| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цогийн Оч |
| Хэргийн индекс | 220/2018/0383/Э |
| Дугаар | 512 |
| Огноо | 2018-05-29 |
| Зүйл хэсэг | 27.10.3., |
| Улсын яллагч | Ц.Дагвадорж |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2018 оны 05 сарын 29 өдөр
Дугаар 512
Б.Тт холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Бат-Эрдэнэ даргалж, шүүгч Ж.Эрдэнэчимэг, Ц.Оч нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Ц.Дагвадорж,
яллагдагч Б.Тын өмгөөлөгч Ш.Бадмаараг, Н.Батцэнгэл,
хохирогч Д.Б, Б.С, Г.Н, М.Д нарын өмгөөлөгч Г.Лхагвасүрэн,
нарийн бичгийн дарга Б.Батжаргал нарыг оролцуулан,
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Дашдондов даргалж хийсэн шүүх хуралдааны 2018 оны 4 дүгээр сарын 6-ны өдрийн 644 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Ц.Дагвадоржийн бичсэн 2018 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 9 дугаартай прокурорын эсэргүүцэлд үндэслэн Б.Тт холбогдох 201715000071 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 5 дугаар сарын 7-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Оч илтгэснээр хянан хэлэлцэв.
Боржигон дэгээ овогт Б-н Т, 1970 оны 3 дугаар сарын 03-ны өдөр Баянхонгор аймагт төрсөн, 48 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Баянгол дүүргийн ................... тоотод оршин суух хаягтай, /регистрийн дугаар: ..................../,
- Баянхонгор аймгийн Сум дундын шүүхийн 1995 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 67 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 131 дүгээр зүйлийн 2, 137 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 сар хорих ялаар шийтгүүлж, 1995 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр суллагдсан.
Яллагдагч Б.Т нь 2017 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн 12.40 цагийн үед хот хоорондын асфальтан замд буюу Өвөрхангай аймгийн Өлзийт сумын 1 дүгээр багийн нутаг Зүүн шанаганы ар гэх газар “Лотот” ХХК-ны эзэмшлийн “Киа” загварын 09-90 УБВ улсын дугаартай автобусыг жолоодон явахдаа Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.1-д заасан “Жолооч гүйцэж түрүүлэхийн өмнө дараахь нөхцлүүдийг анхаарч мэдсэн байвал зохино: а/ уг үйлдлийг гүйцэтгэхэд хүрэлцэхүйц хэмжээний зай байгаа эсэх, б/ өөдөөс болон араас яваа тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд саад учруулж болзошгүй эсэх” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас иргэн Д.Бы жолоодож явсан “Ниссан Тийда” загварын 89-48УБА улсын дугаартай тээврийн хэрэгслийг автобусаар мөргөж уг автомашинд сууж явсан 9 настай Б.Дгийн амь насыг хохироож, зорчигч Б.С, Г.Н нарын эрүүл мэндэд хүнд, зорчигч М.Дын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Тээврийн Прокурорын газраас: Б.Тын үйлдлийг Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс: Яллах дүгнэлтэд бичигдсэн хэргийн товч агуулга ойлгомжгүй, утга найруулгын алдаатай бичигдсэн, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Батчулуун, бусад хохирогч нарт мөнгөн дүнгээр ямар хэмжээний хохирол учирсан, төлөгдсөн төлөгдөөгүй хохирлын тооцоо хийгдээгүй, нэхэмжилж байгаа хохирол хэдэн төгрөг байгаа талаарх тооцоог нарийвчлан гаргаж яллах дүгнэлтэд тусгаж ирүүлэх шаардлагатай.
Яллагдагчаар татах тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай 07 тоот прокурорын тогтоол нь анх эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан тогтоолд ямар нэгэн байдлаар нэмэлт, өөрчлөлт оруулаагүй байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.9 дүгээр зүйлд заасантай зөрчилдөж байгаа тул уг 07 тоот прокурорын тогтоол хууль ёсны эсэхэд эргэлзээ төрөхөөр байгаа.
123 тоот шинжээчийн бүрэлдэхүүнтэй дүгнэлтийг гаргасан шинжээч нарын хувьд прокуророос шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт тайлбарласнаар шинжээчийн дүгнэлт гаргах эрх бүхий албан тушаалтнууд мөн эсэх, ямар журмыг үндэслэн томилсон зэргийг тодруулж, холбогдох дүрэм журамд нийцээгүй гэж үзвэл эрх бүхий этгээдүүдээр дахин дүгнэлт гаргуулах зэрэг ажиллагаануудыг мөрдөн шалгах ажиллагаагаар нөхөн гүйцэтгүүлэх шаардлагатай гэх үндэслэлээр Б-н Тт холбогдох 201715000071 дугаартай эрүүгийн хэргийг Тээврийн прокурорын газарт буцааж шийдвэрлэжээ.
