Шүүх | Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүх |
---|---|
Шүүгч | Бат-Эрдэний Уртнасан |
Хэргийн индекс | 141/2017/00046/И |
Дугаар | 141/ШШ2017/00053 |
Огноо | 2017-03-20 |
Маргааны төрөл | Хөлсөөр ажиллах, |
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2017 оны 03 сарын 20 өдөр
Дугаар 141/ШШ2017/00053
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Уртнасан даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэйгээр хийсэн шүүх хуралдаанаар Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Оргих баг хаягаар оршин суудаг Ц овогт Ч.И-н нэхэмжлэлтэй, Товгорын нуруу ХХК-д холбогдох Хөлсөөр ажиллах гэрээний үүрэгт 260.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Баттулга, нэхэмжлэгч Ч.И нар оролцов.
Хариуцагч Товгорын нуруу ХХК-ий итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.А-д шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бөгөөд нэхэмжлэгч Ч.И нь хэргийг түүний эзгүйд хянан шийдвэрлэх талаар хүсэлт гаргасан учир Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар шүүх нэхэмжлэгчээс гаргасан тайлбар болон бусад баримт нотолгоог үндэслэн хэргийг хянан шийдвэрлэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ч.И нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Миний бие нь Товгорын нуруу ХХК-ний захирал А-тай уулзаж 2016 оны 10 дугаар сарын 14-ний өдрөөс эхлэн өдрийн хөдөлмөрийн хөлс 15000 төгрөг өгч байхаар тохиролцон 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр хүртэл ажилласан юм. Ингээд цалин буух болж би тохиролцсон ёсоор цалингаа бодуулж авах гэтэл надад 40000 төгрөг өгсөн. Би А гэдэг хүнээс цалингаа тодруулахад: Чи ажил хийгээгүй гэж тайлбарласан. Би энэ компанид өглөө 09 цагаас оройны 22 цаг хүртэл тогтмол ажиллаж ирсэн. Зарим үед Рашаант багийн нутаг дэвсгэрт байрлах баруун эхээс мод хийж 2-3 хоног хөдөө хонож өнжин намрын эд хүйтэн цастай үед цээжин биенээсээ доош норж хүртэл зүтгэж ажилласан. Тухайн үед намайг мод хийдэг хүмүүс туслах ажилтнаар өдрийн 20000 төгрөг өгье ажиллаад өгөөч гэж гуйдаг байсан ч нэгэнт Товгорын нуруу ХХК-нд ажиллаж байгаа болохоор өөр газар ажиллаагүй юм. Хэрэв би өөр газар ажилласан бол амьдралд минь их нэмэр болох цаг хугацаагаа алдсанд Товгорын нуруу ХХК-нд маш их гомдолтой байна. Энэ хүн намайг огт ажил хийдэггүй ажилд муу гэх зэрэг юм яриад цалингаа өгөхгүй байсан. Сүүлдээ манай эхнэрийг очиход нь мотор шатааж суутгал хийгдсэн гэж өөр зүйл ярих болсон. Би энэ тэнд хүнд ажил хийж, хөлсний мал хүртэл харж цалин хөлсөө авч амьдарсаар ирсэн. Харин энэ компани шиг хүний хөлсийг шулдаг газартай таарч байгаагүй. Иймд Товгорын нуруу ХХК-иас цалин болох 260000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Харин нэхэмжлэгч Ч.И нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: А эгч намайг ажил хийдэггүй байсан гэж худлаа яриад байгаа юм. Миний бие нь тэдний компанид 2016 оны 10 дугаар сарын 14-ний өдрөөс эхлэн 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийг дуусталх хугацаанд ажилласан. Ажиллаж байх үедээ 2016 оны 10 дугаар сарын 16, 24-ний өдрүүдэд чөлөө авсан, ажиллаагүй. 27-ны өдөр хагас ажилласан. Бусад өдрүүдэд байнга бүтэн ажилласан, хий гэсэн ажлыг нь хийж байсан. Иймд анх гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна гэжээ.
