Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2017 оны 10 сарын 11 өдөр

Дугаар 141/ШШ2017/00193

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн ерөнхий шүүгч Ж.Отгонхишиг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэйгээр хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Завхан аймгийн Улиастай сумын Жинст багт оршин суух   овогт А.У-н нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Завхан аймгийн Хөгжимт жүжгийн театрт холбогдох урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгон, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн Д.Б, хариуцагч Завхан аймгийн Хөгжимт жүжгийн театрын дарга Г.С, хариуцагчийн өмгөөлөгч В.Содномцэрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхриймаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэхэмжлэгч А.У нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ:  ...Миний бие А.У нь Завхан аймгийн Хөгжимт жүжгийн театрын жижүүрээр 2016 оны 4 дүгээр сарын 29 ний өдөр ажилд орсон ба 2017 оны 02 дугаар сарын 01 ний өдрийн Б/27 тоот тушаалаар Хөдөлмөрийн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх хэсэгт зааснаар байгуулагын бүтэц орон тоог хасагдсан гэсэн үндэслэлээр намайг ажлаас чөлөөлсөн. Би ажлаас чөлөөлсөн тухай тушаалыг 2017 оны 02 дугаар сарын 08 ны өдөр хүлээн авсан. Дарга Г.С нь байгууллагын жижүүрийн орон тоог хасч оронд нь касс ресепшн 1, манаач 1 гэсэн орон тоог бий болгож, ажиллаж байсан ажилчдаасаа биш гаднаас хүн авч ажиллуулж байгаа. Касс ресепшн болон манаачийн ажлын чиг үүрэг нь жижүүрийн хийдэг байсан ажлын чиг үүрэгтэй адил бөгөөд албан тушаалын нэрийг нь сольсон болохоос хийж гүйцэтгэж байгаа ажлын чиг үүрэг нь яг хэвээрээ байгаа. Касс, ресепшн болон манаачийн албан тушаалд ямар нэгэн тусгай мэдлэг мэргэшил шаардлагагүй, жижүүр хийж байсан хүн ажиллах бүрэн боломжтой гэж үзэж байгаа юм. Ийм учраас хувийн ашиг сонирхлын үүднээс орон тоо хасагдсан гэсэн хууль бус үндэслэлээр ажлаас чөлөөлсөнд гомдолтой байна. Иймд урьд хийж гүйцэтгэж байсан жижүүрийн албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан бүх хугацааны цалин хөлсийг гаргуулж өгнө үү... гэжээ.

