| Шүүх | Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Бат-Очирын Өлзийхишиг |
| Хэргийн индекс | 141/2017/00158/И |
| Дугаар | 141/ШШ2017/00178 |
| Огноо | 2017-09-04 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2017 оны 09 сарын 04 өдөр
Дугаар 141/ШШ2017/00178
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Өлзийхишиг даргалж, тус шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэйгээр хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ... газрын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ...т холбогдох худалдах худалдан авах гэрээний үүрэг болох 1.009.000 төгрөг, угсрах ажлын төлбөр 40000 төгрөг нийт 1049000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.М, хариуцагч ... байрлах Мэдээлэл холбоо сүлжээ төрийн өмчит ХХК ны Завхан аймгийн газрын салбарын гэрээт ажилтан Х.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхриймаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Сэргээгдэх эрчим хүчний үндэсний төвийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.М нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...2005 оны 7 дугаар сарын 08 ны өдрийн №160 дугаартай Засгийн газрын тогтоолоор Сэргээгдэх эрчим хүчний корпораци, Нарны гэр төслийн нэгж, Мэдээлэл харилцаа холбоо, технологийн газрын харьяа нарны зайн үйлдвэрийг тус тус нэгтгэн Сэргээгдэх эрчим хүчний төв нэртэйгээр шинэчлэн байгуулсан. Дээрх байгууллагын өр авлагууд шинээр байгуулагдсан Сэргээгдэх эрчим хүчний төвд шилжсэн. Нарны зайн үйлдвэр нь 2005 оны 6 дугаар сарын 11 ний өдрийн актаар Баянтэс сумын холбоонд Нарны зайн байнгын үүсгүүрийг угсарч хүлээлгэн өгсөн байна. Завхан аймгийн Баянтэс сумын холбооны газар нь гүйцэтгэгчийн эцсийн тооцоогоор 1049000 төгрөг төлөх ёстой байсан ч энэхүү төлбөрийг төлөөгүй байна. Иймд Завхан аймгийн Баянтэс сумын холбооны салбараас нарны зайн материал, ажлын хөлс нийт 1049000 төгрөгийг гаргуулж өгнө үү... гэв.
Хариуцагч Завхан аймгийн Баянтэс суманд байрлах Мэдээлэл холбоо сүлжээ төрийн өмчит ХХК ны Завхан аймгийн газрын салбарын гэрээт ажилтан Х.Б нь шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Завхан аймгийн Баянтэс суманд холбооны газар, салбар болон холбооны салбарын ажилтан гэж байхгүй. Би Завхан аймгийн Баянтэс сумын Мэдээлэл холбоо сүлжээ төрийн өмчит ХХК ны Завхан аймгийн газар салбарын гэрээт ажилтнаар ажилладаг. Би 2007 оны 07 дугаар сарын 02 ны өдрийн 01 тоот тушаалаар Завхан аймгийн Баянтэс сумын Холбооны салбарын эрхлэгч монтёрын ажлаас чөлөөлөгдөж, 2014 оны 12 дугаар сарын 31 ний өдрийн 5/54 тоот Мэдээлэл Холбоо сүлжээ төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компани Завхан аймгийн газрын даргын тушаалаар Завхан аймгийн Баянтэс суманд гэрээт ажилтнаар хөлсөөр ажиллаж гэрээ байгуулан ажиллаж байгаа. 2005 онд намайг Завхан аймгийн Баянтэс сумын Холбооны салбарын эрхлэгчээр ажиллаж байхад манай сумын Засаг дарга Ч.Б нь Нөмрөг суманд УИХ ын гишүүн Я.С-н явуулсан нарны самбар, аккумулятор байгаа очиж үзээд ажиллаж байгаа эсэхийг шалгаад аваад ир гэсний дагуу нарны самбар, аккумуляторыг авчраад сумын Засаг даргад хүлээлгэн өгсөн. Тухайн үед засаг дарга холбооны салбарын тэмдгээ аваад яваарай гэсэн болохоор би Нарны зайн тэжээлийн системийг байнгын ашиглалтад хүлээн авах актад гарын үсэг зурж тамга дарсан нь үнэн. Тухайн үед хүлээлгэн өгсөн хүнээс дагалдах баримтыг нэхэхэд сумын Засаг даргын тамгын газарт очно гээд баримт өгөөгүй, уг төхөөрөмж хэвийн ажиллаж байсан. Уг нарын самбар болон аккумуляторыг холбооны салбартаа ашиглаагүй сумын засаг даргад л хүлээлгэж өгсөн. Тиймээс төхөөрөмжийн үнийг Баянтэс сумын ЗДТГ аас нэхэмжлэх нь зүйтэй байх. Иймд энэ хэргийн хариуцагч нь би биш юм. Мөн 2005 онд ашигласан нарны самбар, аккумуляторын ашиглах хугацаа болон нэхэмжлэлийн хөөн хэлэлцэх хугацаа нь дууссан байна. Түүнчлэн нарын самбарыг манай сумын холбооны салбарт очиж угсарч өгөөгүй. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэв.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Сэргээгдэх эрчим хүчний үндэсний төв төрийн өмчит үйлдвэрийн газар нь Завхан аймгийн Баянтэс сумын Холбооны салбарт холбогдуулан нарын зайн тэжээлийн системийн үнэ 1009000 төгрөг, ажлын хөлс 40000 төгрөг нийт 1049000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Харин хариуцагч Завхан аймгийн Баянтэс сумын Мэдээлэл холбоо сүлжээ төрийн өмчит ХХК ны Завхан аймгийн газар салбарын гэрээт ажилтан Х.Б нь энэ хэргийн хариуцагч биш тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөх үндэслэлгүй гэж маргажээ.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2 дахь хэсэгт шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, ...түүнтэй холбоотой нотлох баримтыг өөрөөр нотлох, нотлох баримтыг цуглуулах гаргаж өгөх, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй гэж тус тус заасан байна.
