Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 04 сарын 02 өдөр

Дугаар 2021/ШЦТ/­­­­48   

 

 

 

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Г.Батмөнх даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.Энхзул,

Улсын яллагч: Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор: Б.А

Шүүгдэгч: С.А /өөрөө өөрийгөө өмгөөлсөн/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор Б.Амармөрөнгөөс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх саналтай ирүүлсэн А овогт С.А холбогдох 2129000710054 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч С.А нь Өмнөговь аймгийн Ханбогд сумын төв Баяхөөвөрийн 260 тоотод архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 02 дугаар сарын 19-ний шөнө А.Эрдэнэбаярын толгойн тус газар нь сандлаар цохиж биед тархи доргилт, духанд шарх зэрэг гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.А мэдүүлэхдээ: “Хавтаст хэрэгт байгаа мэдүүлэг үнэн зөв” гэв.

Хохирогч А.Эрдэнэбаярын: “...Тэнд байсан А гэх залуу гэнэт миний толгой руу духны зүүн хэсэгт жижиг модон сандлаар цохиод авсан тэр үед Гэрэлт-Од ах мөн танихгүй залуу 2 унтаж байсан, хамт ирсэн эмэгтэй нь явчихсан А бид хоёр л сууж байсан юм юунаас гэдгийг нь мэдэхгүй гэнэт л сандлаар цохисон тэнд хэрүүл маргаан хийсэн маргалдсан, муудалцсан хүн байхгүй. Миний духнаас цус гараад тогтохгүй байсан тэгээд унтаж байсан залуу босож ирээд нойлын цаасаар миний духны цусыг тогтоож угааж өгсөн. Сандлаар цохисон А гэдэг залуу гараад явсан. Тэгээд миний духнаас цус тогтохгүй байхаар нь эмнэлэгт Базарсад ах, эхнэр Оюунгэрэл нарын хамт сумын эмнэлэгт очиж үзүүлээд 3 оёдол тавиулсан.”  гэх мэдүүлэг /хх-н 17-19-р хуудаст/,

Гэрч Н.Оюунгэрэлийн: “... 2021 оны 02 дугаар сарын 19-ний орой 22 цаг 30 минутын үед манай дүү Гэрэлт-Од өөрийн 80367680 дугаараас залгаад Эрдэнэбаярын толгойг хүн сандлаар цохичихлоо цус алдаад байна гэж залгасан. Тэгээд нөхөр Базарсадын хамт Ханбогд сумын Хайрхан баг Баянхөөвөрийн 260 тоотод байдаг дүү Гэрэлт-Одынд очиход Эрдэнэбаяр орон дээр хэвтсэн дух хэсэгт нь нойлын цаас тавиатай цус нэвччихсэн байсан. тэгээд хэн цохисон талаар Гэрэлт-Одоос асуухад цохисон хүн нь гараад зугтаагаад яваад өгсөн гэж хэлсэн. Би нөхөртэйгөө очиход энэ 3 хүн байсан. тэгээд Эрдэнэбаярыг аваад өөрийнхөө машинаар эмнэлэг хүргэж өгөөд цагдаа дуудсан.”  гэх мэдүүлэг /хх-н 22-23-р хуудаст/,