Хариуцагч Завхан аймгийн Хөгжимт жүжгийн театрын дарга Г.С нь шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  ...А.У-н гаргасан нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Эвлэрэн хэлэлцэх боломжгүй. Хөгжимт жүжгийн театр нь 2017 онд бүтэц орон тооны өөрчлөлт хийсэн. Бүтэц орон тооны өөрчлөлт хийхдээ аж ахуйн орон тоог цөөлж, уран бүтээлчдийнхээ орон тоог нэмэгдүүлнэ гэсэн саналаар өөрчилсөн. Уг зохицуулалт хийхдээ 4 жижүүр байснаас касс ресепшн байсан зүгээр юм байна гээд манай байгууллага гэлтгүй бүх байгууллагууд угтах үйлчилгээндээ анхаарч иргэддээ ойр ажилладаг болсон. Урлагийн байгууллага үүдээр нь орж ирэхээр харанхуй 4 жижүүр сууж байдаг, тамхи татдаг, хоолны үнэр гардаг гээд байдаг учраас үүнийг өөрчлөх хэрэгтэй гэсэн санал ирсэн учраас би мэргэжлийн хяналтаас байгууллагаас зөвлөгөө авсан. Кассчнаар ажилладаг ажилтан давхар хувцасны эрхлэгч хийдэг байсан учраас тоглолтын үед хувцасны эрхлэгч хувцсаа өлгөмөөр билетээ тасална гээд тэр хооронд билетний мөнгө алдагдах хүндрэл учрах асуудал гардаг байсан Тийм учраас санхүүгийн болон гадаад хэлний мэдлэгтэй хүн авъя гэсэн. Ингээд би байгууллагынхаа засварт анхаарч урсгал засвар хийж дууссан. Сахиулын орон тоон дээр нээлттэй ажлын байр зарлаад жижүүр хийж байсан хүмүүс орж анкетаа өгч болно гэхэд гаднаас хүмүүсээс анкет өгөхөд бид ярилцаад гаднаас хүн авч ажиллуулж байхаар өмнө ажиллаж байсан хүмүүсээс авъя гэсэн. Сахиул гэдэг нь нүүж ирэх боломжтой ам бүл цөөтэй байх нэлээн хариуцлагатай хүн байх ёстой гээд жижүүрүүдээсээ анкет өгснийг сонгон шалгаруулъя гэхэд А.У өөрөө анкетаа өгөөгүй байсан. Удирдлага уран сайхны ажилчид хуралдаад өмнө жижүүр байсан О-н нөхөр Б гэх хүнийг сахиулаар авсан. Гаднаас авч ажиллуулсан гэсэн тайлбар байсан Б нь гаднаас авч ажиллуулсан хүн биш юм. Кассаар ажиллуулахад ямар ч мэдлэг мэргэжил шаардахгүй гээд байгаа тийм юм байхгүй. Байгууллагын хөрөнгийг хариуцаж байна мөн тайлан тооцоо гаргаж байгаа хүн учраас санхүүгийн дээд боловсролтой байх шаардлагатай гэж үзсэн. Тийм учраас нягтлан бодогч мэргэжилтэй хүн авсан. А.У нь би ажлаас халагдах тушаалыг 2017 оны 02 дугаар сарын 08 ны өдөр хүлээж авсан гэсэн тайлбар өгсөн байдаг. Ажлаас чөлөөлөгдсөн тушаалыг 2017 оны 02 дугаар сарын 01 ний өдөр өгье гэж утсаар ярихад А.У нь эхнэр Завхан аймгийн Тосонцэнгэл сум руу ажлаар явсан би хүүхдээ харж байна гэхээр нь гэрт чинь аваачаад өгье гэхэд би шинэ хороонд явж байна өөрөө очоод авъя гэж хэлээд авалгүй 2017 оны 02 дугаар сарын 08 ны өдөр ажлаас чөлөөлөгдсөн тушаалаа авсан. Би уг тушаалыг гаргахдаа эхлээд мэдэгдэх хуудас өгөөд сарын дараа ажлаас нь чөлөөлж тэтгэмжийг нь олгосон гээд хуулиа барьж ажилласан учраас нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байна. Энэ нэхэмжлэлийг нэхэмжлэгч тал гаргаснаас хойш хувийн ашиг сонирхлын үүднээс гэсэн үг яваад байгаа энэ талаар нэхэмжлэгч талд нотлох баримт байгаа юу гэж асуумаар байна. Иймд А.У-г Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх хэсэгт зааснаар орон тоо хасагдсан гэсэн үндэслэлээр ажлаас чөлөөлсөн тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэв.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Хариуцагчийн тайлбарыг сонслоо эвлэрэн хэлэлцэх боломжгүй гэсэн. Өнөөдрийн шүүх хуралдаанд Хөдөлмөрийн тухай хуулийн 41.1 дэх хэсэгт зааснаар орон тоо хасагдсан гэдэг үндэслэлээр ярих хэрэгтэй байх. Тушаал авсан он сар дээр нэхэмжлэгч талаас маргаагүй. Манай зүгээс ажлаас үндэслэлгүй чөлөөлөгдсөн тушаал дээр маргаж байгаа. Хувийн ашиг сонирхол гэсэн үг яваад байна гэсэн энэ дээр тайлбар хийхэд үнэхээр байгууллагаа бодож байгаа юм уу? Ажилчнаа бодож байгаа юм уу? ажилтныг ажлаас чөлөөлөхөд цаана нь бүхэл бүтэн амьдрал явагдаж байгаа гэдгийг ойлгох хэрэгтэй. 3 жижүүрийн нэг нь тэтгэвэртээ гараад 2 жижүүр байхад нэг эмэгтэй жижүүрийгээ яагаад кассаар авч ажиллуулж болоогүй юм. Үлдсэн нэг жижүүрээ сахиулын орон тоонд авч ажиллуулах боломжтой байхад яагаад Б гэх хүнийг авч ажиллуулсан. Би энэ Б гэх хүнийг өмнө ажиллаж байсан гэдгийг мэдэхгүй байна. Та нар олон жил ажиллаагүй гэдгээр нь өөр хүн авч ажиллуулсаныг нь хувийн ашиг сонирхол гэж ярьсан. Хөдөлмөрийн тухайн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1 зааснаар бүтэц орон тоо хасагдсан гээд байгаа Хөдөлмөрийн тухай хуулийг тайлбарласан дээд шүүхийн тогтоол байгаа. Энэ дээр хөдөлмөрийн хуулийн зарим зүйл заалтыг тайлбарлахдаа орон тоо хасагдсан гэдэг нь хуульд тодорхой албан тушаал, ажлын байр байхгүй болохыг ойлгоно гэсэн байгаа. Тэгэхэд Хөгжимт жүжгийн театр жижүүр гэдэг орон тоо 2017 оны Г.С даргын бүтэц орон тоо өөрчлөхөд жижүүрийн орон тоог байхгүй гээд байгаа боловч жижүүрийн хийж гүйцэтгэж байсан ажлын чиг үүрэг манаач сахиултай адил байгаа учраас орон тоо хасагдсан гэж үзэх юм уу. Хавтаст хэрэгт авагдсан байгаа сахиулын ажлын байрны тодорхойлолтын зорилго зорилт нь байгуулгын эд хөрөнгө байшин барилга эргэн тойронд аюулгүй бүрэн байдлыг харж хамгаалах гэсэн ажлын чиг үүрэг байгаа. Жижүүрийн ажлын байрын чиг үүрэг сахиулын хийж байгаа чиг үүргийг мөн хэрэгжүүлж ажиллаж байсан байгаа юм. Кассаар байгууллагын мөнгөн орлого төлбөр тооцоо хариуцах гэсэн ажлын цагийг бүртгэдэг байгууллагын аюулгүй харилцааны дүрэм дагаж ажиллах энэ ажлууд нь бүгдийг жижүүр хийж байсан учраас уг орон тоог хасагдсан гэж үзэхгүй байгаа юм... гэв.

