| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гомбо-Очирын Намуунтуяа |
| Хэргийн индекс | 168/2021/0145/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/141 |
| Огноо | 2021-04-29 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | С.Ариунаа |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 04 сарын 29 өдөр
Дугаар 2021/ШЦТ/141
2021 04 29 2021/ШЦТ/141
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Намуунтуяа даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.*******
Улсын яллагч С.Ариунаа
Шүүгдэгч Т нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн .................... овогт Тд холбогдох эрүүгийн 2121000000145 дугаартай хэргийг 2021 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1990 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, кранист мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Дорнод аймгийн .............................тоотод оршин суух, гавьяа шагнал, ял шийтгэлгүй, ................. овогт Т /РД: .................../
Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Т нь 2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн орчим Дорнод аймгийн ........................ тоотод орших гэртээ эхнэр Ю.Х-г “гадуур хонолоо” гэх шалтгаанаар нүүрэн тус газарт нь нэг удаа цохиж зодсон,
Мөн согтуугаар 2021 оны 03 дугаар сарын 30-ны өдөр шөнийн 23 цагийн орчимд болон 2021 оны 03 дугаар сарын 30-наас 2021 оны 03 дугаар сарын 31-нд шилжих шөнийн 03 цагийн орчимд тус тус Дорнод аймгийн ..............................тоотод орших гэртээ эхнэр Ю.Х-г нүүрэн тус газарт нь алгадах, толгой руу нь цохих, үснээс нь зулгаах, хөл рүү нь өшиглөх зэргээр гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож эрүүл мэндэд нь дагз, зүүн нүд, дух, хамрын нурууны зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах, хөнгөрүүлэх нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Т шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Гэм буруугаа ойлгосон. Өмнө өгсөн мэдүүлэг үнэн зөв тул нэмж хэлэх зүйл байхгүй...” гэв.
Хохирогч Ю.Х-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 03 дугаар сарын 30-ны өдөр ажлаа тараад орой 17 цагийн үед гэртээ ирэхэд манай нөхөр Т гэртээ байхгүй байсан. Тэгээд утас руу нь залгахад “зах дээр үсээ засуулж байна, хүргэн ******* төрсөн өдөр болж байгаа, цуг явж пиво ууна” гэхээр нь би “архи уухгүй шүү” гэхэд утсаа салгасан... тэгээд манай нөхөр орой 23 цагийн үед нилээн согтуу орж ирсэн. Гэртээ орж ирэхдээ хаалгаа хаахгүй надад хандаж “танай орцны хүмүүс чинь элдэв үгээр ярьж байна” гээд байхаар нь би “ямар хүн юу яриад байгаа юм бэ” гэсэн чинь “чи миний данснаас мөнгө авсан байна” гээд хэрүүл хийгээд байсан. Тэгэхээр нь би “чи ядаж хаалгаа хаачих” гэхэд намайг шууд алгадаад авсан. Би “чи яахаараа намайг ингэж зодож цохидог юм бэ” гээд уурлахад миний нуур рүү гараараа цохисон. Миний хамраас цус гараад угаалгын өрөөнд угааж байхад Т араас орж ирээд “чи миний өмнө сөгдөж амьдрах ёстой, миний өмнө сөгд” гээд байсан бөгөөд “би яахаараа чиний өмнө сөгддөг юм бэ” гэсэн чинь миний үснээс зулгаагаад 00-н өрөөнөөс чирсэн. Тг