| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лувсанравжаагийн Дэлгэрцэцэг |
| Хэргийн индекс | 152/2017/00108/И |
| Дугаар | 262 |
| Огноо | 2017-03-23 |
| Маргааны төрөл | Эдийн бус гэм хорын арилгах /нэр, төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2017 оны 03 сарын 23 өдөр
Дугаар 262
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Дэлгэрцэцэг би,
Нэхэмжлэгч: Увс аймгийн Завхан сумын 1 дүгээр багт оршин суух, 1977 онд төрсөн, эрэгтэй, регистрийн дугаар ОГ77052911, Жанжинхүү овогт Галбадрахын Хүрэлбаатарын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Увс аймгийн Завхан сумын 3 дугаар багийн Иргэдийн Нийтийн Хурлын дарга Ц.Галбадрах,
Хариуцагч: Увс аймгийн Завхан сумын 3 дугаар багийн Засаг дарга Ч.Батчулуун нарт холбогдох,
Нэр төр сэргээлгэх тухай нэхэмжлэлийг 2016 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч, 2017 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Г.Хүрэлбаатар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие Увс аймгийн Завхан сумын 1 дүгээр багт эхнэр, хүүхдийн хамт мал маллан амьдардаг. Манайх хувьдаа 1020 тооны бог, 160 тооны бод, нийт 1180 толгой малтай айл юм. Жилийн дөрвөн улиралд малаа хариулж, Увс аймгийн Завхан, Цагаанхайрхан, Хяргас зэрэг газруудаар отор нүүдэл хийж малаа бэлчээрлүүлдэг. Манайх энэ өвөл Увс аймгийн Завхан сумын 3 дугаар багийн нутаг Тэсэрхий гэдэг нэргэй газар өвөлжиж байгаа юм. Гэтэл Завхан сумын 3 дугаар багийн малчдын дунд 2017 оны 1 дүгээр сарын эхээр манай бог малыг хамуу өвчтэй гэх яриа тарж, улмаар уг яриа газар авсан. Багийн дарга Ч.Батчулуун, Иргэдийн Нийтийн Хурлын дарга Ц.Галбадрах нар энэ талаар манай эхнэр бид хоёроос асууж тодруулахгүй, хэн нэг хүний хэлсэн үгийг үнэн зөв эсэхийг шалгаж нягтлахгүйгээр сумын захиргаанд манай малыг хамуу өвчтэй гэж мэдэгдэж бидний нэр төрд халдсанд гомдолтой байна. Ингээд Увс аймгийн Завхан сумын Засаг даргын Тамгын газрын дарга Т.Тамирын баталсан удирдамжийн дагуу 2017 оны 1 дүгээр сарын 09-нд сумын Малын эрүүл мэнд, хүнсний аюулгүй байдал хариуцсан мэргэжилтэн З.Хишигжаргал, Энхсүрэг МЭҮН-ийн захирал Ж.Дорждэрэм, Хяргас нуур багийн засаг дарга Ц.Батчулуун нарын бүрэлдэхүүнтэй томилогдсон комисс ирж манай 1020 тооны бог малд нэг бүрчлэн үзлэг хийсэн боловч ямар нэгэн халдварт өвчин илрээгүй. Хэрэв үнэхээр манай мал хамуу өвчтэй байсан бол бид цаг алдалгүй холбогдох байгууллагад нь мэдэгдэн яаралтай арга хэмжээ авч иргэний үүргээ биелүүлэх байсан. Эдгээр хүмүүсийн хариуцлагагүй байдлаас болж манай бог малыг хамуутай гэх яриа Увс аймгийн Хяргас, Цагаанхайрхан, Завхан сумын малчдын дунд тарж отор нүүдэл хийж тус сумын нутгаар малаа бэлчээрлүүлдэг бидний хувьд малын бэлчээргүй болох, жилийн дөрвөн улиралд отор нүүдэл хийх боломжгүй болох зэрэг хор уршиг учраад байна. Бидний нэр төрийг гутаасны улмаас урьд өмнө нь айл саахалт байсан малчид манай бог малыг хамуутай гэж ойлгон айл саахалт буухаас сэжиглэж байгаа яриа хүртэл иргэдийн дунд тархсан байна. Уис аймгийн Завхан сумын 3 дугаар багийн Засаг дарга Ч.Батчулуун, Иргэдийн Нийтийн Хурлым дарга Ц.Галбадрах нар нь манай бог малыг хамуутай гэсэн мэдээг тараан, сумын захиргаанд мэдэгдэн шалгалт хийлгэсэн боловч шалгалтаар өвчтэй биш эрүүл болох нь тогтоогдсон бөгөөд тэд өөрсдийн тараасан мэдээгээ үнэн зөв эсэхийг нотолж чадаагүй, тэдний тараасан мэдээ бодит байдалд нийцэхгүй байна. Ийм учраас Увс аймгийн Завхан сумын 3 дугаар багийн Засаг дарга Ч.Батчулуун, Иргэдийн Нийтийн Хурлын дарга Ц.Галбадрах нараар уучлалт гуйлгуулж, уг тараасан мэдээгээ Увс аймгийн Завхан, Цагаанхайрхан, Хяргас сумын малчдын дунд няцааж, нэр төрийг минь сэргээж өгнө үү. Нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан Увс аймгийн Завхан сумын Засаг даргын Тамгын газрын дарга Т.Тамир, миний эхнэр Ч.Эрдэнэчимэг нарыг гэрчээр асууж өгнө үү. Мөн иргэн Г.Хүрэлбаатар миний 1020 тооны бог малд үзлэг шалгалт хийхийг даалгасан Завхан сумын Засаг даргын болон Засаг даргын Тамгын газрын даргын захирамж гарсан эсэхийг тодруулж, хэрэв захирамж, шийдвэр гарсан бол түүнийг нотлох баримтаар авч хэрэгт хавсаргаж өгнө үү” гэжээ.
Нэхэмжлэгч Г.Хүрэлбаатар шүүхэд гаргасан тайлбартаа: “Миний бие нь тус шүүхэд Увс аймгийн Завхан сумын 3 дугаар багийн дарга Ч.Батчулуун, Иргэдийн Нийтийн Хурлын дарга Ц.Галбадрах нарт холбогдуулан нэр төр сэргээлгэх тухай нэхэмжлэл гаргасан бөгөөд хариуцагч нартай харилцан ярилцаж ойлголцсон тул шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна” гэжээ.
Шүүх зохигчдын тайлбар болон хавтаст хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Г.Хүрэлбаатар нь хариуцагч Ц.Галбадрах, Ч.Батчулуун нарт холбогдуулан нэр төр сэргээлгэх тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Г.Хүрэлбаатар нь нэхэмжлэлээсээ татгалзсан болох нь түүний тайлбараар нотлогдож байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч Г.Хүрэлбаатарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийн тал хувь буюу 35.100 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, төрийн сангийн 150000941 тоот данснаас 35.100 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Г.Хүрэлбаатарт олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Г.Хүрэлбаатар нь хариуцагч Ц.Галбадрах, Ч.Батчулуун нарт холбогдуулан гаргасан нэр төр сэргээлгэх тухай нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар Төрийн сангийн 150000941 тоот данснаас 35.100 /гучин таван мянга нэг зуу/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Г.Хүрэлбаатарт олгож, 35.100 /гучин таван мянга нэг зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү захирамжид зохигчид давж заалдах гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Л.ДЭЛГЭРЦЭЦЭГ