Гэрч Н.Гэрэлт-Одын: “... 2021 оны 02 дугаар сарын 19-ний өдөр Цагаан хаднаас А, Батбаяр, гэх таньдаг 2 залуу Амаржаргал гэх эмэгтэйн хамт манай гэрт ирж бид хэд 0.75 литрийн “Эдэн” гэх архи ууж дуусаад байж байхад Эрдэнэбаяр гарч дахин 1 шил 0.75 литрийн “Эдэн” архи авч ирж уусан тэгээд би согтоод унтчихсан намайг сэрэхэд харанхуй болчихсон 20 цаг өнгөрчихсөн байсан байх Эрдэнэбаяр духны хэсэгтээ цустай 00-ын цаас базаад наачихсан гэрийн баруун орон дээр хэвтчихсэн орны өмнө цус гоожсон байдалтай,  Батбаяр гэрийн хоймор хэсэгт газраар гудас дэвсчихсэн унтаж байсан А, Амаржаргал хоёр байхгүй байхаар нь юу болсон яасан гэж асуухад Эрдэнэбаяр болохоор зүв зүгээр байхад Амаржаргал нь түрүүлж гараад араас нь А нь намайг сандлаар цохиж ийм болгочхоод гараад явсан гэдэг харин Батбаяр болохоор сайн мэдэхгүй байна гэдэг тэр шөнөдөө А ирээгүй маргааш өглөө 08 цагийн үед ирсэн тэгэхээр нь чи яаж байгаа юм нэгнийгээ ийм болгоод гэж асуухад мэдэхгүй байнаа гэж хэлсэн тэгээд гарчхаад ирье гэж яваад дахиж ирээгүй чигээрээ Цагаан хаданд ирсэн байна гэж нэг удаа утсаар ярьсан. Тэнд архи ууж байхад зодоон хэрүүл болохоор маргасан зүйл байхгүй шиг санагдаад байгаа юм би түрүүлээд согтоод унасан байсан болохоор Эрдэнэбаярын хувьд согтохоороо ам, хэл нь жаахан дуугүй байдаггүй Батбаяр, А хоёрын хувьд их дажгүй хүнтэй маргаан хийгээд байдаггүй залуучууд байгаа юм.”  гэх мэдүүлэг /хх-н 30-31-р хуудаст/,

Гэрч Х.Батбаярын: “... Би нэлээн согтоод унтаад өгсөн байсан дуу шуу болоод дуу нь чангараад ирцгээсэн тэгээд босоод ирэхэд танихгүй залуугийн духнаас цус гарсан байсан би нойлын цаас авч духны цусыг дарж өгөөд нүүрийг нь угаалгаж өгсөн яг юунаас болсон мэдэхгүй байна. Танилцаад архи ууж байхад нөгөө зодуулсан залуу нэлээн олон үгтэй шалчигнуур баян тарган 1000-т малчин энэ тэр гээд олон юм яриад байсан тэгээд түүнээс хойш би юу болсон талаар мэдэхгүй байна. Хэрүүл маргаан хийгээгүй хэрүүл маргаан хийх ч юм болоогүй.”  гэх мэдүүлэг /хх-н 38-39-р хуудаст/,

Гэрч Б.Нандинцэцэгийн: “... Эрдэнэбаяр нь согтуу байдалтай толгойн духны зүүн хэсэгт язарч, хагарсан цус гоожсон байдалтай ирж үзүүлсэн. Тэгээд уг шархан дээр өвчин намдаах, цус тогтоох эмчилгээ хийгээд 5 хоногийн эмчилгээ хийлгэх шаардлагатай гэж амбулаторийн картан дээр нь бичиж өгөөд явуулсан дахиж над дээр ирж эмчилгээ хийлгээгүй. Тухайн үед биеийн байдал нь хэвийн амин үзүүлэлт нь хэвийн гэмтлийн хувьд хүнд гэмтэл байгаагүй, оёдол тавиулаад явсан.”  гэх мэдүүлэг /хх-н 47-48-р хуудаст/,

Өмнөговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 03 дугаар сарын 05-ний өдрийн 178 дугаартай “1. А.Эрдэнэбаярын биед тархи доргилт, духанд шарх, гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байж болно. 2. А.Эрдэнэбаярын биед учирсан гэмтлүүд нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. 3. А.Эрдэнэбаярын биед учирсан гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэх шинжээчийн дүгнэлт /хх-н 51-52-р хуудаст/,

Шүүгдэгч С.А хувийн байдалтай холбогдох баримт /хх-н 77-81-р хуудаст/,

С.А эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас /хх-н 61-р хуудас/,

С.А депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-н 63-74-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Тус хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөвд тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх нотлох баримтаар үнэлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч С.А холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэв.

Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн тухайд:

Шүүгдэгч С.А нь Өмнөговь аймгийн Ханбогд сумын төв Баяхөөвөрийн 260 тоотод архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 02 дугаар сарын 19-ний шөнө А.Эрдэнэбаярын толгойн тус газар нь сандлаар цохиж биед тархи доргилт, духанд шарх зэрэг гэмтэл бүхий эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Шүүгдэгч С.А нь өөрийн үйлдлийг хууль бус, өөрийн үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хохирол учруулж болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

Шүүгдэгч С.А гэмт үйлдэл болон уг гэмт хэргийн улмаас хохирогч А.Эрдэнэбаярын эрүүл мэндэд учирсан хөнгөн хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.