гаднах хаалгаа хаах гэж байхад нь би гаргах гээд дийлэхгүй өөрөө орцондоо гараад туслаарай гээд хашгирсан чинь манай нөхөр гэрээсээ гарч ирээд миний үснээс зулгаагаад гэрт чирээд оруулсан... би аав ******* руу залгасан чинь нөхөр маань миний утсыг эвдэнэ гээд байхаар нь би буйдан тойроод зугтаасан. Аав манай гэрийн суурин утас руу залгахаар нь би аавд хандаж “цагдаа дуудаарай, Т намайг зодоод байна” гээд хашгирсан. Тэгээд Т гэрээс гараад явсан... шөнө 03 цагийн үед унтаж байхад гэрийн хаалга тогшоод байхаар нь би хаалга тавьж өгөөгүй. Манайх 2 давхарт учир балкон руу авирч байгаа нь сонсогдсон бөгөөд би 2 хүүхдээ аваад жижиг өрөөнд орж нуугдахдаа цагдаад дуудлага өгсөн... Т цонх хагалж орж ирээд “хаалга тавьсангүй” гээд миний толгой руу 3-4 удаа гараараа цохисон. Мөн зүүн хөлний гуя руу өшиглөсөн. Тэгээд хоол хийсэнгүй, хүүхдүүддээ хоол хийж өгсөнгүй гээд хэрүүл хийж байхад гаднаас хоёр цагдаа орж ирээд манай нөхрийг аваад явсан. 2021 оны 01 дүгээр сарын 20-ны үед Т архи уучихаад гэртээ ирэхгүй байхаар нь би нөхрийгөө хашраах гээд адилхан гадуур хоносон. Тэгээд гэртээ ирэхэд Т намайг “гадуур хонолоо” гээд миний нүүр рүү 1 удаа цохисон. Энэ талаар ойр дотны хүмүүс болон, аав, ээждээ хэлээгүй өнгөрсөн. Манай нөхөр архи уухаараа гэртээ ирэхгүй тэр чигээрээ алга болчихдог юм... Т миний биед халдсан болохоор гомдолтой байна. Хуулийн дагуу арга хэмжээ авч өгнө үү...” гэх мэдүүлэг /хх-ийн 12-13, 16/
Гэрч Ц.Ю-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 03 дугаар сарын 30-ны орой 23 цагийн орчимд гэртээ амарч байхад манай охин Х над руу залгаад надтай ярихгүй хоорондоо маргалдаад байх шиг байсан. Тэгээд охин маань “аав Т намайг зодоод байна” гээд бахирсан. Тэгэхээр нь би эхнэрийн хамт охин Х-ийн гэрт очиход хүргэн Т байхгүй байсан. Охин маань уйлчихсан хамраас нь цус гарчихсан, үснээс нь зулгаасан байдалтай үс нь унаад байж байсан. Бид хоёр нилээн хамт байж байхад охин маань бид хоёрыг явж амар гээд харьсан. Тэгсэн чинь шөнө 03 цагийн орчимд тагтаар дамжин гэртээ ороод охиныг маань зодсон байсан. Хүргэн Т сүүлийн үед архи уух нь ихсээд байгаа. Охины маань биед халдсан учир хуулийн дагуу арга хэмжээ авч өгнө үү...” гэх мэдүүлэг /хх-ийн 18/
Шүүгдэгч Тгийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...2021 оны 03 дугаар сарын 30-ны өдөр ... Б-ий хамт архи, пиво уугаад 23 цагийн үед гэртээ ирэхэд манай эхнэр “архи уулаа” гээд хэрүүл хийгээд байхаар нь нэг удаа алгадсан. Согтуу байсан болохоор ухаан санаа орж гараад байсан. Нэг сэрэхэд 19-р байранд байдаг найзынхаа орцонд унтчихсан байсан. Тэгээд гэртээ ирэхэд манай эхнэр Хулан хаалгаа тавьж өгөхгүй байхаар нь би тагт руу гарч цонхоо хагалж гэрт ороод “хаалгаа тавьсангүй” гээд эхнэр Хуланг зодсон нь үнэн. Миний буруу дахин ийм үйлдэл гаргахгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 20/
Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 195 тоот дүгнэлтэд:
1. Ю.Х-ийн биед дагз, зүүн нүд, дух, хамрын нурууны зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
2. Тогтоогдсон гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна.
