Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2017 оны 03 сарын 27 өдөр

Дугаар 141/ШШ2017/00064

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Уртнасан даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Завхан аймгийн Асгат сумын Суварга баг хаягаар оршин суудаг Ц овогт Г.П-н нэхэмжлэлтэй, Завхан аймгийн Асгат сумын Засаг даргын тамгын газарт холбогдох Ажилгүй байсан хугацааны олговорт 537.730 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Баттулга оролцов.

Нэхэмжлэгч Г.П, хариуцагч Завхан аймгийн Асгат сумын Засаг даргын тамгын газрын дарга М.Д нарт 2017 оны 3 дугаар сарын 22-ны өдөр шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хариуцагчийн төлөөлөгч М.Д нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралд ирээгүй байна.

Харин нэхэмжлэгч Г.П-с 2017 оны 3 дугаар сарын 27-ны өдөр тус шүүхэд ...2017 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн шүүх хуралдаанд очиж оролцох боломжгүй болсон тул шүүх хуралдааныг 7 хоногийн хугацаагаар хойшлуулж өгнө үү гэсэн хүсэлтийг ирүүлсэн боловч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хүрэлцэн ирж чадахгүй байгаа талаараа нотлох баримт ирүүлээгүй учир шүүхэд ирээгүй шалтгаан нь хүндэтгэн үзэх шалтгаангүй гэж үзэхээр байна.

Зохигч талын аль аль нь шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй учир шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.5 дахь хэсэгт зааснаар зохигч талын эзгүйд хэргийг шийдвэрлэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Г.П нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Асгат сумын Соёлын төвийн эрхлэгчийн ажлаас 2014 оны 01 сарын 08-ны өдөр халагдсан. Ажлаас халагдсаны нөхөн олговор 537730 төгрөгийн Засаг даргын тамгын газраас гаргуулж өгнө үү гэжээ.

Харин хариуцагч Завхан аймгийн Асгат сумын Засаг даргын тамгын газрын дарга М.Д нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Миний бие Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн 2014 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 21 тоот шийдвэрийн талаар энэхүү тайлбарыг өгч байна. Танай дээрх шүүхийн шийдвэрт дурдахдаа: Нэхэмжлэгч Г.П 1532861 төгрөгийг олгохоос нэхэмжлэгчид ажилгүйдлийн тэтгэмж 537730 төгрөгийг хасч олгохоор шүүхийн шийдвэр гарч манай байгууллага Г.П-д 995371 төгрөгийг олгосон болох нь санхүүгийн баримтаар харагдаж байна. Нэгэнт шүүх хуралдаанаар шүүн хэлэлцэж цагаан цаасан дээр хараар буулгаж шүүгчийн гарын үсгээр баталгаажсан тул шийдвэрийг албан ёсны гэж үзэж байна. Завхан аймгийн Асгат сумын ЗДТГ нь танай шүүхийн шийдвэрийн дагуу тогтоолд заасан шийдвэрийг бүрэн биелүүлж нэхэмжлэгчийн мөнгийг бүрэн олгосон гэж үзэж байна. Нэхэмжлэгч Г.П-н гаргасан нэхэмжлэлийг үндэслэлгүй гэж үзэж байна. Иймд танай шүүхийн байгууллага Монгол улсын хуулийн хүрээнд үйл ажиллагаа явуулж, цагаан цаасан дээр хараар бичсэнийг шаардах эрхтэй, бид биелүүлэх үүрэгтэй гэж ойлгож байна. Тогтоол шийдвэрээ зөв хуулийн дагуу гаргаж, хувь хүн, иргэн албан байгууллагын нэр хүндэд халдахгүй байхыг хичээнгүйлэн хүсье. Танай шийдвэрийн талаарх гомдлоо дээд шатны байгууллагад тань гаргах болно гэжээ.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг болон зохигчдын тайлбарыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Сум дундын 13 дугаар шүүхийн 2014 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн иргэний хэргийн шүүх хуралдаанаар Завхан аймгийн Асгат сумын Суварга баг хаягаар оршин суудаг Ц овогт Г.П-н нэхэмжлэлтэй, Завхан аймгийн Асгат сумын Засаг даргад холбогдох Ажилд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий хэргийг хянан хэлэлцэж, 21 дугаартай шүүхийн шийдвэрээр Г.П-г Завхан аймгийн Асгат сумын Соёлын төвийн эрхлэгчийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны олговор 995.131 төгрөгийг Завхан аймгийн Асгат сумын Засаг даргын тамгын газраас гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэжээ.

Уг шийдвэр нь 2014 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр хүчин төгөлдөр болсон байна.

Шийдвэрийн үндэслэх хэсэгт ...Нэхэмжлэгчийг ажилгүй байсан хугацаа буюу 2014 оны 01 дүгээр сарын 08-ны өдрөөс 2014 оны 3 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл хугацаанд урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор 1.532.861 төгрөгийг нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж үзлээ. Гэвч нэхэмжлэгч Г.П нь нийгмийн даатгалын сангаас ажилгүйдлийн тэтгэмж 537.730 төгрөг авсан болох нь нэхэмжлэгчийн тайлбар, төрийн банкны мөнгөн шилжүүлгийн баримтуудаар тогтоогдож байх тул түүнд олгох урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор 1.532.861 төгрөгөөс хасч тооцон 995.131 төгрөгийг Асгат сумын Засаг даргын тамгын газраас гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж үзлээ гэснээс үзвэл шүүх Г.П-н ажилгүй байсан хугацааны олговорт 537.730 төгрөгийг олгохоор шийдвэрлэсэн боловч энэ нь шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт тусгагдаагүй байна.

Иймд Г.П-н ажилгүй байсан хугацааны олговорт олгох 1.532.861 төгрөгөөс 2014 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 21 дугаартай шүүхийн шийдвэрээр олгогдсон 995.131 төгрөгийг хасаад, олгогдоогүй 537.730 төгрөгийг Завхан аймгийн Асгат сумын Засаг даргын тамгын газраас гаргуулан нэхэмжлэгч Г.П-д олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар шүүхээс эрх зүйн маргааныг шийдвэрлэхтэй холбогдсон үйлчилгээ үзүүлсний төлөө зохигчоос төлж байгаа мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэх бөгөөд улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан нэхэмжлэгчээр төлүүлж, нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчаар төлүүлдэг.

Нэхэмжлэгч Г.П нь шүүхэд нэхэмжлэл гаргахдаа 16.782 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамжийг төлсөн бөгөөд шүүхээс түүний нэхэмжлэлийг бүрэн хангаж шийдвэрлэж байгаа тул дээрх 16.782 төгрөгийг хариуцагч Завхан аймгийн Асгат сумын Засаг даргын тамгын газраас гаргуулан нэхэмжлэгч Г.П-д олгох нь зүйтэй байна.

Монгол Улсын Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.    Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар

хариуцагч Завхан аймгийн Асгат сумын Засаг даргын тамгын газраас 537.730 /таван зуун гучин долоон мянга долоон зуун гуч/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ц овогт Г.П-д олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Завхан аймгийн Асгат сумын Засаг даргын тамгын газраас 16.782 /арван зургаан мянга долоон зуун наян хоёр/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г.П-д олгосугай.

4. Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

5. Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн өмгөөлөгч, төлөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.УРТНАСАН