Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 05 сарын 29 өдөр

Дугаар 511

 

101/2017/0401/Э

 

 

 

 

 

 

 

Т.Э, Л.Д, А.Т

нарт холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Бат-Эрдэнэ даргалж, шүүгч Ж.Эрдэнэчимэг, Ц.Оч нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Г.Эрдэнэ,

шүүгдэгч Л.Д /цахим сүлжээгээр/, түүний өмгөөлөгч Б.Мөнхгэрэл,

шүүгдэгч Т.Эийн өмгөөлөгч Г.Батбаяр, Ц.Бат-Эрдэнэ,

шүүгдэгч А.Тийн өмгөөлөгч У.Сайнбилэг,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Сайнтуяа,

нарийн бичгийн дарга Э.Ариунзаяа нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Алтанцэцэг даргалж, шүүгч Б.Ариунхишиг, Э.Чингис нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2018 оны 1 дүгээр сарын 24-ний өдрийн 143 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Л.Д, шүүгдэгч Т.Эийн өмгөөлөгч Г.Батбаяр, Ц.Бат-Эрдэнэ нарын гаргасан давж заалдах гомдлуудад үндэслэн Т.Э, Л.Д, А.Телеубек нарт холбогдох 201725010531 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 5 дугаар сарын 7-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Оч илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Боржигон овогт Т-н Э, 1995 оны 8 дугаар сарын 5-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн ................ тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, /регистрийн дугаар: ................../,

2. Лантаг овогт Лашидын Даваасүрэн, 1996 оны 3 дугаар сарын 31-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 22 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхийн хамт Баянзүрх дүүргийн ................... тоотод оршин суух хаягтай, /регистрийн дугаар: ......................./,

- Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 1 дүгээр сарын 17-ны өдрийн 110 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 60 дугаар зүйлийн 60.3, 60.4 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн ерөнхий ангийн 32 дугаар зүйлийн 32.2 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.13, 91.2.16 дахь хэсэгт зааснаар 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2016 оны 5 дугаар сарын 4-ний өдрийн 116 дугаартай шүүгчийн захирамжаар хугацааны өмнө тэнсэн суллагдсан.

3. Найман овогт А-н Т, 1996 оны 5 дугаар сарын 1-ний өдөр Ховд аймагт төрсөн, 21 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 8, эцэг, эх, дүү нарын хамт Ховд аймгийн ................. тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, /регистрийн дугаар: ...................../,

1. Т.Э нь 2017 оны 2 дугаар сарын 11-нээс 12-нд шилжих шөнө буюу 00 цаг 06 минутын орчимд Баянзүрх дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Өсөх 2” нэртэй бааранд танхайн сэдэлтээр, иргэн С.Бг хүнд зэргийн согтолттой биеэ хамгаалж чадахгүй байгааг мэдсээр байж Л.Дтэй бүлэглэн С.Бгийн толгойн тус газар нь пивоны шилээр цохиж санаатай алсан,

2. Л.Д нь ялтай байх хугацаандаа давтан үйлдлээр, 2017 оны 2 дугаар сарын 11-нээс 12-нд шилжих шөнө буюу 00 цаг 06 минутын орчимд Баянзүрх дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Өсөх 2” нэртэй бааранд танхайн сэдэлтээр, иргэн С.Бг хүнд зэргийн согтолттой биеэ хамгаалж чадахгүй байгааг мэдсээр байж түүнийг зодож цохих, барьцалдан зууралдах зэргээр учрах саадыг арилгаж, Т.Эийг С.Бгийн толгойн тус газар нь пивоны шилээр цохиж санаатай алахад нь дэмжлэг үзүүлж бүлэглэн хамтран оролцсон,

мөн А.Ттэй урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн 2016 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч Д.Агийн эд хөрөнгийг авах зорилгоор, амь биед нь аюултайгаар хүч хэрэглэн довтолж, “Самсунг Эс 4” загварын гар утас, гар утасны баттерей, бэлэн 300 төгрөгийг нь дээрэмдсэн,