Нарны зайн үйлдвэр нь 2005 оны 06 дугаар сарын 11 ний өдөр Завхан аймгийн Баянтэс сумын Холбооны салбарт нарны зай PTA MS 75, 2 ширхэг, үнэ 660000 төгрөг, инвертер 300вт 1 ширхэг, үнэ 80000 төгрөг, цэнэг тохируулагч 8а 2 ширхэг, үнэ 82000 төгрөг, аккумулятор 100а/ц 12вт 2 ширхэг, үнэ 160000 төгрөг, ламп 11в хамтарсан 2 ширхэг 12000 төгрөг, эрэг боолт м 6 36 ширхэг, үнэ 7200 төгрөг, нарны зай PTA суурь 1 ширхэг, үнэ 7800 төгрөг нийт 1009000 төгрөгийн эд хөрөнгийг хүлээлгэж өгсөн болох нь Нарны зайн үйлдвэрийн зарлагын падаан, нарны зайн тэжээлийн системийг байнгын ашиглалтад хүлээн өгсөн актаар нотлогдон тогтоогдож байна.
Мөн тус зарлагын падаан болон актад хүлээн авсан Завхан аймгийн Баянтэс сумын Холбооны салбарын эрхлэгч Х.Б гэж гарын үсэг зурж, Холбооны салбар 192 гэсэн тамга дарсан байх бөгөөд Завхан аймгийн Баянтэс сумын Мэдээлэл холбоо сүлжээ төрийн өмчит ХХК ны Завхан аймгийн газар, салбарын гэрээт ажилтан Х.Б-н шүүх хуралдаанд гаргасан ...Би 2005 онд Завхан аймгийн Баянтэс сумын Холбооны салбарын эрхлэгчээр ажиллаж байсан. Баянтэс сумын засаг дарга Завхан аймгийн Нөмрөг сумаас нарны самбарын төхөөрөмжийг шалгаж үзээд аваад ир, тамгаа авч яваарай гэхээр нь очоод ажиллаж байгаа эсэхийг шалгаж аваад баримтад гарын үсэг зурж, Холбооны салбарын тамга дарсан. Уг нарны самбарыг сумын засаг даргад авчраад хүлээлгэж өгсөн... гэсэн тайлбар зэргээр давхар нотлогдож байна.
Харин Нарны зайн үйлдвэрийн өмнөөс Сэргээгдэх эрчим хүчний үндэсний төв төрийн өмчит үйлдвэрийн газар нь шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй эсэх, Нарны зайн үйлдвэр нь татан буугдсан, Сэргээгдэх эрчим хүчний үндэсний төв төрийн өмчит үйлдвэрийн газарт Нарны зайн үйлдвэрийн шаардах эрх, эсхүл хүлээх үүрэг нь шилжсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдохгүй байна гэж шүүх үзлээ.
Хэдийгээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа ...Засгийн газрын 2005 оны 7 дугаар сарын 08 ны өдрийн №160 дугаартай тогтоолоор Сэргээгдэх эрчим хүчний корпораци, Нарны гэр төслийн нэгж, Мэдээлэл харилцаа холбоо, технологийн газрын харьяа нарны зайн үйлдвэрийг тус тус нэгтгэн Сэргээгдэх эрчим хүчний төв нэртэйгээр шинэчлэн байгуулсан. Дээрх байгууллагын өр авлагууд шинээр байгуулагдсан Сэргээгдэх эрчим хүчний үндэсний төвд шилжсэн учраас манай байгууллага нэхэмжилж байгаа.. гэж тайлбарлаж байгаа боловч энэ нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдохгүй байна.