3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар тогтоогдсон гэмтлүүд нь бүрдэл байдлаараа эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэжээ. /хх-ийн 28-29/
Гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 07/
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 47/
Аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл /хх-ийн 48-50/ болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн бусад нотлох баримтууд болно.
Шүүгдэгч Т нь “Шүүх хуралдаанд өмгөөлөгч авахгүй, өөрөө өөрийгөө өмгөөлж оролцоно” гэсэн хүсэлт гаргасан тул Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар түүнийг шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцуулсан болно.
Шүүгдэгч ................ овогт Т нь согтуугаар 2021 оны 01 дүгээр сарын 20-ны орчим Дорнод аймгийн ******* сумын 9 дүгээр баг 6 дугаар байрны 45 тоотод орших гэртээ эхнэр Ю.Х-г “гадуур хонолоо” гэх шалтгаанаар нүүрэн тус газарт нь нэг удаа цохиж зодсон, мөн согтуугаар 2021 оны 03 дугаар сарын 30-ны өдөр шөнийн 23 цагийн орчимд болон 2021 оны 03 дугаар сарын 30-наас 31-нд шилжих шөнийн 03 цагийн орчимд тус тус Дорнод аймгийн ******* сумын 9 дүгээр баг 6 дугаар байрны 45 тоотод орших гэртээ эхнэр Ю.Х-г нүүрэн тус газарт нь алгадах, толгой руу нь цохих, үснээс нь зулгаах, хөл рүү нь өшиглөх зэргээр гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож эрүүл мэндэд нь дагз, зүүн нүд, дух, хамрын нурууны зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагаанд үйлдсэн хэргээ хүлээсэн мэдүүлэг, шүүгдэгчийн мэдүүлгийг давхар нотолсон мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн хохирогч Ю.Х, гэрч Ц.Ю нарын мэдүүлэг, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 195 тоот дүгнэлт болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Т нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлан гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүний эрүүл мэндэд хохирол учрахыг мэдсээр байж зориуд хохирол, хор уршигт хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэргийн шинжийг бүрэн хангажээ.
Шүүгдэгч Т-гийн үйлдлийн улмаас хохирогч Ю.Х-ийн биед дагз, зүүн нүд, дух, хамрын нурууны зөөлөн эдийн няцрал буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учирсан болох нь Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 195 тоот дүгнэлтээр тогтоогдож байх бөгөөд дээрх шинжээчийн дүгнэлт нь хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан, шинжилгээ хийх эрх бүхий этгээд уг шинжилгээг гаргасан учир Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нотлох баримтаар үнэлэв.
Эрүүгийн хуулиар хамгаалагдсан нэг харилцаа буюу хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд халдаж хохирол учруулсан нэг үйлдлийг тухайн харилцааны доторх өөр зүйл, хэсгээр давхар зүйлчилж эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь Эрүүгийн хуулийн 1.3 дугаар зүйлд заасан нэг гэмт хэрэгт нэг удаа ял оногдуулна гэсэн шудрага ёсны зарчимд нийцэхгүй тул нэг үйлдлийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж бусдын биед гэмтэл учруулсан, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэмт хэрэг гэж салгаж зүйлчлэх боломжгүй бөгөөд шүүгдэгч Тд холбогдох хэргийн талаар мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, Дорнод аймгийн Прокурорын газрын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.
Иймд шүүгдэгч Тг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Тд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 болон 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ... прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасан ба шүүх хуралдаанд улсын яллагч нь шүүгдэгчид 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасан. Шүүгдэгч Тгийн гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон бөгөөд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээж, прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн зэргийг нь харгалзан шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэх нь гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцнэ гэж дүгнэлээ.
Гэмт хэргийн улмаас хохирогч Ю.Х-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх бөгөөд шүүхийн мэдэгдэх хуудсанд хохирогч нь “гомдол, саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхээр шийдвэрлэлээ.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ................ овогт Т-г Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Тг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т нь шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн .................... регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.
5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Тд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.НАМУУНТУЯА