3. А.Т нь Л.Дтэй урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн 2016 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч Д.Агийн эд хөрөнгийг авах зорилгоор, амь биед нь аюултайгаар хүч хэрэглэн довтолж, “Самсунг Эс 4” загварын гар утас, гар утасны баттерей, бэлэн 300 төгрөгийг нь дээрэмдсэн гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас: Т.Эийн үйлдлийг 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.5 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2, 91.2.11, 91.2.15 дахь хэсэгт зааснаар, Л.Дгийн үйлдлийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.6 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2, 91.2.10, 91.2.11, 91.2.15 дахь хэсэгт зааснаар, А.Тын үйлдлийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар Баянзүрх дүүргийн Прокуророос Т-н Эийн гэм буруугийн үйлдлийг 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.5 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2, 91.2.11, 91.2.15-д зааснаар зүйлчлэн ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2-т зааснаар зүйлчилснийг, Лашидын Даваасүрэнгийн гэм буруугийн үйлдлийг 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.6 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2, 91.2.10, 91.2.11, 91.2.15-д зааснаар зүйлчлэн ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2, 91.2.10-д зааснаар зүйлчилснийг тус тус хэрэгсэхгүй болгож,

2015 оны Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Баянзүрх дүүргийн Прокуророос Т-н Эийн гэм буруугийн үйлдлийг 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.5 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2, 91.2.11, 91.2.15-д зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэн ирүүлснийг 2015 оны Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7, мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11-д зааснаар, Лашидын Даваасүрэнгийн гэм буруугийн үйлдлийг 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.6 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2, 91.2.10, 91.2.11, 91.2.15-д зааснаар, мөн бусдын эд зүйлсийг дээрэмдсэн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2-т зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэн ирүүлснийг 2015 оны Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7, мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11-д зааснаар, мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар, Амангийн Тэлебекийн гэм буруугийн үйлдлийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2-т зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэн ирүүлснийг 2015 оны Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тус өөрчлөн зүйлчилж,

Боржигон овогт Т-н Эийг бүлэглэн, хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй байгааг мэдсээр байж пивоны шилээр цохих болон хөлөөрөө өшиглөх, дэвсэх зэрэг үйлдлээр хүнийг алах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд, Лантаг овогт Лашидын Даваасүрэнг бүлэглэн, хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй байгааг мэдсээр байж, хүнийг алсан гэмт хэрэг үйлдсэн, мөн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэн довтолж дээрэмдсэн гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд, Найман овогт Амангийн Тэлебекийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэн дээрэмдсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

2015 оны Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7, 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11-д зааснаар Т-н Эийг 13 жилийн хугацаагаар хорих ялаар, Лашидын Даваасүрэнг 2015 оны Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7, 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11-д зааснаар 12 жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар, Амангийн Тэлебекийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Лашидын Даваасүрэнд 2015 оны Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7, 2.11-д зааснаар 12 жилийн хугацаагаар оногдуулсан хорих ял дээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт 13 жилийн хорих ялыг оногдуулж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Т.Эөд оногдуулсан 13 жилийн хорих ялыг, Л.Дд оногдуулсан 13 жилийн хорих ялыг хаалттай хорих байгууллагад, А.Тэд оногдуулсан 1 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлэхээр тогтоож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар Т.Э, Л.Д нарын цагдан хоригдсон нийт 346 хоногийг биечлэн эдлэх ялын хугацаанд оруулан тооцож,

А.Т нь хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар Т-н Эөөс 565.043 төгрөгийг, Лашидын Даваасүрэнгээс 3.065.043 төгрөгийг тус тус гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Цагаанбулангийн Сайнтуяад олгож,

Хохирогч Ц.Сайнтуяа гэм хорын бусад хохирлоо холбогдох нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.4-т тус тус зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болохоор эд мөрийн баримтаар хураагдан ирсэн бор өнгийн пивоны шилний 19 ширхэг хагархай, хар өнгийн үстэй дотортой түрийтэй хос гутал, ногоон өнгийн өмд 1 ширхэг, талийгаач С.Бгийн өмсөж явсан саарал өнгийн цамц 1 ширхэг, хөх өнгийн футволк 1 ширхэг, хар саарал өнгийн өнгийн биеийн тамирын өмд 1 ширхэг, ягаан өнгийн өмд 1 ширхэг, цэцгэн хээтэй эрээн өнгийн өмд 1 ширхэг, цэнхэр саарал өнгийн дотоож 1 ширхэг, цагаан өнгийн хар судалтай пүүзэн хос гутал, ягаан өнгийн хос оймс зэргийг устгуулахаар, хяналтын камерын бичлэг бүхий 1 ширхэг сидиг хавтаст хэрэгт хавсарган үлдэхээр шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст шилжүүлж,

Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж,

Т.Э, Л.Д нарт урьд цагдан хорихоор авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, А.Тт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Л.Д давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...талийгаач Батзолбоо, Энхмөнхтэй муудалцаад байсан. Тухайн үед хохирогч Батзолбоо, Энхмөнх хоёрыг аль болох зодоон, цохион хийлгэхгүй байлгах үүднээс голоор нь орж эв зүйг нь олж салгачихаад, баарнаас гарах гээд хувцас, цүнхээ аваад гарах хаалга руу явж байхад хохирогч Батзолбоо араас татан, зүүн хацар руу шанаадан цохиж унагасан. Тэгээд би талийгаачтай зууралдаж байгаад доор нь орж босох гээд ноцолдож байхад хохирогч Батзолбоо гэнэт миний хажуугаар гулжигнаад унасан. Тэр үед яагаад унасныг нь ч мэдээгүй. Тухайн үеийн балмагдал, уурандаа 3-4 удаа цохисон. Миний хувьд талийгаачтай муудалцаж маргалдсан, цохиж, зодох ямар нэгэн санаа зорилго анхнаасаа байгаагүй. Дараа нь Энхмөнх хохирогчийг шар айрагны шилээр толгойн тус газар араас нь цохиж унагаасныг мэдсэн. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.11 заасан зүйл ангийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Талийгаачийг үхэлд хүргэсэн шалтгаан бол Энхмөнхийн цохилтын улмаас болсон гэдэг нь тодорхой байхад хамтатган шийтгэж байгаад гомдолтой байна. Надад сонсгосон 17.2 дугаар зүйл буюу дээрмийн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Иймд миний гаргасан гомдлыг харгалзан үзэж хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү...” гэв.

Шүүгдэгч Т.Эийн өмгөөлөгч Ц.Бат-Эрдэнэ давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Энэхүү гэмт хэргийг бүлэглэж үйлдээгүй. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 3 дугаар сарын 6-ны өдрийн 392 тоот шинжээчийн дүгнэлтээр талийгаач баруун шугаман хугарал, баруун зулайн төвийн арын далан хамарсан няцралт гэмтлийн улмаас нас барсан гэдгийг тогтоосон. Хавтаст хэрэгт авагдсан гэрч нарын мэдүүлэг, шинжээч эмч нарын дүгнэлт, тайлбараар хангалттай нотлогдож байна. Анхан шатны шүүх хүндрүүлэх нөхцөл байдлыг хэрэглэсэн. Бусдын амь насыг хохирооход чиглэсэн санаатай үйлдлийн улмаас хүн нас барсан бөгөөд гэмт үйлдэл амь хохирогчийн үхэл хоорондын шалтгаант холбоо заавал агуулсан байх ёстой гэдгийг хууль болон Улсын Дээд Шүүх тайлбарласан байдаг. Камерийн бичлэг дээр хохирогч зодооныг үргэлжлүүлж идэвхитэй үйлдэл гаргасан. Шүүгдэгч Т.Э, Л.Д нар нь хохирогчийг хүнд зэргийн согтолттой, биеэ авч явах чадваргүй байдлыг далимдуулж гэдэг хүндрүүлж шийдсэнийг хүлээн зөвшөөрөхгүй. Шүүгдэгч Т.Э өөрийн буруутай үйл ажиллагааны улмаас хохирогчийн амь насанд шууд халдсан. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар гэмт хэргийг хэн үйлдсэнийг анхан шатны шүүх буруу дүгнэлт өгсөн учир хэргийг бүхэлд нь хянаж өгнө үү...” гэв.

Шүүгдэгч Т.Эийн өмгөөлөгч Г.Батбаяр давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгч Т.Э нь Л.Дтэй урьдчилан үгсэн тохиролцоогүй. Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1.2 дэх хэсэгт заасан заалтыг зөрчсөн. Талийгаачийн үхлийн шалтгаан нь Шүүх эмнэлгийн шинжээчийн 392 тоот дүгнэлтээр “Баруун зулайны шугаман хугарал нь нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ” гэсэн. Камерийн бичлэгээс харагдаж байгаа, шүүгдэгч Т.Эийн цохилт хохирогчийн үхэл хооронд шалтгаант холбоо нь нотлогдож байна. Гэтэл анхан шатны шүүх “хэний цохилтын улмаас, хэн үхэлд хүргэснийг дүгнэх боломжгүй” гэж дүгнэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан “шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй” буюу шүүхийн тогтоолд дүгнэсэн асуудал нь нотлох баримтаас зөрүүтэй.