Хариуцагч Товгорын нуруу ХХК-ий итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.А нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Миний бие Ч овогтой А нь Тосонцэнгэл сумын Дархан-Уул багийн Үйлдвэрийн 1-10-1 тоотод байрлах Товгорын нуруу ХХК-нд нягтлан бодогчийн ажил хийдэг. Ч овогтой И-н нэхэмжлэлд тайлбар гаргаж байна.Энд ажилчдын ирц, хийсэн ажлын тайлан, компаний 10-р сарын цалингийн цэсийг хавсаргав.
2016-10-15-нд торхны машин дээр туслах ажилчин
16-нд ажилд ирээгүй,
17-нд торхны машин дээр ажилласан
18-нд 2 машин хайрга ачиж буулгасан /8-уулаа байсан/,
19-нд бүтэн ажилласан,
20-нд 3 машин хайрга ачиж буулгасан /9-үүлээ байсан/,
21-нд байхгүй,
22-нд байхгүй
23-нд галын модонд /8-уулаа 3 машин/
24-нд чөлөө,
25-нд байхгүй,
26-нд байхгүй,
27-нд үдээс өмнө ажиллаад тарсан,
28-нд модонд /8-уулаа 3 машин мод/
29-нд ирсэн боловч ажил хийгээгүй /мод шуудайлах байсан/
30-нд ирсэн боловч ажил хийгээгүй /мод шуудайлах байсан/
31-нд раманд туслах ажилтнаар,
2016 оны 11 сарын 01-нд торхны машин дээр ажиллаж байгаад мотор эвдсэн.
Ажлын хөлс бүх ажилчид сарын 500.000 төгрөгөөр тохиролцсон байсан. Ажилласан өдрийг 8 хоногоор тооцон бодсон байна. Ингээд 129.032 төгрөг гарсан байна. Үүний 40.000 төгрөгийг бэлнээр олгосон. Үлдэгдэл 80.000 төгрөгийг торхны машины мотор боолгосны хөлсөнд суутгасан. Энд яагаад 8 хоног гэж бодсон бэ гэвэл ажлын дундуур зөвшөөрөлгүй бусдын мотоциклоор ажил хаяж явах, ажил хийж буй дүр эсгэн амрах байраар сэлгүүцэн нааш цааш явах, ажлын цаг дуусаагүй үед шууд ажлаа хаяж явсан тохиолдол бүрийг ажилд ирсэн боловч ажил хийгээгүй гэж үзсэн юм. гэжээ.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг болон зохигчдын тайлбарыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ч.И болон хариуцагч Товгорын нуруу ХХК-ий итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.А нарын хооронд хөлсөөр ажиллах аман гэрээ байгуулагдсан байна.
Өөрөөр хэлбэл Ч.И нь Товгорын нуруу ХХК-ий хөрөө раман дээр өдөр тутам хийгдэх ажлуудыг хийж гүйцэтгэх, Товгорын нуруу ХХК-иас түүнд тохирсон ёсоор хөлсийг төлөх үүрэг хүлээсэн байна.
Нэхэмжлэгч Ч.И нь 2016 оны 10 дугаар сарын 14, 15, 17, 18, 19, 20, 21, 22, 23, 25, 26, 27, 28, 29, 30, 31, 11 дүгээр сарын 01, 02, 03, 04-ний өдрүүдэд буюу 20 өдрийн турш хөлсөөр ажилласан гэх боловч 2016 оны 10 дугаар сарын 14, 21, 25, 26, 11 дүгээр сарын 02, 03, 04-ний өдрүүдэд буюу 7 өдөр ажилласан байдлаа нотолж чадахгүй байна.
Мөн 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдөр хагас ажилласан талаараа хариуцагчтай маргахгүй байна.