Хариуцагчийн өмгөөлөгч В.Содномцэрэн нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Нэхэмжлэгч тал 2017 оны 3 дугаар сарын 06 ны өдөр Завхан аймгийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан байгаа. Уг нэхэмжлэлдээ хариуцагчаар Г.С-г татаж нэхэмжлэл гаргасан. Шүүх нэхэмжлэлийг хүлээн авсан. Тухайн нэхэмжлэлийг байгууллагад хандаж гаргах ёстой байтал хувь хүнд холбогдуулж гаргасан байгаа нь ИХШХШТ хуулийн 62 дугаар зүйл 65 дугаар зүйлүүдийг зөрчсөн байна гэж үзэж байна. Г.С хариуцагч биш байхад шүүх уг иргэний хэргийг үүсгэсэн. Шүүх ИХШХШТх-ийн 62 дугаар зүйл заасан нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангасан нэхэмжлэлийг хүлээн авах ёстой байхад шүүх уг нэхэмжлэлийг хүлээн авсан нь хууль зүйн үндэслэлгүй байна гэж үзэж байна. Би нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаан дээр асуусан Та хэнээс хэдэн төгрөг нэхэмжилж байгаа вэ? гэж асуухад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 3828552 төгрөг нэхэмжилж байгаа гэсэн харин хариуцагчийн хэн Хөгжимт жүжгийн театр юм уу? Г.С гэдгийг хэлэлгүй явсан эргэлзээтэй байдал байгаа учраас нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгөөч гэж хүсэж байна... гэв.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч А.У нь Завхан аймгийн Хөгжимт жүжгийн театрт холбогдуулан урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

Нэхэмжлэгч Д.Н нь Завхан аймгийн Хөгжимт жүжгийн жижүүрээр ажиллаж байсан болох нь Завхан аймгийн Хөгжимт жүжгийн театрын даргын 2016 оны 11 дүгээр сарын 02 ны өдрийн Б/96 дугаар тушаал, хөдөлмөрийн гэрээ, нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар болон зохигчийн тайлбар зэргээр нотлогдож байна.

Хариуцагч Завхан аймгийн Хөгжимт жүжгийн театрын дарга Г.С нь 2017 оны 02 дугаар сарын 01 ний өдрийн Б/27 тоот Хөдөлмөрийн гэрээг цуцалж, тэтгэмж олгох тухай тушаалдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 42.1, 43.1 дэх хэсэг, Байгууллагын дотоод журмын 2 дугаар зүйлийн 2.1.3, Удирдлагын зөвлөлийн 2016 оны 12 дугаар сарын 30 ны өдөр, 2017 оны 01 дүгээр сарын 31 ний өдрийн хурлын тэмдэглэлүүдийг тус тус удирдлага болгон нэхэмжлэгч А.У тус театрын жижүүрийн үүрэгт ажлаас чөлөөлсөн байна.

