Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 03 сарын 29 өдөр

Дугаар 2021/ШЦТ/­­­­39            

 

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Г.Батмөнх даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ө.Цэвэгмэд,

Улсын яллагч: Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор: В.Төгсбаяр,

Шүүгдэгч: Т.О /өөрөө өөрийгөө өмгөөлсөн/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор В.Төгсбаяраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Боржигин овогт Т.О. холбогдох 2129000000038 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 03 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Т.О нь 2021 оны 02 дугаар сарын 06-ны өдөр Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Шинэ хотхоны 6-5 тоотод оршин суух иргэн Б.Одонхүүгийн гэрт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Б.Одонхүүтэй хувийн таарамжгүй харьцаанаас буюу архи авч өгсөнгүй гэх асуудлаас маргалдаж улмаар зүүн гуян тус газар нь хутгаар хатгаж зүсэгдсэн шарх бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.О мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй.” гэв.

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч Б.Одонхүүгийн: “Би 2021 оны 02 дугаар сарын 06-ны өдөр гэртээ 18 цагийн үед 5 настай охин унтаж байсан би баруун орон дээрээ сууж байтал манай хадам дүү Т.О согтуу орж ирээд хажууд суугаад “ганц юм аваад өгчих” гээд хэрүүл өдөөд байсан тэгэхээр нь би босоод гэрийн зүүн хойно сандал дээр суусан тэгсэн чинь “чи надтай үзэх үү” гээд босоод ирснээ намайг ирээд сууж байтал зүүн шанаа руу гараараа нэг удаа цохисон тэгэхээр нь Т.О зүүн гарын гараараа дараад тэвэрч аваад “би чамтай муудалцмааргүй байна хөгшөөн” гэж хэлээд тэврээд гэрийн үүдэнд зогсож байсан тэгсэн чинь сул байсан баруун гараараа баруун талын гутлын түрийнээсээ юм авах шиг болсон тэгснээ миний зүүн гуяны арын бүдүүн булчин руу юм дүрэх шиг болоод час гээд явчихсан тэгэхээр нь намайг хутгалчихлаа гэж бодоод шууд тавиад гэрээс гараад шууд цаашаа алхсан эгээд би эргээд харсан чинь гартаа хутга барьчихсан зогсож байсан. тэгээд гадаа Т.О дүү Т.Очирцэцэг зогсож байсан тэгснээ намайг “агаа цаашаа зугтаарай” гэж байсан тэгэхээр нь хашаанаас гараад яваад тэгээд эмнэлэг рүү хүргүүлсэн” гэх мэдүүлэг /хх-н 23-24-р хуудаст/,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч М.Ашигийн: “... найз охин баруун гэрт Б.Одонхүү ахын гэрт хувцас угааж байсан болохоор тэдний гэр лүү орох гээд зүүн гэрээс гараад Б.Одонхүү ахын гэрийн үүдэнд очиж байтал манай найз охин урдаас гарч ирээд тэгээд би хамт хувцас хатаах гээд гэрийн хойшоо явсан тэгээд бид хоёр хувцас хатаачхаад ирж байтал Б.Одонхүү ах гэрээсээ гараад хашааны хаалгаар гарч байгаа харагдсан тэгээд би юу болсон юм бол гээд зүүн гэр лүү орсон тэгсэн баруун гэрээс Т.О “ална хядна” гээд гарч ирж байгаа сонсогдсон тэгээд би айгаад гэрээс гараагүй ээж дүү хоёр нь очсон тэгээд намжихаар нь би гараад очсон чинь манай найз охин намайг “Б.Одонхүү ахын араас явъя” гээд хашаанаас гараад явж байтал Б.Одонхүүгийн дүү ээж хоёр тааралдаад намайг одоо бах  чинь ханаж байна уу гэж хэлсэн тэгэхээр би гайхаад хоцорсон тэгээд буцаад гэрт ирсэн чинь цагдаа сэргийлэх болсон байсан” гэх мэдүүлэг /хх-н 38-р хуудаст/,

Гэрч Т.Очирцэцэгийн: “...манай найз залуу М.Ашиг зүүн гэрээс гараад гарч ирээд баруун гэр лүү орох гэхээр нь би нааш ир хувцас дэлгэлцээд өг гэж хэлээд хувцас хатааж байтал Б.Одонхүү ах гэрээсээ гарч ирээд хашааны хаалгаар гүйгээд гарч байсан тэгсэн араас нь Т.О ах гартаа хутга барьчихсан Б.Одонхүү хаана байна алнаа гээд гараад ирсэн тэгээд би айгаад очоод хутгыг нь булааж аваад жорлон руу хийчихсэн тэгээд би хашаанаас гарч Б.Одонхүүг харахад байхгүй байсан тэгээд би гэр лүү ороод М.Ашигийг дагуулаад араас нь гараад явсан тэгээд хашаанаасаа гараад Б.Одонхүүгийн эхнэрийн дэлгүүр лүү харахад гэрэл нь унтраалттай байсан” гэх мэдүүлэг /хх-н 33-р хуудаст/,

Өмнөговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 02 дүгээр сарын 24-ний өдрийн №161 дугаартай “1. Б.Одонхүүгийн биед зүүн гуянд шарх гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь үзүүр бүхий зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой. 2. Дээрх гэмтэл нь эрүүл мэнд хөдөлмөрийн чадварт нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна. 3. Б.Одонхүүгийн биед учирсан гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэх шинжээчийн дүгнэлт /хх-н 42-р хуудаст/,

Шүүгдэгч Т.О хувийн байдалтай холбогдох баримт /хх-н 71-74, 76-р хуудаст/,

Т.О эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас /хх-н 70-р хуудаст/,

Т.О арван хурууны дардас /хх-н 75-р хуудаст/

Т.О Депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-н 77-84-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба эдгээр нь хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийтгэх тогтоолын үндэслэл болгон үнэлэв.

Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн тухайд:

Шүүгдэгч Т.О нь 2021 оны 02 дугаар сарын 06-ны өдөр Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Шинэ хотхоны 6-5 тоотод оршин суух иргэн Б.Одонхүүгийн гэрт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Б.Одонхүүтэй хувийн таарамжгүй харьцаанаас буюу архи авч өгсөнгүй гэх асуудлаас маргалдаж улмаар зүүн гуян тус газар нь хутгаар хатгаж зүсэгдсэн шарх бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь үйл баримтаар тогтоогдож байна.

Шүүгдэгч Т.О нь өөрийн үйлдлийг хууль бус, өөрийн үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хохирол учруулж болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

Шүүгдэгч Т.О нь хохирогч Б.Одонхүүгийн зүүн гуян тус газар нь хутгаар хатгаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Т.О нь гэм буруугийн талаар маргаагүй болно.

Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлуудыг хянаад хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэв.  

Хоёр. Хохирол төлбөр, хор уршгийн тухайд:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.” гэж заажээ.

Гэмт хэргийн улмаас хохирогч Б.Одонхүүгийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байна.

Хохирогч Б.Одонхүүгийн биед хөнгөн хохирол учирсан болох нь Өмнөговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 02 дүгээр сарын 24-ний өдрийн 161 дугаартай “1. Б.Одонхүүгийн биед зүүн гуянд шарх гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь ир үзүүр бүхий зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой. 2. Дээрх гэмтэл нь эрүүл мэнд хөдөлмөрийн чадварт нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна. 3. Б.Одонхүүгийн биед учирсан гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэх шинжээчийн дүгнэлт /хх-н 42 дугаар хуудас/-ээр тогтоогдож байна.

Энэ гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хор уршгийн талаар баримт хэрэгт авагдаагүй боловч хохирол хор уршгийг шүүгдэгч бүрэн төлж барагдуулсан болох нь хохирогч Б.Одонхүү нь мөрдөн шалгах ажиллагааны явцад “... гарсан зардлыг Т.О барагдуулсан, гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” /хх-ийн 23-24 дүгээр хуудас/ гэж мэдүүлсэн байна. Мөн хохирогч Б.Одонхүү нь прокурорын газарт 2021 оны 3 дугаар сарын 15-ны өдөр гаргасан хүсэлтдээ  “Буджав овогтой Одонхүү миний бие Т.О ямар нэг гомдол санал байхгүй. Энэ хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү.” /хх-ийн 92 дугаар хуудас/ гэх хүсэлт болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.О нь хохирогч Б.Одонхүүд 500,000 гаруй төгрөг нөхөн төлсөн гэсэн мэдүүлгээр тогтоогдож байна. Иймд шүүгдэгч Т.О бусдад төлөх төлбөргүй гэж шүүх дүгнэв. 

Гурав. Эрүүгийн хариуцлагын тухайд: 

Шүүгдэгч Т.О нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдсон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн 6.3 дугаар зүйлд заасан хэрэг хариуцах чадвартай тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүхээс эрүүгийн хариуцлага оногдуулахдаа шүүгдэгч Т.О үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ болон түүний хувийн байдал, прокурорын санал зэргийг  тал бүрээс нь харгалзан үзэв.

Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Т.О нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй болох нь Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байна. /хх-ийн 70 дугаар хуудас/

Улсын яллагчийн санал болгосон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.О 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/-н төгрөгөөр торгох ял оногдуулах нь гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээнд тохирсон гэж дүгнэв.

Шүүгдэгч Т.О нь торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Т.О иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.О урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 2, 3, 4, 5, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт Т.О Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.О 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/-н төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Шүүгдэгч Т.О нь торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй. 

 4. Шүүгдэгч Т.О нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч Б.Одонхүү нь ямар нэг гомдол санал байхгүй гэсэн болохыг тус тус дурдсугай. 

 5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Т.О иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.О урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Г.БАТМӨНХ