Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2017 оны 03 сарын 28 өдөр

Дугаар 141/ШШ2017/00066

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Уртнасан даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэйгээр хийсэн шүүх хуралдаанаар Завхан аймгийн Нөмрөг сум, 1 дүгээр баг, Хөдрөг лагерь, 3 дугаар гудамжны 8 тоот хаягаар оршин суудаг Т овогт Д.М нэхэмжлэлтэй, Завхан аймгийн Нөмрөг сумын Бүрэн дунд сургуульд холбогдох Завхан аймгийн Нөмрөг сумын Бүрэн дунд сургуулийн слесарийн ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны олговорт 1.724.760 төгрөг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулж, бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Баттулга, нэхэмжлэгч Д.М, хариуцагч Завхан аймгийн Нөмрөг сумын Бүрэн дунд сургуулийн захирал Ц.Г нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.М нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Д.М би 2004 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн тус сумын сургуульд галчаар ажиллаж эхэлсэн. 2015 оны 10 дугаар сараас эхлэн Нөмрөг сумын төвийн төсвийн байгууллагууд нэгдсэн халаалтад шилжиж сургууль тус нэгдсэн халаалтад багтсан тул галчийн орон тоонд ажиллаж байсан 6 галч орон тооны цомхотголоор ажлаас халагдсан. Гэвч би галч З.Т хамт сургуульд слесарь гэх шинэ орон тоонд ажиллахаар болж 2015 оны 10 сараас эхлэн слесариар ажиллаж эхэлсэн боловч энэ тухай ямар нэгэн тушаал шийдвэр гараагүй. Би тус сургуульд ажиллаж байх хугацаандаа хөдөлмөрийн гэрээ болон байгууллагын дотоод журмыг зөрчиж, ажилдаа ямар нэгэн байдлаар алдаа дутагдал гаргаж, ажлын хариуцлага алдаж байгаагүй. Гэтэл сургуулийн захирал Ц.Г 2016 оны 12 сарын 09-ний өдөр Б/59 дугаартай Д.М-н хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай тушаал гаргаж уг тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дахь заалтыг үндэслэн ажлаас халсан ба тушаалыг 2016 оны 12 сарын 09-ний өдөр гардаж авсан. Намайг галчийн ажлаас чөлөөлж, слесарийн албан тушаалд албан ёсоор томилсон тухай тушаал шийдвэр байхгүй боловч бодит байдал дээр 2015 оны 10 сараас 2016 оны 9 сар хүртэл слесариар ажиллаж байснаас гадна тус орон тоо одоо ч байсаар байгаа төдийгүй 2016 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр байгуулсан Хөдөлмөрийн гэрээний 4 дүгээр зүйлд слесарийн эрх, үүргийн тухай заалт байдаг. Түүнчлэн Хөдөлмөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2-т ажилтан гэж ажил олгогчтой хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байгаа иргэнийг ойлгоно гэж заасан байгаагаас гадна тус сургуультай байгуулсан хүчин төгөлдөр Хөдөлмөрийн гэрээтэй ажиллаж байсан. Би уг тушаалыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул 2016 оны 12 сарын 07-ны өдөр Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхэд нэхэмжлэл гаргахад 2016 оны 12 сарын 13-ны өдөр №1110 дугаартай Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай захирамж гарсан ба дахин нэхэмжлэл гаргатал 2017 оны 01 сарын 04-ний өдөр №40 дугаартай Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай захирамж гарсан тул хариуцагчийн хаяг болон нэхэмжлэлийн шаардлагаа тодорхой болгон бичиж дахин гаргаж байна. Иймд 2016 оны 12 сарын 09-ний өдрийн Б/59 дугаартай тушаалыг үндэслэлгүй гэж үзэж байгаа тул уг тушаалыг хүчингүй болгуулж, слесарийн албан тушаалд эгүүлэн томилуулж, ажилгүй байсан хугацааны эрүүл мэндийн даатгал болон нийгмийн даатгалын шимтгэлд нөхөн бичилт хийлгэж, ажилгүй байсан хугацааны цалин болох 2016 оны 10, 11, 12 сар, 2017 оны 01 саруудын нийт цалин болох 1.724.760 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Харин шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2016 оны 6 дугаар сард амраад 10 дугаар сард ажилдаа орох байсан боловч ажилд оруулаагүй. Тухайн үед надад ажлаас чөлөөлсөн ямар нэгэн тушаал шийдвэр өгөөгүй. 2016 оны 9 дүгээр сарын 15-ны үед сургуулийн өмнөх захирал Д гэдэг хүн Товуусүрэн бид 2-ыг дуудаж уулзаад Та 2-ыг 2016 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс ажлаас чөлөөлнө. Галчийн орон тоо цомохтгогдсон ба цалингийн сангаар нь та 2-ыг цалинжуулж байсан сургуулийн эмч, биологийн багш нар ажилдаа орох болсон гэж хэлж байсан. Тэгээд 2016 оны 10 дугаар сард Ганзориг захирал ажилд оруулахгүй болохоор нь чөлөөлөгдсөн тушаалаа авъя гэтэл өгөхгүй байсаар 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдөр надад өгсөн юм. Би Нөмрөг сумын сургуулийн үндсэн ажилтан байсан бөгөөд 12 жил галч, слесариар ажиллаж байсан юм. Ганзориг захирал намайг ажлаас чөлөөлөхдөө Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх хэсгийг баримталж орон тоо цөөрүүлсэн, орон тооны бус гэж чөлөөлсөн байсан энэ бол хууль бус юм. Мөн Г захирал ажлаас чөлөөлсөн тушаалаа гаргаж өгөлгүй удсанаас болж би ажилгүйдлийн тэтгэмж авч чадаагүй юм гэжээ.

