| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гомбо-Очирын Намуунтуяа |
| Хэргийн индекс | 168/2021/0142/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/151 |
| Огноо | 2021-05-07 |
| Зүйл хэсэг | 17.12.2.1., |
| Улсын яллагч | Ч.Мөнхзул |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 05 сарын 07 өдөр
Дугаар 2021/ШЦТ/151
2021 05 07 2021/ШЦТ/151
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Намуунтуяа даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Саранчимэг
Улсын яллагч Ч.Мөнхзул
Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Энхтуяа
Шүүгдэгч С нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын ахлах зөвлөх Ч.Мөнхзулаас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн .................... овогт Ст холбогдох 2121000000112 дугаартай хэргийг 2021 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1984 оны 02 дугаар сарын 04-ний өдөр Дорнод аймгийн Цагаан-Овоо суманд төрсөн, 37 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Дорнод аймгийн ..................... багт оршин суух, гавъяа шагналгүй, ял шийтгэл: Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 53 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял оногдуулж, уг ялыг тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан, Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 208 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэгдэж байсан, ................ овогт С /РД: ................/
Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч С нь 2020 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн орчим Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын 2 дугаар баг “Ганчигт” гэх газраас хохирогч П.М-ийн улаан хүрэн зүсмийн зүүн чих огторхой, баруун чих гол шуурхай урдаас ухам имтэй 1 тооны бяруу, мөн Б.Э-ын улаан хүрэн зүсмийн бойног нь сэтэрхий 1 бяруу, нийт 2 тооны бяруу хулгайлж бусдад 1.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэх хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр дараах яллах болон цагаатгах, хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч С шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...Хийсэн хэрэгээ хүлээн зөвшөөрч байна. Би хүнд машинаа засуулаад өртэй байсан. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэв.
Хохирогч П.М-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр үхрээ бүртгэхэд манай үхэр бүрэн байсан. Тухайн үед хадлан авч байсан болохоор үхрээ бүртгэлгүй хэд хоноод 2020 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр үхрээ бүртгэж үзэхэд миний улаан хүрэн зүсмийн зүүн чих огторхой, баруун чих гол шуурхай урдаас ухам имтэй 1 тооны охин бяруу, мөн Б.Э ахын улаан хүрэн зүсмийн бойног нь сэтэрхий 1 бяруу нийт 2 тооны бяруу алга болсон байсан... Би Сыг сэжиглэж байсан болохоор 2020 оны 11 дүгээр сарын 10-даар хөдөө түүнтэй таараад шууд тулгаад “чи яагаад манай үхрийг авчихсан юм бэ” гэхэд С “хөгшин нь А ахад өрөндөө өгчихсөн юм, уучилаарай” гэж хэлсэн. Үхрээ зах зээлийн ханшаар үнэлнэ...” гэх мэдүүлэг /хх-ийн 11 дүгээр тал/
Хохирогч Б.Э-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... Би Цагаан-Овоо сумын 2 дугаар багийн Ганчигт гэх газар нутагладаг А-д өөрийн 20 тооны үхэр, 60 тооны хонь ямаагаа маллуулдаг юм. 2020 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр А-ийн эхнэр Х над руу утсаар залгаад манай 1 тооны бяруу, мөн М-ийн 1 тооны бяруу алга болсон талаар хэлсэн. ...Сүүлд сураг сонсоход 2 дугаар багийн С хулгайлаад хүнд өгсөн байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 16 дугаар тал/
Гэрч С.Г-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... Би Цагаан-Овоо сумын 2 дугаар багт О гэх хүнийг малыг хардаг. Өнгөрсөн намар Сын хадланг авалцсан бөгөөд 2020 оны 09 дүгээр сарын 20-доор С нь манай багийн А-д бяруу өгөх ёстой хамт яваад ачилцаад өг гэхээр нь би “хүний бяруу биш биз” гэхэд асуудалгүй өөрийнхөө бяруунаас өгч байгаа юм гэж хэлсэн. Тэгээд “Элстийн гол”-ын зүүн талд байсан үхэр дээр очоод улаан зүсмийн 2 охин бяруу барьж А-ын машинд ачиж өгсөн ...” гэх мэдүүлэг /хх-ийн 26 дугаар тал/
Гэрч Б.А-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2020 оны цагаан сарын үеэр Уламбаяр гэх хүнд бяруу авч өгч байсан. Цагаан сарын өмнөхөн манай багийн Сын эхнэр О миний утас руу залгаад “та бяруу авч байгаа юу, бяруу зарах гэсэн юм мөнгө авъя” гэхээр нь түүний дансанд 350.000 төгрөг хийсэн. ...2020 оны 03 дугаар сарын дундуур С над руу залгаад “бяруу зарах гэсэн юм “ гэхээр нь эхнэртэй чинь ярьж байгаад болно гэж хэлсэн. Удалгүй эхнэр нь залгахаар нь 350.000 төгрөг шилжүүүлсэн. Бяруугаа 06 дугаар сард авахаар тохирсон. 2020 оны 06 дугаар сард бяруугаа авах гэхэд С яг одоо өгөх бяруу байхгүй байна гэсэн... Тэгээд 2020 оны 09 дүгээр арын 20-ны үед Ст бяруугаа авъя гэхэд “хүрээд ир” гэсэн. Гэрт нь очоод ... Сын хамт “Элстийн гол” гэх газарт очоод үхэр дундаас бяруу барьж машинд ачиж өгсөн. Тухайн үед С нь С Т гэх хүний хамт мотоциклтой явж байсан. ... Надад миний бяруу гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 34 дүгээр тал/