Мөн Эрүүгийн хуулийн зүйл хэсгийг буруу тайлбарлаж хэрэглэсэн тул шүүгдэгч Л.Дд холбогдох үйлдлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Шүүгдэгч Т.Э нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлд заасан гэмт хэрэгт бүлэглэн оролцоогүй учир зүйлчлэлийг өөрчилж өгнө үү. Зүйлчлэлийг өөрчилж шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү...” гэв.

Шүүгдэгч Л.Дгийн өмгөөлөгч Б.Мөнхгэрэл тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Өмгөөлөгч Ц.Бат-Эрдэнийн гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна.” гэв.

Шүүгдэгч А.Тийн өмгөөлөгч У.Сайнбилэг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Тайлбар байхгүй.” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Сайнтуяа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Би давж заалдах гомдлыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Би хүүгээ нэг цохилтын улмаас нас барсан гэж үзэхгүй байна. Ямар ч согтуу хүн тасарч унаагүй нөхцөлд өөрийгөө хамгаална гэж бодож байна. Камерын бичлэгийг харахад тэр хүмүүсийг өөрөөсөө холдуулах гээд зайлуулж байгаа үйлдэл нь харагдаж байгаа. Маш их гомдолтой байна. Бүтэн жил болоход оршуулгын зардал бүрэн төлөгдөөгүй байгаа.” гэв.

Прокурор Г.Эрдэнэ тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Шүүгдэгч Л.Дгийн үйлдлийг гэм буруугүй, нийгэмд аюулгүй гэж үзэх боломжгүй. Тухайн бааранд буюу олон нийтийн газар хэн аль нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Л.Дгийн хувьд Т.Эийг хориглох үйлдэл хийгээгүй. Анхнаасаа маргаан болоход нэгнийхээ танхайн үйлдлийг дэмжиж байсан нь харагддаг. Барьцалдаж, зууралдах явцад Т.Э цохиж унахад хоёулаа зэрэгцээд зодсон. Гэтэл үхлийн шалтгаан нь пивоны шилээр цохисноос үүдсэн учраас Л.Д энэ хэрэгт оролцоо байхгүй, гэм буруугүй гэж үзэх үндэслэлгүй. Мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нар “болсон хэргийн талаар мэдэхгүй байна, санахгүй байна. Сүүлд нь камерийн бичлэгээс үзсэн” гэж хэлдэг. Хэргийн зүйлчлэл зөв, анхан шатны шүүх хэргийн үйл баримтад үндэслэлтэй дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэсэн гэж үзэж байгаа учраас шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

ХЯНАВАЛ:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж хэргийг бүхэлд нь хянаж үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3.3 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт “Энэ зүйлд заасан эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх шүүх бүрэлдэхүүн, шүүх хуралдаан даргалагчийг шүүгчдийн зөвлөгөөнөөс тогтоосон журмын дагуу томилно” гэж,

39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн... байвал давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн тогтоолыг хүчингүй болгоно”,

39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д “Шүүх хууль бус бүрэлдэхүүнээр тогтоол гаргасан...” бол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн гэж үзнэ гэж тус тус хуульчилжээ.

Шүүгдэгч Т.Э, Л.Д, А.Телеубек нарт холбогдох 201725010531 дугаартай эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх шүүх бүрэлдэхүүнд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн 2017 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 897 дугаартай захирамжаар “шүүгч Ч.Алтанцэцэг, Б.Ариунхишиг, Э.Чингис” нарыг томилсны дагуу энэ бүрэлдэхүүнээр хэргийг хянан хэлэлцэж 2017 оны 9 дүгээр сарын 1-ний өдрийн 480 дугаартай шийтгэх тогтоолыг гаргасан байна.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхээс Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 1-ний өдрийн 480 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгон, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэжээ.

 Гэтэл Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэргийг хүлээж аваад дахин шүүх бүрэлдэхүүн томилохгүйгээр өмнө шийдвэрлэж байсан “шүүгч Ч.Алтанцэцэг, Б.Ариунхишиг, Э.Чингис” нарын бүрэлдэхүүнтэйгээр хянан шийдвэрлэж хууль бус бүрэлдэхүүнээр тогтоол гаргасан байна.