Хариуцагч Завхан аймгийн Нөмрөг сумын Бүрэн дунд сургуулийн захирал Ц.Г нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Д.М нэхэмжлэлтэй 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдөр өөрийн биеэр очиж танилцлаа. Нөмрөг сумын төсөвт албан газрууд 2015 оны 10 дугаар сараас төвлөрсөн халаалтад холбогдож галч нар орон тооны цомхотголоор ажлаас халагдсан. Д.М, З.Т нарын 2016 оны хөдөлмөрийн гэрээнд албан тушаалыг галчаар заасан. Төвлөрсөн халаалтад холбогдсон байхад галчийн орон тоо байх ёсгүй. Галчийн цалин ТҮ-1-4 /396798 төгрөг/ шатлалаар цалинжих ёстой байтал Д.М-г ТҮ-3-4 шатлал /431190 төгрөг/-өөр тогтоож слесариар жилийн турш цалинжуулж байсан. 2016-2017 оны хичээлийн жилд биологийн багш Б.М-н чөлөөний хугацаа дуусч ажилдаа эргэн орсон. Мөн сургууль заавал эмчтэй байх ёстой гэсэн шийдвэр ирсэн учраас эмч авч ажиллуулсан. Өмнөх захирал Ц.Д нь Д.М слесариар ажиллуулах тушаал гаргаагүй байтал шууд слесарийн орон тоогоор ажиллуулж цалинжуулсан. 2016, 2017 оны сургуулийн төсөвт галчийн болон слесарийн орон тоо огт батлагдаагүй. 2016 оны 6 сарын 10-ны өдрийн Б/21 Ээлжийн амралтын хуваарь батлах тухай тушаалын хавсралтад Д.М ээлжийн амралт дуусах хугацааг тусгаагүй байгаа нь ажилдаа хэзээнээс орох нь тодорхойгүй байна. Д.М 2016 оны эрүүл мэндийн даатгал, нийгмийн даатгалын шимтгэлийг байгууллагаас төлсөн бөгөөд иргэн Д.М нь нийгмийн даатгалын сангаас ажилгүйдлийн тэтгэмжээ авах бүрэн боломжтой. гэжээ.

Харин шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2015 оны 10 дугаар сараас Завхан аймгийн Нөмрөг сумын төрийн байгууллагууд нэгдсэн халаалтад холбогдсон юм. Тэгээд тухайн үед ажиллаж байсан 8 галчийн орон тоо цомохтгогдсон ба 6 галчийг ажлаас нь чөлөөлөөд Т, М хоёрыг сургуулийн эмч, биологийн багш нарын цалингийн сангаар цалинжуулан слесариар ажиллуулж байсан байна лээ. Би 2016 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр сургуулийн захирлын ажлыг хүлээн авсан юм. Тухайн үед Т, М нарт өмнөх захирал Д нь ажлаас чөлөөлөгдөнө гэдгийг албан ёсоор дуудаж уулзаад амаар хэлсэн байсан. Би ажлаас чөлөөлөх тушаалыг энэ хоёр хүний ажлын байдал болон цалингийн шатлал зэргийг нягталж үзсэний дараа 2016 оны 12 дугаар сард гаргасан юм. Мөнх-Эрдэний Д захиралтай байгуулсан хөдөлмөрийн гэрээнд албан тушаалын нэр гэдэгт галч гэсэн байгаа. Энэ бүхнийг нотлох баримтаар хэрэгт өгсөн байгаа. Мөн М цалин олгохдоо хөдөлмөрийн гэрээнд заасан ТҮ-4-1 шатлалаар биш ТҮ4-3 шатлалаар 431190 төгрөгийг олгож байсан нь хууль зөрчиж байсан байна. Мөн М 2016 оны 10, 11 дүгээр саруудын нийгмийн даатгалын шимтгэл болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцож бөглөсөн байгаа гэжээ.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг болон зохигчдын тайлбарыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д.М нь Завхан аймгийн Нөмрөг сумын Бүрэн дунд сургуулийн захиралын 2004 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн 01 дугаартай тушаалаар тус сургуулийн галчийн ажилд томилогдон 2015 оны 10 дугаар сарыг хүртэл ажилласан, 2015 оны 10 дугаар сараас 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдрийг хүртэлх хугацаанд ямар нэгэн тушаал шийдвэргүйгээр слесариар ажиллаж байсан болох нь хэрэгт авагдсан, нэхэмжлэгч Д.М ажилд томилсон талаар болон нийгмийн даатгалын шимтгэл төлсөн талаар тэмдэглэгээ хийгдсэн 443312, 000256284 дугаартай нийгмийн даатгалын дэвтрүүдийн хуулбар, нэхэмжлэгч, хариуцагч байгууллагын төлөөлөгч нарын тайлбар зэргээр тогтоогдож байх ба энэ талаар талууд маргахгүй байна.

