Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 03 сарын 31 өдөр

Дугаар 2021/ШЦТ/231

 

 

 

 

 

 

 

   2021       03           31                                     2021/ШЦТ/231

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Оюунчимэг даргалж,

            нарийн бичгийн дарга А.Цэрэндулам,

            улсын яллагч Д.Даваадорж,

            шүүгдэгч С.О- нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

 

            Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ... овогт С.О-д холбогдох эрүүгийн 2109000000120 дугаартай хэргийг шүүн хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1981 оны 08 дугаар сарын 22-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 40 настай, эмэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн ... тоотод оршин суух бүртгэлтэй, одоо оршин суух тодорхой хаяггүй, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 215 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлж, уг ялаа биелүүлсэн / хх 89 /, 5 сартай жирэмсэн, хөдөлмөрийн чадвараа 59 хувиар алдсан, ухаан бүрэн / РД: ... / ... овогт С.О- нь:

 

- 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо, Ар хустай дэд станцын ... тоотод хохирогч Б.Баатарцогттой маргалдаж түүнийг зодож, биед  нь баруун зүүн нүдний доод зовхи, зүүн сарвуунд цус хуралт, духанд зулгаралт бүхий эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлгээр хэрэгт авагдсан дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл / хх 13 /

 

            Хохирогч Б.Баатарцогт мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ...2020 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 04 цагийн орчимд хамтран амьдрагч С.О- манай гэрт ирсэн. Гэтэл С.О- “Гэрээс гарч архи уулаа” гэхээр нь би “Ганц өдөр гэртээ байгаач. Архи чиний амьдрал юм уу” гэхэд аяга шаазан гадагш шидээд савтай элсэн чихэр над руу шидсэн. Мөн зурагтны удирдлагаар миний духны баруун хэсэгт нэг удаа цохьсон. Зүүн гарын сарвуу руу шаазан аягаар цохьсон. Мөн галын хайч аваад миний баруун нүдний доод талд цохиход духны баруун хэсэг хавдаж, баруун нүдний доод тал хөхөрч шалбарсан гэжээ. / хх 19-21 /

 

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 291 дугаартай дүгнэлтэд:

1. Б.Баатарцогтын биед баруун зүүн нүдний доод зовхи, зүүн сарвуунд цус хуралт, духанд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй гэжээ. / хх 31-32 /

 

Яллагдагч С.О- мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ...Б.Баатарцогт миний утсыг дугарахад намайг хардаад “Хэнтэй яриад байгаа юм. Нөгөө хэдэн архичидтайгаа яриад байна уу” гээд цохихоор нь би зөрүүлээд зурагтны удирдлагаар цохьсон. Би Б.Баатарцогтын биед гэмтэл учруулсан үйлдлээ хүлээн зөвшөөрч байна гэжээ. / хх 6-8 /

 

С.О-гийн хөдөлмөрийн чадвар алдалтыг 59 хувиар тогтоосон Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 319390 дугаартай шийдвэр / хх 47 /

 

С.О-гийн Баянзүрх дүүргийн 19 дүгээр хорооны өрхийн эмчийн амбулатори-хяналтын карт / хх 65 /

 

Шүүгдэгч С.О-г 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр яллагдагчаар байцаасан тэмдэглэл / хх 6-8 /

 

Шүүгдэгч урьд шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас / хх 39 / зэрэг болно.

 

Шүүгдэгч С.О- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: ...Миний хамтран амьдрагч утас дугарснаас болоод надтай маргалдаж намайг боохоор нь би зурагтны удирдлагаар цохиж гэмтээсэн. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Би одоо 5 сартай жирэмсэн. Унаж татдаг өвчтэй гэв.

 

Шүүгдэгч С.О- нь 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо, Ар хустай дэд станцын ... тоотод хохирогч Б.Баатарцогттой маргалдаж түүнийг зодож, биед  нь баруун зүүн нүдний доод зовхи, зүүн сарвуунд цус хуралт, духанд зулгаралт бүхий эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан дараахь нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо. Үүнд: ...Гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл / хх 13 /,    ...С.О- зурагтны удирдлагаар миний духны баруун хэсэгт, зүүн гарын сарвуу руу шаазан аягаар цохьсон. Мөн галын хайч аваад миний баруун нүдний доод талд цохиход духны баруун хэсэг хавдаж, баруун нүдний доод тал хөхөрч шалбарсан гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн хохирогч Б.Баатарцогтын мэдүүлэг / хх 19-21 /,   ...Б.Баатарцогтын биед баруун зүүн нүдний доод зовхи, зүүн сарвуунд цус хуралт, духанд зулгаралт гэмтэл тогтоогдсон нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэсэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 291 дугаартай дүгнэлт / хх 31-32 /,    ...Би Б.Баатарцогтыг зурагтны удирдлагаар цохиж биед нь гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч байна гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн яллагдагч С.О-гийн мэдүүлэг / хх 6-8 / зэрэг болно.

 

Шүүхээс шүүгдэгч С.О-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6-д заасан ял хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч С.О- нь ажил хөдөлмөр эрхэлдэггүй боловч унаж татдаг өвчний улмаас хөдөлмөрийн чадвараа 59 хувиар алдсан, 5 сартай жирэмсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн тул түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, түүний орлого олох боломжийг харгалзан 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хохирогч Б.Баатарцогт нь нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул С.О-г төлөх төлбөргүйг дурьдаж, С.О- нь архидан согтуурч шүүхийн дуудсан цагт ирэхгүй, урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээгээ зөрчсөн, шүүх хуралдаанд согтуу ирсэн учраас эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг шуурхай тасралтгүй явуулах зорилгоор түүнд авсан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, 8 хоног цагдан хорьсон болно.

Иймд түүний цагдан хоригдсон 8 хоногийн 1 хоногийг торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцож, түүний эдлэх ялаас 120.000 төгрөгийг хасаж тооцов.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36,3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр  зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ... овогт С.О-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Шүүгдэгч С.О-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 / таван зуу / нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2-д зааснаар С.О-гийн цагдан хоригдсон 8 хоногийн нэг хоногийг торгуулийн ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцож, түүний эдлэх ялаас 120.000 төгрөгийг хасаж тооцсугай.

 

4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, С.О- нь төлөх төлбөргүй болохыг дурьдсугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар С.О-д оногдуулсан 380.000 төгрөгийн торгуулийг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлсүгэй.

 

6. С.О-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж,  хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, яллагч нар эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногт Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч С.О-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                С.ОЮУНЧИМЭГ