Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 04 сарын 06 өдөр

Дугаар 2021/ШЦТ/253

 

 

 

 

 

 

 

   2021      04          06                                      2021/ШЦТ/253

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Оюунчимэг даргалж,

нарийн бичгийн дарга А.Цэрэндулам,                                     

улсын яллагч Я.Мөнхзаяа, 

шүүгдэгч Б.Ө- нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ... овогт Б.Ө-т холбогдох эрүүгийн 2009026530096 дугаартай хэргийг шүүн хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1992 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эх, ахын хамт Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо, ... тоотод оршин суух, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн / РД: ... / ... овогт Б.Ө- нь:

 

- 2020 оны 09 дүгээр сарын 26-наас 27-нд шилжих шөнө 05 цагийн орчим Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороонд үйл ажиллагаа явуулах 32 клубын зочид буудалд хамт хоносон хохирогч Б.Энх-Уянгын эзэмшлийн Самсунг А70 маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 507.960 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлгээр хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл / хх 6 /

 

Хохирогч Б.Энх-Уянга мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ...2020 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн шөнийн 00 цагийн үед Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байх 32 нэртэй клубт найз Өлзийгийн хамт орж пиво уусан. Клубт Өлзий үл таних залуутай танилцаад ууж байгаад дээд талын буудал руу гурвуулаа орсон. Би орохдоо Өлзийгийн цүнхэнд утсаа хийгээд буцаад аваад дэрэн доогуураа хийгээд унтсан. Б.Ө- үүрээр гараад явсан. 06 цагийн үед гар утас байхгүй байхаар нь Өлзийгөөс асуухад мэдэхгүй гэсэн тул цагдаагийн байгууллагад хандсан гэжээ. / хх 20-21 /

 

Иргэний нэхэмжлэгч Н.Баяндулам мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ...2021 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Б.Ө- гэх хүн манай ломбарданд Самсунг галакси А70 маркийн гар утсыг 200.000 төгрөгний барьцаанд тавьсан. Уг гар утсыг шалгахад 99964980 дугаартай сим карттай Б.Ө-ийнх байсан гэжээ. / хх 23 /

 

“Дамно” ХХК-ний хөрөнгийн үнэлгээгээр хулгайд алдагдсан гар утсыг 507.960 төгрөгөөр үнэлсэн тайлан / хх 27-28 /

 

Эд зүйл хураан авч, хүлээлгэн өгсөн тэмдэглэл / хх 48-49 /

 

Яллагдагч Б.Ө- мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ...2020 оны 09 дүгээр сарын сүүлээр / он сарыг сайн санахгүй байна/ шөнийн 00 цагийн үед Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 32 нэртэй бааранд ганцаараа орж үйлчлүүлсэн. Тухайн бааранд 2 эмэгтэйтэй танилцаад дээд талын буудлын нэг ортой өрөө авч хамт пиво уугаад хоорондоо юм ярьж суусан. Тэгээд унтаж байгаад шөнийн 04 цагийн үед би босоод ажил руу явахад бидний унтаж байсан орон дээр Самсунг А70 маркийн гар утас байхаар нь би аваад явсан. Надад 200.000 төгрөгний хэрэг болохоор нь гар утсыг ломбарданд барьцаанд тавьсан. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэжээ. / хх 37-38 /

 

Шүүгдэгч Б.Ө-ээс 2021 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр яллагдагчаар мэдүүлэг авсан тэмдэглэл / хх 37-38 /

 

Шүүгдэгч урьд ял шийтгүүлсэн эсэхийг шалгасан тэмдэглэл / хх 47 / зэрэг болно.

 

Шүүгдэгч Б.Ө- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: ...Хохирогчид гар утсыг буцаан өгч, иргэний нэхэмжлэгчид 200.000 төгрөгийг төлж барагдуулсан. Өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэв.

 

Шүүгдэгч Б.Ө- нь 2020 оны 09 дүгээр сарын 26-наас 27-нд шилжих шөнө 05 цагийн орчим Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороонд үйл ажиллагаа явуулах 32 клубын зочид буудалд хамт хоносон хохирогч Б.Энх-Уянгын эзэмшлийн Самсунг А70 маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 507.960 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан дараахь нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо. Үүнд:   ...Үүрээр унтаад сэрэхэд буудлын өрөөнд манай найз Өлзий бид хоёр байсан ба Б.Ө- байхгүй байсан. Гэтэл би утсаа үзэхэд байхгүй болсон байсан гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн хохирогч Б.Энх-Уянгын мэдүүлэг / хх 20-21 /,    ...Б.Ө- гэх хүн манай ломбарданд Самсунг галакси А70 маркийн гар утсыг 200.000 төгрөгний барьцаанд тавьсан гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн иргэний нэхэмжлэгч Н.Баяндуламын мэдүүлэг / хх 23 /,     ...“Дамно” ХХК-ний хөрөнгийн үнэлгээгээр хулгайд алдагдсан гар утсыг 507.960 төгрөгөөр үнэлсэн тайлан / хх 27-28 /,      ...Эд зүйл хураан авч, хүлээлгэн өгсөн тэмдэглэл / хх 48-49 /,    ...Самсунг А70 маркийн гар утсыг аваад ломбарданд 200.000 төгрөгний барьцаанд тавьсан гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн яллагдагч Б.Ө-ийн мэдүүлэг / хх 37-38 / зэрэг болно.

 

Шүүхээс шүүгдэгч Б.Ө-ийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Б.Ө-т ял шийтгэл оногдуулахдаа анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирлоо нөхөн төлсөн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, түүний үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6-д заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч Б.Ө- нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчид гар утсыг буцаан өгч, иргэний нэхэмжлэгчид учирсан 200.000 төгрөгний хохирлыг төлж барагдуулсан, шунахай зорилгоор гэмт хэрэг үйлдсэн, ажил хөдөлмөр эрхэлдэггүй, хувийн байдал зэргийг харгалзан түүнд хуульд заасан 240 / хоёр зуун дөч / цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч Б.Ө- нь цагдан хоригдсон хоноггүй, төлөх төлбөргүй болохыг дурьдав.

 

Шүүхээс шүүгдэгч Б.Ө-ийг өмгөөлүүлэх эрхээр нь хангасан боловч өмгөөлөгч аваагүй, шүүх хуралдаанд өөрөө өөрийгөө өмгөөлж оролцох хүсэлтээ бичгээр гаргаж өгсөн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1-д заасан заавал өмгөөлөгчтэй оролцох хуулийн заалтад хамаарахгүй тул түүний хүсэлтийг хүлээн авч, өмгөөлөгч оролцуулалгүй шийдвэрлэсэн болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ... овогт Б.Ө-ийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч Б.Ө-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 / хоёр зуун дөч / цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

3. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, Б.Ө- нь цагдан хоригдсон хоноггүй, төлөх төлбөргүй болохыг дурьдсугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-д зааснаар нь Б.Ө- нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Б.Ө-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, яллагч нар эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногт Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Б.Ө-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  С.ОЮУНЧИМЭГ