Мөн 2015 оны 10 дугаар сард Завхан аймгийн Нөмрөг сумын Бүрэн дунд сургууль төвлөрсөн халаалтанд холбогдож, тус сургуулийн 8 галчийн орон тоог цомохтгож хассан талаар талууд маргахгүй байна.

Харин нэхэмжлэгч Д.М нь өөрийгөө Завхан аймгийн Нөмрөг сумын Бүрэн дунд сургуульд галчаар ажиллаж байгаад 2015 оны 10 дугаар сард галч нарын орон тоо хасагдахад слесариар томилогдож, хөдөлмөрийн гэрээгээ шинэчилэн байгуулж ажиллаж байсан, слесарийн орон тоо хасагдаагүй байгаа тул түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон тушаал нь үндэслэлгүй учир слесарийн ажилд эгүүлэн тогтоолгох нь зүйтэй гэж маргаж байна.

Гэвч Д.М сургуулийн галчийн ажлаас чөлөөлж, слесарийн ажилд томилсон талаар тушаал шийдвэр гараагүй, шинэчилэн байгуулсан гэх 2016 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн хөдөлмөрийн гэрээнд ажлын байрны буюу албан тушаалын нэрийг Завхан аймгийн Нөмрөг сумын Бүрэн дунд сургуулийн галч гэж тодорхойлсоноос үзвэл Д.М слесариар томилон ажиллуулсан гэж үзэх үндэслэлгүй байна.

2015 оны 10 дугаар сард Завхан аймгийн Нөмрөг сумын Бүрэн дунд сургуулийн галч нарын орон тоог хасч шийдвэрлэсэн шийдвэр гарсанаас хойш Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх хэсэгт зааснаар тус сургуулийн удирдлагад дээрх орон тоо буюу сургуулийн галчаар ажиллаж байсан ажилтануудтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг орон тоо хасагдсан үндэслэлээр цуцлах эрх үүссэн байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5 дахь хэсэгт зааснаар мөн хуулийн 40.1.1-т заасан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай ажилтанд 1 сарын өмнө мэдэгдэх ёстой бөгөөд тухайн үед сургуулийн захиралаар ажиллаж байсан Ц.Д нь 2016 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр нэхэмжлэгч Д.М З.Т хамт дуудаж орон тоо хасагдсан, эмч, биологийн багш нар ажилдаа орох болсон учир цаашид цалингийн сан хүрэлцэхгүй, ажиллуулах боломжгүй, хөдөлмөрийн гэрээг 2016 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс дуусгавар болгох талаар амаар мэдэгдсэн тухай нэхэмжлэгч Д.М, хариуцагчийн төлөөлөгч Ц.Г нар тайлбарлаж байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5-д ...ажилтанд 1 сарын өмнө мэдэгдэх... гэж заасан боловч мэдэгдэх хэлбэрийг тусгайлан тодорхойлоогүй, нөгөө талаар Төрийн алба залгамж шинжтэй гэдгээрээ 2016 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр Завхан аймгийн Нөмрөг сумын Бүрэн дунд сургуулийн захиралаар ажиллаж байсан Ц.Д нь орон тоо хасагдсан үндэслэлээр Д.М, З.Т нартай байгуулсан хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачлагаар цуцлах тухай тэдэнд амаар мэдэгдсэн мэдэгдлийг хуульд заасны дагуу мэдэгдсэн гэж үзэх үндэслэлтэй байх ба Ц.Д дараа сургуулийн захиралаар томилогдсон Ц.Г нь 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдөр тушаал гаргаж Д.М байгуулсан хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачлагаар цуцалсан нь үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

Иймд Т овогт Д.М нэхэмжлэлтэй, Завхан аймгийн Нөмрөг сумын Бүрэн дунд сургуульд холбогдох Завхан аймгийн Нөмрөг сумын Бүрэн дунд сургуулийн слесарийн ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны олговорт 1.724.760 төгрөг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулж, бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Мөн нэхэмжлэгч Д.М нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдах нь зүйтэй байна.

Монгол Улсын Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Д.М нэхэмжлэлтэй, Завхан аймгийн Нөмрөг сумын бүрэн дунд сургуульд холбогдох Завхан аймгийн Нөмрөг сумын Бүрэн дунд сургуулийн слесарийн ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны олговорт 1.724.760 төгрөг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулж, бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Д.М нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

4. Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн өмгөөлөгч, төлөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.УРТНАСАН