Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 03 сарын 30 өдөр

Дугаар 2021/ШЦТ/220

 

 

 

 

  2021        03           30                                     2021/ШЦТ/220

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Оюунчимэг даргалж,

нарийн бичгийн дарга А.Цэрэндулам,                                    

улсын яллагч Д.Даваадорж, 

Шүүгдэгч З.Б- нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн ... овогт З.Б-өд холбогдох эрүүгийн 2109000000331 дугаартай хэргийг шүүн хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1982 оны 07 дугаар сарын 02-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 39 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, “...” ХХК-д жолооч ажилтай, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Чингэлтэй дүүргийн ... тоотод оршин суух, Сүхбаатар дүүргийн шүүхийн 2009 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 307 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 4 жил хорих ялаар шийтгэж, 2009 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1 дэх хэсэгт зааснаар 4 жилийн хорих ялаас 3 жилийг өршөөн хасаж, 1 жилийн хугацаагаар хорих ялыг биечлэн эдлүүлсэн, бие эрүүл, ухаан бүрэн /РД: ... / ... овогт З.Б- нь:

 

- 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдөр согтуугаар Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Санзайн задгай тоот буюу Санзайн амралтын ойролцоо иргэн Э.Гансүхтэй машины суудал булаацалдан маргалдаж, улмаар түүнтэй ноцолдож, толгойгоороо мөргөж биед нь “зүүн дээд зовхинд шарх, зүүн баруун дээд зовхинд цус хуралт, эрүүнд зулгаралт” гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлгээр хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Хохирогч Э.Гансүх мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ...2021 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр З.Б- намайг паркетан шал шахахад туслаач гэхээр нь Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Санзайн зуслангийн задгай тоотод очсон. Очоод шалаа шахаж ажлаа дуусгаад З.Б-, тэнд байсан нэг залуу, бид гурав нийлээд нэг 0.75 л архи уусан. Тэгээд орой явахаар болж машинд зорчигчийн талын суудал дээр би суух гэхэд З.Б- нь “Би сууна” гээд дайрсан. З.Б- бид хоёр суудал булаацалдахад намайг толгойгоороо нэг удаа мөргөсөн. Зовхи нойтон оргиод байхаар нь хуруугаа хүргээд үзэхэд цус гарсан байсан. Ингээд зуслангийн үүдний харуулыг цагдаа дуудаад өгөөч гээд дуудуулсан гэжээ. / хх 23 /

 

Гэрч Э.Чулуунхүү мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ...2021 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Санзайн задгай тоотод З.Б-, Гансүх бид гурав зуслангийн байшингийн паркетан шал шахах гэж очсон. Шалаа шахаж дуусаад орой 21 цаг өнгөрөөгөөд архи хувааж ууж дуусаад явахаар болсон. Гэтэл З.Б-, Гансүх хоёр машины зорчигч талын суудал дээр сууна гээд суудал булаацалдаж маргалдсан. Тэр хоёр ноцолдож байгаад З.Б- нь Гансүхийн толгой руу нэг удаа толгойгоороо мөргөсөн гэжээ. / хх 28-29 /

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 1065 дугаартай дүгнэлтэнд:

1. Э.Гансүхийн биед зүүн дээд зовхинд шарх, зүүн баруун дээд зовхинд цус хуралт, эрүүнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй.

4. Дээрх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Дээрх гэмтэл нь 1-2 хоногийн өмнө үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна гэжээ. / хх 34-35 /

 

Шинжээч эмч О.Нансалмаа мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ...Э.Гансүхийн биед учирсан “зүүн дээд зовхинд шарх, зүүн баруун дээд зовхинд цус хуралт” гэмтэл нь тус бүр гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэжээ. / хх 31 /

 

Шүүгдэгч З.Б-ийг 2021 оны 03 дугаар сарын 06-ны өдөр яллагдагчаар байцаасан тэмдэглэл / хх 5 /

 

Шүүгдэгч урьд шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас / хх 44 / зэрэг болно.