Иргэний хуулийн 72 дугаар зүйлийн 72.1 дэх хэсэгт хугацааг тоолохдоо тогтоосон он, сар, өдрөөс, эсхүл уул хугацаа улиран өнгөрсөн буюу үйл явдал болж өнгөрсний дараах өдөр, цагаас эхлэн тоолно гэж заасан байх тул нэхэмжлэгч А.У нь ажлаас чөлөөлсөн 2017 оны 02 дугаар сарын 01 ний өдрийн Б/17 тоот тушаалыг 2017 оны 02 дугаар сарын 08 ны өдөр гардаж авсан болох нь зохигчийн тайлбараар тогтоогдож байх бөгөөд нэхэмжлэгч нь 2017 оны 03 дугаар сарын 06 ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт заасан хугацааг хэтрүүлээгүй байна гэж үзлээ.

Завхан аймгийн Хөгжимт жүжгийн театрын дарга Г.С нь 2017 оны 02 дугаар сарын 01 ний өдрийн Б/17, Б/22 тоот Хөдөлмөрийн гэрээг цуцалж, тэтгэмж олгох тухай тушаалууддаа Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх хэсгийг үндэслэсэн байх бөгөөд үүнийгээ хариуцагч, түүний өмгөөлөгч нар нь ...Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх хэсэгт заасан орон тоог цөөрүүлсэн гэсэн үндэслэлээр бус орон тоо хасагдсан гэсэн үндэслэлээр А.У-г тус театрын жижүүрийн албан тушаалаас чөлөөлсөн... гэж тайлбарлаж байгаа боловч Завхан аймгийн Хөгжимт жүжгийн театрын бүтцээс жижүүрийн орон тоо хасагдсан болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдохгүй байна гэж үзлээ.

Өөрөөр хэлбэл Завхан аймгийн Хөгжимт жүжгийн театрын даргын 2016 оны 01 дүгээр сарын 04 ний өдрийн Бүтэц шинэчлэн батлах тухай А/01 тоот тушаалд 2016 онд удирдлагын зөвлөл, уран сайхны зөвлөл, уран бүтээлийн 4 анги, захиргаа аж ахуй, үйлдвэр үйлчилгээний анги гэсэн ерөнхий бүтэцтэй нийт 60 орон тоотой ажиллахаар баталсан байх бөгөөд тушаалын хавсралтад жижүүрийн орон тоог 4 гэж тэмдэглэсэнээс үзэхэд тус байгууллагын бүтэц орон тооноос жижүүрийн орон тоо үгүй болоогүй буюу хасагдаагүй болох нь нотлогдож байна гэж үзлээ.

Түүнчлэн Завхан аймгийн Хөгжимт жүжгийн театрын даргын 2017 оны бүтэц шинэчлэн батлах тухай А/02 тоот тушаал нь 2017 оны 02 дугаар сарын 03 ны өдөр гарсан байхад жижүүрийн орон тоог хассан гэсэн үндэслэлээр тус албан тушаалд ажиллаж байсан А.У-г 2017 оны 02 дугаар сарын 01 ний өдөр ажлаас чөлөөлсөн нь хууль зүйн үндэслэлгүй байх бөгөөд 2017 оны 02 дугаар сарын 01 ний өдөр тус байгууллага нь 2016 онд батлагдсан бүтцээр ажиллаж байсан байна.

Завхан аймгийн Хөгжимт жүжгийн театрын дарга нь Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.3 дахь хэсэгт Батлагдсан цалингийн сан, орон тооны хязгаарт багтаан төсвийн байгууллагын орон тоо, ажиллагчдын цалин хөлсийг тогтоох гэж заасны дагуу төсвийн шууд захирагчийнхаа бүрэн эрхийн хүрээнд батлагдсан цалингийн сан, орон тооны хязгаарт багтаан 2016, 2017 онуудад бүтэц шинэчлэн батлах тухай тушаалыг гаргаж байгаа болохоос бус тус байгууллагын батлагдсан цалингийн сан, орон тооноос архив, бичиг хэргийн эрхлэгч, уран бүтээлийн фондын ажилтны албан тушаалыг хассан талаарх эрх бүхий байгууллага ба албан тушаалтны шийдвэр гаргасан талаарх нотлох баримт хэрэгт авагдаагүй байна.