Нэхэмжлэгч нь нэхэмжлэлдээ Засгийн газрын 2005 оны 7 дугаар сарын 08 ны өдрийн №160 дугаартай тогтоолыг хавсаргасан гэж бичсэн байх боловч уг тогтоолоо нэхэмжлэлдээ хавсаргаж ирүүлээгүй бөгөөд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд Засгийн газрын 160 дугаар тогтоолын хуулбарыг нотлох баримтаар гаргаж өгсөн боловч уг тогтоолын хуулбар нь нотлох баримтын шаардлагыг хангахгүй, үг үсэг нь харагдаж, гаргагдахгүйн дээр нотариатаар гэрчлүүлээгүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт Бичмэл нотлох баримтыг шүүхэд эхээр нь, хэрэв эхийг өгөх боломжгүй бол нотариатаар гэрчлүүлсэн хуулбарыг өгнө... гэж заасан байх тул уг Засгийн газрын 160 дугаар тогтоолын хуулбарыг нотлох баримтын хэмжээнд үнэлэх боломжгүй байна гэж шүүх дүгнэлээ.
Мөн нэхэмжлэгч нь ажлын хөлс буюу нарны зайн самбарыг угсрах ажлын төлбөр гэж 40000 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн байх боловч Завхан аймгийн Баянтэс сумын Холбооны салбарт уг нарын зайн самбарыг угсарч өгсөн буюу угсрах ажлыг хийсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдохгүй байхын зэрэгцээ тухайн үед буюу 2005 онд Завхан аймгийн Баянтэс сумын Холбооны салбарын эрхлэгчээр ажиллаж байсан Х.Баттулгын шүүх хуралдаанд гаргасан ...уг нарны самбарын төхөөрөмжийг би Завхан аймгийн Нөмрөг сумаас очиж авчраад сумын засаг даргад хүлээлгэж өгсөн. Нарын зайн үйлдвэрийн газар нь Баянтэс суманд ирж угсарч өгөөгүй... гэсэн тайлбараар үгүйсгэгдэж байх бөгөөд нэхэмжлэгч энэ талаарх нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй байна.
Түүнчлэн Завхан аймгийн Баянтэс суманд байрлах Мэдээлэл холбоо сүлжээ төрийн өмчит ХХК ны Завхан аймгийн газар салбарын гэрээт ажилтан Х.Баттулгын шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан: ...Завхан аймгийн Баянтэс суманд холбооны газар, салбар болон холбооны салбарын ажилтан гэж байхгүй. Би Баянтэс суманд холбооны салбар гэж байхад нь салбарын эрхлэгчээр ажиллаж байгаад 2014 оны 12 дугаар сарын 31 ний өдрийн 5/54 тоот Мэдээлэл Холбоо Сүлжээ төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компани Завхан аймгийн газрын даргын тушаалаар Завхан аймгийн Баянтэс суманд тус компани гэрээт ажилтнаар томилогдож, хөлсөөр ажиллаж гэрээ байгуулан ажиллаж байгаа... гэсэн тайлбар болон түүнийг ажилд томилсон тушаал, хөлсөөр ажиллаж гэрээ зэргээс үзэхэд Завхан аймгийн Баянтэс суманд Холбооны салбар гэж байдаггүй байх бөгөөд Завхан аймгийн Баянтэс суманд байрлах Мэдээлэл холбоо сүлжээ төрийн өмчит ХХК ны Завхан аймгийн газар салбарын гэрээт ажилтан Х.Баттулга нь тухайн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцах этгээд биш болох нь нотлогдож байна гэж үзлээ.
Иймд нэхэмжлэгч Сэргээгдэх эрчим хүчний үндэсний төв төрийн өмчит үйлдвэрийн газрын нэхэмжлэлтэй хариуцагч Завхан аймгийн Баянтэс сумын Холбооны салбарт холбогдох худалдах худалдан авах гэрээний үүрэг болох 1009000 төгрөг, ажил гүйцэтгэх гэрээний үүрэг болох 40000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.
Нэхэмжлэгч Сэргээгдэх эрчим хүчний үндэсний төв төрийн өмчит үйлдвэрийн газрын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 29730 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Сэргээгдэх эрчим хүчний үндэсний төв төрийн өмчит үйлдвэрийн газрын хариуцагч Завхан аймгийн Баянтэс сумын Холбооны салбараас 1.049.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Сэргээгдэх эрчим хүчний үндэсний төв төрийн өмчит үйлдвэрийн газрын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 29730 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ӨЛЗИЙХИШИГ