 

Шүүгдэгч З.Б- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Хохирогчийн эмчилгээний зардалд 500.000 төгрөг төлсөн. Гэм буруу болон ялыг хүлээн зөвшөөрч байна. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэв.

 

Шүүгдэгч З.Б- нь 2021 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр согтуугаар Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Санзайн задгай тоот буюу Санзайн амралтын ойролцоо иргэн Э.Гансүхтэй машины суудал булаацалдан маргалдаж, улмаар түүнийг толгойгоороо мөргөж, биед нь “зүүн дээд зовхинд шарх, зүүн баруун дээд зовхинд цус хуралт, эрүүнд зулгаралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан дараахь нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо. Үүнд: ...З.Б- бид хоёр машины суудал булаацалдахад тэрээр намайг толгойгоороо нэг удаа мөргөсөн. Зовхи нойтон оргиод байхаар нь хуруугаа хүргээд үзэхэд цус гарсан байсан гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн хохирогч Э.Гансүхийн мэдүүлэг / хх 23 /,   ...З.Б-, Э.Гансүх хоёр машины зорчигч талын суудал булаацалдаж маргалдахад З.Б- нь Э.Гансүхийн толгой руу нэг удаа толгойгоороо мөргөсөн гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн гэрч Э.Чулуунхүүгийн мэдүүлэг / хх 28-29 /,   ...Э.Гансүхийн биед зүүн дээд зовхинд шарх, зүүн баруун дээд зовхинд цус хуралт, эрүүнд зулгаралт гэмтэл тогтоогдсон нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэсэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 1065 дугаартай дүгнэлт / хх 34-35 /,  ...Э.Гансүхийн үед учирсан “зүүн дээд зовхинд шарх, зүүн баруун дээд зовхинд цус хуралт” гэмтэл нь тус бүр гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн шинжээч эмч О.Нансалмаагийн мэдүүлэг / хх 31 / зэрэг болно.

 

Шүүхээс шүүгдэгч З.Б-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа хохирогчийн эмчилгээний зардалд 500.000 төгрөг төлсөнг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, түүний үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6-д заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч З.Б- нь хөнгөн гэмт хэрэг үйлдсэн бөгөөд эмчилгээний зардлыг нөхөн төлж, өөрийн гэм буруу болон ялыг хүлээн зөвшөөрсөн тул түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, ажил хөдөлмөр эрхэлдэг, хувийн байдлыг харгалзан, прокурорын санал болгосон 450.000 төгрөгөөр торгох ялыг оногдуулах нь зүйтэй гэж үзлээ. 

 

            Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хохирогч Э.Гансүх нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй / хх 59 / гэсэн тул З.Б-ийг төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүйг дурьдаж шийдвэрлэв.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч З.Б- нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Шүүхээс шүүгдэгч З.Б-ийг өмгөөлүүлэх эрхээр нь хангасан боловч өмгөөлөгч аваагүй, шүүх хуралдаанд өөрөө өөрийгөө өмгөөлж оролцох хүсэлтээ бичгээр гаргаж өгсөн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1-д заасан заавал өмгөөлөгчтэй оролцох хуулийн заалтад хамаарахгүй тул түүний хүсэлтийг хүлээн авч, өмгөөлөгч оролцуулалгүй шийдвэрлэсэн болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 2, 3, 4, 5, 36.2, 36,3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ... овогт З.Б-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч З.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 / дөрвөн зуун тавь / нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

           

3. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, З.Б- нь цагдан хоригдсон хоноггүй, төлөх төлбөргүй болохыг дурьдсугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар З.Б- нь шүүхээс тогтоосон торгуулийн ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан 90 хоногийн хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож,  хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. З.Б-өд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, яллагч нар эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногт Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч  З.Б-өд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  С.ОЮУНЧИМЭГ