Тиймээс Завхан аймгийн Хөгжимт жүжгийн театрын жижүүрийн орон тоо хасагдсан гэсэн үндэслэлээр буюу Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх хэсэгт заасан ...орон тоо хасагдсан... гэсэн үндэслэлээр А.У-г ажлаас чөлөөлсөн нь хууль зүйн үндэслэлгүй байх тул нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

Иймд нэхэмжлэгч А.У-г Завхан аймгийн Хөгжимт жүжгийн театрын жижүүрийн ажилд эгүүлэн тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт Энэ хуулийн 36.1.2 т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговоролгоно гэж заасны дагуу нэхэмжлэгчид ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг олгох нь зүйтэй байна.

Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 тоот тушаалаар батлагдсан Дундаж цалин хөлс тодорхойлох журам ын 7 д ажилтны дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо тухайн ажилтны сүүлийн 3 сарын дундаж цалингаас тооцох оор заасан байна.

Нэхэмжлэгч А.У-н ажилгүй байсан хугацааг 2017 оны 02 дугаар сарын 01 ний өдрөөс шүүхийн шийдвэр гарах өдөр буюу 2017 оны 10 дүгээр сарын 11 ний өдрийг хүртэл ажлын нийт ..... өдрөөр тооцож олговорт .............. төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн 4 дүгээр зүйл, Хөдөлмөрийн тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.1 дэх хэсэгт тус тус зааснаар ...Цагаан сар: билгийн тооллын хаврын тэргүүн сарын шинийн 1, 2, 3, Олон улсын эмэгтэйчүүдийн өдөр: гуравдугаар сарын 8, Хүүхдийн баяр: зургадугаар сарын 1, Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын ойн баяр: долдугаар сарын 11, 12, 13, 14, 15, мөн Сонгуулийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5 дахь хэсэгт Ээлжит сонгуулийн санал авах өдөр бүх нийтээр амарна гэж заасны дагуу Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн санал авах өдөр болох 2017 оны 06 дугаар сарын 26 ны өдөр, 2017 оны 07 дугаар сарын 07 ны өдрүүдийг бүх нийтээр амрахаар заасан байх тул нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааг тооцохдоо эдгээр амралтын өдрүүдийг хасаж тооцсон болно.

Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дахь хэсэгт зааснаар дээрх хугацааны олговроос зохих журмын дагуу нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хураамж, мөн Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.1 дэх хэсэгт ажил олгогчтой байгуулсан хөдөлмөрийн гэрээнд заасны дагуу авч байгаа үндсэн цалин, нэмэгдэл хөлс, нэмэгдэл, шагнал, урамшуулал, амралтын олговор, тэтгэвэр, тэтгэмж, тэдгээртэй адилтгах бусад орлого, мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.2 дахь хэсэгт энэ хуулийн 11.1.1 д заасан албан татварыг сар бүрийн эцэст ногдуулж, мөн хуулийн 24.1 д заасан хөнгөлөлтийг хасч, холбогдох төсөвт шилжүүлэх гэж заасны дагуу хувь хүний орлогын албан татварыг тус тус тооцон нэхэмжлэгч А.У-ннийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагч Завхан аймгийн Хөгжимт жүжгийн театрт даалгах нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч А.У-н шүүхэд гаргасан нэхэмжлэл нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар ажилгүй байсан хугацааны олговорт ногдох улсын тэмдэгтийн хураамж ......... төгрөгийг хариуцагч Завхан аймгийн Хөгжимт жүжгийн театраас гаргуулан улсын орлогод оруулах нь зүйтэй байна.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Б овогт А.У-г Завхан аймгийн Хөгжимт жүжгийн театрын жижүүрийн ажилд эгүүлэн тогтоосугай.

2. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан А.У-н ажилгүй байсан хугацаанд урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор ............. төгрөгийг Завхан аймгийн Хөгжимт жүжгийн театраас гаргуулан олгосугай.

3. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дахь хэсэг, Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.2 дахь хэсэгт тус тус зааснаар А.У-н ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор болох нийт .................. төгрөгөөс түүний нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хувь хүний орлогын албан татварыг зохих журмын дагуу тооцон суутгаж, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг Завхан аймгийн Хөгжимт жүжгийн театрт даалгасугай.

4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Завхан аймгийн Хөгжимт жүжгийн театраас улсын тэмдэгтийн хураамж ........................ төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Ж.ОТГОНХИШИГ