Шүүгдэгч Сын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би 2020 оны 03 дугаар сард мөнгөний хэрэг гараад А ахад бяруу зарна гэж хэлээд мөнгө авсан... 2020 оны 09 дүгээр сарын орчимд А, У-ын хамт бяруугаа авах гэж ирэхээр нь М-ийн Ганчигт гэх газар бэлчиж байсан үхэрнээс зүүн чих огторхой, баруун чих цуурхай урдаас ухам, бойног сэтэрхий хүрэн зүсмийн бяруу нийт 2 бярууг А-д миний бяруу гэж хэлээд өгч явуулсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 56 дугаар тал/
- Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 03 дугаар тал/
- Мал, эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 39-40 дүгээр тал/
- Хулгайд алдагдсан үхрийн гэрэл зураг /хх-ийн 42-43 дугаар тал/
- Мал, тэжээвэр амьтад, хашаа, худгийн 2020 оны тооллого /хх-ийн 43-45 дугаар тал/
- Мал, амьтан эрэн сурвалжлах мэдээлэл /хх-ийн 45-46 дугаар тал/
- Г.О-ийн ХААН банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 60-78 дугаар тал/
- Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 79-90 дүгээр тал/ зэрэг болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн бусад нотлох баримтууд болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Нэг: Шүүгдэгчийн гэм буруугийн болон гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаар:
Шүүгдэгч С нь 2020 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн орчим Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын 2 дугаар баг “Ганчигт” гэх газраас хохирогч П.М-ийн улаан хүрэн зүсмийн зүүн чих огторхой, баруун чих гол шуурхай урдаас ухам имтэй охин бяруу, хохирогч Б.Э-ын улаан хүрэн зүсмийн бойног нь сэтэрхий охин бяруу, нийт 2 тооны бяруу хулгайлж бусдад 1.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг, хохирогч П.М, Б.Э, гэрч С.Г, Б.А нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгүүд, гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, урьд ял шийтгүүлсэн эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолуудын хуулбар, мал, эд зүйлийн үнэлгээ, алдагдсан малын гэрэл зургийн үзүүлэлт болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байхаас гадна шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй болно.
Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын ахлах зөвлөх Ч.Мөнхзулаас шүүгдэгч Сыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна. “Олон тооны мал” гэж найман бог, хоёр бод, түүнээс дээш малыг ойлгоно гэж хуульд тайлбарласан байна. Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн амар хялбар аргаар мөнгөтэй болох санаа зорилго болон хохирогчийн зүгээс өөрийн өмчлөлийн малаа хараа хяналтгүй орхисон зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзлээ.
Иймд шүүгдэгч Сыг “бусдын олон тооны малыг хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч С нь бусдын өмчлөлд байгаа малыг хувьдаа ашиг олох шунахайн сэдэлт, зорилгоор бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууц далд аргаар, хууль бусаар өөрийн эзэмшил, өмчлөлд авч, өөртөө захиран зарцуулах эрхийг бий болгосон байх бөгөөд дээрх гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлан бусдын эд хөрөнгөд хохирол учрахыг мэдсээр байж зориуд хор уршигт хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлджээ.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд: Хохирогч П.М, Б.Э нар нь шүүгдэгчээс “учирсан хохирлоо бүрэн авсан тул шүүгдэгч Ст гомдол, саналгүй” гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Хоёр: Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүхээс шүүгдэгч Сыг бусдын олон тооны малыг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд нийцүүлэн түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан, хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Сыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар бусдын олон тооны малыг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч Ст нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болох бөгөөд түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүгдэгч Стын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан үзэж шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчийн ...................... регистрийн дугаартай иргэний үнэмлэхний лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Цагдан хорих байранд хүргүүлэхийг тогтоолд дурдах нь зүйтэй байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ................. овогт Сыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан бусдын олон тооны малыг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч Сыг 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ст оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч С нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч Б.Э, П.М нарт тус бүр 500.000 төгрөг төлсөн болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн ......................... регистрийн дугаартай иргэний үнэмлэхний лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Цагдан хорих байранд хүргүүлсүгэй.
5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Ст авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, 2021 оны 05 дугаар сарын 07-ны өдрөөс эхлэн цагдан хорих таслах сэргийлэх арга хэмжээ авсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.НАМУУНТУЯА