Прокурор Ц.Дагвадорж бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Яллах дүгнэлтийн тэмдэглэх хэсэгт нь утга найруулгын алдаа байгаа. Харин тогтоох хэсэг хуульд заасан журмын дагуу бичигдсэн. Хавсралтад хэргийг хянан шийдвэрлэхэд оролцсон хүмүүсийн саналыг бичсэн. Хавсралтад хохирлын тооцоог нийт 21.865.000 төгрөгийг төлсөн байдлаар яллах дүгнэлтийн хавсралтад байвал зохих зүйлийг дурдсан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн 6.4 дэх заалтад зааснаар хүсэлт гаргаж техникийн шинжтэй алдааг засах боломжтой. Шүүхийн шинжилгээний тухай хуульд зааснаар Замын цагдаагийн алба дүгнэлт гаргасан. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй. Бичсэн эсэргүүцлээ дэмжиж анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, урьдчилсан хэлэлцүүлэгт хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү...” гэв.
Яллагдагч Б.Тын өмгөөлөгч Ш.Бадмаараг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан бүх нотлох баримтыг судалж, түүнд дүн шинжилгээ хийх ёстой. Осол гарсан талаар мэтгэлцэх үндэслэл байхгүй. Харин осол хот хоорондын замд гарсан уу, эсхүл замгүй газар гарсан уу. Мөн жолооч Б.Т буруутай юу, Д.Б Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн үү гэдэг талаар прокурор дүгнэлт хийж чадаагүй. Мөн шүүгчийн захирамжид заасан эрүүл мэндийн хохирол, материаллаг хохирол тогтоогдоогүй. Хохирогч Б.С барааны саван, угаалгын нунтаг, парлон, 1 хоногт 20.000 гаруй төгрөгийн идэх юм зэргийг авсан мөнгө болох 21.000.000 гаруй төгрөгийг нэхэмжилсэн. Ийм учраас эрүүл мэндийн болох материаллаг хохирол хэрэгт авагдсанаар тогтоогдоогүй. Иймд анхан шатны шүүх шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэв.
Яллагдагч Б.Тын өмгөөлөгч Н.Батцэнгэл тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Компанийг иргэний хариуцагчаар татах ёстой байсан ч татаагүй. Б.Таар хохирлыг төлүүлсэн нь хууль зүйн үндэслэлгүй. Б.Т нь компанийн жолооч. Тэгэхээр иргэний хариуцагчаар компанийг татах ёстой. Эрх бүхий мэргэжилтнээр дүгнэлт гаргуулсан. Хавтаст хэрэгт 5-6 дүгнэлт гарсан байдаг. Анх хийсэн хэргийн газрын үзлэг нь маш муу хийгдсэн. Хэргийн газрын буруу хийгдсэн үзлэгийн дүгнэлтэд 4-5 шинжээчийн дүгнэлт гаргасныг буруу гэж үзэж байна. Үүнээс харахад Б.Тыг яллагдагчаар татаж байгаа асуудал нь хууль зүйн үндэслэлгүй гэж харагддаг. Замаас гараад зогсож байгаа автобусыг жижиг автомашин нь мөргөсөн байдаг. Гэм буруутай этгээд нь хэн байсныг тогтоох нь зүйтэй. Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэв.
Хохирогч Д.Б, Б.С, Г.Н, М.Д нарын өмгөөлөгч Г.Лхагвасүрэн тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Жолооч Д.Бы биед хөнгөн гэмтэл учирсан. Түүний биед учирсан хөнгөн гэмтлийн тухайд нэхэмжилж байгаа хохирол байхгүй. Хохирогчийн нас барсан хүүхдийн хууль ёсны төлөөлөгчөөр орж байгаагийн хувьд хохирлоо тооцоод нэхэмжилсэн үнийн дүн нь яллах дүгнэлтэд дурдагдаад хор уршгийн хэмжээ нь тогтоогдсон. Замын хөдөлгөөний дүрмийн 8.2, 10.1 дэх заалтыг зөрчсөн эсэхтэй холбоотой асуудлыг Замын хөдөлгөөнийг дүрмийг зөрчсөнтэй холбоотой шинжээчийн дүгнэлт нь хууль хэрэглээний асуудал болж хөндөгдөх байх. Хохирогч нарын хувьд хэрэг болоод 1 жил 3 сар өнгөрч байгаа учраас хэргийг түргэн шийдвэрлүүлэх хүсэлттэй байгаа. Иргэний хариуцагчаар өмгөөлөгч Ш.Бадмаарагийг байцаасан асуудалд эсрэг байр суурьтай байгаа. Б.Тын эрх ашгийг хамгаалж байгаагийн хувьд иргэний хариуцагчаар “Лотот” ХХК-ийг татах ёстой гэж үзэж байгаа. Хэрэгт иргэний хариуцагчаар “Лотот” ХХК-ийг татсан эсэхийг мэдэхгүй байна. Шүүгчийн захирамжийг хэвээр үлдээх, хүчингүй болох эсэх асуудалд өмгөөлөгчийн зүгээс тусгайлан гаргах санал байхгүй...” гэв.