Хариуцагч Товгорын нуруу ХХК-ий итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.А нь Ч.И-г 2016 оны 10 дугаар сарын 22-ны өдөр ирц бүртгэхэд байгаагүй, ажил хийгээгүй гэх боловч Товгорын нуруу ХХК-ий ажилчдын ирц, хийсэн ажлын мэдээ гаргасан хүснэгтэд 2016 оны 10 дугаар сарын 22-ны өдөр уг хүснэгтийн 1-7 дугаарт нэр бичигдсэн ажилчид 2 машин элс татаж, машинд засвар хийснээр тэмдэглэгдсэн бөгөөд Ч.И-н нэр уг хүснэгтийн 6 дугаарт бичигдсэн тул түүнийг уг өдөр ажилласан гэж үзэх үндэслэлтэй байна.
Мөн хариуцагч Товгорын нуруу ХХК-ий итгэмжлэгдсэн төлөөлөгч нь Ч.И-г ажил муу хийдэг, ажилласан хугацаандаа ажлын үр дүн муутай байсан гэх боловч энэ байдлаа нотолж чадахгүй байна.
Иймд Ч.И-г Товгорын нуруу ХХК-д 12,5 өдөр хөлсөөр ажилласан гэж дүгнэх үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч Ч.И нь ажлын хөлсийг өдрийн 15000 төгрөгөөр тохирсон гэж, хариуцагч Товгорын нуруу ХХК-ий итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.А нь ажлын хөлсийг сарын 500.000 төгрөгөөр тохиролцсон гэж маргаж байгаа боловч Товгорын нуруу ХХК-ий ажилчдын 2016 оны 10 дугаар сарын ажлын хөлс тооцсон хүснэгтэд Ч.И-д ажлын 8 өдрөөр тооцож 129032 төгрөг бодсон боловч 80000 төгрөгийг мотор эвдсэний үнэнд суутган, Ч.И-н гарт нь 40000 төгрөгийн хөлс олгосон /энэ талаар зохигчид маргаагүй/ байдлаас үзвэл хөдөлмөрийн хөлсийг өдрийн 15000 төгрөгөөр тооцсон гэж дүгнэх үндэслэлтэй байна.
Товгорын нуруу ХХК нь Ч.И-н ажилласан 12,5 хоногт өдөр тутам 15000 төгрөгийн хөлсийг тооцож, 187500 төгрөгийн хөлс олгох нь зүйтэй бөгөөд үүнээс 40000 төгрөгийг олгосон байна.
Ч.И нь ажиллаж байх хугацаандаа мотор эвдсэн үндэслэлээр түүний ажлын хөлснөөс Товгорын нуруу ХХК нь 80000 төгрөгийг суутган авсан байх ба уг мотор нь Ч.И-н буруутай ажиллагаанаас болж эвдэрсэн гэдгийг шүүхийн өмнө нотолж чадаагүй учир уг суутгасан мөнгийг үндэслэлгүй гэж үзлээ.
Иймд ажлын хөлсний үлдэгдэл 147500 төгрөгийг Товгорын нуруу ХХК-иас гаргуулан нэхэмжлэгч Ч.И-д олгох нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч Ч.И нь шүүхэд нэхэмжлэл гаргахдаа 260000 төгрөгийн нэхэмжлэлийн үнийн дүнд бодогдох 8450 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамж төлсөн бөгөөд уг мөнгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Товгорын нуруу ХХК-иас гаргуулах 147500 төгрөгөнд бодогдох улсын тэмдэгтийн хураамж болох 5075 төгрөгийг Товгорын нуруу ХХК-иас гаргуулан нэхэмжлэгч Ч.И-д олгох нь зүйтэй байна.
Монгол Улсын Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1, 360 дугаар зүйлийн 360.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Товгорын нуруу ХХК-иас 147.500 /нэг зуун дөчин долоон мянга таван зуу/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ч.И-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 112.500 /нэг зуун арван хоёр мянга таван зуу/ төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ч.И-н улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 8450 /найман мянга дөрвөн зуун тавь/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Товгорын нуруу ХХК-иас 5075 /таван мянга далан тав/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ч.И-д олгосугай.
3. Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
4. Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн өмгөөлөгч, төлөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.УРТНАСАН