Шүүгдэгч С.А хохирогч А.Эрдэнэбаярын толгойн тус газар нь сандлаар цохиж, түүний биед тархи доргилт, духанд шарх зэрэг гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч С.А нь гэм буруугийн талаар маргаагүй болно.

Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлуудыг хянаад хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэв. 

Хоёр. Хохирол төлбөр, хор уршгийн тухайд:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.” гэж заажээ.

Гэмт хэргийн улмаас хохирогч А.Эрдэнэбаярын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байна.

Хохирогч А.Эрдэнэбаярын биед хөнгөн хохирол учирсан болох нь Өмнөговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 03 дугаар сарын 05-ний өдрийн 178 дугаартай “1. А.Эрдэнэбаярын биед тархи доргилт, духанд шарх, гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл  нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байж болон. 2. А.Эрдэнэбаярын биед учирсан гэмтлүүд нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй. 3. А.Эрдэнэбаярын биед учирсан гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” /хх-н 51-52 дугаар хуудас/ гэх шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байна.

Шүүгдэгч С.А нь хохирогч А.Эрдэнэбаярт мөрдөн шалгах ажиллагааны явцад “... 2021 оны 03 дугаар сарын 11-нд хохирол барагдуулж 200,000 төгрөг хүлээлгэн өгсөн.” гэж /хх-ийн 75-р хуудас / гэж хүсэлт гаргасан байх тул гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг арилсан гэж үзлээ.

Хохирогч А.Эрдэнэбаяраас прокурорын байгууллагад 2021 оны 03 дугаар сарын 30-ны өдөр гаргасан хүсэлтдээ “... эмчилгээний зардалд 200.000 төгрөг авсан. Одоо миний биед зовиургүй гомдол санал байхгүй мөн санал хүсэлт нэхэмжлэх зүйлгүй.” гэж дурдсан байна.

Иймд шүүгдэгч С.А бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв. 

Гурав. Эрүүгийн хариуцлагын тухайд: 

Шүүгдэгч С.А нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдсон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн 6.3 дугаар зүйлд заасан хэрэг хариуцах чадвартай тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүхээс эрүүгийн хариуцлага оногдуулахдаа шүүгдэгч С.А үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ болон түүний хувийн байдал, прокурорын санал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэв.

Шүүгдэгч С.А эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, мөн зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т “... учруулсан хохирлыг төлсөн” зэрэг байдлуудыг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож, түүний үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч С.А нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй болох нь Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байна. /хх-ийн 61 дүгээр хуудас/

Улсын яллагчийн санал болгосон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.А 600 /зургаан зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/-н төгрөгөөр торгох ял шийтгэх нь гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээнд тохирсон гэж дүгнэв.

Шүүгдэгч С.А нь торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй байна.

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэг байхгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч С.А иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 29х22 см харьцаатай цагаан өнгийн тавцантай, 27 см-н өндөртэй будаггүй 1 ширхэг модон сандлыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг тус шүүхийн Тамгын газрын эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгаж шийдвэрлэв.

Шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол С.А урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 2, 3, 4, 5, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч А овогт С.А Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.А 600 /зургаан зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000  /зургаан зуун мянга/-н төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Шүүгдэгч С.А нь торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй. 

 4. Шүүгдэгч С.А нь бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нь хохирогч А.Эрдэнэбаярт 200.000 төгрөг нөхөн төлсөн, хохирогч А.Эрдэнэбаяр нь гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй болохыг тус тус дурдсугай. 

 5. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэг байхгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч С.А иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 29х22 см харьцаатай цагаан өнгийн тавцантай, 27 см-н өндөртэй будаггүй 1 ширхэг модон сандлыг  шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг тус шүүхийн Тамгын газрын эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгасугай.

 7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.А урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Г.БАТМӨНХ