Аливаа төрийн байгууллага, тэр дундаа хуулийн байгууллагын албан ажил нь хүний эрх зөрчигдөхөөс хамгаалахын зэрэгцээ хүний эрхийг зөрчсөн этгээдийн өөрийнх нь тодорхой эрхүүдэд хуулийн хүрээнд хязгаарлалт тогтоодог онцлогтой учир үйл ажиллагаандаа Үндсэн хууль болон бусад хуульд зааснаар “хууль дээдлэх” зарчмыг мөрдлөг болгох учиртай. Ийм ч учир төрийн байгууллага, тэр дундаа шүүхийн үйл ажиллагаа нэг бүрийн хугацааг хуульчилж заасан байхад анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тодорхой шалтгаангүйгээр удаашруулсан дараахь ноцтой зөрчлүүдийг гаргажээ.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхээс хэргийг 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдөр 2/1538 дугаартай албан бичгээр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хүргүүлснийг анхан шатны шүүх 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авсан байх ба хэргийг хүлээн авснаас 31 хоногийн дараа шүүх хуралдааныг товлон зарлаж 2018 оны 1 дүгээр сарын 11-ний өдөр хуралдсан боловч 14 хоногоор шүүх хуралдааныг хойшлуулсан байна.

Ийнхүү хэргийг 2018 оны 1 дүгээр сарын 24-ний өдрийн шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэж 143 дугаартай шийтгэх тогтоол гаргасан байх атлаа 35 хоногийн дараа буюу 2018 оны 2 дугаар сарын 27-ны өдрөөс 3 дугаар сарын 16-ны хооронд шийтгэх тогтоолыг хэргийн оролцогч нарт гардуулсан.

Өмгөөлөгч Г.Батбаяр, Ц.Бат-Эрдэнэ нар 2018 оны 3 дугаар сарын 12-ны өдөр Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргасныг хүлээж авсан атлаа гомдол гаргаснаас хойш 50 хоногийн дараа буюу 2018 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 2/991 албан бичгээр хэргийг давж заалдах шатны шүүхэд ирүүлжээ.

Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 818 дугаар магадлалд “Хэрэг шүүхэд очтол шүүгдэгч Т.Э, Л.Д нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг, А.Тт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэвээр үргэлжлүүлэх” гэж заасаар байтал анхан шатны шүүх 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдөр хэргийг хүлээж авснаас хойш 2018 оны 1 дүгээр сарын 11-ний өдрийг хүртэл шүүгдэгч нарт ямар таслан сэргийлэх арга хэмжээ авахаа шийдвэрлэхгүйгээр, Т.Э, Л.Д нарыг тус бүрийг 31 хоног үндэслэлгүйгээр хорьсон байна.

Энэ хэргийг урьд давж заалдах шатны шүүх хянан хэлэлцсэн 2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 818 дугаар магадлалд “...анхан шатны шүүх хэргийг 2017 оны 5 дугаар сарын 18-ны өдөр хүлээж авсан атлаа яллагдагч нар нь 2017 оны 6 дугаар сарын 28-наас 9 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл удаан хугацаагаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан хэргийн шүүх хуралдааныг өмгөөлөгч нарын удаа дараагийн хүсэлтээр үндэслэлгүйгээр олон удаа хойшлуулж байсныг анхааруулан тэмдэглэж цаашид хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх хугацааны дотор шуурхай шийдвэрлэхийг онцгой анхаарч ажиллах”-ыг дурдаж байжээ.

Хэрэг хянан шийдвэрлэхтэй холбоотой, хүний эрхийг зөрчиж цаг хугацаа алдсан дээрх алдаа, зөрчлүүд нь хэргийг хянан шийдвэрлэсэн шүүгч, шүүх бүрэлдэхүүний хэт хайнга, хариуцлагагүй байдалтай шууд холбоотой бөгөөд үүнийг давж заалдах шатны шүүхээс зөвтгөн үзэх боломжгүй байгааг дурдаж, цаашид хэрэг хянан шийдвэрлэх бүх ажиллагааг хуульд нийцүүлэн, хуульд заасан хугацааны дотор хэрэгжүүлэхийг  анхааруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан үндэслэлээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасантай холбогдуулан шүүгдэгч Л.Д, шүүгдэгч Т.Эийн өмгөөлөгч Г.Батбаяр, Ц.Бат-Эрдэнэ нарын гаргасан давж заалдах гомдлуудыг энэхүү шүүх хуралдаанаар тус тус хянан хэлэлцээгүй болохыг дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 1 дүгээр сарын 24-ний өдрийн 143 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Т.Э, Л.Д, А.Телеубек нарт холбогдох эрүүгийн хэргийг дахин хэлэлцүүлэхээр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Хэрэг шүүхэд очтол шүүгдэгч Т.Э, Л.Д, А.Телеубек нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Ш.БАТ-ЭРДЭНЭ

ШҮҮГЧИД                                                       Ж.ЭРДЭНЭЧИМЭГ

                                                                                                Ц. ОЧ