ХЯНАВАЛ:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцэхдээ анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж хэргийг бүхэлд нь хянаж үзлээ.
Яллагдагч Б.Тт холбогдох эрүүгийн хэргийг прокурорт буцаасан Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 6-ны өдрийн 644 дугаар шүүгчийн захирамжид дурдсан үндэслэлүүдээр хэргийг шалгах шаардлагагүй байх боловч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчсөн зөрчлүүдийг арилгуулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэв.
Тээврийн Прокурорын газрын 2018 оны 3 дугаар сарын 9-ний өдрийн 115 дугаартай яллах дүгнэлтэд бичигдсэн хэргийн товч агуулга ойлгомжгүй, утга найруулгын алдаатай бичигдсэн байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлд заасан шаардлагад нийцүүлж яллах дүгнэлтийг дахин үйлдэх шаардлагатай. Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд зам тээврийн ослын улмаас иргэн Д.Бы эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх бөгөөд түүнийг иргэний нэхэмжлэгчээр тогтоож, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулах, энэ талаар прокурорын яллах дүгнэлтэд тусгах шаардлагатай байна.
Мөн гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг хууль ёсоор хариуцвал зохих хуулийн этгээд нь “Лотот” ХХКомпани байтал мөрдөн байцаалтын шатанд Замын цагдаагийн албаны ахлах мөрдөгчийн 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн тогтоолоор эрүүгийн 201715000071 дугаартай хэрэгт өмгөөлөгч Ш.Бадмаарагийг иргэний хариуцагчаар татаж, түүнээс холбогдох тайлбарыг авсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Шүүх, прокурор, мөрдөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль, бусад хуулийн заалтыг чанд сахина” гэснийг ноцтойгоор зөрчсөн байна.
Өөрөөр хэлбэл шүүхээс гэм бурууг тогтоогоогүй байхад яллагдагч Б.Тын өмгөөлүүлэх эрхийг зөрчин, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төлж болзошгүй хуулийн этгээдийн эрх ашгийг хамгаалан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд эсрэг байр суурьнаас оролцож байгаа, ашиг сонирхлын зөрчилтэй этгээдийг яллагдагчийн өмгөөлөгч болон иргэний хариуцагчаар татан оролцуулж байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зорилт зарчимд нийцэхгүй байна.
Иймд яллагдагч Б.Тын хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх эрхийг бүрэн хангах үүднээс энэ хэрэгт иргэний хариуцагчаар татвал зохих этгээдийг зөв тогтоон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулах шаардлагатай.
Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжид заасан үндэслэлээр хэрэгт дахин мөрдөн байцаалтын ажиллагаа явуулах шаардлагагүй байх тул прокурорын бичсэн 2018 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 9 дугаартай эсэргүүцлийг хүлээн авч шүүгчийн захирамжийн үндэслэх хэсгийг бүхэлд нь хүчингүй болгон, харин энэхүү магадлалд заасан үндэслэлээр эрүүгийн хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчлүүдийг засуулах үүднээс Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 6-ны өдрийн 644 дугаар шүүгчийн захирамжийн захирамжлах хэсгийг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.5-т тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Тээврийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2018 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 9 дугаартай эсэргүүцлийг хүлээн авч, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 6-ны өдрийн 644 дугаар шүүгчийн захирамжийн үндэслэх хэсгийг бүхэлд нь хүчингүй болгон, захирамжлах хэсгийг хэвээр үлдээсүгэй.
2. Б.Тт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийн буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ш.БАТ-ЭРДЭНЭ
ШҮҮГЧИД Ж.ЭРДЭНЭЧИМЭГ
Ц. ОЧ