйлдвэрийн даргын 1983 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 264 дүгээр “Ажилчин түр хугацаагаар авч ажиллуулах тухай” тушаал, Увс аймгийн Хархираагийн тэжээлийн аж ахуйн даргын 1985 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн 113 дугаар “Ажилд авах тухай” тушаал, Увс аймгийн Хархираагийн тэжээлийн аж ахуйн даргын 1992 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 16 дугаар “Ажлаас чөлөөлөх тухай” тушаал, Увс аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2013 оны 2 дугаар сарын 26-ны өдрийн 854 дүгээр шимтгэл төлөлтийн лавлагаа, гэрч Б.Хашхүү, Ц.Түмэндэмбэрэл нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.
Иймд нэхэмжлэгч А.Норовын хүсэлтийг хангаж, түүний 1983 оны 11 дүгээр сарын 15-наас 1985 оны 6 дугаар сарыг дуустал Увс аймгийн Цагаанхайрхан сумын Модны үйлдвэрт нормчноор 1 жил 7 сар 15 хоног, Хархираагийн тэжээлийн аж ахуйд 1985 оны 7 дугаар сарын 10-наас 1985 оны 8 дугаар сарыг дуустал туслах ажилтнаар 1 сар 20 хоног, 1985 оны 9 дүгээр сараас 1987 оныг дуустал машинистаар 2 жил 4 сар, 1988 оноос 1989 оныг дуустал тоо бүртгэгчээр 2 жил, нийт 6 жил 1 сар 5 хоног ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэв.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч Зуутраг овогт Амгалангийн Норовын 1983 оны 11 дүгээр сарын 15-наас 1985 оны 6 дугаар сарыг дуустал Увс аймгийн Цагаанхайрхан сумын Модны үйлдвэрт нормчноор 1 /нэг/ жил 7 /долоо/ сар 15 /арван тав/ хоног, Хархираагийн тэжээлийн аж ахуйд 1985 оны 7 дугаар сарын 10-наас 1985 оны 8 дугаар сарыг дуустал туслах ажилтнаар 1 /нэг/ сар 20 /хорь/ хоног, 1985 оны 9 дүгээр сараас 1987 оныг дуустал машинистаар 2 /хоёр/ жил 4 /дөрөв/ сар, 1988 оноос 1989 оныг дуустал тоо бүртгэгчээр 2 /хоёр/ жил, нийт 6 /зургаа/ жил 1 /нэг/ сар 5 /тав/ хоног ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч А.Норовын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.ДЭЛГЭРЦЭЦЭГ